Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01085

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2020/01085

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт Т овогт Т.О-ын Э /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байрны урд талын өргөтгөл, 0 дугаар давхар, өөрийн байранд байрлах Р.К ХХК /РД: 000000/-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 4,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, гэрч М.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т.Э-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э нарын гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Т.Э нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Алтанширээт сум хүртэлх төмөр зам дээгүүр баригдаж буй 26 метр гүүрийн ажилд 78-93 УНЧ улсын дугаартай Киа пронтиер загварын өргөгч автокран бүхий автомашинаар түрээслэгч талын зааварчилгаагаар ажил гүйцэтгэхээр Р.К ХХК-тай машин механизм түрээслэх гэрээг бичгээр байгуулсан. Энэхүү гэрээний дагуу түрээслэгч Р.К ХХК нь түрээслүүлэгч Т.Э-т түрээсийн төлбөрт 1 хоногийн 220,000 төгрөг төлөх, түрээсийн хугацааг ажилласан өдрөөр тооцохоор тохиролцсон. Т.Эын нийт ажилласан 65 хоногийг гэрээний дагуу өдрийн 220,000 төгрөгөөр тооцоход 14,300,000 төгрөг болж байна. Хариуцагч Р.К ХХК-иас түрээсийн төлбөрт нийт 10,160,000 төгрөгийг төлсөн боловч үлдэгдэл 4,140,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байгаа болно. Иймд хариуцагчаас 4,140,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

 

Харицагч тал намайг 4 удаа хот руу явсан гэж байна. Би 1 удаа хот руу явсан. Манай эхнэр 3 удаа над дээр ирсэн, тэр хугацаанд би буудалд хоночихоод өглөө нь ажилдаа ирдэг байсан. Хот руу ажлаа дуусгаад хагас сайн өдрийн орой гараад шөнөдөө ирж, бүтэн өдөр өнжөөд 1 өглөө явсан. Бетон зуурмаг авахад миний машин хэрэггүй биш. Учир нь миний машиныг хэрэглэхгүй байх үндэслэл байхгүй, зурагнууд ч байгаа. Цаг агаарын байдлын улмаас ажиллаагүй гэж байна. Миний машин талбайд гараагүй нэг ч өдөр байхгүй. Цаг агаарын сааталтай өдөр би болье салхи шуурга чинь дэндлээ гээд 1 удаа буулгаж байсан гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Р.К ХХК нь Т.Этай 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр машин механизм түрээслэх гэрээг байгуулсан. Нийт 65 хоног ажилласан гэж байгаа боловч Т.Эын машин 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс эхэлж ажилласан гэж байна. Тэгэх боломж байхгүй, гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа ажил эхэлсэн. Гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3 дэх хэсэгт Түрээсийн хугацааг зөвхөн ажилласан өдрөөр тооцно гэж заасан. Тухайн үед 65 хоног ажиллаагүй гэрээ байгуулснаас хойш 4 хоногийн дараа ажилласан ба цаг агаарын саатал маш ихээр гарсан. Тэгээд Т.Эыг 46 хоног ажилласан гэдгийг талууд амаар тохиролцож 10,160,000 төгрөгийг, түлшинд 44,000 төгрөгийг урамшуулал байдлаар олгосон. Цаг агаарын байдлын улмаас болж 8 өдөр, зуурмаг хийсэн өдөр машиныг ашигладаггүй байсан, 65 хоногийн хугацаанд нийт 12 удаа зуурмаг хийсэн байдаг. Мөн Т.Э 3-4 удаа хот руу явсан. 18 хоног ажиллаагүй болох нь цаг агаарын мэдээ, гэрч н.Сүхбаатарын мэдүүлгээр нотлогдож байгаа бөгөөд эхнэр нь ирээд хот руу явсан гэдгээ Т.Э хүлээн зөвшөөрсөн. Иймд нийт ажилласан 46 өдрийн ажлын хөлсийг өгсөн тул нэхэмжлэгч 4,140,000 төгрөгийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Э нь хариуцагч Р.К ХХК-д холбогдуулан 4,140,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... Нэхэмжлэгч Т.Э нь 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас Алтанширээт сум хүртэлх төмөр зам дээгүүр баригдаж буй 26 метр гүүрийн ажилд 78-93 УНЧ улсын дугаартай Киа пронтиер загварын өргөгч автокран бүхий автомашинаар түрээслэгч талын зааварчилгаагаар ажил гүйцэтгэхээр Р.К ХХК-тай машин механизм түрээслэх гэрээг бичгээр байгуулсан, 65 хоног ажилласан 10,160,000 төгрөг авсан, үлдэгдэл 4,140,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрөх ба татгалзлын үндэслэлээ ... нэхэмжлэгч машин мехнизмтайгаа нийт 46 хоног ажилласан, 65 хоног ажилласан гэдэг бол худлаа, учир нь бетон зуурмаг ирсэн өдөр Т.Э-ын машин ажилладаггүй, мөн хүчтэй салхи шуургатай өдрүүд их байсан, 46 хоногийг талууд амаар тохиролцоод тохирох мөнгийг буюу 10,160,000 төгрөгийг төлсөн гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Т.Э, хариуцагч Р.К ХХК нар 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Машин механизм түрээслэх гэрээ-г байгуулсан, гэрээгээр талууд Дорноговь аймгийн Сайншанд сумаас Алтанширээт сум хүртэлх төмөр зам дээгүүр баригдаж буй 26 метр гүүрийн ажилд 78-93 УНЧ улсын дугаартай Киа пронтиер загварын өргөгч автокранаар түрээслэгч талын зааварчилгаагаар ажиллах, түрээслэгч нь техникийн ашиглалт, жолооч, механизмчдын сахилга хариуцлагад хяналт тавьж, удирдлагаар хангаж, төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тохирсон боловч нэхэмжлэгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбараар тухайн автокраны жолоочоор нэхэмжлэгч Т.Э ажилласан болох нь тогтоогдож байгаа зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхийг Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан бөгөөд хариуцагч нь зохигчийн хооронд 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажил үйлчилгээ гүйцэтгэхэд байгалийн хүчин зүйл болон бусад зүйлээс шалтгаалж сул зогсолт их байсан гэх өөрийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргийнхээ дагуу нотолж чадаагүй гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Т.Э нь Дорноговь аймгийн Сайншанд хотоос Алтанширээт сум хүртэлх төмөр зам дээгүүр баригдаж буй 26 метр гүүрийн ажилд 78-93 УНЧ улсын дугаартай Киа пронтиер загварын өргөгч автокранаар түрээслэгчийн ажилчдыг дээш өргөж өгөх ажлыг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 65 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн гэх нэхэмжлэлийг гаргасан боловч хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... 1 өдөр хүчтэй салхины улмаас ажиллаж чадаагүй, мөн 1 өдөр хотод гэртээ өнжсөн гэх тайлбарыг гаргасан, мөн гэрч М.Пын ... Т.Э ажиллаж байх хугацаандаа 1 удаа чөлөө авч хот руу явж байсан, салхи шуурганаас болж ажил зогсож байсан удаа байхгүй гэх мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгчийг 63 хоног ажилласан гэж үзэх үндэслэлтэй байна. Харин хариуцагчийн өмгөөлөгч С.Т нь ... Цаг уур, орчны шинжилгээний газраас 2019 оны 3, 4, 5 дугаар саруудын салхи, хур тундасны талаарх мэдээллийг авч хэргийн материалд өгсөн, үүнээс үзвэл гэрээ хэрэгжиж байх хугацаанд хүчтэй салхи шуургатай, мөн цас, бороотой өдрүүд нилээд байсан, мөн зуурмаг ирсэн өдөр Т.Э ажилладаггүй байсан, тэрээр чөлөө авч хот руу явж байсан тул гэрээнд зааснаар зөвхөн ажилласан 46 өдрөөс хөлсийг төлөх нь зүйтэй гэх тайлбар нь баримтаар тогтоогдохгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4.2-т түрээсийн төлбөр нь хоногийн 220,000 төгрөг байх ба уг үнэд шатахууны зардал багтсан болно, мөн 4.3-т Түрээсийн хугацааг зөвхөн ажилласан өдрөөр тооцно гэж тохиролцсон байх тул нэхэмжлэгч Т.Эын нийт ажилласан 63 хоногийн төлбөрт хариуцагч /63 хоног х 220,000 төгрөг = 13,860,000 төгрөг/ 13,860,000 төгрөг төлбөл зохих бөгөөд үүнээс төлсөн 10,160,000 төгрөгийг хасч тооцвол үлдэгдэл 3,740,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч Р.К ХХК-иас 3,740,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 400,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 81,190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 74,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасныг баримтлан шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             М.МӨНХТӨР