Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 15

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0021/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
            Нарийн бичгийн дарга: А.Цэрэндулам
            Улсын яллагч: Ц.Цэен-Ойдов        
         Шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Цогзолмаа
         Шүүгдэгч: Б.Мөнхтулга нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мөнхтулгад холбогдох 201623000221 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Батноров суманд 1991 оны 07 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхлэсэн тодорхой ажилгүй, ам бүл 8,  Хэнтий аймгийн Бэрх тосгоны ОСГ-ны 1 дүгээр хороо хуучин тосгонд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр  Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 261-р зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 06 жил 01 сарын хорих ялаар шийтггдэж байсан Буурал овогт Баярсайханы Мөнхтулга /РД: СА91070511/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: 
Шүүгдэгч Б.Мөнхтулга нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 1-р баг хийдийн 0-0 тоотод иргэн Г.Гансүхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн хар өнгийн телевизор, мөнгөн гинж, 2 ширхэг өмд зэргийн хулгайлж 1.232.500 төгрөгийн хохирол, 2016 оны 07 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 3-р баг Баянмөнхийн 3-13 тоотод иргэн С.Батбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн чимэгтэй эмээл, мөнгөн хазаарыг хулгайлж 20.867.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 


   
   ТОДОРХОЙЛОХ НЬ: 
Шүүгдэгч Б.Мөнхтулга нь 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 1-р баг хийдийн 0-0 тоотод иргэн Г.Гансүхийн гэрт хууль бусаар нэвтрэн орж 40 инчийн хар өнгийн телевизор, мөнгөн гинж, 2 ширхэг өмд зэргийн хулгайлж 1.232.500 төгрөгийн хохирол, 2016 оны 07 сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сум 3-р баг Баянмөнхийн 3-13 тоотод иргэн С.Батбаатарын гэрт хууль бусаар нэвтрэн орж мөнгөн чимэгтэй эмээл, мөнгөн хазаарыг хулгайлж 20.867.500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:  

        Хохирогч Г.Гансүхийн... 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 10 цагийн үед унтаж байгаад босоод гэр орноо цэвэрлээд гар утсаа цэнэглэх гэсэн чин тог тасарcан байхаар нь дүү болох Лхагварагчаагийн гэрт нь очоод утсаа жоохон цэнэглэж байгаад эргэж гэртээ хариад утсаа цэнэглэж байгаад 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад хурх захаас такси бариад Хэрлэн сумын 3-р багт байрдах Мандах дэлгүүр дээрээ байж байгаад орой 20 цаг өнгөрөөгөөд гэртээ ирсэн. Тэгээд гэрээ онгойлгоод орход том өрөөний хаалга маань онгорхой байсан. Би өглөө гарахдаа тэр хаалгыг усны сав түшүүлж хаасан юм. Тэгээд нэг л биш санагдаад жижиг өрөөрүүгээ ороод хархад манай цагаан өнгийн суурин дээр байсан Самсунг маркийн 40 инчийн хар өнгийн телевизор маань байхгүй байсан. /хх 46 тал/
Хохирогч С.Батбаатарын...2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр манай аймгийн гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан гэдгийг манай хадам ээж маань манай эхнэр Энхсайхан руу хэлсэн байсан... Манай гэрээс тожил дарханы хийцтэй 50 лангийн 4 даруулга, 4 сөвөгч, 2 баавар, бааврын хойдох нугастай мөнгө, мөнгөн хяртай угалз хул шар өнгийн гөлөмтэй эмээл, Сүхбаатар аймгийн хийцийн цэцэгтэй магнайвчтай мөнгөн хазаар, хулсан ташуур алдагдсан байсан. /хх 48 тал/
Гэрч Пүрэвээгийн... 2016 оны 07 дугаар сарын 19-ны өдөр 14 цаг өнгөрч байхад манай нөхөр надруу залгаад Түвшин гэх залуу ярьсан. Тэгээд Самсунг маркийн 40 инчийн LCD зурагт байн 160000 төгрөгөөр авах гэж хэлсэн. Тэгээд нөхрийн хамт Золжигүүр дэлгүүрийн урд байрлах цагаан худгийн хажуу талын айлд ороход Түвшин гэх залуу энэ зурагт байн гэхээр шалгаж үзэе гэхэд антен байхгүй гээд ямарч асуудалгүй гэсэн, тэгэхэд би эхнэртэйгээ муудаад өөрийнхөө өмчийг авч байгаа юм түмэн адууны баярт явах гэсэн юм гэж зурагтний эзэн гэх залуу хэлсэн. Тэгтэл Түвшин манай дүү иймээ тиймээ юм байхгүй асуудал гарвал би хариуцан гэсэн. Тэгээд гэртээ авчраад шалгаад авсан.  /хх 49-50 тал/
Гэрч Т.Хөхөөгийн... Манай хүү Г.Гансүхийнд Самсунг маркийн 40 инчийн зурагт байдаг. Манай хүү саяхан лизингээр авсан. Одоо ч хүртэл лизингээ төлж дуусаагүй байгаа ...гэх мэдүүлэг /хх 51 тал/
Гэрч Л.Урансайханы...2016 оны 07 дугаар сарын 25-ны орой манай дүү Мөнхбат над руу залгаад манай хүргэн Батбаатарын гэрт хулгай орсон талаар хэлээд гэрт нь ирсэн чин охин Энхсайханыг тусдан гархад нь нөхөр бид 2 бэлдэж өгсөн Батноров хийцийн 50 лангын их гарын эмээл, мөнгөн хазаар алдсан байсан...гэх мэдүүлэг /хх 52-53 тал/
Гэрч Л.Мөнхбатын...Манай төрсөн эгч Урансайхан нөхрийн хамт Улаанбаатар хот явлаа манай гэрийг харж байгаараа гээд гэрийн түлхүүрээ өгсөн. Тэгээд 2016 оны 07 сарын 25-ны орой эгчийн гэрт байж байгаад өөрийн гэрлүүгээ цай хоолоо идээд ирсэн чинь байшингын цонх онгорхой байсан. Тэгээд хаалгаа онгойлгоод том өрөөнд орсон чин  сандал дээр ташуур байхаар нь эгчрүү залгасан. Тэгээд эгч нөхөртөйгээ ирээд манай дүүгийн унтдаг өрөөнд байсан эмээл хазаар алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх 30 тал/
Яллагдагч Б.Мөнхтулгын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 62-63 тал, 112-114 тал/
Эд зүйлс хураан авсан тэмдэглэл болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх                 39-44 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Мөнхтулгын давтан үйлдээр бусдын орон байранд нэвтэрч эд зүйлийг нь хулгайлсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг байна.
Энэ хэргийн улмаас хохирогч Г.Гансүх, С.Батбаатар нарт нийт 22.100.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд хохирогч нар нь алдсан эд зүйлүүдээ бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь энэ хэргийг шууд санаатай үйлдсэн ба түүний ялтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг нь харгалзан ял шийтгэл оногдуулж, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хувьд ногдох эд хөрөнгийнх нь байдал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр ял оногдуулж, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг нь харгалзан оногдвол зохих хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Буурал овогт Баярсайханы Мөнхтулгыг давтан үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг нь хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил 01 сарын хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгад оногдуулсан 02 жил 01 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхтулгын цагдан хоригдсон 10 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 
   5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
   6. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Мөнхтөмөрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          
 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Д.ГАНЗОРИГ