Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1079

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

хохирогч Т.Г-,

шүүгдэгч С.У-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.У-холбогдох 2308018771259 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 сарын 30-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2003 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “********” ХХК-д тогооч ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 04 дүгээр хороо, **** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

Боржигон овогт С-ийн У (регистрийн дугаар:уп0329****).

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч С.У-нь 2023 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” нийтийн караокед тухайн үед болсон таарамжгүй харьцааны улмаас болж хохирогч Т.Г-маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь нүүр хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

3. Шүүх хуралдаанд шүүгдэгч С.У-нь гэм буруутай үйлдэл, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй оролцсон.

4. Шүүгдэгч С.У-нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Т.Г-үл ялих зүйлийн улмаас маргалдан түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

4.1. Хохирогч Т.Г-“...Би 2023 оны 5 дугаар сарын 27-ны шөнийн 03 цаг орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах Мустанг нийтийн караоке нөхөр Г.Д, төрсөн дүүгийн эхнэр М-хамт орсон. Ороод бид гурав 1 шил 0.5 л Хараа архи, 3 лааз 0.5 л Сэнгүр пиво авсан. Би тэдгээрээс 1 лааз пиво-г уусан. Ороод 1 цаг орчим болж байхад 2 эрэгтэй 2 эмэгтэй нийт 4 хүн орж ирж бид нарын сууж байсан ширээний эсрэг талын ширээн дээр суусан. Тэгээд бид 3 юм яриад сууж байхад тэр 4-ийн өндөр бор царайтай эрэгтэй нь бид нарын сууж байсан ширээний хажууд ирж бид нар руу хараад дуулаад байсан түүний дараагаар манай нөхөр босож дуулсан тэгтэл цагаан өмдтэй хар цамцтай хар гуталтай намхан эмэгтэй нь манай нөхрийг дуулж байхад тэр эмэгтэй манай нөхөртэй тэврэлдэн бүжиглэж байсан. Тэр үед нь би нээх юм бодоогүй байж байтал тэр 2 эмэгтэй нь бид нарын сууж байсан ширээ рүү хараад инээлдээд хоорондоо юм яриад байсан. Тэгэхээр нь би тэр 4 хүн рүү дөхөж зогсоод тэр 2 залууд хандан наад 2 эмэгтэйгээ аятайхан байлгаарай зүгээр сууцгаагаарай гэж хэлээд буцаж ширээн дээрээ ирсэн. Тэгээд сууж байтал гэнэт тэр 2 эмэгтэй нь гичий, янхан ална гэх мэтээр доромжлон орилж ирэхээр нь босож ирээд чи одоо юу гээд байгаа юм гэж хэлэхэд арай өндөр эмэгтэй нь ирээд үсдэж хойш түлхсэн тэгэхээр нь би өөдөөс нь чи одоо яагаад байгаад байгаа юм гээд хэлэхэд нөгөө эмэгтэй шууд үснээс зулгаагаад газар унагааж толгой дээрээс дарж нүүр хэсэг рүү удаа дараа өшиглөж зодсон мөн арай намхан эмэгтэй нь цаанаас хүрч ирээд намайг газар унасан байхад миний хөл, гар болон нүүр лүү өшиглөсөн би арай хийж дээшээ босоход тэр 2 эмэгтэйтэй хамт явж байсан арай туранхай бор залуу нь миний зүүн гарыг ард мушгиад нөгөө 2 эмэгтэйгээрээ зодуулаад байсан тэгээд тэд нар зугтах гээд хувцсаа өмсөөд караокены хаалгаар гарахаар нь би араас гүйж очоод та нарыг явуулахгүй, та нар хүнийг ийм болтол нь зодчихоод яасан гэж явдаг юм гээд арай махлагдуу шар залуугийнх нь хувцаснаас бариад доош суугаад зуурсан гэтэл камергүй хэсэг буюу үүдний коридор хэсэгт нөгөө эрэгтэй нь буюу арай туранхай бор залуу нь наад хувцаснаас нь тавь гээд миний нүүр лүү өшиглөсөн, би нүүрээ хамгаалаад доош тонгойход хэн нь мэдэгдэхгүй нэг нь миний нуруу руу хөлөөрөө тийрээд байсан, бас арай өндөр хүүхэн нь наадхынхаа гарыг хугалаад тавиул, гарыг чинь хугална шүү гээд миний зүүн гарын ядам хурууг хойш дарж гэмтээсэн, тэгээд манай нөхөр гарч ирээд та нар одоо боль гээд нөхөртөө хүргээгүй удалгүй караокены ажилтан хаалгыг дотроос нь түгжсэн, тэгээд манай эмэгтэй дүү М- цагдаад дуудлага өгсөн. ... Арай өндөр эмэгтэй нь намайг хамгийн их зодсон, миний үснээс зулгааж нүүр лүү өшиглөж, газар унасан байх үед толгой, нүүр лүү өвдөглөсөн, баруун хацар болон хүзүүг хумсаараа маажсан, мөн зүүн гарын ядам хурууг арагш дарж гэмтээсэн, бас шил хагалаад чамайг алаад шоронд явсан ч чадна шүү гэж орилоод дайраад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-16 хуудас),

