Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2020/00978

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн е-р хороо, е хороолол, ?-р байрны ? тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ????????, Ж овогт Ё-ийн Ц нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 0-р хороо, 0-р байрны 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр 00000000, Х овогт Д-ийн Б холбогдох зээлийн гэрээний үүрэгт 23 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ё.Ц, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 7-р сарын 23-нд Д.Б-д 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлсэн. Хугацаа хэтрүүлбэл хоногийн 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Д.Б зөвшөөрч гарын үсэг зурсан. Эхний 5 өдөр өдөр бүр 110 000 төгрөг буюу 550 000 төгрөг, дараа нь нэмж 800 000 төгрөг төлсөн. Сүүлдээ утсаа авахгүй болсон, ажил дээр нь очихоор өгнө гэхээс өөр юм хэлдэггүй. Д.Б надаас мөнгө зээлээд 9 сар болж байна. Би үндсэн зээл 1 830 000 төгрөг, хүү 915 000 төгрөг нийт 2 745 000 төгрөгийг Д.Б-аас нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 7-р сарын 23-ны өдөр Ё.Ц-ээс 3 000 000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлсэн. Зээл авснаасаа хойш 110 000 төгрөгөөр 5 удаа, 800 000 төгрөгөөр нэг удаа, 30 000 төгрөгөөр хоёр удаа, 40 000 төгрөгөөр нэг удаа, мөн 2 дугаар сарын сүүлээр 210 000 төгрөгийн бараа тус тус өгсөн. Би 2 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ё.Ц нь Д.Б-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 745 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 716 000 төгрөгийг гаргуулахаар хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ё.Ц нь Д.Б-тай 2019 ны 07-р сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр /хх 3/ тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281-р зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Зээлдүүлэгч гэрээгээр тохирсон 3 000 000 зээлдэгчид шилжүүлсэн, харин зээлдэгч зээлийг хүүгийн хамт буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

 

Зээлдэгч нь гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл 3 000 000 төгрөг, зээлийн хүү 300 000 төгрөг нийт 3 300 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна. Үүнээс 550 000 төгрөг, 800 000 төгрөгийг төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй /хх 5-12/, үүнээс гадна хариуцагч 100 000 төгрөг, 210 000 төгрөгийн бараа тус тус төлбөрт тооцож өгсөн гэх боловч нэхэмжлэгч 138 000 төгрөг /хх 5-12/ , 96 000 төгрөгний бараа өгснийг зөвшөөрсөн байна. Зээлдэгч 3 300 000 төгрөгөөс 1 584 000 төгрөгийг төлж, 1 716 000 төгрөгийг төлөөгүй гэж дүгнэлээ.

 

Талууд зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр сунгаагүй байх ба зээлийн хүү 915 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

 

Иймд 2 745 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 1 716 000 төгрөгийг гаргуулахаар хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Б-аас 1 716 000 /нэг сая долоон зуун арван зургаан мянга/ төгрөг гаргуулж Ё.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 1 029 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 870 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Б-аас 42 406 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА