Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 128/ШШ2021/0286

 

 

 

 

 

        2022         04          15                                     128/ШШ2022/0286

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Л********

Нэхэмжлэгч: С.Д********

Хариуцагч: ЧЧингэлтэй дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Гуравдагч этгээд: Г.А*******

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/180 дугаар захирамжийн Г.А******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, орц гарц гаргахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.А*********, хариуцагч А.Х************, гуравдагч этгээд Г.А**********  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Иргэн С,Л********* С.Д******** Д бид ************* нэгж талбарын дугаартай Г-2202011**** эрхийн улсын бүртгэлийн дугаартай газар өмчлөх гэрчилгээтэй, 1863931967***** нэгж талбарын дугаартай Г-2202011***** эрхийн улсын бүртгэлтэй газарт 2011 оноос амьдраад 2015, 2016 онд тус тус газраа өмчилж авсан. Бидний эзэмшлийн газрууд хөрш зэргэлдээ газрууд юм.

Тус газарт амьдарч эхлэхэд орц, гарц сайтай байсан бөгөөд дүүргийн Газрын албанаас газар олгохдоо ажлын уялдаа холбоогүй газар дээрээ ирж ажиллаагүйн улмаас газар эзэмших эрх олгохдоо замбараагүй төлөвлөлтгүй олгож бидний өмчлөх эрхийг зөрчиж байна. Орц, гарцгүй болчихлоо гэж дүүргийн Газрын албанд удаа гомдол гаргаж, татгалзсан хариу өгч байсан билээ. Орц, гарц хааж хашаагаа барьсан газар эзэмшигч Б.Г******** нь орц, гарц гаргасан гэх бөгөөд тэр нь машин явах боломжгүй зулзаган модтой газар юм. Бид гэртээ очихын тулд зулзаган ой модтой газраар 200-300 метр очин хад чулуу бусад айлын хашаа зэргийг давж байж л өөрийн эзэмшил бүхий газартаа очиж байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл, үер ус, гал түймрийн аюул тулгарахад мэргэжлийн байгууллагын үйлчилгээг шуурхай цаг алдалгүй авах боломжгүй, эмнэлгийн түргэн тусламжийн үйлчилгээг авах бололцоогүй нөхцөл байдалд өнөөдрийг хүртэл амьдарч байгаа болно. Бид удаа дараа эрх бүхий байгууллагаар явж санал гомдол гаргасан боловч үр дүнгүй болж төрийн байгууллагын уялдаа холбоогүй, өөрсдийн хариуцах ажлаа бусад байгуууллага руу чихэж тухайн асуудлыг эзэнгүйдүүлж өнөөдрийг хүргэлээ.

Иймд Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/180 тоот иргэдэд газар эзэмшүүлэх захирамжийн Б*** холбогдох хэсгийг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд орц, гарц гаргахыг даалгаж холбогдох хуулийн дагуу нэхэмжлэлийг шийдэж өгнө үү.” гэжээ.

2. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Орц гарцыг гаргаж өгсөн тохиолдолд нэхэмжлэгчийн зүгээс эвлэрэн хэлэлцэхэд асуудал байхгүй. Чингэлтэй дүүргийн Засаг дарга болон, Газар зохион байгуулалтын  албанд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хангаж орц, гарц гаргахыг даалгах гэсэн нэхэмжлэгчдийн бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны А/180 дугаартай захирамжийн Б холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.

Нэхэмжлэгч нарт 2011 онд газар эзэмших эрх нээгдсэн. Нэхэмжлэгч нар тухайн үед гуравдагч этгээдийн газрыг гудам гэж ойлгож байсан. Гуравдагч этгээд Б******* газар эзэмших эрх шилжүүлэн авч хашаа барих үед орц, гарцын асуудал гарч ирсэн болно. Газар эзэмших эрхийн хүрээнд газрын орц гарцын талаар төрийн эрх бүхий байгууллага хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд үүнийг шийдвэрлэж өгнө үү.” гэв.

3. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Нэхэмжлэгч С.Л********** нь 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр өмчлөгчийн гэрчилгээ, С.Л********** 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр газар өмчлөх гэрчилгээ тус тус авсан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны А/170 дугаар захирамжаар иргэн З.Н******** эзэмшүүлсэн хууль ёсны газрыг гуравдагч этгээд Б 2014 оны А/180 дугаар захирамжаар эрх шилжүүлж авсан байна.

Шүүхэд цугласан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгч нар нь гуравдагч этгээдээс сүүлдэж орц, гарцгүй гэх газрыг өмчилсөн байна. Иймд цаг хугацааны хувьд сүүлдэж ирээд өмнөх эзэмшигчийн эрх ашгийг хөндөж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Манай албаны зүгээс гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн газрын тухайд  торлог буюу сараалжин шигүү ургамал ургаснаас болж нэхэмжлэгч нарын орц, гарц хаагдсан  байгаа юм. Тиймээс газар эзэмшүүлэхдээ орц гарцыг хаасан зүйл байхгүй, газар зохион байгуулалтын мэдээллийн санд тухайн газрын хойд хажуу хэсгээр очоод үзвэл явган хүний зам байгаа нь харагдана.

Газар эзэмшүүлэх эрхийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар газар эзэмшүүлэхтэй холбоотой хууль ёсны эрхийг зөрчихгүй байна гэж үзэж байна. Уг хуулийн заалтыг зөрчин З.Н***** газар эзэмшүүлэхдээ гудамжтай, орц гарц нь нээлттэй гэж мэдээлэл өгөн газар эзэмшүүлсэн үйл баримт байдаг. Газар эзэмшүүлэх эрх олгохдоо бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч нарын газрын орц гарц нь гуравдагч этгээд Б эзэмшил газар нь ертөнцийн зүгээр баруун хойд талын гудамж  хэсгээр зааж өгсөн. Бас зүүн урд хэсэгт гудамж байгаа.

2007 онд анх З эзэмшил газар мөн нэхэмжлэгч нарын газрыг  Мэргэжлийн хяналтын байгууллагаас хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж гаргаж байсныг хайсан ч олдоогүй. Зурагт харагдаж байгаагаар бут, сөөг ургаснаас үүдэн орц гарц хаагдсан харагдаж байгаа хэдий ч үүнийг засаж, залруулах боломжтой юм.” гэв.

5. Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б.А************ миний эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 7-**** тоот байрлах газрыг анх миний сайн таньдаг найз З******* Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 170 тоот захирамжаар эзэмшиж байгаад, 2014 оны А/18* дугаар захирамжаар миний нэр дээр шилжин одоог хүртэлх хугацаанд эзэмшиж байгаа бөгөөд энэ  хугацаандаа 2 удаа модоор хашаа барьсан боловч хулгайд алдагдсан юмаа. Ингээд мөнгө төгрөгний боломжтой болж 2019 онд төмрөн хашаа барьсан байгаа. /2014 онд уг газрын эсрэг талын уулан дээрээс хашаатай байх үеийн авсан фото зургийг хавсаргав/.

Анх тухайн газрыг З авч байхад болон 2014 онд миний нэр дээр шилжих үед эдгээр нэхэмжлэл гаргаад байгаа иргэд С.Л********** тухайн газрыг аваагүй байсан, одоо хашаа барьсан газар нэлээн мод ургасан иргэнд эзэмшүүлэх боломжгүй ойн зурвас газар байсан би тухайн үеийн газрын албаны мэргэжилтэнгээс асуухад танайхаас хойш иргэн газар эзэмшээгүй, эзэмших боломжгүй мод ургасан газар байгаа гэдэг тайлбар хэлж байсан тул манай газар хамгийн хойд талын газар гэсэн ойлголттой байсан бөгөөд 2 жилийн дараа манай хөрш Л******* утсаар холбогдож танай хойно хүмүүс газар авсан шүү гэхээр нь Газрын албанаас манайхаас хойш модтой учраас зөвшөөрөл олгохгүй гэсэн юмдаа гэдгийг хэлж байсан. Энэ хугацаанд би хөрш Г.И********* өөрийн газрыг харуулж байсан ба 2 ч удаа газар дээр гэр барьсан, хашаа барих зэрэг асуудлууд болоход нь очиж бичиг баримтаа үзүүлэн болиулж байсан.

Манай хашааны газрын яг голоор хойно хашаа барьсан айлын автомашин яваад зам гаргасан байсан бөгөөд 2020 онд би хашаагаа барьж эхлэхэд тэр айлын хүн гарч хашаа руу ордог замыг хаалаа гэдэг асуудал ярьсан, би бүх бичиг баримтаа үзүүлээд “манай газраас 2 хашааны цаана хажуугаар буюу 681, 72**б тоот хоёрын голоор танайхаас 50 метр газар албан ёсны орц, гарц нь байнаа энэ нь кадастрын зураг дээр тэмдэглэгдсэн байна, газрын алба танайд зөвшөөрөл олгохдоо мэргэжлийн байгууллагын хувьд заавал орц гарцыг шийдвэрлэж байж танайд олгосон байх ёстой” талаар хэлсэн боловч зөвхөн манай газар дээгүүр гарсан замаараа шууд хашааруугаа орно гээд зүтгээд зөвхөн өөрийн хар амь, эрх ашгийг бодсон зүйл яриад байсан. Тэр хүний яриагаар бол би тухайн зам гарсан хэсгийг чөлөөлөөд миний эзэмшил газар 2 тусдаа хашаа барих байдлаар яриад байсан. Тэр иргэн ч бас гомдол гаргасан байх хороо газрын алба зохион байгуулаад дээрх зурагт заагдсан байсан 681, 72*б-ийн хооронд гарц орцыг трактороор түрүүлээд машин явахад ямар ч саадгүй болгон тогтмол цэвэрлэн өнөөдрийг хүртэл дээшээ уул руу салхинд гарах гэх мэт иргэд чөлөөтэй явж байгаа. /гарцны фото зураг хавсаргав/

Дээрх иргэн гаргасан нэхэмжилдээ тухайн орчны кадастрын тойм зургийг тусгаагүй зөвхөн манай хашаатай холбоотой зургийг оруулсан нь дээрх орц гарц нь харагдахгүй байна. Тухайн орчны тойм зураг, мөн иргэн Ганзоригийн газрын кадастрын зураг дээр дээрх орц гарц чөлөөтэй харагдаж байгаа энэ орц гарц нь тухайн нэхэмжлэл гаргаад байгаа иргэний хашаанаас 2 айлын хашаа буюу 50 метр зайтай, мөн ямар ч бартаа саадгүй байгаа болно. /иргэн Л.Г******** газрын кадастрын зургийг хавсаргав./

Би тухайн газар эзэмшихдээ хэний ч эрхийг зөрчөөгүй бөгөөд кадастрын зургаар олгогдсон газраа хойд талаас нь 9 м, зүүн хойд үзүүр урд талаас нь 9,5 м дотогшоо татаж /зүүн урд үзүүр нь сунасан байдалтай гудамжийг хаах гээд байсан тул/ хашаагаа барьсан нь тухайн гудамжинд амьдарч байгаа хөрш бусад айлын эрх ашгийг хүндэтгэсэн үйлдэл юмаа. Энэ асуудлыг тухайн нэхэмжлэл гаргаад байгаа залуу өөрөө мэдэж байгаа бөгөөд барьсан байсан хашаагаа буулгаад дотогш татаж байхад гэрээсээ гарч ирээд надтай уулзаад энэнээс дотогш татвал чиний байшин барилга барьж болох ашигтай талбай чинь багасах юм байна энэ хашааны гадна ургаж байгаа модлог зүйлсийг авч өг гэхээр нь манай хашааны гадна байгаа юм чинь би наадуулыг чинь авахгүй гэдгээ хэлсэн Газрын алба болон холбогдох газруудад хэлж янзлуулахаар болоод хоцорсон үүнээс хойш дахин надтай холбогдож гарц гаргах талаар яриагүй байж нэхэмжлэл гарган шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаад харамсаж байна. Энэ асуудлыг иргэд бид хоорондоо ярьж тохироод дүүргийн Газар зохион байгуулалтын алба л шийдчих асуудал юмаа.

Манай хашааны хойд талын 91б тоотод амьдардаг иргэний хашааны хаалга нь манай хашаа руу харсан байдалтай бөгөөд манай хашаа тэдний хашаа 2-ын хооронд баруун талаараа 19 м зүүн талаараа 15 м-ийн зайтай модлог зүйлс ургасан зурвас байгаа. /зуны улиралд бүх өвс ногоо цэцэглээд тухайн зурвас өндөр ургасан модтой мэт харагдаж байгаа одоогийн орчны фото зургийг хавсаргав./

 Иргэн Б.А*********** би хөрш оршин суугч иргэдийн эрх ашгийг зөрчсөн асуудал гаргаагүй бөгөөд тухайн газрыг Монгол Улсын иргэнийхээ хувьд хуулийн дагуу эзэмшиж байгаагаа тайлбарлаж байна” гэжээ.

6. Гуравдагч этгээд шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талтай 2022 оны 03 дугаар сарын 29-нд уулзсан байдаг. Түүнээс өмнө нэхэмжлэгч С.Л********** маргаан бүхий газар дээр очиж уулзаад газрын зүүн хойд хэсгийн хашаагаа татаад орц гарц гаргая гэсэн саналд хүрсэн. Үүний дараа миний бие нь энэ тал дээр ойлголцож тохиролцсон гэж ойлгож байсан.

2007 онд анх уг газрыг миний найз болох З авч, хашааг хамт барилцаж байсан. Үүний дараагаар 2014 онд миний бие тухайн газрыг өөрийн нэр дээрээ шилжүүлэн авч байсан. Тухайн үед нэхэмжлэгч С.Л********** нь газар аваагүй байсан. 2007 онд баригдсан хашаа нь нурсан тул 2014 онд дахин хашаа барьсан хэдий ч газар дээрээ тогтмол очиж чадаагүйн улмаас хашаагаа алдсан. Өөрийн эзэмшил газар дээрээ тогтмол очиж байгаагүйн улмаас хашаан дотуур зам гаргаж машин явсан, өөр хүмүүс эзэнгүй газар байна гэж бодон хашаа барьсан байсныг тус дүүргийн Засаг даргад хандан газар дээр баригдсан хашааг буулгаж байсан болно. Үүний дараа нэхэмжлэгч С.Л********** нь газар эзэмшиж хашаалсан, газар дээрээ ирсэн ч орц, гарцын тухайд маргаан үүссэн учир шүүхэд гомдол гаргасан. Энэ үед миний бие өөрийн газар дээрээ хашаа барих үйл ажиллагааг эхэлж байсан бөгөөд өөрийн эзэмшил газрын урд хэсгийн хашааг татан хасаж өгсөн байгаа.  Хэсэг хугацаанд газар дээрээ очоогүй байж байгаад очиход маргаан үүссэн байгааг мэдсэн. Нэхэмжлэгч С.Л********** нартай өөрсдийн эзэмшил газар дээрээ очоод хашааны баруун хойд талаас 3 метрийн хэмжээтэй хойшоо хасахад болох юм байна гэж ярилцаад тохиролцсон гэж ойлгож байсан.

Маргаантай байгаа асуудалд миний зүгээс эвийн журмаар асуудлыг шийдвэрлүүлж, заавал шүүхийн байгууллага биш өөрсдөө ярилцаж тохиролцоод зохицуулж болох асуудал гэсэн байр суурьтай байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С,Л********* С.Д********нар нь тэдгээрийн өмчлөлийн газрын орц, гарцыг хаасан гэх үндэслэл зааж Б.Х***** газар эзэмших эрхийг шилжүүлэн эзэмшүүлсэн Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/180 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, орц, гарц гаргахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулахаар нэхэмжлэл гаргаж маргасан бөгөөд хэрэгт хуульд заасан журмаар цуглуулж, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нарын орц, гарцыг хаасан гэх маргаанд хамаарах Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Зүрх-Уулын 7 дугаар гудамж 6 ***тоотод хаягтай 700 м.кв газрыг анх иргэн З 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гаргасан хүсэлтээр Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2008 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 17* дугаар захирамжаар түүнд эзэмшүүлж, нэгж талбарын 1863931975**** дугаарт бүртгэсэн, газар эзэмшигч З****** иргэн Б****** нарын хүсэлтээр маргаан бүхий акт болох 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/180 дугаар захирамжаар Б газар эзэмших эрхийг шилжүүлсэн байдаг. Уг газрын мэдээллийн сан дахь кадастрын зурагт анх 2008 онд эзэмшүүлснээс хойш өөрчлөлт ороогүй бөгөөд гуравдагч этгээд Б****** нь газрын хойд хэсгээс буюу эргэлтийн 3, 4 дэх цэг бүхий хэсгийг дотогш татаж олгогдон хэмжээнээс дутуу хашаалсан байна.

