Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1037

 

 

“Э” СӨХ-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/00483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Эвсэг” СӨХ-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Н-д холбогдох

 

Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын төлбөр 320 737 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байр 1972 онд ашиглалтад орсон, 100 өрх, 400 гаруй оршин суугчтай, 1999 онд сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдаж хэвийн ашиглагдаж байгаа орон сууц юм. Гэтэл Ж.Д-ийн хүү Д.Н гэгч дундын өмчлөлийн ашиглалт хариуцдаг холбоонд сар бүр төлөх хураамжаа энэ байрны оршин суугч дундаас ганцаараа төлөхгүй байгааг тухай бүр сануулж, шаардлага өгсөн боловч ..төлнө, тооцоог барагдуулна гэсээр өдий хүрч байна. Д.Н нь Иргэний хууль, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулиудын зохих заалтыг дураар авирлан зөрчиж, өөрийн нэр хүнд, хөршүүдийг хохироож улмаар сууц өмчлөгчдийн холбооны санхүүд зохисгүй нөлөөлж байна. Д.Н нь сүүлийн үед байрны дээврийг өөрөө завсарлана, эхнэр хуульч гэдгээр 2016-2017 оны 13 сарын хураамж төлсөнгүй. Иймд Д.Н-ийн орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгө эзэмшсэний 13 сарын хураамж, 210 000 төгрөг, тэмдэгтийн хураамж 10 272 төгрөг бүгд 326 549 төгрөгийг Д.Н-с гаргуулж, сууц өмчлөгчдийн холбоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь нэхэмжлэгийн шаардлагад хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй. Хариуцагчаар Д.Н-г тодорхойлж, шүүх иргэний хэрэг үүсгэн нэхэмжлэлийн хувийг гардуулсан боловч Д.Н миний бие тус хаягт оршин суудаггүй, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, бага тойруу гудамж, 8 дугаар байр, 8 тоот хаягт оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Иймд дээрх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Эвсэг СӨХ-ны захирал С.Б-ын нэхэмжлэлтэй хариуцагч Д.Н-д холбогдох орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын төлбөр нийт 320 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10 272 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхэд өргөдөл хүлээлгэн өгсөнөөс хойш 2 сар 04 хоногийн дараа шүүх хурал болсон энэ хугацаанд нэхэмжлэлийг буцаах, хурлыг хойшлуулах, нотлох баримтыг тодруулах зэргээр шүүхээс нэхэмжлэгч хариуцагч нартай тэнцүү харьцаж болох байсан. Эрхэм шүүгч нотлох баримтуудыг шинжлэн судлахдаа Төрийн банкны нэхэмжлэлд Ж.Д гэснээ сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлд үнэхээр Э.Д гэж бичигдсэн нь шүүгчид эргэлзээ төрсөн бол тухайн хурал дээр тодруулсангүй. Эвлэруулэн зуучлах ажиллагаанд Д.Н-ийг 2 удаа дуудаад оролцоогүй, нэг үл таних эмэгтэй ирсэн учраас асуудлыг Д.Н-ийг биечлэн оролцуулж шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзсэн болохоос Д.Н хариуцахгүй үндэслэл гэж үзэхгүй. Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо 19 дүгээр хороолол 21 дүгээр байрны 65 тоотод үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2208000609 тоот гэрчилгээнд иргэн Ж.Д, Д.Н, Д.Б, Д.М, Д.Л, Д.П нарын 6 хүний өмчөөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд орсноос Д.Л, Д. М, Д.П нар тус хороонд одоогоор бүртгэлгүй, Д.Б энэ хороонд бүртгэлтэй боловч сүүлийн 4 жил оршин суугаагүй, харъяалал нь тодорхойгүй. 2016 оны эцсээр байрны хураамж нэхэгдэж эхлэхээр Ж.Д нь өөр хороонд шилжсэн гэдэг боловч Төрийн банкны бүртгэлд өрхийн тэргүүнээс одоо болтол хасуулаагүй байна. Харин энэ байрны үндсэн оршин суугч одоо ч амьдардаг хариуцагч Д.Н эвлэрүүлэн зуучлахад 1 сарын хугацаанд 2 удаа уулзалтыг хойшлуулан, өөрөө ч очилгүй үл таних хүн явуулсан учраас асуудлыг шүүхэд шилжүүлэх болохоор байнгын оршин суугаа хаягаа өөрчлүүлэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М гэгчээр хариу тайлбар бичүүлэн шүүх хуралд оролцуулаагүй зэрэг зальт аргаар сууц өмчлөгчдийн холбоо, шүүхийн байгууллагыг хууран мэхэлсэн. Иймд Д.Н сууц өмчлөгчдийн холбооны оршин тогтохын үндэс болсон өрхийн сарын хураамжаа хугацаандаа төлөхгүй, удаа дараа зальт арга хэрэглэн шүүхийн шийдвэр гаргуулж, 320 737 төгрөгөөр сууц өмчлөгчдийн холбоог хохирооход хүргэж болзошгүй байгааг хянаж үзэж хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Э” СӨХ нь хариуцагч Д.Н-д холбогдуулан орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын төлбөр 320 737 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т “орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй” гэж заасан байна.

 

Мөн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дах хэсэгт зааснаар “сууц өмчлөгч” гэдэг нь нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд байхаар тодорхойлжээ.

 

            Хариуцагч Д.Н нь Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 дүгээр хороолол, 21 дүгээр байрны 65 тоот орон сууцны өмчлөгч болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байгаагаас гадна тэрээр уг орон сууцанд оршин суудаг, дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтын төлбөрийг хариуцдаг талаар баримтгүй учир хариуцагчийг Д.Н гэж үзэх үндэслэлгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ. Энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Харин нэхэмжлэгч нь хариуцагчийг зөв тодорхойлон шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 183/ШШ2018/00483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 10 272 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.БАТЗОРИГ

 

                ШҮҮГЧИД                                      Т.ТУЯА

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