Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 121/ШШ2022/0022

 

 

2022 оны 04 сарын 27-ны өдөр            Дугаар 121/ШШ2022/0022                                    Арвайхээр сум

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Болорчимэг даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С-ийн Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б /шүүхэд төлөөлөх эрхийн дугаар ...../,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Тын Н,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Э нарын хооронд үүссэн газрын маргааныг хянан хэлэлцэв. 

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагва нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь тус шүүхэд хандан “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.     2. Анх Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар газар эзэмших эрх шилжүүлэх, шилжүүлэн авах хүсэлт ирүүлснийг үндэслэн Цэвэлхоролоо овогтой Баатарцогтын эзэмшлийн газар болох Уртын багийн нутаг “Дайргын голын хадат хошуунаас дээш байршилтай “фермерийн аж ахуйн” зориулалт бүхий 4 га газрыг Л овогтой Эд 12 жилийн хугацаагаар шилжүүлж, ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.                                                         Улмаар Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2 дахь хэсгүүд, 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсгүүд, Онги-тааз голын сав газрын захиргааны 2021 оны 6 сарын 18-ны өдрийн 36 дугаар албан бичиг, 2020 оны сумын “ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны нэгдүгээр тэмдэглэл” зэргийг тус тус үндэслэн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар тус сумын 4 дүгээр багт Дайргын голын хойно байрлалтай 4 га газрыг 2019 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшиж ашиглаагүй тул газар эзэмшигч Л.Эын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2 дахь заалтаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон тухай иргэн Л.Эод мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг газрын даамалд даалгаж, 3 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/121 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.

3. Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/218 тоот албан бичгээр тус сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар захирамж гарсан болохыг иргэн Л.Эод хүргүүлж захирамж гарсантай холбогдуулж холбогдох байгууллагад өргөдөл, гомдол гаргах эрхтэй болохыг заажээ.         

4. Нэхэмжлэгч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь дээрх газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжийг эс зөвшөөрч 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Э нь Өвөрхангай аймгийн Тарагт сумын 4 дүгээр баг, Дайргын гудамж, 107 тоот хаягт 4 га газрыг “Хөдөө аж, ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар 11 жилийн хугацаагаар эзэмших болсон. Л.Э нь тус газрыг эзэмших болсон цагаас хойш газрын элэгдэл хорогдлыг багасгах, хашаажуулах, газрын зарим хэсгийг арчлах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд корона вирусын нөхцөл байдлын улмаас хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж бараа бүтээгдэхүүний олдоц ховор болж цогцолбор бүтээн байгуулалт саатаж давагдашгүй хүчин зүйлтэй тулсан нь үнэн.                                        

Гэвч Л.Эыг өөрийн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэх, туршлага судлах зорилгоор Солонгос улс руу явсан хойгуур Тарагт сумын засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийг Газрын тухай хуулийн 40 дүгээр 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон.                                                                                                              Газар эзэмшигч нь тухайн газрыг хөдөө аж ахуйн цогцолборын зориулалтаар ашиглаж байсан бөгөөд хөдөө аж ахуйн цогцолбор бий болгоход 2019 оны 11 сараас одоог хүртэлх хугацаа хангалтгүй, эзэмшиж ашиглаад 2 жилийн хугацаанд бий болчихгүй гэдэг нь хэнд ойлгомжтой асуудал байхад Засаг даргын зүгээс бодит байдалд нийцээгүй үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосонд гомдолтой байна.                                                                                                 Газар эзэмшигчийн зүгээс эзэмшиж буй газраа хашаажуулах, элэгдэл хорогдлыг багасгах арга хэмжээ авах, холбогдох татварыг төлөх, мэргэжлийн хүнээр усны урсац, газрын хөрс зэрэгтэй холбоотой зөвлөгөө авах, гадаад улс руу явж туршлага судлах, хөрөнгө оруулалт татах, зуны цагт гэр барин байрлаж, туршилтын тариалалт явуулах зэргээр газраа ашиглаж байгааг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж болохгүй. Мөн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн байдлын зэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш шилжсэн тул уг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж тооцох боломжтой юм.                                                                                                                          Иймд Өвөрхангай аймгийн Тарагт сумын засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамж нь үндэслэлгүй байх тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Эын зүгээс Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр А/121 тоот захирамжаар тус сумын 4 дүгээр баг, Дайргын 1 дүгээр гудамж, 107 тоот хаягт байршилтай 4 га газрыг хөдөө аж ахуйн цогцолбор газрын 11 жилийн хугацаагаар эзэмших болсон. Тус газрын эзэмшиж эхэлснээс хойш уг газрын элэгдэл хорогдлыг багасгах, арчилж хамгаалах, газрын зарим хэсгийг хашаажуулах арга хэмжээг авч байсан. Уг газрын зориулалт нь хөдөө аж, ахуйн үйлдвэрлэл гэсэн зориулалттай байсан. Хөдөө аж, ахуйн үйлдвэрлэл гэдэг нь 1 өдрийн дотор байшин, барилга баригдаад, үйлдвэрлэл эхэлчихдэггүй. Тухайн газрыг 11 жилийн хугацаанд ашиглах тэр хугацаанд бий болдог зүйл. Энэ хугацаандаа буюу газар эзэмших эрхийг олж авснаас хойш хашаажуулах, гэр барих, хөрсөө арчлах зэрэг арга хэмжээнүүдийг авч байсан. Гэтэл 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтаар 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ захирамж гарсантай холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс дараах зүйл дээр маргадаг. Хэрвээ би газрыг зориулалтын дагуу ашиглаагүй байсан бол яагаад уг газарт хашаа барих ёстой гэж. Хашаажуулах арга хэмжээг авсан уу гэвэл авсан. Тухайн газарт байршиж, зусаж байсан зэргээр тухайн газрыг тодорхой хэмжээнд ашиглаж байсан нөхцөл байдал тогтоогддог. Түрүүнд хүсэлттэй холбоотойгоор зургийн үзүүлэлтүүдийг хавсаргаж өгсөн. Уг зургийн үзүүлэлт нь ямар учиртай байсан бэ гэвэл тухайн газартай холбоотой холбогдох тоног төхөөрөмжийг авах, мэдээж корона вирусын нөхцөл байдлын үед үйл ажиллагаа эхлэхэд хэцүү. Хил, гааль хаалттай байсан. Ийм орчин нөхцөлд тухайн газар эзэмшигчийн зүгээс одоо үйлдвэрлэлээ эхэлье, зах зээлд тухайн бүтээгдэхүүнээ нийлүүлье, фермийн аж, ахуйгаа эхэлье гэх боломжгүй байсан. Энэ нь тухайн эзэмшигчийн эрхийн асуудал.  Ямартай ч тухайн хугацаанд өөрөөсөө 30 сая төгрөгийн зардал гаргаад уг газрыг хашаажуулсан нөхцөл байдал тогтоогддог. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тайлбар гаргахдаа гаргасан захирамжаасаа зөрүүтэй зүйл ярьж эхэлдэг. Өөрөөр хэлбэл тухайн газар Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан голын татамд хамаарч байгаа учраас хүчингүй болгосон гэж хэлдэг. Захиргааны акт бол иргэний эсрэг чиглэж байгаа учраас тухайн иргэнд ойлгомжтой, хэрэгжүүлэхэд хялбар, хуулийн үндэслэл тодорхой байх ёстой. Өөрөөр хэлбэл усны татамд тухайн газар нь хамаарч байгаа бол Газрын тухай хуульд заасан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэх нөхцөл байдалтай яаж хамаарах юм. Миний зүгээс хамаарахгүй байна гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор “Онги-Таац” голын сав газрын захиргаанаас тухайн газрыг нөхөн олговортойгоор чөлөөлүүлэх тухай албан бичиг ирүүлсэн байдаг.  Хэрвээ “Онги-Таац” голын сав газрын захиргаанаас ирүүлсэн тухайн албан бичгийг дүгнэлт гэж үзвэл тухайн албан бичигт заасан голын татам хэсэгт хамаарч байгаа эсэхийг тогтоох ёстой. Энэ нь нийтийн эрх, ашиг сонирхол зөрчсөн, байгальд хор нөлөөтэй нөхцөл байдал бий болж байна гэсэн дүгнэлт гаргаад уг дүгнэлтийн дагуу Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан холбогдох үндэслэлээр газрын гэрчилгээг хүчингүй болгох байсан. Газрын гэрчилгээг хүчингүй болгосон хүсэл зоригийн захирамж байсан. Гэхдээ нэхэмжлэгчийн зүгээс зөвхөн газрын гэрчилгээг хүчингүй болгосон захирамжийн хүрээнд маргаж байна. Гэтэл захирамж нь өөрөө 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг үндэслэлээр гарсан учраас манай талаас уг газрыг 2 жилийн хугацаанд ашигласан гэж маргаж байна. Ийм учраас нэхэмжлэгчийн зүгээс тухайн газрыг ашиглаагүй гэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Хэрвээ акт гаргахдаа Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргаас Усны тухай хуульд заасныг зөрчсөн гэж үзсэн бол Газрын тухай хуульд заасан холбогдох хүчингүй болгох зохих заалтыг баримталж хүчингүй болгох ёстой байсан. Хэрвээ тийм үндэслэлээр захиргааны акт гарсан бол түүнтэй холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлага болон тайлбар өөр байдлаар явах ёстой байсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс нэг зүйлийг ойлгохгүй байна. Төрийн байгууллага нь хууль дээдлэх зарчмыг баримталдаг. Гэтэл 2014 онд тухайн газрыг олгох төлөвлөгөө баталсан. Энэ хэсэгт газар олгож болно гээд. Тухайн газрыг 2016 онд хамгийн анх олгосон байдаг. Л.Эын хувьд тухайн газрын хоёр дахь эзэмшигч гэдэг нь харагддаг. Хамгийн анх н.Баатарцогт гэх хүнд олгоод, 2019 онд Л.Э нь газар эзэмших эрхийг өөртөө шилжүүлж авсан газар эзэмшигч юм. Тэгэхээр анх 2014 онд тухайн газрын төлөвлөгөөг гаргаж байхад тухайн асуудал усны татам гэсэн хэсэгт хамаарахгүй байсан гэж үзэж байна. Хамаарахгүй байсан учраас тухайн хүнд олгож байна. Гэтэл өнөөдрийн нөхцөл байдалд голын татамд хамаарч байна гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр газрын төлөвлөгөө болон бусад актууд үндэслэл бүхий гарсан. Хэрвээ гол, мөрөний татамд хамаарч байна гэсэн үндэслэлээр газрын эрхийг хүчингүй болгосон бол голын татам гэдэг зүйл өөрчлөгдөх боломжтой гэж харж байна. Өөрөөр хэлбэл голын хөвөө хэсгийг хэлж болно гэж хуульчийнхаа хувьд үзэж байна. Усны хөвөө буюу дэнж, нуга байршиж байгаа хэсэг бол байгалийн цаг уурын нөхцөлөөс хамаараад өөрчлөгдөх нөхцөл байдал байгаа. Хэрвээ тухайн газар нь энэ нөхцөл байдлын улмаас голын татамд хэсэгт хамаарсан тохиолдолд Л.Эын газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад, холбогдох өөр газрыг буцаан олгох ёстой. Энэ бүхнээс үзэхэд 2 жилийн хугацаанд уг газрыг нэхэмжлэгчийн зүгээс ашигласан учраас тухайн акт үндэслэлгүй гэж үзэж байна ... Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг дээр Гамшгийн тухай хуульд заасан бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаа буюу ковидын нөхцөл байдлыг яагаад холбож тайлбарлаж байгаа талаар тайлбар хэлье. Уг газрын зориулалт нь хөдөө аж, ахуйн цогцолбор юм. Хөдөө аж, ахуйн цогцолбор гэсэн учраас түүнтэй холбоотой худалдан авалтууд хийгдэх, цогцолбороос гарах үр ашгийн тооцоолол хийгдэх учраас цогцолборын үйл ажиллагаанд цар тахлын нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзэж байна. Магадгүй зориулалтыг нь ногоо тариалах гэдэг ч юм уу тодорхой зааж өгсөн бол танайх ногоогоо тарьж эхэлсэн үү гэх зэргээр шаардах эрхтэй болох байсан. Гэтэл энэ тохиолдолд цогцолбор гэж заасан учраас цогцолбортой холбоотой нөхцөл байдлууд саатсан гэж үзэж байна. Цогцолборын нэг хэсэг бол хашаажуулалт, тэнд гэр барьж байрлах асуудал үүсэх учраас ашигласан гэж үзэж байна” гэв.

7. Хариуцагч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Т.Нямдаваагаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Иргэн Л.Эын дайргын голд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн А/121 тоот захирамжаар олгогдсон 4 га газрын гэрээг дүгнэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу уг газрыг ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул эрхийг хүчингүй болгохыг дурдсан. 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1/192 тоот албан мэдэгдлийг Тарагт сумын 4-р багийн Засаг дарга Э.Баянмөнх 10 дугаар сарын 19-нд биеэр хүргүүлсний дагуу 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Албан мэдэгдлийн хариу ирүүлсэн болно.

Газрын гэрээ, гэрчилгээ, захирамж, кадастрын зураг, 2021 оны 1/192 тоот албан мэдэгдэл, иргэн Л.Эын хариуг хавсаргав.

2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/152 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн дагуу хуралдаж Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гарсан. 2021 оны 10 дугаар сарын 29-ний А/158 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамж болон 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/218 тоотын хамт газар эзэмшигчийн хадам ээжид Тарагт сумын газрын даамлын /.............../ хаягтай цахим шуудангаар 2021 оны 10 сарын 29-ний өдөр 16 цаг 13 минутад /[email protected]/ цахим хаягт хүргүүлсэн болно. Үүний дараа Иргэн С.Бын өргөдөл 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Аймгийн Засаг даргын бичиг хэргийн ажилтнаас 12 дугаар сарын 01-нд ирсний дагуу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2/239 дүгээр тоотоор Хариу хүргүүлэх албан бичиг хүргүүлсэн болно. Хариу бичгийг иргэн С.Бтой утсаар ярьж хүү болох Л.Одод 12 дугаар сарын 03-ны өдөр аймгийн улсын бүртгэлийн газарт сумын ЕБС-ийн эмч М.Таар хүргүүлсэн” гэжээ.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Тарагт сумын 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 63 дугаартай “хамгаалалтын бүс тогтоох тухай” захирамжаар Тарагт сумын нутагт орших гол, нууруудын энгийн хамгаалалтын бүсийг 1000 метр, булаг, шандны энгийн хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоож газар зүйн солбицлыг цэгүүдээр хавсаргав гэсэн захирамж байна. Тэгэхээр уг захирамжаар хамгаалалтын бүс тогтоосон зурвастай гэдэг нь харагдаж байна. Уг олгосон захирамж нь хамгаалалтын бүсэд орсон байна ... анх 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр албан мэдэгдэл өгсөн. Уг албан мэдэгдэлд дурдахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримталсан шалтгаанаа тайлбарлавал: Монгол Улсын Дээд шүүхийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тогтоолд “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тайлбарласан. Уг заалтын зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ. Дээрх тайлбараас харахад тухайн газарт нь элэгдэл, эвдрэл, цөлжилт, бусдын хууль бус үйлдэл зэргээс хамаарсан нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа учраас уг хуулийн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нь “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан “Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Маргаж буй газрыг Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн А/121 дүгээр захирамжаар Ц.Бс нэхэмжлэгч Л.Эод шилжүүлэн ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар 11 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулжээ.

4. Маргаан бүхий Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 20.2.2 дахь хэсгүүд, 33 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсгүүд, Онги-тааз голын сав газрын захиргааны 2021 оны 6 сарын 18-ны өдрийн 36 дугаар албан бичиг, 2020 оны сумын “ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдааны нэгдүгээр тэмдэглэл” зэргийг тус тус үндэслэн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтаар тус сумын 4 дүгээр багт Дайргын голын хойно байрлалтай 4 га газрыг 2019 оноос хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшиж ашиглаагүй тул газар эзэмшигч Л.Эын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, 2 дахь заалтаар газар эзэмших эрх нь хүчингүй болсон тухай иргэн Л.Эод мэдэгдэж, газар эзэмшүүлэх гэрээг цуцлах, газрын мэдээллийн сангийн бүртгэлд өөрчлөлт оруулахыг газрын даамалд даалгаж, 3 дахь заалтаар энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шинээр олгох тухай” А/121 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож шийдвэрлэсэн байна.  

5. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: ...40.1.6 хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасан.

6. Хуулийн уг заалтыг тайлбарласан Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-т “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно. Мөн зүйл, хэсэгт заасан "… зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс уг захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...газар эзэмшигчийн зүгээс эзэмшиж буй газраа хашаажуулах, элэгдэл хорогдлыг багасгах арга хэмжээ авах, холбогдох татварыг төлөх, мэргэжлийн хүнээр усны урсац, газрын хөрс зэрэгтэй холбоотой зөвлөгөө авах, гадаад улс руу явж туршлага судлах, хөрөнгө оруулалт татах, зуны цагт гэр барин байрлаж, туршилтын тариалалт явуулах зэргээр газраа ашиглаж байсан, ...Мөн улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш шилжсэн тул уг нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх нөхцөл байдал гэж тооцох боломжтой...” гэж маргасан.

8. Шүүхээс хийсэн үзлэгээр маргаан бүхий газарт ямар нэгэн барилга, байгууламж бариагүй байх бөгөөд төмөр хашаа татсан, гэрийн буурь байсан нь тогтоогдсон. Ийнхүү хашаа татсан, зуны улиралд гэр барьж буудаг байсан зэргийг газраа зориулалтын дагуу буюу ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор зориулалтаар ашигласан гэж үзэхээргүй байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгчийн гадаадад байсан гэх шалтгаан нь өөрийнх нь хүсэл зоригоос хамаарах тул газраа зориулалтын дагуу ашиглахгүй байх хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй, мөн Ковид-19 цар тахалын үеэр иргэдийн аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрэн зогсоож хязгаарлаагүй тул нэхэмжлэгчийн энэ тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

10. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно”,

11. Усны тухай хуулийн 3.1.4-т “"усны сан бүхий газар" гэж нуур, цөөрөм, тойром, гол мөрөн, горхи, булаг, шанд, усан сан, рашаан, намаг, мөстөл, мөсөн голын эзэлж байгаа талбай, тэдгээрийн хамгаалалтын бүсийн газрыг;”, 3.1.34-т “"гол мөрний татам" гэж голын голдирлын эргээс эхний дэнж хүртэлх нугын зурвас бүсийг.”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Усны нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, үер, усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газар, усны эх үүсвэрт онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүс тогтооно”, 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно.” гэж тус тус хуульчилжээ.

12. Нэхэмжлэгчийн эзэмшиж байсан 4 га газар нь бүхэлдээ Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа болох нь хэрэгт авагдсан Онги-таац голын сав газрын захиргааны 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 18, Өвөрхангай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаар албан бичгүүд, түүний хавсралт сансрын зураг, шүүхээс хийсэн үзлэгийн зураг зэргээр тогтоогдож байна.

13. Хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэгч Л.Эод газрыг шилжүүлэн эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Усны сан бүхий газрын онцгой хамгаалалтын бүс болон ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах, эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчин эзэмшүүлсэн хэдий ч хуульд нийцээгүй өмнөх шийдвэрээ өөрөө хүчингүй болгон алдаагаа зассан шийдвэрийг шүүх хууль бус гэж хүчингүй болгох үндэслэлгүй, түүнчлэн нэгэнт Дайргын голын онцгой хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглах боломжгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байна. 

14. Хариуцагч сумын Засаг дарга нь маргаан бүхий 2021 оны А/158 дугаар захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаас гадна Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, Онги-таац голын сав газрын захиргааны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн  36 тоот албан бичгийг үндэслэсэн байх тул уг захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасанд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчөөс “хариуцагч нь гол мөрний татамд хамаарсан үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон гэдэг үндэслэлийг маргаан бүхий актад гэж зааж өгөөгүй” гэх тайлбар үндэслэлгүй байна.  

15. Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж үзэхэд хариуцагч Тарагт сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Л.Эын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуулиар тогтоосон үндэслэл бүрдсэн гэж үзэж өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь хуульд нийцсэн, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6, 40 дүгээр зүйлийн 40.1.6, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан Л.Эын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Бын Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргад холбогдуулан гаргасан Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/158 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ө.БОЛОРЧИМЭГ