Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 35

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг, “Д” ХХК-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт З.Б-д холбогдох,

“Зээлийн хүү 240,000 төгрөг, алданги 1,000,000 төгрөг, үндсэн зээл 2,619,000 төррөг, нийт 3,859,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Д ХХК”-иас 2018 оны 08 сарын 28-ны өдөр З.Б 3,000,000 /Гурван сая/ төгрөгийг 25 хоногийн хугацаатай 8 хувийн хүүтэйгээр зээлийн гэрээ байгуулан зээлдүүлсэн боловч энэ хугацаанд үндсэн зээлээс 381,000 төгрөг хасуулсан, зээлийн хүүнд 750,600 төгрөг төлөн хугацаагаа 2018 оны 11 сарын 28-ны өдөр хүртэл сунгуулсан, үлдэгдэл мөнгийг одоог болтол өгөөгүй ба удаа дараа сануулан холбогдсон. Иймд зээлийн хүү болох 240,000 төгрөг, гэрээнд заасний дагуу гэрээний хугацаа дуусгавар болсноос хойшхи төлөгдөөгүй үнийн дүнгийн алданги болох 1,000,000 төгрөг, үндсэн мөнгө 2,619,000 төгрөг, нийт 3,859,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Х.О нь шүүхэд гаргасан тайлбартаа: “...хариуцагч З.Б-н төлөх хугацааг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч З.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Д” ХХК-ний нэхэмжилж байгаа 3,859,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “Д” ХХК нь хариуцагч З.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 3,859,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч З.Б нь 3,859,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,694 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 76,694 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж, 38,347 төгрөгийг, төрийн сангаас 38,347 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 3,859,000 төгрөгийг хариуцагч З.Б нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76,694 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 38,347 төгрөг, хариуцагч З.Б-с 38,347 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  "Д” ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ              Б.Н