| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2019/0312/И |
| Дугаар | 25 |
| Огноо | 2020-01-16 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г банк ХХК-ний Замын-Үүд салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, И овогт Г.М,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум 1 дүгээр багт оршин суух, И овогт Г.М нарт холбогдох
“Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээл 5,844,324.01 төгрөг, хүү 721,438.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887.81 төгрөг нийт 6,570,650.37 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, хариуцагч Г.М, Г.М, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Үндсэн зээлдэгч Г.М болон хамтран зээлдэгч Г.М нар нь 2016 оны 09 сарын 29-ний өдөр ... тоот зээлийн гэрээ байгуулан 6,600,000 /Зургаан сая зургаан зуун мянган/ төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэйгээр зээлийн бүтээгдэхүүн авсан. Үүн дээр нэмэлтээр 2017 оны 11 сарын 20-нд 2,000,000 /хоёр сая төгрөг/-ийг 48-н сарын хугацаатай 21,6 хувийн хүүтэй, 2018 оны 03 сарын 16-нд 600,000 /зургаан зуун мянган төгрөг/-ийг 48-н сарын хугацаатай 21,6 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь хэсэгт заасны дагуу зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,362,675.99 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,941,705.35 төгрөг, торгууль 1,381.16 төгрөг, нийт 7,305,762.25 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.6 дахь хэсэгт заасан заалтуудыг удаа дараа зөрчсөн ба зээлээ төлөхийг олон удаа шаардсан боловч зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийн байдлаар 139 хоног хугацаа хэтэрч байна. Иймд банкны санаачилгаар гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр 5,844,324.01 төгрөг, хүү 721,438.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887.81 төгрөг нийт 6,570,650.37 төгрөгийг Г.М, Г.М нараар төлүүлэхээр нэхэмжилж байна...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С шүүх хуралдаанд: “...зээлдэгч Г.М, Г.М нар нь 2016 оны 09 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 6,600,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийн бүтээгдэхүүн авсан. 2017 оны 11 сарын 20-нд нэмэлтээр 2,000,000 төгрөгийг 48-н сарын хугацаатай 21,6 хувийн хүүтэй, 2018 оны 03 сарын 16-нд 600,000 төгрөгийг 48-н сарын хугацаатай 21,6 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийг авсан. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрт 3,362,675.99 төгрөг, зээлийн хүүд 3,941,705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,381.16 төгрөг, нийт 7,305,762.25 төгрөгийг төлсөн. 2019 оны 08 сараас зээл төлөх төлбөрийн хуваарийн дагуу зээлээ төлөхөө больсон. Удаа дараа зээлээ төлөхийг шаардахад өнөөдөр, маргааш төлнө гэж хэлдэг боловч төлөхгүй 139 хоногийн хугацаа хэтэрч байна. Хэрвээ сард 200,000 төгрөгөөр төлөхөөр бол 1 сая гаран төгрөгийн хугацаа хэтрэлттэй байгаа тэр төлбөрийг төлөөд гэрээний дагуу сар болгон төлбөрөө төлөөд явах боломжтой. Өөрөөр эвлэрэх боломжгүй. Зээлдэгч Г.М, Г.М нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр 5,844,324.01 төгрөг, хүү 721,438.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887.81 төгрөг нийт 6,570,650.37 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэв.
Хариуцагч Г.М шүүх хуралдаанд: “...Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. Мөн 6,570,650.37 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Нам өөрчлөгдсөнтэй холбогдуулан засаг дарга А хүн явуулж ажлаас минь 2018 оны 08 сард халсан. Тэрнээс хойш 2019 оны 08 сар хүртэл зээлээ төлж байгаад 8 сараас төлж чадахгүй болсон. Сар болгон 200,000 төгрөг төлөөд явах боломжтой. 1 сая гаран төгрөгийг одоо бөөнөөр нь өгөх боломжгүй байна...” гэв.
