Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0019/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
    
Улсын яллагч:                 Я.Сансар,
Нарийн бичгийн дарга:             А.Цэрэндулам,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:         Д.Оюунцэцэг, 
Шүүгдэгч:                     У.Должинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн У.Должинсүрэнд холбогдох  201623000348 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өргөөгийн 6а-2 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогтой Удвалсүрэнгийн Должинсүрэн /РД:СЭ94101001/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/
Шүүгдэгч У.Должинсүрэн нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 6а-2 тоотод оршин суух иргэн У.Должинсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн Ж18 тоотод оршин суух иргэн Б.Анхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь  хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг холбогдсон. 
                                            
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   
Хохирогч Б.Анхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 4 дүгээр баг “Тосообын байр”-нд байдаг найз Оюун-Эрдэний гэрт нийт тавуулаа 0,75 граммын шар чингис нэртэй архи уугаад сууж байтал орой 20 цагийн алдад гаднаас нэг эмэгтэй нэг найзын хамт хүүхдээ дагуулаад орж ирсэн. Тэгээд тухайн эмэгтэй орж ирээд хэн утасны цаанаас томроод байсан бэ гэсэн чинь гэрт байсан хүмүүсээс хэн ч дугараагүй ээ. Тэгээд нөгөө эмэгтэй намайг чи утасны цаанаас томроод байсан уу гэх зэргээр уурлаад байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг чи харанхуй шөнө айлын гэрт охин хүүхдээ дагуулчаад архи уух гэж байхаасаа ичээч янхан минь гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй надруу ирээд намайг үстсэн тухайн үед Оюун-Эрдэнэ нэг найзын хамт салгасан. Тэгээд би сууж байтал нөгөө эмэгтэй шалан дээр байж байсан нэг аягыг аваад надруу шидэх үед тухайн аяга нь миний уруулыг оносон. Тэгээд миний уруулнаас цус гараад гэрт байсан хүмүүсээс нэг нь цагдаагийн газар болон эмнэлэгийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Тэгээд эмнэлэгийн байгууллага намайг эмнэлэг авч яваад миний дээд урууланд зургаан оёдол тавьсан. Тэгээд оёдол тавиад дууссаны дараа цагдаагийн хамт нөгөө айлд буцаад очиход нөгөө надруу аяга шидсэн эмэгтэй байхгүй байсан. Тэгээд Оюун-Эрдэнээс асуухад Оюун-Эрдэнэ сая надтай уулзчаад явлаа нэг цагаан өнгийн пробокстой явж байсан гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар тухайн машинтай явж байхад нь бариад цагдаагийн газар авчирсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 15-17хуу/, 
