Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 38

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороонд байрлах “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Р овогт Б.Ц-д холбогдох

“Зээлийн гэрээний үүрэг 1,702,800 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Ц нь тус компаниас 2018 оны 10 сарын 19-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 1,600,000 төгрөгийг, 4,9 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд  зээл, хүүгийн эргэн төлөлтийг өдөр бүр төлж 2019 оны 07 сарын 16-ны өдөр дуусгах байсан. Гэвч Б.Ц нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 775,800 төгрөг төлсөн ба үндсэн зээлд 700,000 төгрөг, 75,800 төгрөгийг зээлийн хүүнд төлсөн байна. 2019 оны 12  дугаар сарын 15-ны байдлаар Б.Ц-н үндсэн зээлийн үлдэгдэл 900,000 төгрөг, зээлийн хүү 2018.10.19-2019.07.16-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд нийт 352,800 /44,100*8 сар/ төгрөг, алданги 450,000 /4500х150 хоног/ төгрөг, нийт 1,702,800 төгрөг байна. Б.Ц-н зээлийн хүү, алдангийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар тооцсон ба алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон болно. Иймд Б.Ц-с зээлийн гэрээний үүрэгт 1,702,800 /нэг сая долоон зуун хоёр мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: “...Манай компаний зүгээс Б.Ц-с нэхэмжилсэн 1,702,800 төгрөгнийхөө 300,000 төгрөгөнд эвлэрээд, 1,402,800 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны дотор авахаар тохирч байна” гэжээ.

Хариуцагч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “...Миний бие Б.Ц нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,702,800 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Би энэ төлбөрийг алдангинаас 300,000 төгрөгийг хасуулаад 1,402,800 төгрөгийг харилцан зөвшилцөж 2020 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар зөвшилцөв” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Б.Ц-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 1,702,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч “И” ХХК нь 1,702,800 төгрөгийг нэхэмжилсэн боловч 300,000 төгрөгний шаардлагаас татгалзаж, хариуцагч Б.Ц 1,402,800 төгрөгийг 2020 оны 02 дугаар сарын 25-ны дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “И” ХХК нь улсын тэмдэгтийн хураамжид 42,195 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж, 42,195 төгрөгний 50 хувь болох 21,097.5 төгрөгийг улсын орлого буюу төрийн сангаас, хариуцагчаас зохигчдын эвлэрсэн 1,402,800 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 37,395 төгрөгнөөс 50 хувь болох 18,697.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “И" ХХК, хариуцагч Б.Ц нар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,402,800 /нэг сая дөрвөн зуун хоёр мянга найман зуун/ төгрөгийн хэмжээнд эвлэрсэн тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42,195 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Ц-с 18,697.5 төгрөгийг, төрийн сан буюу улсын орлогоос 21,097.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                 Б.Н