 

4.2. Гэрч П.М-“... Эхнэр С.Г-бид 2, 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр оройны 10 цагт тоглолт үзэхээр улсын их дэлгүүр явсан. Тэндээ очоод У-, Т.М-гэх 2 хүнтэй танилцаад бид 4 тэндээс 2023 оны 5 сарын 27-ны шөнийн 03 цаг орчимд гараад Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах Мустанг нийтийн караокед 2023 оны 5 дугаар сарын 27-ны үүрээр 04 цагт орсон. Ортол хажуугийн ширээнд 2 эмэгтэй 1 эрэгтэй хүн сууцгааж байсан. Тэр гурвын эрэгтэй нь манай эхнэр С.Г-бүжигт урьсан. Тэгээд бүжиглэж дуусаад байж байтал арай өндөр бор царайтай эмэгтэй нь босож ирээд манай эхнэрийн чихэнд нэг юм хэлж байсан. Тэгээд манай 2 эмэгтэй "Та одоо юу гээд байгаа юм" гэж хэлтэл маргалдаж эхэлсэн. У- гэх эмэгтэй нь тэр эмэгтэйг түрүүлж алгадсан тэгээд зодоон болоод тэр арай өндөр бор царайтай эмэгтэй манай эхнэрийн үснээс нь зулгаагаад доош дарж унагаагаад байхаар нь би очиж салгаад эхнэрээ гаръя гэж хэлээд явтал хаалга түгжээтэй байсан. Тэгээд коридор хэсэгт бид 4 байж байхад тэр арай өндөр бор царайтай эмэгтэй нь араас ирээд "Та нарыг явуулахгүй" гэж хэлээд манай эхнэр С.Г-үснээс зулгаагаад авахаар нь би тэр хоёрыг салгасан. Тэгээд цаанаас нэг өндөр туранхай залуу ирээд бид хэдийг 2 тийш нь салгасан. Тэгээд Цагдаа нар ирсэн...Нөхрөө манай эхнэр С.Г-тэй хардаж маргаан үүссэн гэж бодож байна. Намайг тэр эмэгтэй миний гар хөлөөс маажсан бас өмд, подволк гадуур хувцсыг минь урсан өөр цохиж зодсон зүйл байхгүй...би тэр эмэгтэйг зодож цохисон зүйл байхгүй. Хоорондоо зодолдоод байхаар нь л дундуур нь орж салгасан..., Манай эхнэр бид 2 суугаад 5 жил болж байсан дундаасаа нэг хүүхэдтэй гэтэл тэр эмэгтэй, манай эхнэрийг үеийнхээ хүмүүстэй яв янхан гэх зэргээр доромжилсны улмаас тухайн асуудал болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19, 30-31 хуудас),

 

