Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01173

 

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/01173

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Зүүн наран 0 дугаар гудамж, 0 тоот хаягт оршин суух Ш.Б овогт Б-ы О /РД: 00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Алтай хотхон, 0 дугаар байр, 0 тоот хаягт оршин суух Б овогт Ц-ын Н /РД: 00000000/-д холбогдох

 

Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Алтай хотхон, 0 дугаар байр, 0 тоот орон сууцыг түрээслэхээр Ц.Н-тэй 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. 2 сарын түрээсийн төлбөрийг төлж, 1 сарын барьцаа мөнгө өгсөн. Миний бие 3-7 насны 4 хүүхэдтэй учраас Улаанбаатар хотод 2 хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах зорилготой уг байрыг түрээсэлсэн. Гэтэл тухайн үед тус хороонд бүртгэлгүй, хүүхдүүд маань энд сургуульд орох боломжгүй гэсэн тул буцаад хуучин хаяг руугаа нүүх болсон. Гэрээг цуцлах болсон талаар Ц.Н ахад 13 хоногийн өмнө утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэж хэлсэн боловч түүнээс хойш дахиж утсаа аваагүй. Би түрээсийн байрыг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр орхиж гарсан. Барьцаа мөнгөө авъя гэхэд гэрээний хугацаа дуусаагүй тул барьцааг өгөх боломжгүй гэж хэлсэн, үүний дараа дахин холбогдоход бид өөрсдөө хохирсон гэх ойлгомжгүй зүйлийг ярьсан. Иймд Ц.Н-гээс барьцаа мөнгө болох 650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Алтай хотхон, 0 дугаар байр, 0 тоот орон сууцыг  түрээслэхээр харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай гэрээг Б.Отай байгуулсан. Тухайн үед завсар хийгээд дуусаж байсан. Анх авсан байдлаар байрыг буцаан хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Б.О 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр над руу мэссежээр гэрээг цуцлах шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Тэрнээс өмнө утсаар ярьсан гэж байна. Хэзээ ярьсан гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан ярьсан. Би ажилтай үедээ утсаа авдаггүй. Ц.Н над руу таних, танихгүй олон хүмүүсээр яриулж хэл амаар доромжилсон асуудал бий. Намайг залилан хийсэн гэж мессежээр удаа дараа үндэслэлгүйгээр гүтгэж, доромжилсонд гомдолтой байна. Бид хоорондоо учраа олоогүй учраас зохих журмын дагуу асуудлыг шийдвэрлүүлье гэж хэлсэн. Мөн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Гэрээ цуцалснаас үүдэн шууд гаргах зардал, дараагийн оршин суугчийг олох хүртэлх хугацааны алдагдсан түрээсийн зардал болон тухайн байрны ашиглалтын явцад учирсан хохирол, эвдрэл гэмтэл зэргийг анх гэрээ байгуулахдаа гэрээг цуцалснаас үүдэн гаргах хохирлын талаар тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч Б.О байрны 7, 8 дугаар сарын СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байсан. Гэрээний үүргийн биелэлтийг хангуулахын тулд барьцаа мөнгө авсан. Гэрээний үүргийн биелэлтийг хангасан тохиолдолд барьцаа хөрөнгийг буцааж өгөхөд асуудал байхгүй. Байрыг хүлээж авахад ханын цаас хэд хэдэн газар солихоос өөр аргагүй байдалтай болсон байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б.О руу мессеж бичсэн. Харилцан ярилцаад тохирье гэсэн боловч хариу өгөөгүй. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй учраас маргаан үүссэн гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Ц.Н-д холбогдуулан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 650,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч ... байранд засвар хийсэн байсан, ханын цаасыг солихоос өөр аргагүй болгосон, мөн гэрээг цуцлах талаар 1 сарын өмнө мэдэгдээгүй, мөн амьдарсан хугацааныхаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөөгүй байсан тул барьцааг буцаан өгөх боломжгүй гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Б.О, хариуцагч Ц.Н нар нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ-г байгуулан Баянгол дүүрэг, 0 дүгээр хороо, Алтай хотхон, 0 дугаар байр, 0 тоот орон сууцыг орон сууцыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 650,000 төгрөгөөр хөлслөх, үүргийн биелэлтийн барьцаанд 650,000 төгрөгийг түрээслүүлэгчийн дансанд байршуулж, гэрээний хугацаа дуусгавар болоход түрээслэгчид буцаан олгохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан, зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, уг гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний агуулгыг талууд өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулсан, хүчин төгөлдөр гэрээ ба нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэлээ.

Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөө хэлбэл хариуцагч тухайн ... эд хөрөнгөд учирсан хохирлоо буюу ханын цаасыг бохирдуулсан, мөн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хөлслөгч төлөөгүй гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Зохигчдын хооронд байгуулсан эд хөрөнгө хөлслөх гэрээний 8.4-д Түрээслэгч энэхүү гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг хүсвэл энэ тухайгаа түрээслүүлэгчид 1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ. Энэ тохиолдолд түрээслүүлэгч барьцаа мөнгийг түрээслэгчид эргүүлэн олгоно. гэжээ. Хэдийгээр түрээслэгч Б.О нь гэрээг цуцлах талаараа 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч гэрээг цуцлах талаар түрээслүүлэгчид урьдчилж мэдэгдсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул барьцаа 650,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Ц.Н-гээс барьцаанд төлсөн 650,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Н-гээс барьцаанд төлсөн 650,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХТӨР