Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 24

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                     

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Х банк ХХК-ний Дорноговь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сум 3 дугаар багт оршин суух, Л овогт Б.Б,

Хариуцагч: Дорноговь аймаг Өргөн сум 4 дүгээр багт оршин суух, Д овогт У.А нарт холбогдох

“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 15,273,207 төгрөг, хүү 3,607,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,952 төгрөг нийт 19,028,128 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр хангуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, хариуцагч Б.Б, У.А, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Б.Б, У.А нар нь тус банкны Өргөн тооцооны төвөөс 2018 оны 06-р сарын 15-ны өдөр ЗГ/201843658758/ тоот зээлийн гэрээ байгуулан 16,500,000 /Арван зургаан сая таван зуун мянган/ төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, 5 ханатай гэр 1, угаалгын машин 1, зурагт 1 ширхэг зэргийг тус тус барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,226,793 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,165,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 833 төгрөг, нийт 2,393,086 төгрөгийн төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч 452 хоног зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банкны зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2018 оны 06 дугаар сарын 15-ны ЗГ/201843658758/ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах, үндсэн зээл 15,273,207 төгрөг, хүү 3,607,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,952 төгрөг нийт 19,028,128 нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг гаргаж байна...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М шүүх хуралдаанд: “...Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нарын эвлэрэх саналыг хүлээн авах боломжгүй байна. Б.Б, У.А нар нь тус банкны Өргөн тооцооны төвөөс 2018 оны 06 сарын 15-ны өдөр ЗГ/201843658758/ тоот зээлийн гэрээ байгуулан 16,500,000 төгрөгийн зээлийг сарын 1.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, цалингийн зээлийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд ирээдүйд орж ирэх цалингийн орлого, 5 ханатай гэр 1, угаалгын машин 1, зурагт 1 ширхэг зэргийг барьцаалан зээл авсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 1,226,793 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1,165,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 833 төгрөг, нийт 2,393,086 төгрөгийн төлж барагдуулсан. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 452 хоног хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Иймд зээлийн гэрээний дагуу  2018 оны 06 дугаар сарын 15-ны ЗГ/201843658758/ тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээл 15,273,207 төгрөг, хүү 3,607,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,952 төгрөг нийт 19,028,128 нэхэмжилж байна. Зээлийн төлбөрийг төлөхгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна. Сар бүр 200,000 төгрөгөөр төлөлт хийх боломжгүй 500,000 төгрөгнөөс дээш төлөлт хийсэн тохиолдолд эвлэрэх боломжтой...” гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Миний бие нь бие дийлэхгүй байсан учраас ажлаасаа гараад зээлээ төлөх боломжгүй болсон. Ажил төрөлтэй болоод төлж барагдуулна. 2020 оны 02 сараас эхлэн 200,000 төгрөгийг сар болгон төлөх хүсэлттэй байна. 500,000 төгрөгөөр хийх боломжгүй байна. Би одоо Замын-Үүдэд нэг найзындаа амьдраад ачаа ачиж байгаа. Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 19,028,128 төгрөгийг төлнө. Барьцаа хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй...” гэв.

Хариуцагч У.А шүүх хуралдаанд: “Х банкны нэхэмжилсэн 19,028,198 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ны Дорноговь салбар нь хариуцагч Б.Б, У.А нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 15,273,207 төгрөг, хүү 3,607,969 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 146,952 төгрөг нийт 19,028,128 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Б, У.А нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй, харин зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөх боломжгүй, 200,000 төгрөгөөр төлж барагдуулана гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй болно.

Хариуцагч Б.Б, У.А нар нь Х банк ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн тооцооны төвтэй 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 48 сарын хугацаатай, сарын 1,7 хувийн хүүтэй  16,500,000 төгрөгийн цалингийн зээл авсан байна. Зээлийн гэрээний үүрэгт ирээдүйд орж ирэх цалингийн орлого, 5 ханатай гэр, угаалгын машин, зурагт зэргийг барьцаалагдсан байна. /хх 12-16 тал/

Зээлдэгч нар нь уг зээлээс үндсэн төлбөрт 1,226,793 төгрөг, хүү 1,165,460 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 833 төгрөг, нийт 2,393,086 төгрөг төлсөн байх ба хариуцагч нар нь төлбөрийг төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа утсаар болон биеэр уулзаж зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар маргаангүй. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 2.4.1, 6.1.1 дэхь заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

Иймд хариуцагч Б.Б, У.А нарын банктай байгуулсан гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 19,028,128 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Дорноговь салбарт олгох үндэслэлтэй гэж үзлээ. 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар Х банк ХХК-ийн Дорноговь аймгийн Өргөн тооцооны төв, хариуцагч Б.Б, У.А нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, хариуцагч Б.Б, У.А нараас 19,028,128 төгрөгийг гаргуулан Х банк ХХК-ийн Дорноговь  салбарт олгосугай.

2. Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч хариуцагч Б.Б, У.А нар зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох 5 ханатай гэр, угаалгын машин, зурагт зэргийг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 253,091 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Б, У.А нараас 253,091 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х банк ХХК-ийн Дорноговь  салбарт олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Б.Н