4.3. Гэрч С.Г-“...Би 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улсын их дэлгүүрийн 7 дугаар давхарт нөхөр Т.Х-ийн хамт тоглолт үзсэн тэр тоглолт дээр ******* гэх 2 хүнтэй нэг ширээнд суугаад тухайн 2 хүнтэй танилцаад манай нөхөр ********* гар утасныхаа дугаарыг өгсөн тэгээд тоглолт тараад явж байхдаа манай нөхөр Т.Х- **** луу залгаад уулзаж нэг газар орж сууя гэхэд ****** 2 хүрч ирсэн тэгээд *****  нь 1 дүгээр хороолол явъя би тэнд машинаа тавьсан би 1 дүгээр хороололд цагдаа байсан сайн мэднэ гээд Мустанг гэх нэртэй нийтийн караокед ирсэн, бид нарыг ороход тухайн нийтийн караокед 2 эмэгтэй, 1 эрэгтэй нэг ширээнд сууж байсан мөн бас нэг ширээн дээр нэг эрэгтэй хүн ганцаараа сууж байсан тэгээд бид нар босоод бүжиглэж байхад нөгөө ширээн дээр 2 эмэгтэйтэй сууж байсан эрэгтэй нь намайг хамт бүжиглэе гэхээр нь хамт бүжиглэж байгаад ширээндээ очиж суусан гэтэл нөгөө залуугийн эхнэр гэх өндөр бор хүүхэн ******-ын чихэнд юм хэлчхээд над дээр хүрч ирээд миний чихэнд үеийнхээ хүмүүстэй яваач гэж хэлээд явсан гэтэл хажуугаас У- нөгөө эмэгтэйд хандан бид 2 хэнтэй явах нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн тэгээд нэг харсан чинь У- нөгөө өндөр бор хүүхэн 2 бие биеийнхээ үснээс зулгаасан байхаар нь би очиж салгахдаа бид 2 хэнтэй явах нь танд хамаагүй гэхэд нөгөө эмэгтэй чи битгий хуцаад байгаарай гичий минь янхан минь гэж хэлэхээр нь би чи яахаараа хүн доромжилдог юм гээд нөгөө эмэгтэйг бас үснээс нь зулгаасан гэтэл манай нөхөр Т.Х-, Т.М-ганцаараа сууж байсан ах 3 хүрч ирээд салгасан. Гэтэл нөгөө эмэгтэй намайг зүгээр зогсож байхад дайрч хүрч ирээд үснээс зулгаагаад сандал дээр дарсан би жижиг биетэй нөгөө эгч том биетэй учир би босож чадахгүй байсан гэтэл У- хүрч ирээд нөгөө хүүхнийг салгах явцдаа зодож цохисон, тэгээд манай нөхөр Т.Х- арай гэж салгаад байж байхад дахин хүрч ирээд намайг үсдэж унагаагаад дээрээс босохгүй байсан, тэгээд тэд нар салгаад арай би босоод явах гэхэд коридорт дахин ирж үснээс зулгаасан....Бид 2, 2 биеийнхээ үснээс зулгаасан би газар унасан байсан тул ямар ч хөдөлгөөн хийх боломжгүй байсан харин тухайн эмэгтэй миний дээр байсан учир миний үснээс зулгаагаад тавихгүй байсан, тэгээд манай нөхөр Т.Х-, Т.М-нар салгах гээд салгаж чадахгүй байсан. Тухайн эмэгтэйн биед У- гэмтэл шарх учруулсан яагаад гэвэл тэр эмэгтэй намайг нөхөртэйгөө хардаад намайг л үснээс зулгааж унагаагаад дээрээс дарж хэвтчихээд байсан тэгээд У- салгах явцдаа тухайн эмэгтэйн нүүрийг маажиж өшиглөж цохиж байсан, мөн У- тэр эмэгтэйг ална гээд пивоны шил цохих гээд байхаар нь Т.Х-, Т.М-нар хориод цохиулаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 хуудас),

 

            4.4. Гэрч Б.Д-ийн “... 3 дугаар ширээнд сууж байсан эмэгтэй /хохирогч Т.Г/ 6 дугаар ширээний охидыг нөхөртэйгээ хардаад нас насандаа байхад яадаг юм жаахан охидууд байж хөгшин хүнтэй явалдаад гэхэд 6-р ширээний 2 охин танд ямар хамаатай юм гэхэд харваас янхнууд байна гэж хэлээд  хоёр охины жижиг биетэй нь /гэрч С.Г/ 3 дугаар ширээний эмэгтэйг үсдээд бөөн юм болсон, тэгээд зодоон болсон ... 3 дугаар ширээний эмэгтэй эхэлж хэл амаар доромжилсон ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 хуудас),

 

4.5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7070 дугаартай “...Т.Г-биед нүүр хүзүүнд зулгаралт, хоёр бугалга, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зүүн сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” дүгнэлт (хавтаст хэргийн 55-56 хуудас),

 

4.6. С.У-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...надад холбогдуулан...эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна... Найз Т.М бид хоёр 2023 оны 5 дугаар сарын 26-ны орой 10 цагт Улсын их дэлгүүрийн 7 давхарт тоглолт үзэж байхдаа ******* гэх хоёр хүнтэй танилцсан. ... Тэгээд Т.М-дуулж байхад арай өндөр туранхай эмэгтэй нь ирээд М “битгий ийм янхнуудтай явалд" гэж хэлэхээр нь би уурлаж цааш түлхэж унагаасан. Тэгээд манай найз ****** тэр эмэгтэй дээр очоод үснээсээ зулгаалгуулсан тэгэхээр нь би очоод тэр эмэгтэйн үснээс нь зулгаасан чинь миний баруун гарын дунд хуруунаас хазсан тэгэхээр нь би тэр эмэгтэйн нүүр рүү өшиглөсөн, тэгээд Т.М-бид хоёрыг салгасан. Тэгээд гарах гэтэл хаалга түгжээтэй байсан. Тэгтэл араас тэр арай өндөр туранхай эмэгтэй нь ирээд та нарыг явуулахгүй гээд миний хувцаснаас татахаар нь би үснээс нь зулгааж цааш түлхсэн. Т.М-бид хоёрыг салгасан. Тэгээд би ариун цэврийн өрөө ороод гараад иртэл цагдаа ирчихсэн байсан... хохирогчид учирсан гэмтлийг би учруулсан, ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэргээр нотлогдон тогтоогдсон.

5. Хохирогч Т.Г-ээс “тухайн үед байсан 4 хүн нийлж зодсон” гэж мэдүүлсэн боловч хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болох: Гэрч Г.Х-ийн “... бүжиглэж дуусаад байж байтал арай өндөр бор царайтай эмэгтэй /хохирогч Т.Г/ нь босож ирээд манай эхнэрийн чихэнд нэг юм хэлж байсан. Тэгээд манай 2 эмэгтэй "Та одоо юу гээд байгаа юм" гэж хэлтэл маргалдаж эхэлсэн. У- гэх эмэгтэй нь тэр эмэгтэйг түрүүлж алгадсан тэгээд зодоон болоод тэр арай өндөр бор царайтай эмэгтэй манай эхнэрийн үснээс нь зулгаагаад доош дарж унагаагаад байхаар нь би салгасан ... У- тухайн эмэгтэйн хөл рүү өшиглөж, нүүр лүү нь гараараа цохисон, ...” (хавтаст хэргийн 18-19, 30-31 хуудас),

Гэрч С.Г-“...нөгөө ширээн дээр 2 эмэгтэйтэй сууж байсан эрэгтэй нь намайг хамт бүжиглэе гэхээр нь хамт бүжиглэж байгаад ширээндээ очиж суусан гэтэл нөгөө залуугийн эхнэр гэх өндөр бор хүүхэн У-н чихэнд юм хэлчхээд над дээр хүрч ирээд миний чихэнд үеийнхээ хүмүүстэй яваач гэж хэлээд явсан гэтэл хажуугаас У- нөгөө эмэгтэйд хандан бид 2 хэнтэй явах нь чамд ямар хамаатай юм гэж хэлээд тэр 2 хэрэлдэж эхэлсэн тэгээд нэг харсан чинь У- нөгөө өндөр бор хүүхэн 2 бие биеийнхээ үснээс зулгаасан байхаар нь би очиж салгахдаа бид 2 хэнтэй явах нь танд хамаагүй гэхэд нөгөө эмэгтэй чи битгий хуцаад байгаарай гичий минь янхан минь гэж хэлэхээр нь би чи яахаараа хүн доромжилдог юм гээд нөгөө эмэгтэйг бас үснээс нь зулгаасан гэтэл манай нөхөр Х, Т.М-ганцаараа сууж байсан ах 3 хүрч ирээд салгасан, ...”  (хавтаст хэргийн 27-28 хуудас), мөн гэрч Б.Д, шүүгдэгч С.У-нарын мэдүүлэг зэргээс дүгнэхэд уг гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай ажиллагаа нөлөөлсөн, хохирогч Т.Г-биед шүүгдэгч С.У-халдаж хөнгөн хохирол учруулсан, гэрч С.Г, Г.Х нарын хүмүүс зодооныг салгах байдлаар оролцсон болох нь тогтоогдож байгаа тул хохирогчийн гаргасан мэдүүлэг үндэслэлгүй.

6. Хохирогчийн биед учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн хохирол, хор уршгийг хүсэж үйлдсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж хангагдсан.

7. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

 

8. Хохирогч Т.Гнь “гомдолтой, эмчилгээ хийлгэх мөнгөгүй тул  эмчилгээ хийлгээгүй, миний цаашид хийгдэх эмчилгээний зардлыг гаргуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг, гаргасан бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн “Болор” гоо сайхны салоноос гаргаж ирүүлсэн нүүрний сорви арилгахад гарах эмчилгээний тариф 4,150,000 төгрөг гэсэн баримтыг дангаар нь үнэлж иргэний нэхэмжлэлийн тооцоог бодитойгоор хийх болон хохирлыг гаргуулах боломжгүй гэж шүүх шийдвэрлэсэн.

9. Хохирогч Т.Г-зүгээс эмчилгээ хийлгээд гарсан зардлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

10. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

10.1. Улсын яллагчаас шүүгдэгч С.У-анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлөөгүй, гэм буруугаа  ойлгож байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох  ял оногдуулах санал гаргасан.

 

            10.2. Шүүгдэгчээс: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

            10.3. С.У-миний эмчилгээний зардлыг төлөхгүй байгаа, мөн шүүхээр би торгуулаад гарна гэж хэлж байсныг харгалзан ялыг оногдуулж өгнө үү гэсэн.

           

            10.4. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

            10.5. Шүүгдэгч С.У-ын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч, шүүгдэгч хэн аль нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, хохирогчийн “нөхрийгөө хардан бусдыг хэл амаар доромжилсон” зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгох ял оногдуулж, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэв.

 

            11. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн  зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт С-ийн У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.У-ыг  1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг С.У-үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.У-мэдэгдсүгэй.

 

 5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Т.Г эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

 7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