Гэрч Г.Оюун-Эрдэний мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдөр Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах гэртээ найз Анхбаяр болон  Анхбаярын найзуудтай архи уусан. Тэгээд архи ууж байгаад би арван жилийн нэг ангийн найз болох Должинсүрэн рүү залгаад манайд хүрээд ир гэсэн. Тэгээд Должинсүрэн манайд найз Азаа болон хүүхдийн хамт ирсэн. Тэгээд орж ирээд сая намайг утсаар ярьж байхад утасны цаанаас хэн янхан минь гээд орилоод байсан бэ гээд уурлаад байсан. Тэгээд бид хэд юм дугараагүй. Тэгсэн чинь Анхаа эгч Должинсүрэнг чи хүүхдээ дагуулаад архи уугаад явахаасаа ичээч гэж хэлсэн. Тэгсэн чинь Должинсүрэн анхаа эгч рүү аяга шидээд Анхаа эгчийн нүүрлүү нь оносон. Тэгээд Должинсүрэн найзаа дагуулаад явсан. Тэгсэн чинь Анхаа эгч уруул сэтэрсэн байна эмнэлэг дуудаад өг гэсэн. Тэгээд би эмнэлэг дуудаад Анхаа эгч эмнэлэг ороод буцаад ирэхдээ урууландаа оёдол тавьсан мөн үүдэн шүд нь хугарсан байдалтай байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19хуу/, 
Гэрч М.Аззаяагийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 6а-2 тоотоос Должинсүрэнг охиных нь хамт дагуулаад Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 7-1 тоотод гэртээ аваачиж хамт хонох гэж байсан. Тэгээд харих гээд явж байтал Должинсүрэн арван жилийнхээ найз болох Оюунаа гэх хүнтэй утсаар яриад байсан. Тэгээд ярьж дуусаад хоёулаа харих замаараа Оюунаагийн гэрээр ороор гарья гээд Хэрлэн сумын 4 дүгээр багт байрлах “Тосообын байр”-нд очсон. Тэгээд би болон Должинсүрэн хүүхэдтэйгээ ортол Оюунаагийн гэрт Оюунаа гэх найз нь Анхаа гэх эмэгтэйтэй мөн гадны гурван залуу байсан. Тэгээд байж байтал Анхаа гэх эмэгтэй манай найз Должинсүрэнг чи шөнө орой хүүхдээ дагуулаад архи уугаад янхандаад явах юм гэж хэлсэн. Тэгээд Должинсүрэн Анхаа хоёр хоорондоо маргалдсан. Тэгэхээр нь би Должинсүрэнгийн охиныг аваад нөгөө өрөөрүү нь орж байж байгаад эргээд нөгөө өрөөрүү ортол Анхаа гэх эмэгтэйгийн уруул орчмоос цус гарсан байдалтай байж байсан. Тэгээд би юу болсон юм яав гэж асуутал гэрт байсан хүмүүс Должинсүрэн Анхаа луу аяга шидсэн гэж хэлж байсан гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-21хуу/ 
Шүүгдэгч У.Должинсүрэнгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар баг Өргөөгийн 6а-2 тоот гэрээсээ охин Уянга найз Аззаяагийн хамт Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэнгийн 7-1 тоотод найз Аззаяагийнд хонох гээд явж байсан. Тэгсэн чинь манай арван жилийн найз Оюун-Эрдэнэ залгаад чи хаана байгаа юм завтай бол манайд хүрээд ир гээд би заваараа Хэрлэн сумын 4 дүгээр баг “Тосообын байр”-нд байдаг найз Оюунаагийнд очсон. Тухайн үед Оюунаа надруу залгаад ярих үед Оюунаагийн утасны цаанаас үл таних эмэгтэй хүн янхан минь хүрээд ир гээд хэлээд байсан. Тэгээд би гэрт ороход Оюунаагийн гэрт таван найз нь байж байсан. Тэгээд би Оюунаатай юм яриад байж байтал Анхбаяр гэх эмэгтэй шөнө орой болсон хойно хүүхдээ дагуулаад янхандаад яваад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи намайг тэгж явж байхыг харсан юмуу гээд нөгөө эмэгтэйг цохисон. Тэгээд намайг цуг байсан нэг найз нь салгасан. Тэгээд нөгөө эмэгтэй нэг найзынхаа араас намайг үг хэлээр доромжилоод байхаар нь би газар байсан аягыг аваад нөгөө эмэгтэйрүү шидсэн. Тэгээд манай хүүхэд уйлаад байхаар нь найз  Аззаяаг дагуулаад тухайн айлаас гараад гэрлүүгээ харисан. Тэгээд гэртээ байж байтал Оюунаа надруу залгаад Анхаа цагдаа дуудна гэж байна чи хүрээд уулз гэхээр нь би хүүхдээ гэртээ үлдээчихээд нөгөө айлруу буцаад очсон чинь Анхаа гэх эмэгтэйг эмнэлэг ирээд аваад явсан байсан гэсэн мэдүүлэг.
Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01 дугаартай ...Б.Анхбаярын биед дээд уруулын зүсэгдсэн шарх, баруун дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо,
Дээрх гэмтлүүд нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт. /хх-ийн 23хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 34хуу/
Хэрлэн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлол. /хх-ийн 36хуу/ зэрэг болно.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч У.Должинсүрэнд холбогдуулан эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар ял сонсгон яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч У.Должинсүрэн нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэн Б.Анхбаяртай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж биед нь  хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь: 
Хохирогч Б.Анхбаярын “...Тэгээд нөгөө эмэгтэй намайг чи утасны цаанаас томроод байсан уу гэх зэргээр уурлаад байсан. Тэгэхээр нь би тухайн эмэгтэйг чи харанхуй шөнө айлын гэрт охин хүүхдээ дагуулчаад архи уух гэж байхаасаа ичээч янхан минь гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй надруу ирээд намайг үстсэн тухайн үед Оюун-Эрдэнэ нэг найзын хамт салгасан. Тэгээд би сууж байтал нөгөө эмэгтэй шалан дээр байж байсан нэг аягыг аваад надруу шидэх үед тухайн аяга нь миний уруулыг оносон ...” гэх мэдүүлэг, гэрч Г.Оюун-Эрдэний “...Тэгээд орж ирээд сая намайг утсаар ярьж байхад утасны цаанаас хэн янхан минь гээд орилоод байсан бэ гээд уурлаад байсан. Тэгээд бид хэд юм дугараагүй. Тэгсэн чинь Анхаа эгч Должинсүрэнг чи хүүхдээ дагуулаад архи уугаад явахаасаа ичээч гэж хэлсэн. Тэгсэн чинь Должинсүрэн анхаа эгч рүү аяга шидээд Анхаа эгчийн нүүрлүү нь оносон ...”  гэх мэдүүлэг, гэрч М.Аззаяагийн “... Тэгээд байж байтал Анхаа гэх эмэгтэй манай найз Должинсүрэнг чи шөнө орой хүүхдээ дагуулаад архи уугаад янхандаад явах юм гэж хэлсэн. Тэгээд Должинсүрэн Анхаа хоёр хоорондоо маргалдсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч У.Должинсүрээнгийн “... Оюунаа надруу залгаад ярих үед Оюунаагийн утасны цаанаас үл таних эмэгтэй хүн янхан минь хүрээд ир гээд хэлээд байсан. Тэгээд би гэрт ороход Оюунаагийн гэрт таван найз нь байж байсан. Тэгээд би Оюунаатай юм яриад байж байтал Анхбаяр гэх эмэгтэй шөнө орой болсон хойно хүүхдээ дагуулаад янхандаад яваад байх юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би уурлаад чи намайг тэгж явж байхыг харсан юмуу гээд нөгөө эмэгтэйг цохисон. Тэгээд намайг цуг байсан нэг найз нь салгасан. Тэгээд нөгөө эмэгтэй нэг найзынхаа араас намайг үг хэлээр доромжилоод байхаар нь би газар байсан аягыг аваад нөгөө эмэгтэйрүү шидсэн ...” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Должинсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч У.Должинсүрэн нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн буюу түүний хувийн байдал тэр дундаа шүүгдэгч нь бага насны хүүхэдтэй ганц бие эх учир түүнд торгох ял шийтгэх оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчид торгох ял шийтгэл оногдуулахдаа тухайн хэрэг гарах үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож ялыг оногдуулах нь зүйтэй.
Хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байх ба хохирогч нь эмчилгээний зардалд 2.500.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хх-ийн 16-17хуу/
Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж үзэхэд хохирогч нь тухайн нэхэмжилсэн эмчилгээний зардлын баримтуудаа ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч нь уг гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал болон бусад зардлаа бүрэн бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг нь дурьдаж энэ эрхийг нь нээллтэй үлдээлээ.
Шүүгдэгч У.Должинсүрэн нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй , хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн аягыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогтой Удвалсүрэнгийн Должинсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Должинсүрэнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгэдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар шүүгдэгч нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

5. Хохирогч нь эмчилгээний болон энэ гэмт хэргийн улмаас учирсан зардлын баримтуудаа бүрэн бүрдүүлж хохирлоо жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй ба энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл У.Должинсүрэнд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
       


                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.МӨНХТУЛГА