Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 1070

 

 

Т.Т-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00408 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч НШГА-д холбогдох

 

Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч П.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, 28-30 тоот орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/1 тоот тогтоолоор битүүмжилж, эд хөрөнгө хураах тухай 150/2 тоот тогтоолоор хураан, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар харилцан тохиролцсон үнэлгээ болох 150 000 000 төгрөгөөр анхны дуудлага худалдааг явуулсан боловч борлогдоогүй тул мөн хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасныг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр 2 дахь албадан дуудлага худалдааг явуулжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Даваасүрэнгийн 2017 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийг 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай 3/20 тоот тогтоолоор Т.Т-ийн эзэмшлийн орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр олж мэдсэн. Уг тогтоолын 2 дахь хэсэгт тогтоолын хуулбарыг төлбөр төлөгч надад хүргүүлэхийг даалгасан байсан. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаа болсноос хойш 25 хоногийн дараа, тогтоол гарснаас хойш 40 хоногийн дараа олж мэдээд 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдлоо гаргасан. Гомдлын хариу болох 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 3/372 тоот хариу мэдэгдэх хуудсанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс баталгаат шуудангаар хүргүүлсэн гэх боловч хуулийн энэ заалтад сум, хорооны засаг даргаар гарын үсэг зуруулж хүргүүлэхээр заасан байна. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны утас болох 1132-0901, 9916-1789 дугаарт залгаж асууж лавлахад Т.Т миний нэр дээр ямар ч баталгаат шуудан ирээгүй байсан. Энэ хугацаанд миний утасны дугаар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дугаарт мэдэгдээгүй, шуудан илгээгээгүй, мэдэгдэл гардуулаагүй. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж байгаа тухай дээрх тогтоол мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар надад болон итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэлгүйгээр дуудлага худалдааг явуулсан байна.

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заахдаа үүрэг гүйцэтгүүлэгч, үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч дуудлага худалдаанд оролцох эрхтэй гэсэн байна. Шийдвэр гүйцэтгэлийн байгууллага нь ингэж өмчлөгч надад мэдэгдэлгүйгээр эд хөрөнгө борлуулах дуудлага худалдаа зохион байгуулж байгаа нь Т.Т-ийн хууль ёсны эрхийг зөрчиж байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг төлбөр төлөгчид мэдэгдэж хүргүүлэхээр хуульчилсан байдаг. Шийдвэр гүйцэтгэгч нь албадан дуудлага худалдаа явуулахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44.3-т заасан ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримталж явуулаагүйгээс Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасан өмчлөгчийн эрхийг зөрчсөн. Иймд Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж явуулсан Т.Т-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгатын 28-30 тоот орон сууцанд хамаарах Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1597 дугаар шийдвэрээр Т.Т-р шийдвэрлэсний дагуу 2013 оны 5 дугаар сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Т.Т-ийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2203003765 дугаарт бүртгэгдсэн, Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 50 мянгат, 28-30 тоот 30 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 150/1 тоот тогтоолоор битүүмжилж, 2013 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 150/2 тоот тогтоолоор хураан авч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад 150 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаанд, 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй ба төлбөр төлөгч Т.Т-ээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1698 дугаар магадлалаар 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байхад зохион байгуулсан гэх үндэслэлээр хүчингүй болгосон. Иймд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд үл хөдлөх эд хөрөнгийг оруулахаар нийтэд зарлаж, албадан дуудлага худалдааны 3/8099 дугаартай мэдэгдлийг, 3/20 дугаартай тогтоолын хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д заасны дагуу төлбөр төлөгчийн оршин суух хаяг Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо, 28 дугаар байр 30 тоот хаягаар 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу талуудын харилцан тохиролцсон үнэлгээ 150 000 000 төгрөгийн 70 хувиар тооцон 75 000 000 төгрөгөөр 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй байна. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШЗ2017/13410 дугаар захирамжаар нэхэмжлэгч Т.Т-ийн нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Т-т олгосон итгэмжлэл хуулийн шаардлага хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан. Төлбөр төлөгч нь төлбөрийг барагдуулаагүй, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийж, 2014 оноос хойш шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан удаа дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, төлбөр авагчийн эрх ашгийг хохироож, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулж байх ба барьцааны үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөр гаргуулах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. 2 дахь албадан дуудлага худалдааны тогтоол, мэдэгдлийг Т.Т-ийн хаягаар хүргүүлсэн боловч тус албадан дуудлага худалдаа болоод өнгөрсний дараа түүнд явуулсан тогтоол, мэдэгдэл нь дугтуйтайгаа буцаагдаж ирсэн. Тэр үед нь дахин хүргүүлэх ёстой байсан юм байна гэж бодсон. Тогтоол, мэдэгдлийг дугтуйлан хүргүүлсэн болохыг төлбөр төлөгч болон түүний өмгөөлөгч нарт танилцуулж байсан боловч уг дугтуйг нь устгасан манай гүйцэтгэлийн материалд одоо байхгүй тул шүүхэд гаргаж өгөх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж буй дугтуй байсан эсэх талаар маргахгүй гэжээ.

 

Шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3, 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 03 сарын 24-ний өдөр явуулсан Үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв, бодитой байх талаас нь үнэлж дүгнэсэнгүй. Үл хөдлөх хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдаанд оруулах тогтоол, мэдэгдлийг тус тус баталгаат шуудангаар төлбөр төлөгчид хүргүүлсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан шаардлага, журмын дагуу мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзнэ. Үүнийг анхан шатны шүүх хууль ёсны бус гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Т.Т нь хариуцагч НШГА-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн 2 дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгч хэргийн оролцогчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлаж өгөх үүрэгтэй. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр зохигчдод шүүгчийн туслах эрх, үүрэг тайлбарлаж баримтад гарын үсэг зурсан нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулагдан хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж, заавал биелүүлэх шийдвэр гаргадаг шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг шүүх гэж ойлгоно.

 

Шүүхийн захиргааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т  шүүгчийн туслах нь “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” чиг үүрэгтэй байхаар заасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч өөрөө биечлэн хэрэгжүүлэхэд хамаарахгүй. Шүүхийн захиргааны ажилтны эрх зүйн байдал, гүйцэтгэх чиг үүрэг, зохион байгуулалтын асуудлыг зохицуулсан Шүүхийн захиргааны тухай хуулийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамааруулан хэрэглэж үл болно.

 

Талууд өөрсдөө бие даан баримтаа гаргаж, чөлөөтэй мэтгэлцэх зарчмаар явагдах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн эдлэх эрх, хүлээх үүргийг шүүгчээс тайлбарлан өгөх нь эрхээ хэрэгжүүлэх нэг суурь нөхцөл болох бөгөөд шүүгчийн гүйцэтгэвэл зохих ажлыг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хэргийн оролцогчийн эрх хангагдсан гэж үзэх боломжгүй байна.

 

Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ЕШЗ2017/02873 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Түмэнцэцэгийг томилсон шийдвэрийг албажуулсан боловч уг Ерөнхий шүүгчийн захирамжид тамга дарагдаагүй байх ба энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөлгөөнөөс хуваарь гарган тогтоож, Ерөнхий шүүгч албажуулах хуулиар тогтоосон журам зөрчигдсөн гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт заасан шүүх хуралдааны даргалагчийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч захирамж гарган томилох нь “шүүх эрх мэдлийг шүүх хэрэгжүүлэх, шүүгч хараат бус байх” зарчмыг хэрэгжүүлэх нэг гол нөхцөл болно.

 

Иймд хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3, 168.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00408 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