Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/890

 

2023       09          06                                    2023/ШЦТ/890

                    

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чанцалням даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: С.Оюунбат,

Улсын яллагч: С.Болорзул /томилолтоор/,

Шүүгдэгч: Э.А, түүний өмгөөлөгч  Б.Ариунтуяа нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б ургийн овогт Э.А /РД:ХВ85112610/-т холбогдох эрүүгийн 2309 00000 0279 дугаартай хэргийг тус шүүхийн хуралдааны “Б танхимд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнжийн 41 дүгээр гудамжны 06 тоотод бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны 3в хэсэг, Улиастайн гудамж 787 тоотод түр оршин суудаг, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай,

Бэсүд овгийн Э.А /РД:............/,

Холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны орчимд хохирогч А.Уын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж бусдад 185.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

Мөн хохирогч А.Уын гар утсыг дээрэмдэх явцдаа түүнийг ороолтоор нь боож газарт унаган нүүр болон цээж хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 351 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг  шинжлэн судалсан бол.

Шүүгдэгчийн өмгөөлөгч: /хэргээс давхцахгүй байдлаар/ хохирогч А.Уын мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/, хохирогчид хохирол нөхөн төлсөн талаарх баримт /хавтаст хэргийн 74 дүгээр тал/, хувийн байдалтай холбоотой баримтууд зэргийг шинжлэн судлав.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гараагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн, нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Гэм буруугийн талаар:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, хохирлоо төлж барагдуулан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Э.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ  2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр  Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44 дүгээр байрны орчимд хохирогч А.Уын гар утсыг хүч хэрэглэж авахаар довтолж бусдад 185.000 төгрөгийн хохирол учруулж дээрэмдсэн,

мөн хохирогчийн гар утсыг дээрэмдэх явцдаа түүнийг ороолтоор нь боож газарт унаган нүүр болон цээж хэсэгт цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч А.Уын “...2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 18 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр 4 дүгээр дэлгүүрийн орчим багын найзуудтайгаа уулзаад архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн. Тэгээд тэндээс 19 цагийн орчим яваад Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр лүүгээ явсан ба хүүхдийн 100-н С рестораны хажуу талын 2а байрны орчим нэг үл таних залуу шатан дээр тамхи татаад сууж байсан. Тэгээд би тэр залууд "Тамхиа болиоч ээ хөгшөөн энүүгээр хогоо хаяад" гэж хэлчхээд явсан ба цаашаа 26 дугаар байрны сандал очоод суусан. Тэгээд хэсэг сууж байгаад Б дэлгүүрийн цаашаа чигээрээ ороод үргэлжилсэн гарааш руу орох гэж байхад гэнэт араас "Чи муу гөлөг юу гэсэн бэ" гээд араас ороолтоор хоолойноос боогоод, намайг газар унагааж байгаад зодоод байсан. Тэгээд миний гар утас куртикний баруун талын халаасанд байсан ба тэр залуу зодсоор байгаад гар утсыг маань хүчээр авсан...Би хараа муутай хүн. Тухайн залуу миний нүдний шилийг хагалсан учраас сайн харж чадаагүй. Миний S8 загварын гар утсыг дээрэмдсэн. Ямар ч байсан хоолой боосон, дээрээс олон удаа толгой, нүүр хэсэг рүү гараараа цохисон бас өшиглөөд байсан...Би өөрийнхөө гар утасны 185.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, мөн гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн хийлгэсэн шинжилгээ, мөн миний биед гэмтэл учирсан нийлээд 300.000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 27-28 дугаар тал/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,

д мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 16/

-Сидинд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 18-21 дугаар тал/,

-Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2090 дугаартай "А.Уын биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх шинжилгээ /хавтаст хэргийн 30-31 дүгээр тал/,

-"Д" ХХК-ийн СБ1-23-359 дугаартай "...нийт дүн 185.000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/ зэргээр тус тус нотлогдож байна.

3. Дээрэмдэх гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан байхыг ойлгодог бөгөөд хүч хэрэглэж үйлдсэн тохиолдолд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилжээ.

Хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох, хоолой боох зэргээр эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлийг ойлгодог.

Шүүгдэгч Э.А нь хохирогчийн гар утсыг авах зорилгоор ороолтоор нь хоолойг нь боосон, газарт унаган толгой болон цээжин хэсэгт нь цохиж зодсон буюу хохирогчийн эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэж довтолсон байх тул улсын яллагчаас “хүч хэрэглэн довтолж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь зүйтэй байна.

Түүнчлэн шүүгдэгч нь хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор дээрэмдэх гэмт хэргийн бүрдэл төгссөн, түүний үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг дурдаж байна.  

4. Хохирогч А.Уын эрүүл мэндэд “хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун завжинд шарх, цус хуралт, зүүн чихний дэлбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, цээжинд зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх гэмтэл нь шүүгдэгчийн хохирогчийн хоолойг нь боох, толгой болон цээж хэсэгт цохих үйлдлийн улмаас буюу дээрэмдэх явцдаа хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас үүсгэгдсэн байна.

5. Шүүгдэгч Э.А нь үйлдэлдээ шууд санаатай, шунахай сэдэлттэй хандаж бусдын өмчлөх эрх болон эрүүл мэндэд халдсан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.        

6. Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Мөн хүч хэрэглэх явцдаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

Хохирол, төлбөрийн талаар:

7. Хохирогч А.У нь дээрэмдэх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 185.000 төгрөг, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсантай холбогдуулан хийлгэсэн эмчилгээний зардалд 115.000 төгрөг, нийт  300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Э.А нь дээрх хохирлыг төлж барагдуулсан талаарх баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

Мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон 2 жил 1 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хугацааг тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт, санал гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна...” гэх дүгнэлтийг,  

шүүгдэгчээс “....Хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо төлж барагдуулсан тул надад оногдуулах ял шийтгэлийг багасгаж өгнө үү..” гэсэн болно.

9. Шүүгдэгч Э.Ат эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хор уршиг ялимгүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хувийн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэх шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзлээ.

11. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэв.

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 1 жилийн хорих ял дээр 450.000 төгрөгөөр торгох ялын 15.000 төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялд шилжүүлэн 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хугацааг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

13. Шүүгдэгч Э.Аыг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 90 дугаартай захирамжаар 2 жил 1 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүгдэгч Э.А нь дээрх хяналт тогтоосон хугацаа дуусаагүй байхад буюу 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүгийн  хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ. Хэдийгээр хяналт тавьж байсан шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол үйлдсэн байх боловч шүүгдэгч нь хяналтын хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байх тул дээрх ялыг нэмж нэгтгэн эдлүүлэх нь хууль болоод шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэнэ” гэж заасны дагуу хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 16 хоногийн хугацааны ял дээр дээр дурдсан 1 жил 1 сарын хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Аын нийт эдлэх хорих ялыг хэмжээг 3 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар тогтоов. 

14. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюул, хувийн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

15. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

16. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сиди /дүрс бичлэгийн хуурцаг/-г хэрэгт нь үлдээж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Э.А /РД:............/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2. Шүүгдэгч Э.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг хорих ялд шилжүүлэн тооцон  30 хоног /1 сар/ хорих ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосугай.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 16 хоногийн хугацааны хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг 3 жил 2 сар 16 хоногийн хугацаагаар тогтоосугай.

        5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэргийг хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

       10. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            11. Шүүгдэгч Э.Аыг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, хорих ял эдлэх хугацааг 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

       12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

       13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

       13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ЧАНЦАЛНЯМ