Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын хүсэлттэй,

“Ж.А, Б.Ж нарыг эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Иргэн Ж.А, Б.Ж нар нь 2018 оны 01 сарын 11-ний өдөр  тус банкнаас 4,761,306 /дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянган гурван зуун зургаан/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан бөгөөд 2020.01.20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 3,338,135.73 төгрөг, хүүгийн төлбөр 34,266.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 687,23 төгрөг, нийт 3,373,088.98 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа болно. Ж.А эхнэр Б.Ж нар нь Замын-Үүд сумын ... ажиллаж байгаад ажлаасаа гаран сураггүй алга болсон бөгөөд байнгын хаяг дээрээ байхгүй, утас нь холбогдохгүй оршин суух хаяг нь тодорхой бус байгаа тул эрэн сурвалжилж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаанд: “...Иргэн Ж.А, Б.Ж нар нь Х банкны Замын-Үүд салбараас 2018 оны 01 сарын 11-ний өдөр  4,761,306 /дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянган гурван зуун зургаан/ төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар авсан. Зээл авснаас хойш төлж байгаад төлөхгүй сураггүй болсон. Ж.А-тай сүүлд холбогдоход Төв аймгийн Заамарт байна гэсэн. Б.Ж нь Замын-Үүдэд хүүхдүүдээ хараад байгаа гэх боловч хаягаа хэлэхгүй утсаа салгасан. Одоо утаснууд нь холбогдохгүй, хаягтаа ч байхгүй байгаа юм. Иймд эрэн сурвалжилж, оршин суугаа хаягыг тогтоож өгнө үү...” гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбар нь Ж.А, Б.Ж нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.

Шүүх хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Ж.А, Б.Ж нар нь Х банк ХХК-ний Замын-Үүд салбартай  2018 оны 01 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 4,761,306 /дөрвөн сая долоон зуун жаран нэгэн мянган гурван зуун зургаан/ төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар цалингийн зээл авсан болох нь зээлийн гэрээ, барьцааны гэрээгээр тогтоогдож байх тул Ж.А, Б.Ж нар нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.  

Ж.А, Б.Ж нар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй болох нь Борхойн багийн Засаг даргын ажлын албаны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Иймд  Ж.А, Б.Ж нарыг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.

Иргэний бүртгэлээр Б овогт Ж.А нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Х овогт Б.Ж нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт бүртгэлтэй, зээлийн гэрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Наадмын талбайн хажууд гэсэн хаягтай тус тус тэмдэглэгдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт Ж.А, Х овогт Б.Ж нарыг эрэн сурвалжилсугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Ж.А, Б.Ж нарыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагч Х банк ХХК-ний Замын-Үүд салбарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Б.Н