Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1002

 

 

 

 

 

 

 

 

 

     

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,

улсын яллагч Э.Оргилбат,

шүүгдэгч Д.И- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.И-холбогдох 2308020891271 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 45 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо 16-**** тоотод оршин суух хаягтай, урьд

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж,  01 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон,

 

Бичээч овогт Д-н И (регистрийн дугаар: ХИ7811****).

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

2. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.И-нь гэм буруу, хэргийн зүйлчлэл болон прокуророос танилцуулсан ялыг хүлээн зөвшөөрч оролцсон.

3. Шүүгдэгч Д.И-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны 361 дүгээр гармын ойролцоо хохирогч Н.Э-хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хоолойн тус газар нь боож, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь нүүр хүзүү, баруун зүүн нүдний алимд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

3.1. Хохирогч Н.Э-“2023 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 10 жилийн ангийн залуу болох ********-тай уулзахаар яваад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 61-н гарам гараад зүүн талд байрлах морины зүчээ барьж байгаа газар өглөө 09 цагийн үед очсон. Тэгтэл Э-Мерседес бенз машин дотор ганцаараа архи уугаад сууж байсан ба би очиж хажууд нь суусан юм. Тэгтэл Э-ажлын залуу Н.И-гэх хүн машин дээр хүрээд ирсэн ба "******-аа чи ажлаа хийгээч” гэж хэлж байсан. Тэгтэл Э-И-ыг тоолгүй надад хандаж архи шахаад өгөөд байсан ба би архи уухгүй гэж хэлсэн. Тэгтэл Н.И-урдуур орж Э-өгсөн архийг ууж согтсон. Түүний дараа Н.И-Э-хоёр архиндаа согтож хоорондоо маргалдаж эхэлсэн ба би голоор нь орж салгах гэтэл Н.И-намайг заамдаж зүүн хацар руу 1 удаа алгадсан. Тэгээд би орон дээрээ унасан ба цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

 

3.2. Хохирогч Н.Э-дахин өгсөн “...Н.И-миний нүүр рүү 1 удаа алгадсан. Н.И-нь тухайн үед бага зэрэг архи уусан байсан. Би эмнэлгээс ямар нэгэн үйлчилгээ аваагүй. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9, 10 хуудас)

 

3.3. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 7970 дугаартай “Н.Э-биед нүүр хүзүү, баруун зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл боох, багалзуурдах үед үүсгэгдэх боломжтой, дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 17-18 хуудас),

 

3.4. Д.И-“... Би Н.Э- зүүн хацар руу 1 удаа алгадсан цамцны захнаас нь татаад хойш түлхсэн. Цамцны захаар нь боож түлхсэн. Гэм буруугаа хүлээж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 44-46 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирснаар прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

   5. Хохирогч Н.Э-нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн гар бичвэр (хавтаст хэргийн 49 хуудас)-ээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх нөхцөл байдлыг бүрэн хангасан.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 заасны дагуу улсын яллагчаас шүүгдэгч Д.И-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авч, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            8. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Бичээч овогт Д-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.И-600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Д.И-үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.И-мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