Нэхэмжлэгч нарын тухайд, С,Л********* нь нэгж талбарын ******** дугаартай газрын өмчлөх эрхийг 2016 оны 1 дүгээр сарын 28-нд эрхийн улсын бүртгэлийн Г-2202011**** дугаарт, С нэгж талбарын ********* дугаартай газар өмчлөх эрхийг 2015 оны 5 дугаар сарын 05-нд эрхийн улсын бүртгэлийн Г-********* дугаарт тус тус бүртгүүлсэн.   

Мадээллийн сан дахь кадастрын болон агаарын зургаас үзвэл нэхэмжлэгч С,Л********* С.Д********   нарын газар нь 2 орц гарцтай, тодруулбал зүүн тийш гуравдагч этгээд Б,А******** газрын баруун, баруун хойд талаар, мөн зүүн талынхаа гудмаар урагш яваад 68** тоот хашааны урдуур зүүн тийш гарахаар орц гарц байх бөгөөд шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч С,Л********* С.Д********  нарын 740*, 74* тоот газар нь 74*д тоот газартай нэг хашаанд байрладаг, гуравдагч этгээд Б баруун, баруун хойд талын гудам нь торлог ургаснаас машин замгүй, явган хүний замтай, харин нэхэмжлэгч нарын газрын зүүн тал болон Б гудамжны 6** тоот айлын урдуур машин зам бүхий гудамтай буюу орц гарцтай болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нар нь зүүн талынхаа гудмаар урагш яваад 681 тоот хашааны урдуур зүүн тийш гудмаар гардаг орц гарцын тухайд 6** тоот хашааны зүүн урд талын гудмын эргэлт бүхий хэсэгт налуугаас шалтгаалж бороо, цастай үед гулгаа үүсдэг тул машинаар зорчиход хүндрэлтэй байдаг гэж тайлбарладаг ч энэ нь тэдгээрт газар эзэмшүүлж, өмчлүүлэхээс өмнө эзэмших эрх олгогдсон газрын эзэмших эрхийг хүчингүй болгох замаар орц гарц гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нарын зүүн тийш гуравдагч этгээд Б газрын баруун, баруун хойд талаар гарах орц гарц бүхий гудманд байгалийн жамаараа торлог ургаснаас машинаар зорчих боломжгүй болсон нь мөн л гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. 

Иймд дүүргийн Газар зохион байгуулалтын алба гуравдагч этгээдэд газар эзэмших эрх шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3-т заасан “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, чиг үүргээ хэрэгжүүлсэн, нөгөөтэйгүүр гуравдагч этгээд нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх үүргээ зөрчөөгүй буюу нэхэмжлэгч нарын өмчлөлийн газрын орц гарцыг хаагаагүй, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн аливаа үйлдэл гаргаагүй байна.    

Ийнхүү 2008 онд З эзэмших эрх олгогдсон 684 тоот газрын эзэмших эрхийг Б 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/1** дугаар захирамжаар шилжүүлж шийдвэрлэхдээ Чингэлтэй дүүргийн Засаг дарга нь нэхэмжлэгч нарын орц гарцыг хаагаагүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.3, 35 дугаар зүйлийн 35.3.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч С,Л********* С.Д********  нарын гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/1** дугаар захирамжийн Б.А******* холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, орц, гарц гаргахыг Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанд даалгуулах”  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА