Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 23

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын хүсэлттэй,

“Б.Э, У.Д нарыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Зээлдэгч Б.Э, хамтран зээлдэгч У.Д нар нь тус банкнаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 1390012784 дугаартай гэрээгээр 9,100,000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийн зээлийг машин авах зориулалтаар, 48 сарын сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй авсан. Зээлдэгч нь 1390012784 тоот зээлийн гэрээний гол нөхцөл болох гэрээний 1 дүгээр хавсралтанд заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 08 дугаар сараас хугацаа хэтрэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 236 хоног хугацаа хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчсөн байна. Банкны зүгээс зээлдэгчийг төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, утсаар мэдэгдэж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч нь банкны шаардлагыг биелүүлэхгүй, зээлийг төлөх идэвхи санаачилга гаргахгүй өнөөдрийг хүрсэн. Банктай байгуулсан 1390012784 тоот зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг шаардахаар банкны ажилтнууд уулзах гэсэн боловч зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Зээлдэгч Б.Э, У.Д нар нь хамгийн сүүлд Замын-Үүд сумын 2 дугаар баг хаягт амьдарч байсан. Үүнээс хойш Г.Э нь ээжийнхээ төрсөн дүү болох Ц-нд байгаа гэх боловч эгч нь манайд байхгүй гэж хэлсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч У.Д нь БНХАУ-ын Эрээн хотод амьдарч байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй. Иймд зээлдэгч Б.Э, хамтран үүрэг гүйцэтгэгч У.Д нарыг эрэн сурвалжлуулж, оршин суугаа газрыг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд: “...Б.Э, У.Д нар нь тус банкнаас 9,100,000 төгрөгийн зээл авсан боловч зээлээ төлөхгүй оршин суугаа хаягтаа байхгүй байгаа юм. Хаягаар нь очихоор тийм хүн байхгүй гэдэг. Б.Э, У.Д нар нь хамгийн сүүлд Замын-Үүд сумын 2 дугаар баг хаягт амьдарч байсан. Үүнээс хойш Г.Э нь ээжийнхээ төрсөн дүү болох Ц-нд байгаа гэх боловч эгч нь манайд байхгүй гэж хэлсэн. Хамтран үүрэг гүйцэтгэгч У.Д нь БНХАУ-ын Эрээн хотод амьдарч байгаа гэхээс өөр мэдээлэл байхгүй. Иймд Б.Э, У.Д нарыг эрэн сурвалжилж, оршин сугаа хаягыг тогтоож өгнө үү...” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Зээлдэгч Я овогт Б.Э, хамтран зээлдэгч Ц овогт У.Д нар нь тус банкнаас 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ... дугаартай гэрээгээр 9,100,000 /есөн сая нэг зуун мянга/ төгрөгийн зээлийг машин авах зориулалтаар, 48 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй зээл авсан нь зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр тогтоогдож байх тул шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Б.Э, У.Д нар нь оршин суух хаягтаа байхгүй байгаа болох нь тус шүүхийн шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байх тул тэднийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Я овогт Б.Э нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Ц овогт У.Д нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, мөн энэ талаар зээлийн гэрээнд тус тус тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Я овогт Б.Э, Ц овогт У.Д нарыг эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Б.Э, У.Д нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.Н