Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1080

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Э.Оргилбат,

хохирогч М.Цолмонбаяр

шүүгдэгч Д.О-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-холбогдох 2308000001410 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, СХД-ийн 7 дугаар хороонд үсчин ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны ***тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Анчин овогт Д-ын О (регистрийн дугаар:шу9211****).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Д.О-нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Жавхлан төвийн Лорд нэртэй бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.Ц-толгой руу мөсний төмөр сав шидэж биед нь зулайн хуйхны язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О-нь гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

4. Шүүгдэгч Д.О-нь мөсний сав шидэж М.Ц-толгойн тус газарт хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Цагдаагийн байгууллагын  дуудлага мэдээллийн “үл таних эмэгтэй хүн төмөр мөсний сав шидсэн” гэх лавлагааны хуудас (хавтаст хэргийн 1-2 хуудас),

4.2. Хохирогч М.Ц-“...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Лорд бааранд хамгаалагчийн ажил хийдэг. 2023 оны 08 дугаар сарын 04-ны шөнө 01 цагийн орчимд ажил дээрээ ажлаа хийж байхад манай баараар үйлчлүүлж байсан баруун хэсэгт ширээн дээр ганцаараа сууж байсан эмэгтэй архи уучихсан согтуу ширээн дээрээ байсан пивоны шилээ нааш, цаашаа шидээд байхаар нь би болиулах зорилгоор очтол над руу ширээн дээр байсан мөс хийдэг төмөр савыг авч шидэхэд миний баруун дагз хэсэгт оносон. Тухайн үйл явдлыг манай бааранд зөөгч хийдэг Д -хажуугаас нь харж байсан. Тэгээд л би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн, Би тухайн хүнийг урьд өмнө нь огт харж байгаагүй, тэр эмэгтэй архи уугаад согтчихсон ширээн дээрээс пивоны шил авч шидээд байхаар нь болиулах зорилгоор очсон ба бид хоёрын дунд ямар нэгэн хэрүүл маргаан болсон зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг,

 

4.3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл “... Д.О-хохирогчоор таниулсан, ...” (хавтаст хэргийн 4-9 хуудас),

 

4.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 9851 дугаартай М.Ц-биед зулайн хуйхны язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...”  гэх дүгнэлт  (хавтаст хэргийн 16-17 хуудас),

 

4.5. Д.О-мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...уг зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, гэм буруу дээр маргахгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

 

7. Хохирол хор уршгийн талаар:

7.1. Хохирогч М.Ц-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... Би ямар нэгэн эмнэлгийн байгууллагаар явж эмчилгээ үйлчилгээ авсан зүйл байхгүй. Харин эмийн сангаас тархины цусан хангамж сайжруулах эм нийт 60,000 орчим төгрөгөөр худалдаж авсан ч баримт нь байхгүй. Мөн энэ асуудлаас болоод 7 хоног ажилдаа явж чадаагүй амарсан. Энэ хугацааны цалингаа авч чадаагүй. Би хоногийн 70,000 төгрөгийн цалинтай, ажиллаагүй өдрүүдийн цалин болох 490,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоогоор манай захирал байхгүй учраас ажлын газраас цалингийн тодорхойлолт гаргаж өгөх боломжгүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 29-30 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс),

7.2. Хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан хохирлын талаарх мэдүүлэг, мөн хохирогч М.Ц-эмийн сангаас авсан эмийн баримт болон өдөрт 70,000 төгрөгийн цалинтай ажил хөдөлмөр эрхэлдэг талаарх баримт хэрэгт авагдаагүй тул дан ганц хохирогчийн мэдүүлэгт үндэслэж шүүхээс гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон түүнээс үүдэлтэй хор уршгийн зардлыг гаргуулах боломжгүй. 

7.3. Хохирогч М.Ц-ггэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны талаарх баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

8. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

8.1. Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, ажил эрхэлдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжээр торгох ял оногдуулж, 90 хоногт төлүүлэх санал гаргасан.

 

            8.2. Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ял оногдуулж өгнө үү гэв.

           

            8.3. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            8.4. Шүүгдэгч Д.О-согтуурсан үедээ олон нийтийн газарт мөсний саваар шидэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэхгүй, түүний үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг гэх боловч энэ талаар баримт гаргаж ирүүлээгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг их биш боловч хохирол, хор уршгийн зардлыг төлөөгүй, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, тэрээр бага насны 04 хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            8.5. Шүүгдэгч Д.О-нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй бөгөөд бага насны 4 хүүхэдтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ял оногдуулах нь түүний хувийн байдалд тохиромжгүй гэж үзэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэсэн болно.

 

            8.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тогтоолд тусгах нь зүйтэй.

 

            9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Анчин овогт Д-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.О-Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газар болох Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрээс 02 сарын хугацаанд явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Д.О-мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч М.Ц нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол болон ажил хөдөлмөр эрхлээгүй хугацааны талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                         Б.ДАШДОНДОВ