Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0748

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0748

Улаанбаатар хот

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Одмаа

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э нар;

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: “М хос” ХХК, “УБ” СӨХ, “Б” СӨХ, “СБ-21” СӨХ, Г.Н нарын нэр бүхий 8 иргэн;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 609 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А, Г.Ч,

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б,

Гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Гнар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2020/0809/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч “М” ХХК-иас Нийслэлийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга нарт холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/11ХХ  дүгээр, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болглуулах”-аар маргаж, гуравдагч этгээд “М хос” ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/11ХХ  дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор тус тус маргасан байна.
  2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 609 дүгээр шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.13 дахь заалтыг удирдлага болгон Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9, 4 дүгээр зүйлийн 4.1.7, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 4.2.8, 24 дүгээр зүйлийн 24.1, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7, 48 дугаар зүйлийн 48.3, 49 дүгээр зүйлийн 49.3.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, гуравдагч этгээдийн бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 15 дугаар талын 2.8-д Нэхэмжлэгчийн Түр хашааны ажлын даалгавар-ын дагуу барьсан түр хашааг буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х  дүгээр Захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэл тогтоогдохгүй байна гээд 2.9-д Учир нь Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Х/СБД2020-04Х дугаар "Түр хашааны ажлын даалгавар"-ыг нэхэмжлэгчид олгосон боловч дээрх даалгаварт барилгын түр хашаа барих ажлын эхлэх дуусах хугацааг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаагаар тогтоосон байх бөгөөд уг хугацаа дууссан байна гэжээ. Мөн 2.10-т Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчийн нийтийн эдэлбэрийн гудамж талбайд барьсан барилгын түр хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/24Х  дүгээр захирамж нь хэдийн хэрэгжээд дууссан, нэг удаагийн зохион байгуулалтын шинжтэй бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх бөгөөд дээрх Засаг даргын А/24Х  дүгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчид сэргэх ашиг сонирхол байхгүй байна гэжээ.

    1. Нэхэмжлэгчийн хувьд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х  дүгээр Захирамжийг хүчингүй болгосон нөхцөлд өөрт учирсан хохирол буюу төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаанаас улбаатайгаар өөрт учирсан хохирлыг шаардах эрх зүйн маргаан хийж, уг эрх зүйн маргаанд хохирлын үнэлгээг гаргуулах асуудлыг хэрэгжүүлнэ.

Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 609 тоот Шийдвэрээр шийдвэрлэсэн хэрэг нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х  дүгээр Захирамжийн эрх зүйн үндэслэл нь үндэслэлтэй эсэх, хууль зөрчсөн эсэх асуудалд эрх зүйн дүгнэлт өгөх маргаан.

Гэтэл шүүгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х  дүгээр Захирамж гарсан эрх зүйн үндэслэл, үйл явдалд огт эрх зүйн дүгнэлт өгөхгүйгээр, зөвхөн хохирол учирсан эсэх, сэргэх эрх байгаа эсэх асуудалд ганцхан дүгнэлт хийж, улмаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Хэрэв үнэхээр шүүгчийн зүгээс хохирол учирсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн бол уг асуудлаар нэмэлт нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх асуудлыг хэрэгжүүлэх байсан. Гэвч хэргийн оролцогч нар уг асуудлаар огт маргаагүй бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х  дүгээр Захирамжаас шалтгаалан барилга баригдаагүй, түүнээс улбаатайгаар Нийслэлийн Засаг даргын зүгээс өмнө гаргасан захирамжаа хүчингүй болгож, улмаар газрын эрх цуцлагдсан гэдэгтэй хэн ч маргаагүй.

Үүнээс харахад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х  дүгээр Захирамжаас шалтгаалан нэхэмжлэгч байгууллагад хохирол учраагүй, нотлогдоогүй гэж дүгнэх ямар ч боломжгүй бөгөөд угаасаа уг асуудлаар хэн ч огт маргаагүй учир хохиролтой холбоотой баримт хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй болно. Гэтэл талуудын маргаагүй асуудлын хүрээнд шүүгчийн зүгээс дүгнэлт өгч, хохирлын асуудлыг шийдвэрлэж, хохирол учраагүй мэтээр дүгнэлт өгч, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч байгууллагын газрын эрхийг цуцалсан Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгохоор талууд маргаж байгаа бөгөөд уг асуудлыг хуульд заасны дагуу эцэслэн шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр хуульд заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байхад нэгэнт газрын эрх байхгүй учир нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй мэтээр дүгнэлт өгч байгаа нь шүүгчийн зүгээс хэргийг хэрхэн шийдвэрлэгдэхийг урьдаас урьдчилан мэдэж байгаа мэтээр дүгнэж байгаад гомдолтой байна.

Хэрэв Нийслэлийн Засаг даргын захирамж хүчингүй болсон нөхцөлд нэхэмжлэгч байгууллагын зүгээс хуулийн дагуу авсан түр хашаа барих эрх, уг эрхээ хэрэгжүүлж чадаагүй асуудал нь нэхэмжлэгч байгууллагын зөрчигдөж буй эрх байхад уг асуудлаар огт дүгнэлт өгөхгүйгээр харгийг шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

    1. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт Дээрхийг нэгтгэн дүгнэвэл нийтийн эдэлбэрийн газар гэж хэн нэгэн хил заагийг тогтоож хашаалах, барилга барих боломжгүй буюу нийтээр чөлөөтэй ашиглах зориулалттай хот суурин газрын зам гудамж, талбайг ойлгохоор байна. Иймээс хуулийн нэр томьёоны тайлбар дахь эрх бүхий этгээдээс тогтоогдсон гэх тодорхойлолтоор газрын нэгдмэл сангийн ангиллын талаарх хот тосгон, суурины нийтийн эдэлбэрийн газарт тухайн хот, тосгон, суурины гудамж, талбай, зам хамаарна гэсэн ойлголтыг хязгаарлах учиргүй гэж үзлээ" гэжээ.

Гэтэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "Нийтийн эдэлбэр газар гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно гэж заажээ. Харин уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т "Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах нөөц талбай зэрэг хамаарна" гэж заасан.

Хуулийн уг зохицуулалтаас харахад нийтийн эдэлбэр газрыг зохих журмын дагуу ашиглахаар тогтоосон газрыг ойлгоно. Харин уг тогтоосон газарт Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан зориулалт бүхий газрыг ойлгохоор зохицуулсан байна.

Харин дуртай газраа энэ бол амралт, биеийн тамирын зориулалттай, хогийн цэгний зориулалттай гэж тайлбарлаж, улмаар түүнийг нийтийн эдэлбэр газар гэж үзэхгүй гэдгийг хуулиар тухайлан зохицуулж өгсөн байна. Тийм ч учраас Нийслэлийн зүгээс 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га, 2021 онд 38 байршлын 20.67 га, 2022 онд 25 байршлын 16.93 га газар буюу нийт 133 байршлын 225.26 га газрыг нийтийн эдэлбэрт бүртгээд байгаа болно.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зүгээс хуулийн уг зохицуулалтыг буруу тайлбарлаж, улмаар Нийслэлийн зүгээс тогтоосон газраас гадна Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасан зориулалт бүхий бүх газрыг нийтийн эдэлбэр газарт хамаарах мэтээр хэт явцуу тайлбар хийсэнд гомдолтой байна.

Түүнчлэн, уг асуудлыг 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв талбай бүхий газрын асуудалд нэг өөрөөр тайлбарлаж, уг газарт нийтийн эдэлбэр байхгүй мэт агуулгыг гаргасан атлаа яг адилхан нөхцөл бүхий 65, 66 дугаар байрны хооронд орших 192 м.кв талбай бүхий газарт эрх зүйн дүгнэлт өгөхдөө нийтийн эдэлбэр газартай давхацсан мэтээр дүгнэсэн нь буруу байна.

    1. Мөн Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт "Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, "Ус сувгийн удирдах газар" ОНӨААТҮГ-ын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 7/2337 дугаар албан бичигт “... 18642310487676 дугаартай газар төвлөрсөн ус хангамжийн дамжуулах, түгээх тэнхлэгийн шугамаас 5 метрийн зайтай байршиж байна, ... М ХХК-ийн нэг талбарын 18642310487676 дугаартай газрын төвлөрсөн шугам сүлжээнээс баруун талаар 1 дэх цэгээс 6,71 метр, 2 дах цэгээс 9,43 метрийн зайтай, зүүн талаар 3 дахь цэгээс 6,96 метр, 4 дэх цэгээс 6,75 метрийн зайтай байршиж байгаа... гэж, мөн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 08/1170 дугаар албан бичигт ... Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ус дулаан дамжуулах 73 дугаар төвийн харьяа 65 дугаар байрны хойд талын авто зам доогуур 218,6 байрны гадна ариутгах татуургын диаметр 100 мм-ийн шугам суурилагдсан байдаг, тус 218,6 байр нь 2002 онд ашиглалтад орсон. Тухайн байрны ариутгах татуургын гадна шугам нь нийслэлийн өмчид 2002 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэгдсэн" гэжээ. Мөн "2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд талбарын 1460300121 /хуучнаар 18642310562689/ дугаартай газар нь төвлөрсөн бохирын нэгж 8А-60 худгаас 8А-60а-2 худаг хүртэлх шугамтай давхацсан, нэгж талбарын 1460300023 /хуучнаар 18642310487676/ дугаартай газар нь дулаан, цэвэр, бохир усны шугамтай давхцаагүй" гэжээ. Мөн "түүнчлэн, шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт дулааны шугам, сүлжээ байгаа болох нь "хэрэглэгчид үйлчлэх төв-8" -ийн ажилтан Б.Өсөхбаярын тайлбар, мэдүүлгээр тогтоогдсон үйл баримт хэрэгт авагдсан байна" гэжээ.

Гэтэл хэрэгт авагдсан баримт болох шинжээч Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч А.Д-ын 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн "Шинжээчийн дүгнэлт"-д "Нэгж талбарын 1460300023 /хуучнаар 18642310487676/ дугаартай газар" нь дулаан, цэвэр, бохир усны шугам болон түүний хамгаалалтын бүстэй давхцалгүй" гэж дүгнэсэн. Түүнчлэн, шинжээчийн хувьд уг хэрэгт хууль сануулж, түүнд гарын үсэг зурсны үндсэн дээр дүгнэлт гаргасан. Мөн хэрэгт талуудын гаргасан хүсэлтийн дагуу ирж гаргасан дүгнэлтийн хүрээнд мэдүүлэг өгсөн байдаг.

Харин шүүгчийн хэрэг шийдвэрлэхдээ баримт болгож буй "Үзлэгийн баримт" нь өөр асуудал олон бий. Тухайлбал, шүүгчийн зүгээс үзлэг хийхдээ тухайн худаг нь хаанаас эхэлж, ямар маршрутаар явж, хаана дуусаж байгаа талаар ямар ч үзлэг хийгээгүй. Өөрөөр хэлбэл зөвхөн худагны таг байгааг зургаар баримтжуулаад, улмаар уг худагтай давхцаж байна гэх маш ойлгомжгүй дүгнэлт хийсэн байдаг. Гэтэл уг худаг нь ажиллаж байгаа эсэх, ажиллаж байгаа бол яагаад мэдээллийн санд бүртгэгдээгүй, эсхүл уг худаг нь хаашаа явж байгаа талаарх асуудлаар нэг мөр тодруулж, түүний зургийг гаргаж байж эрх зүйн дүгнэлт өгөх ёстой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс уг худаг нь байрнууд руу яваагүй бөгөөд эсрэг чиглэлд явж байгаа учир давхцал үүсгээгүй, тиймээс ч системд давхацсан бүртгэл байгаагүй, тэр талаарх шинжээч дүгнэлт өгсөн бөгөөд автомашины замын голоор шугам хийдэггүй гэж ахлах инженер нь маш тодорхой хэлж байсан. Тиймээс эрх зүйн баримт материалын хувьд илт зөрүүтэй баримтуудаас шинжээчийн дүгнэлтийг илүү баримтлах ёстой гэж маргасан. Гэтэл шүүгч чухам юуг үндэслэж хэрэгт цугларсан зөрүүтэй уг баримтуудаас үзлэгийн баримтыг илүүд үзэж, түүнийг үндэслэн дэд бүтэцтэй давхцаж байна гэж дүгнэлт өгөөд байгааг нэхэмжлэгчийн хувьд ойлгохгүй байна.

Тиймээс ч нэхэмжлэгчийн хувьд дахин шинжээч томилуулж, уг зөрүүтэй баримтыг мухарлах шаардлагатай гэж үзсэн. Уг асуудлаар шүүгчийн зүгээс шинжээч томилсон боловч тухайн томилогдсон шинжээч нь дүгнэлт гаргах боломжгүй гэдгээ мэдэгдэж, улмаар өөр ямар хүнийг шинжээчээр томилж болох тухайгаа тайлбарлаж шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс уг бичгээр өгсөн баримтын хүрээнд дахин өөр этгээдийг шинжээчээр томилж, уг асуудлыг заавал мухарлах шаардлагатай гэж тайлбарласан байхад шүүгчийн зүгээс уг хүсэлтүүдийг хүлээж авахгүйгээр өөрөө үзлэг хийснийг мухарласан мэтээр тайлбарлаж, тэр хүрээнд дүгнэлт өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг Даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/11ХХ  дугаартай Захирамжид дурдсан эрх зүйн үндэслэл болох "Дэд бүтэц болон түүний хамгаалалтын бүстэй давхацсан" гэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй болно.

    1. Энэ талаараа хариуцагчийн зүгээс ч тодорхой хариу тайлбар гаргадаггүй бөгөөд тухайн Захирамжийг гаргах үедээ нотлоогүй, харин шүүхэд нотлох зорилготой байсан гэдэг нь илэрхий харагддаг. Өөрөөр хэлбэл, аз нь таараад дэд бүтэцтэй давхацсан байж магад гаж л Захирамж гаргасан гэдэг нь илэрхий харагдаж байна.

Гэтэл шүүгчийн зүгээс уг асуудлыг хэт нэг талыг харсан, нэг талын эрх ашгийн үүднээс хэргийг шийдвэрлэж, хэрэгт авагдсан үнэн бодит баримтуудад огт дүгнэлт өгөхгүйгээр, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Мөн нэхэмжлэгчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т "Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно" гэх зохицуулалтын хүрээнд маргасан. Гэтэл шүүгчийн зүгээс 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв талбай бүхий газрын хүрээнд уг зохицуулалтыг хэрэглэж, хариуцагчийг буруутгасан атлаа яг нэг цаг хугацаанд, ижил захирамжийн дагуу олгосон нөгөө талаар болох 65, 66 дугаар байрны 192 м.кв талбай бүхий газарт уг хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүй, хариуцагч зөрчөөгүй гэх логикгүй дүгнэлт хийсэн нь буруу байна.

Иймд, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0609 дугаар бүхий шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-Э шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
    1. М ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 0609 дүгээр шүүхийн шийдвэрт гомдол гаргаж байна. "М" ХХК-д нийслэлийн Засаг даргын 2003 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 395 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 04 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар, 5 жилийн хугацаагаар 372 м кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 351 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан. М ХХК-д эзэмшүүлсэн тус газар нь инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон нийтийн эдэлбэрийн зориулалтаар ашиглаж байгаа газартай давхацсан тул 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/11ХХ  дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.
    2. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр 29-ний өдрийн А/11ХХ  дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 61.1, 12.2, Захиргааны ерөнхий хуулийн 48.2.2-д заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр хүчингүй болгосон.

Нийслэлийн Засаг даргын 1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн А/62 дугаар захирамж гарснаас хойш 2002 онд Газрын тухай хууль, 2016 онд Захиргааны ерөнхий хууль, Барилгын тухай хууль, 2015 онд Галын аюулгүй байдлын тухай хууль, Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм зэрэг эрх зүйн актууд батлагдан гарсан байдаг. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 17.2.3-т барилга шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны зуух шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын хийлгэсэн зураг төслийг баримтлах;

Барилгын тухай хуулийн 14.1.4-т зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх гэж заасныг тус тус зөрчиж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхэд эрсдэл учруулан, инженерийн иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхэд эрсдэл учруулан, инженерийн шугам сүлжээний хамгаалалтын бүс болон иргэдийн орц, гарц, явган хүний замын зорчих хэсэг дээр олгогдсон байдал, мөн галын машин саадгүй нэвтрэх, маневарлах боломжийг хязгаарлаж онцгой байдлын үед иргэдийн амь насанд эрсдэл учруулж байгаа.

    1. Мөн “С” СӨХ болон УБ СӨХ зэргээс оршин суугчдын гомдол, эсэргүүцэл гаргах болсон байдаг. Газрын тухай хуулийн 61.1-т Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.гэж заасны дагуу хүчингүй болгох үндэслэл бүрдсэн байдаг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 609 дүгээр шийдвэрээр М" ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/11ХХ  дүгээр захирамжийн холбогдох хэсэг болох орон сууцны 47, 48 дугаар байрны хооронд байрших 180 м.кв газарт хамаарах /барилгажсан газар/ хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож олно уу” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэг: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны А/24Х  дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар:

    1. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2020 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн А/24Х  дүгээр захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх боловч уг захирамжаар зохицуулсан үйл ажиллагаатай холбоотой харилцаа нь нэгэнт бүрэн хэрэгжээд дууссан, нэг удаагийн шинж чанартай, түүнчлэн дээрх захирамжид дурьдсан “М” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Х дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 375 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/11ХХ  дүгээр захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, Монгол Улсын Ерөнхий Сайдын 2020 оны 92 дугаар захирамжийг үндэслэн хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
    2. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн маргаж буй Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2020 оны “Газар албадан чөлөөлөх тухай” А/24Х  дүгээр захирамжийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн тус газар дээр түр хашаа барих эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үндэслэл тогтоогдохгүй /хашаа барих үндэслэл болж байсан газар эзэмших эрх нь хүчингүй болсон/ байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хоёр. Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/11ХХ  дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн А/11ХХ  дүгээр захирамжаар “МХХК-ийн Сүхбаатар дүүргийн Х дүгээр хорооны нутаг дэвсгэрт 375 м.кв газрын эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо тухайн 375 м.кв газар нь нэг үргэлжилсэн газар биш 180 м.кв, 192 м.кв хэмжээтэй хоёр тусдаа кадастрын зураг, нэгж талбарын дугаартай эрх зүйн байдал нь өөр болох талаар үндэслэлтэй дүгнэлт хийхгүйгээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

2.2. Тухайлбал “МХХК-ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй нэгж талбарын 186423105626ХХ дугаартай 180 м.кв талбай бүхий газарт орон сууц, үйлчилгээний зориулалттай 47/1 тоот хаягтай, 1224 м.кв талбай барилга эрхийн улсын бүртгэлд Ү-22030146ХХ дугаарт бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн гэрчилгээ 2010 оны 02 дугаар сарын 08-ны өдөр авч, нэхэмжлэгчийн өмчлөлд бүртгэгджээ. /4-р хх-ийн 124 тал/

2.3. Ингэснээр нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй 180 м.кв талбайд баригдсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй барилга нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна.”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Өөр эрхтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжиж үл чадах эрхийг салгаж үл болох эрх гэнэ.”, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “газар дээрх үл хөдлөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх.” гэж зааснаар тухайн газраас салгаж үл болох эд хөрөнгө болсон байна.

2.4. Иймд тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч “МХХК-ийн хувьд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх тул Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим үйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

2.5. “М” ХХК-ийн эзэмшлийн нэгж талбарын /хуучнаар 18642310487676/ 1460300123 дугаартай 192 м.кв талбай бүхий барилгажаагүй газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ...уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.гэж заасан хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан шийдвэр байна.

2.6. Мөн нэхэмжлэгч хуулийн этгээдэд 192 м.кв газрыг эзэмших эрх Газрын тухай хуульд заасны дагуу үүссэн байх боловч Сүхбаатар дүүргийн Х дүгээр хорооны Засаг дарга, тус хорооны иргэд, оршин суугчид, Сууц өмчлөгчдийн холбооноос “...нэвтрэх гарцууд дээр ...барилга баривал ...иргэд оршин суугчдын гэр оронлугаа нэвтрэх, орох гарах гарц нийтийн эзэмшлийн зам талбай, автомашины болон явган хүний замууд ...хаагдах ноцтой нөхцөл байдал үүссэн” гэх гомдлыг хашаа барих үйл ажиллагаа эхлүүлснээс хойш тасралтгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгч болон төрийн захиргааны холбогдох байгууллагуудад гаргаж байжээ.

2.7. Энэхүү үүссэн нөхцөл байдлуудтай холбогдуулан “...бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөнгэх үндэслэлээр гаргасан Нийслэлийн Засаг даргын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэж, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн ...48.2.2...-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно” гэж заасантай нийцсэн байна.

3. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2025/0609 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                              О.ОЮУНГЭРЭЛ           

ШҮҮГЧ                                                               Ц.ОДМАА

ШҮҮГЧ                                                               Т.ЭНХМАА