Хариуцагч Г.М шүүх хуралдаанд: “...Миний бие мөн намын шахалт хавчлагаас ажилгүй болсон. Гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч байна. Дүү маань гарын үсэг зураад өгөөч гэхээр нь зурж өгсөн. 6,570,650.37 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Ямар ч байсан энэ хүнийг төлүүлэх талаар ярьж л байна. Хураасан мөнгө төгрөг байхгүй учраас бөөнөөр нь төлөх боломж байхгүй байна...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г банк ХХК-ны Замын-Үүд салбар нь хариуцагч Г.М, Г.М нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн үлдэгдэл төлбөр 5,844,324.01 төгрөг, хүү 721,438.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887.81 төгрөг нийт 6,570,650.37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г.М, Г.М нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч маргаагүй, харин зээлийн төлбөрийг бүхэлд нь төлөх боломжгүй, 200,000 төгрөгөөр төлж барагдуулана гэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрөөгүй болно.
Шүүх нэхэмжлэлийг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж дүгнэж шийдвэрлэв.
Хариуцагч Г.М нь 2016 оны 09 сарын 29-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 6,600,000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэйгээр цалингийн зээлийн бүтээгдэхүүн авсан. Дараа нь хамтран үүрэг гүйцэтгэгч Г.М-н хамт 2017 оны 11 сарын 20-нд нэмэлтээр 2,000,000 төгрөгийг 48-н сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэй, 2018 оны 03 сарын 16-нд нэмэлтээр 600,000 төгрөгийг 48-н сарын хугацаатай жилийн 21,6 хувийн хүүтэйгээр цалингийн зээл аваад зээл эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2019 оны 07 сарын 22-ны өдөр хүртэл үндсэн зээлд 3,362,675.99 төгрөг, хүү 3,941,705.35 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,381.16 төгрөг нийт 7,305,762.25 төгрөгийг төлсөн, 2019 оны 08 сарын 22-ноос хойш зээлээ төлөөгүй болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, зээл эргэн төлөлтийн хуваарь, зохигчдын тайлбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 03 сарын 22-ны өдөр дуусахаар боловч хариуцагч нар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч маргаагүй бөгөөд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч зээлийн гэрээний үүргийг зөрчсөн тохиолдолд зээлийн гэрээний 3.3.4-т гэрээг хугацаанаас нь өмнө нэг талын буюу банкны санаачилгаар гэрээг цуцлах нөхцөлийг заасан байх бөгөөд 3.3.4-т “...энэхүү гэрээний дагуу төлөх ёстой зээл, зээлийн хүүг энэхүү гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй...” гэж заасны дагуу банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг цуцлах эрхтэй гэж үзнэ.
Зээлдэгч Г.М, Г.М нар нь зээлийн гэрээний 3.1.1-т “зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу зээл, зээлийн хүүг 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төлөх атал төлөөгүй, үүнээс хойш төлөлт хийгээгүй эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн байх бөгөөд энэ талаар зээлдүүлэгч удаа дараа зээлийн төлбөрийг шаардаж байсан талаар зохигчид маргаагүй ба шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Г.М нарын тайлбараар нотлогдон тогтоогдож байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулж байсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд зээлийн гэрээний 3.1.1, 3.3.4 дэх заалтуудыг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч “үүргийг ялимгүй зөрчсөн” гэж үзэх үндэслэлгүй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үндсэн зээлийн үлдэгдэл 5,844,324.01 төгрөг, 139 хоногийн хугацаа хэтэрсэн, хүү 721,438.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887.81 нэхэмжилж байгаа гэснийг хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүү болон хугацаа хэтэрсэн хоногийн талаар маргаагүй.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан байх тул нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбар хариуцагч нараас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.
Зохигчид Иргэний хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг үндэслэн үндсэн зээлийн үлдэгдэл 5,844,324.01 төгрөг, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг 139 хоногийн хугацаа хэтэрсэн гэж үзэж, тооцон хүү 487,416.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887.81 төгрөг нийт 6,336,628.45 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгож, үлдсэн 234,021,92 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбар хариуцагч Г.М, Г.М нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Г.М, Г.М нараас зээлийн төлбөр 5,844,324.01 төгрөг, зээлийн хүү 487,416.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,887.81 төгрөг нийт 6,336,628.45 төгрөгийг гаргуулан Г банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгож, үлдэх 234,021,92 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 120,080 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.М, Г.М нараас 116,337 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банк ХХК-ийн Замын-Үүд салбарт олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н