| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/00755/И |
| Дугаар | 102/ШШ2020/00979 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 102/ШШ2020/00979
| 2020 оны 04 сарын 02 өдөр | Дугаар 102/ШШ2020/00979 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0-р хороо, Х хотхоны 0 байрны 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр , Т овогтой Д.О-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 0-р хороо, оршин суух бүртгэлтэй, одоо Сонгинохайрхан дүүргийн 0-р хороо, 0 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр , Б овогтой Б-ийн О-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.О, хариуцагч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.О-той 2004 оноос хамтран амьдарч, 2009 онд гэрлэлтээ батлуулсан. Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 08-р сарын 05-нд хүү О.Б төрсөн, одоо 5 дугаар ангид сурдаг. Б.О нь сүүлдээ гэр орноосоо олон хоногоор явах, найзуудтайгаа нийлж архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, гэр бүлдээ анхаарал халамж тавихаа больсон. Түүний энэ байдлыг хадам ээж, дүү нар нь бүгд мэднэ. Энэ 10 жилийн хугацаанд би тэсэж, тэвчиж хүлээдэг байсан, удаа дараа намайг гомдоосон. Бид хоёр тусдаа амьдраад 2 жил болж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийнхөө асрамжинд авах хүсэлтэй байна. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, Б.О-оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэв.
Хариуцагч Б.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Отгончимэгийн хэлж байгаа нь үнэн. Найз нөхөдтэйгөө нийлж архи дарс уудаг болсон. Ингэснээр гэр бүлд хэрүүл маргаан гарах болсон. Бид эвлэрүүлэн зуулчлал руу очсон ч эвлэрээгүй, би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.О нь Б.О-д холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Д.О, Б.О нар нь 2004 оноос хамт амьдарч, 2009 оны 4-р сарын 24-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлжээ. Гэрлэгч амьдрах хугацаандаа 2009 оны 8-р сарын 5-нд хүү О.Бадар-Ууганыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин нөхөр Б.О нь архидан согтуурах, гэр бүлээс гадуур олон хоногоор явах зэргээр үр хүүхдээ хамтдаа өсгөх, гэр бүлээ халамжлах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүйгээс зан харьцааны хувьд таарамжгүй болсон, улмаар тусдаа амьдраад 2 жил болж байгаа нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзсэн, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн зэргийг харгалзан гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдийн асрамж болон эд хөрөнгийн талаар маргаагүй байна.
Талууд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчөөгүй, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2020 оны 2-р сарын 7-ны өдөр дуусгавар болгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.О, Д.О нарын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 8-р сарын 5-нд төрсөн хүү О.Б-ыг эх Д.О-гийн асрамжинд үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Б.Оюунболдоос 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА