Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0749

 

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2025/0749

Улаанбаатар хот

                                 

 

ДИЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б;

 

Нэхэмжлэгч: “ДИЭ” ХХК

Хариуцагч: “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, мөн компанийн Тендерийн үнэлгээний хороо;

Гуравдагч этгээд: “ХС” ХХК

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 616 дугаартай;

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, А.Д нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 128/2025/0668/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ДИЭ” ХХК-иас “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК, мөн компанийн Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдуулан ““Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн тендерийн Үнэлгээний хорооны ДЦС/20201021ХХ дугаартай Дотоодын цутгуурын эд анги нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн тэмдэглэл, шийдвэр тендерийг хянан үзэх, үнэлэх ажиллагаа хууль бус болохыг тогтоолгож, “ДИЭ” ХХК-ийг тендерт шалгаруулалтад шалгаруулаагүй 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/1287 дугаар мэдэгдлийг хүчингүй болгуулах, “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-иас зарласан Дотоодын цутгуурын эд анги нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтаар “ДИЭ” ХХК-ийн тендерийг дахин хянан үзэх, үнэлгээ хийхийг Захиалагч болон Тендерийн Үнэлгээний хороонд даалгуулах, “ХС” ХХК-ийг шалгаруулсан захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, захиалагчтай байгуулсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Д/2025/2ХХ дугаар “Дотоодын эд анги нийлүүлэх гэрээ”-г илт хууль бус болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 616 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 50 дугаар зүйлийн 50.2, 50.2.1, 50.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “ДИЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч “ДИЭ” ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байгаа бөгөөд шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн үнэлж үзэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

 

3.1. Анхан шатны шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.4.4-т “...Иймд Үнэлгээний хороо 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хуралдаж, “ХС” ХХК нь хэдийгээр өмнө нийлүүлж байсан ижил төстэй бараа материалын лабораторийн шинжилгээний бичгийг ирүүлээгүй боловч

нэгдүгээрт, эрчим хүчний салбарын өндөржүүлсэн бэлэн байдал,

хоёрдугаарт, тендерт дахин дахин гомдол гарч хугацаа их алдсан тул алхан бутлуурын алхны нөөцгүй болж станцын үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэлтэй нөхцөл үүссэн,

гуравдугаарт, засварын хугацаа хэтэрсэн, өвөлжилтийн бэлтгэл ажил шахагдаж байгаа,

дөрөвдүгээрт, 2024 онд "ХС" ХХК нь шаардлага хангасан алх нийлүүлж байсан бөгөөд нийлүүлж байсан алхны металлын шинжилгээний акт нь манай станцын Металл судлал гагнуурын лабораторийн архивт хадгалагдаж байсныг гаргуулан авч хянан үзсэн" гэх хариуцагчийн тайлбарыг шүүх хууль бус гэж үзээгүй" гэж,

3.4.5-д “Тодруулбал, хариуцагч Үнэлгээний хороо нь гуравдагч этгээд “ХС” ХХК-ийн өмнө тендерт нийлүүлсэн барааны тодорхойлолт"-ыг өөрт байгаа баримтаас гаргуулан авсан нь одоо тендерээр нийлүүлэх барааг шаардлагад нийцэх эсэх асуудлын үндэслэл шууд болохгүй, энэ нь шударга өрсөлдөөнийг хязгаарласанд хамаарахгүй гэж дүгнэж байна" гэж, мөн Үндэслэх хэсгийн дүгнэлтийн;

3.4.6 дахь хэсэгт “...Өөрөөр хэлбэл, Сангийн Яамны 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/6710 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичигт “ХС” ХХК-ийн ирүүлсэн тендерийг "...өмнө нийлүүлсэн бараа материалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, туршилтын тайлан гэсэн шаардлагад нийцэх эсэхийг захиалагч хянаж үзээгүй байна" гэж үзээд "хянан үзэхийг даалгаж" шийдвэрлэсний дагуу хариуцагч Үнэлгээний хороо нь "ХС" ХХК-ийн өмнө нийлүүлсэн алхны металлын шинжилгээний акт Металл судлал гагнуурын лабораторийн архивт хадгалагдаж байсныг гаргуулан авч үнэлгээндээ харгалзан үзсэн нь хууль зүйн зөрчил биш гэж үзлээ" гэж тус тус дүгнэсэн нь хуульд нийцэхгүй буюу хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт болсон төдийгүй нэг талыг баримталсан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь шүүхийн дүгнэснээр болон хариуцагч "Дулааны 4-р цахилгаан станц" ТӨХК, компанийн Үнэлгээний хорооны үзсэнээр өмнө нь "ХС" ХХК-ийг манайд алх нийлүүлж байсан гэж үзээд өөрт байгаа баримтаар буюу Металл судлал гагнуурын лабораторийн архивт хадгалагдаж байсныг гаргуулан авч тус компанийг шалгаруулсан" гэж үзэж, дүгнэж байгаа бол "тендер" гэж зарлах шаардлагагүй бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолт гэсэн бичиг баримтад дурдаж шаардах ёсгүй ба тендер гэж зарлаж баахан тендерт оролцогч этгээдүүдийг оролцуулан зардал чирэгдэл учруулах шаардлагагүй, төр хариуцлагатай байх зарчмыг зөрчсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Шүүх ийнхүү дээрх байдлаараа дүгнэснээр шударга бус байдлыг өөхшүүлсэн, бодит үнэнд нийцэхгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Түүнчлэн, үнэхээр станцын үйл ажиллагаанд доголдол гарах эрсдэлтэй нөхцөл үүссэн, өвөлжилтийн бэлтгэл ажил шахагдаж байгаа энэ нөхцөлд тендерийн бичиг баримтад нийцсэн тендер оролцогчийг шалгаруулах нь хууль болон тендер шалгаруулалтын баримт бичигт нийцэх ба компанийн Үнэлгээний хороо нь тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг шударгаар явуулаагүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 26.4.2, 26 дугаар зүйлийн 26.9, 59 дүгээр зүйлийн 59.10, Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1, 98 дугаар зүйлийн 98.1, 98.2 дахь заалтуудыг зөрчсөн, дээд шатны байгууллагын шийдвэрийг биелүүлэх хуульд заасан үүргээ зөрчсөн байхад шүүхээс "ХС" ХХК-ийг шалгаруулсан нь хуульд нийцсэн гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-т “...лабораторийн шинжилгээ, туршилтын тайлан...”-г ирүүлэхээр шаардсан атал гуравдагч этгээд “ХС” ХХК нь тухайн тендер шалгаруулалтын үед холбогдох баримт бичгийг өгөөгүй атал шүүхийн маргаан эхлэхэд холбогдох өмнөх оны лабораторийн шинжилгээг ирүүлсэн байх ба хариуцагч "Дулааны 4-р цахилгаан станц" ТӨХК, компанийн Үнэлгээний хорооноос энэхүү лабораторийн шинжилгээг тайлбарлахдаа өмнө нь манай компанид алх нийлүүлж байсан тул холбогдох шинжилгээг архиваас татаж, үнэлсэн гэсэн тайлбарыг шүүх үнэлж, захиалагч болон Үнэлгээний хорооны шийдвэрийг зөв гэж үзсэн нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй бөгөөд тендер оролцогчдын тэгш, шударгаар өрсөлдөх эрхийг зөрчсөн шийдвэр болсон гэж үзэж байна. Мөн "ХС” ХХК нь туршилтын тайлан ирүүлээгүй байхад Захиалагч болон Үнэлгээний хороо хуульд нийцсэн тендер гэж үзэж ялагчаар тодруулсан нь шударга бус, Үнэлгээний хороо тендер хянан үзэх, үнэлэх ажиллагаа хангалтгүй, хууль бусаар үнэлсэн байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй юм.

3.2. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 3.5, 3.5.1 дэх дүгнэлтэд дурдсанаар “...төмөрлөг боловсруулах цехтэй гэдэг нь нотлогдож байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Учир нь тендер шалгаруулалтын баримт бичгийн ТШЗ 20.1-д “оролцогч цутгуурын эд анги хийдэг өөрийн цутгуурын болон механик цехтэй байх.." шаардлагыг тавьсан бөгөөд гуравдагч этгээд “ХС” ХХК нь өөрийн цутгуурын механик цехтэй талаарх нотлох баримтыг тендерийн баримт бичиг өгөөгүй атал өөрийн механик цехтэй гэж шүүхээс дүгнэсэн нь мөн хуульд нийцэхгүй шийдвэр болсон байна. Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлага хангасан байх тул хэвээр үлдээж шийдвэрлэв.
  2. Хэргийн үйл баримтын тухайд:
    1. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны ДЦС/20201021ХХ дугаар “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг анх 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр зарлан, 03 дугаар сарын 11-ний өдөр нээж, уг тендер шалгаруулалтад “ДИЭ” ХХК, “ХС” ХХК, “Б” ХХК, “Г-О” ХХК гэсэн 4 хуулийн этгээд оролцсоноос 03 дугаар сарын 13-ны өдрийн Үнэлгээний хорооны хурлаар тендерийг үнэлж, “ХС” ХХК-ийг шалгаруулсан байна.
    2. Уг тендер шалгаруулалтыг эс зөвшөөрч нэхэмжлэгч “ДИЭ” ХХК нь Сангийн яаманд гомдол гаргасны дагуу гомдлыг хянаад 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 02/2544 дугаар албан бичгээр “...“ХС” ХХК тендерт санал болгож байгаа барааг захиалагчийн техникийн тодорхойлолттой харьцуулж үнэлэх боломжтой байдлаар ирүүлээгүй...” гэсэн үндэслэлээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгосны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр тендер шалгаруулалтын үнэлгээг дахин үнэлж, шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн үндэслэлээр захиалагч бүх тендерээс татгалзаж, 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаар тендер дахин зарлахтай холбоотойгоор тендерийн өгөгдлийн хүснэгтэд өөрчлөлт оруулсан байна.
    3. Үүний дараа 2 дахь тендер шалгаруулалтыг 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр нээж, “ДИЭ” ХХК, “ХС” ХХК, “Б” ХХК-иуд оролцож, Үнэлгээний хороо 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлаар  “Б” ХХК-ийн тендерийг эрэмбэлсэн үнийн бага дүнгээр хамгийн сайн тендерээр шалгаруулсан боловч Сангийн яамнаас 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02/5576 дугаар тендер шалгаруулалтыг “...түргэн хөрвөх хөрөнгө шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн “захиалагчийн шийдвэр үндэслэлгүй” гэж үзжээ.
    4. Ингэснээр захиалагч дахин 3 дахь удаа тендер шалгаруулалтыг үнэлэхээр 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж, “ХС” ХХК-ийг шалгаруулсан боловч ….. Сангийн яамнаас 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 02/6710 дугаар албан бичгээр “...ТШЗ 20.1-д заасан “...нотлох баримт (...өмнө нийлүүлсэн бараа материалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, туршилтын тайлан) гэсэн шаардлагад нийцэх эсэхийг “захиалагч хянаж үзээгүй” гэсэн үндэслэлээр тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийхээр даалгасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Үнэлгээний хороо хуралдаж “ХС” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулж, тус хуулийн этгээдтэй 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Д/2025/2ХХ дугаар гэрээг байгуулсан байна.
  3. Хууль зүйн үндэслэлийн тухайд:
    1. “Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц” ТӨХК-ийн Тендерийн үнэлгээний хорооны ДЦС/20201021ХХ дугаар “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтыг нийт 3 удаа зохион байгуулахдаа 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээний хорооны хурлаар тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.12-т “Тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай бүрд цахим системийн холбогдох хэсэгт өөрчлөлтийг тусгана.” гэж зааснаар шинэчлэн боловсруулсан тендерийн баримт бичигтээ:

-ТШЗ 20.1-т “Оролцогч цутгуурын эд анги хийдэг өөрийн цутгуурын болон механик цехтэй байх, ...” гэж;

-оролцогчийн туршлагыг харуулах 2023, 2024 оны гүйцэтгэсэн ижил төстэй бараа нийлүүлсэн, үйлчилгээ үзүүлсэн гэрээний талаар ...бэлтгэсэн мэдээлэл, нотлох баримт (гэрээ, гэрээ дүгнэсэн акт, өмнө нийлүүлсэн бараа материалын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ, туршилтын тайлан) гэж;

-Бараа материалын тодорхойлолт хэсэгт алхны хатуулаг НВ 190-228 байхаар техникийн тодорхойлолтыг;

-ТШЗ 17.4-т “Тендер нээх эцсийн хугацаанаас өмнө загвар, дээж ирүүлэх эсэх: “Тийм”. 1002010101 нөөцийн дугаартай бутлагчийн алх 1 ширхгийг тендер нээхээс өмнө станцад авчирч станцын МСГЛ-т ирүүлсэн дээжид техникийн тодорхойлолтод заагдсаны дагуу шалгаж үзнэ” гэж тусгасан.

Уг шинэчлэн боловсруулсан тендерийн баримтыг тендерт оролцогч нар хүлээн зөвшөөрч тендерт оролцсон байх бөгөөд тендер шалгаруулалтыг нээхээс өмнө Эрчим хүчний нэгдсэн лабораторийн “Метал судлал гагнуурын лаборатори (цаашид МСГЛ гэх)-т “ДИЭ” ХХК, “ХС” ХХК, “Б” ХХК-иудаас ирүүлсэн дээжүүдэд шинжилгээ хийхэд нэхэмжлэгч “ДИЭ” ХХК-ийн дээж хатуулгын хэмжээ техникийн тодорхойлолтод нийцээгүй, үлдэх 2 хуулийн этгээдийнх нийцсэн байна. /хх-ийн 66, 67/

3.2. Тендер шалгаруулалтын баримт бичгийн 1-д заасан алхны техникийн тодорхойлолтод “Гангийн хатуулаг, НВ: 190...229” байхаар заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан “ХС” ХХК-ийн алх /бутлуурын алх/-ны сорьцийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Эрчим хүчний нэгдсэн лабораторийн сорилтын дүнгийн хуудаст “гангийн хатуулаг, НВ: 222” гээд “...бутлуурын алхны ... дээжид хийсэн хатуулаг болон химийн найрлагын шинжилгээний дүнгээс үзвэл 110Г13Л маркийн гангийн техникийн үзүүлэлттэй дүйцэхүйц байна” гэж дүгнэсэн. /хх-ийн 44,45/

Харин нэхэмжлэгч “ДИЭ” ХХК-ийн алхны дээжид хийсэн лабораторийн хэмжилтээр “Дундаж утга 123 НВ” гэсэн дүгнэлтэд үндэслэн “техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй” гэж үзэн, тендерээс татгалзаж энэ талаар хариуцагч 2025 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 01/1287 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн мэдэгдлийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3.3. Тодруулбал, Үнэлгээний хорооны 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн хурлын тэмдэглэлд “...ирүүлсэн дээжийг бүртгэн авч, гадна үзлэг хийж, ДЦС-4 ТӨХК-ийн металл судлал гагнуурын итгэмжлэгдсэн лабораторид металлын химийн найрлагын шинжилгээ, хатуулгийн хэмжилт хийлгэсэн. Тайлан №12606/25-2025.05.21 “ДИЭ” ХХК-ийн ирүүлсэн алхны металл шинжилгээний тайлангийн дүгнэлтэд “шинээр нийлүүлэх алхан бутлагчийн алхны дээж нь химийн найрлагын шинжилгээгээр 110Г13Л маркийн ган байгаа боловч хатуулгийн хэмжилтийн үр дүн нь техникийн тодорхойлолт дахь үзүүлэлтээс бага байна” гэж алхны дээж шаардлага хангахгүй гэж үзэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн тендерээс татгалзжээ.

3.4. Мөн Үнэлгээний хорооны 2025 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар тус хорооны гишүүдийн 100%-ийн саналаар “ХС” ХХК-аас ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.2, Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх”, 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;” гэж заасантай нийцжээ.

3.5. Түүнчлэн ДЦС4/20250102144 дугаартай “Дотоодын цутгуурын эд анги” нийлүүлэх нээлттэй тендер сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу явуулж, гуравдагч этгээд “ХС” ХХК-ийг хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосны дагуу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Д/2025/2ХХ дугаартай “Дотоодын эд анги нийлүүлэх” гэрээ байгуулсан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д заасныг зөрчөөгүй байна.

3.6. Энэ талаар анхан шатны шүүхийн “...нэхэмжлэгч ДИЭ ХХК тухайн үедээ маргаагүй, дахин зарласан тендер шалгаруулалтад оролцохдоо алхны дээжээ ирүүлсэн байгаагаас үзвэл, тус компани нь дээж ирүүлэх шаардлага тогтоосныг болон захиалагч өөрийн лабораторидоо дээжид шинжилгээ хийхийг мэдсэн бөгөөд зөвшөөрч тендерт оролцсон гэж үзэх тул ...захиалагчаас тендерийн баримт бичигт зааснаар тендерт оролцогчийн ирүүлсэн алхны дээжийг өөрийн лабораторид шинжилж, лабораторийн үр дүнг нь шалгуур болгохыг зөвшөөрсөн гэж үзнэ...” гэсэн дүгнэлт үндэслэлтэй.

3.7. Үнэлгээний хорооны хуралдаанаар “...Дотоодын цутгуурын эд анги нээлттэй тендерийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр анх зарлаж байсан. Хоёр ч удаагийн гомдол гарсан тул хугацаа их алдлаа. Засварын ажлын хугацаа хойшилж, алхан бутлуурын сэлбэг нөөцгүй болсны улмаас станцын үйл ажиллагаанд доголдол үүсэх эрсдэл бүрдээд байна. Дээр нь ДЦС-3 ТӨХК-д гарсан осолтой холбоотойгоор эрчим хүчний салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа...” гэснээс үзэхэд хугацаа алдсанаас “ДЦС-3” ТӨХК-ийн үйл ажиллагаа зогсоход хүрч үүний улмаас нийтийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхөд хүрсэн байна.

3.8. Дээрхээс үзэхэд, маргаан бүхий тендер шалгаруулалтыг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгч “ДИЭ” ХХК-ийн тендер нь “ТШЗ 17.4-д заасны дагуу ирүүлсэн алхны дээж нь техникийн тодорхойлолтын шаардлагад нийцээгүй болох нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон, алхны хатуулгын хэмжээ техникийн тодорхойлолт дахь НВ 190-229 байхаас НВ 122-124 байсан нь хүлээн зөвшөөрөхүйц чанар стандартын шаардлага хангаагүй” болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагчийн шийдвэрүүд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул тендерийг дахин хянан үзэх, үнэлгээ хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй.

3.9. Иймд “ДИЭ” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШШ2025/0616 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                             Ц.ОДМАА

ШҮҮГЧ                                                                   С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА