| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0032/И |
| Дугаар | 36 |
| Огноо | 2020-01-27 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 36
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын хүсэлттэй,
“Т.Б, А.Ж нарыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Иргэн Т.Б, А.Ж нар нь 2017 оны 05 сарын 23-ны өдөр ЗГ201743045537 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2020.01.09-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 8,805,099.93 төгрөг, хүүгийн төлбөр 3,426,515.39 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 191,812.59 төгрөг, нийт 12,423,427.91 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Т.Б нь ... багшаар ажиллаж байгаад алга болсон бөгөөд зээлээ төлөхгүй өнөөдрийн байдлаар 706 хоног хугацаа хэтэрч байна. Т.Б, А.Ж нар нь байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү” гэжээ.
Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А шүүх хуралдаанд: “...Т.Б, А.Ж нар нь 2017 оны 05 сарын 23-ны өдөр Х банкны Замын-Үүдийн хороололын салбартай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан бөгөөд зээлээ төлөхгүй хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй, байнгын хаяг дээрээ байхгүй, утаснууд нь холбогдохоо больсон. Иймд Т.Б, А.Ж нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү. Сүүлд ... утсаар А.Ж-тай холбогдож ярихад Ханги мандалын боомтод байна гээд утсаа салгасан. Дахиж холбоо барих гэсэн боловч утас нь холбогдохгүй болсон...” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар нь Т.Б, А.Ж нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Т.Б, А.Ж нар нь Х банк ХХК-ний Замын-Үүд салбартай 2017 оны 05 сарын 23-ны өдөр ЗГ201743045537 тоот зээлийн гэрээ байгуулан 15,000,000 /Арван таван сая/ төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр тогтоогдож байх тул Т.Б, А.Ж нар нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Т.Б, А.Ж нар нь Дорноговь аймгийн Замын-Үүд суманд бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болох нь Борхойн багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд Т.Б, А.Ж нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний бүртгэлээр Ш овогт Т.Б, О овогт А.Ж нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт тус тус оршин суух бүртгэлтэй, зээлийн гэрээнд ... тоот гэж тус тус тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Ш овогт Т.Б, О овогт А.Ж нарыг эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Т.Б, А.Ж нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н