Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 03

 

                                                       Т.Бд холбогдох 

                                             эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч С.Оюунтунгалаг, Д.Байгалмаа, нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанд:

прокурор С.Сугар

нарийн бичгийн дарга Ц.Алтансүх нар оролцов.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн хяналтын прокурор С.Сугарын эсэргүүцлээр тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Бд холбогдох эрүүгийн 1930004780298 дугаартай хэргийг давж заалдах шатны шүүх 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч шүүгч О.Баатарсүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулаг гудамжны ... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Баянгол дүүргийн шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хорих ял оногдуулан тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Т.Б 

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь хууль, Монгол улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон хязгаарласан бараа болох “Дэргэвэр, жиргэрүү” гэх ургамал 8 кг, борц 380 кг, байгалийн чулуу 475 кг, чонын арьс 1 ширхэг, хонины бөөр 160 кг зэрэг эд зүйлсийг 17-34 Дор улсын дугаартай старикс маркийн тээврийн хэрэгсэлд нууж 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь Бичигт дэх олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хил, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаар өөр зорилгоор ховор ургамлын жагсаалтад багтсан “Дэргэвэр, жиргэрүү” гэх ургамлыг худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугар нь яллагдагч Т.Баттулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн  32 дугаар шүүгчийн захирамжаар: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Т.Бд холбогдох эрүүгийн 1930004780298 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч Т.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

 

Прокурор С.Сугар эсэргүүцэлдээ: Тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шилжүүлсэн хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж, хэлэлцээд тухайн хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаажээ. Шүүх захирамждаа Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу 4.1-4.6 дахь заалтууд хэргийн баримтаар бүрэн дүүрэн нотлогдоогүй байх тул Т.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ. 

475 кг  байгалийн чулуу нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд эд мөрийн баримтаар хураагдсан чулуу байгаа. Байгаль орчны газраас иргэний нэхэмжлэгч томилсон. Иргэний нэхэмжлэгч нь байгалийн чулууг үнэлэх боломжгүй тухай мэдүүлгээ өгсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоос бусад тохиолдолд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно. Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ гэж заасан байгаа. Мэргэжлийн байгууллага үнэлэх боломжгүй гэсэн учраас мөрдөгч, прокурорын зүгээс шинжилгээ хийх шаардлагагүй гэж үзсэн байгаа. Байгалийн чулууг хилээр гаргасан тохиолдолд шүүхээр шийдвэрлэсэн практик байдаггүй юм байна лээ. Байгалийн чулууг ихэвчлэн газарт нь цацаж шийдвэрлэдэг юм байна лээ. Прокурорын зүгээс эд мөрийн баримтыг шийдвэрлэх боломжгүй тул шүүх шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарласан бараанд орон нутгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх орон тооны бус комисс үнэлгээ тогтоодог жишиг байдаг. Байгалийн чулууг үнэлэх боломжгүй гэж мэргэжлийн байгууллага үзсэн учраас прокурорын зүгээс шинжилгээ хийлгэх, үнэлгээ тогтоох шаардлагагүй гэж үзсэн. Гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул яллагдагчтай ял тохиролцож хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад шүүх өөрийн санаачлагаар урьдчилсан хэлэлцүүлэг зарлаж хэргийг прокурорт буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зөвхөн 475 кг байгалийн чулуутай холбогдуулан хэргийг прокурорт буцаасан. Иймд анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. 475 кг чулуунд үнэлгээ тогтоох юм бол хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх, хуулийн зүйл заалтанд хэмжээ, хязгаар тогтоосон зүйл байхгүй. Иймд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн өдрийн 32 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлээр шүүгдэгч Т.Бд холбогдох хэргийн бүх  үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

Анхан шатны шүүх урьдчилсан хэлэлцүүлэг хийж, тухайн хэрэгт хураагдсан байгалийн чулуу нь ямар ангилалд багтах,  хууль болон Монгол Улсын Олон улсын гэрээнд зааснаар хориглосон,  хязгаарлалт тогтоосон барааны аль нь болох, түүний үнэлгээг тогтоох, гэмт хэргийн шинжтэй эсэх зэргийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан шаардлагыг хангаагүй гэх дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна. Түүнээс гадна Монгол Улсын гаалийн хил дээр хураагдсан хатаасан борцоос 32 кг, байгалийн чулуу 16 кг дутагдсан шалтгааныг тодруулах, хууль бусаар  ан агнах гэмт хэргийн шинжтэй эсэх, холбогдох дүрэм, журмыг хэрэгт хавсаргах зэрэг ажиллагааг нэмж гүйцэтгэвэл зохино. 

Мөрдөн шалгах ажиллагааны  явцад дээрх ажиллагааг хийх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “гэмт хэргийг шуурхай,  бүрэн илрүүлэх”  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой, энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь  бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэх зохицуулалттай нийцэх юм.

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

             Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,  энэ зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

Нэг. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 32 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй. 

Хоёр. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч,  тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           О.БААТАРСҮХ 

                         ШҮҮГЧИД          С.ОЮУНТУНГАЛАГ

                                                        Д.БАЙГАЛМАА