| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0033/И |
| Дугаар | 47 |
| Огноо | 2020-01-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 47
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, Б овогт Ц.А-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт Х.З-д холбогдох,
“ Гэм хор хохирол 2,743,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2019 оны 11-01-ний өдөр 14 цагийн орчим Замын-Үүдэд А-ны эзэмшлийн машин болох ... prius-20 маркийн автомашиныг Б.Ц жолоодон явсан. Модны 2-р гудамжны баруун үзүүрт шар өнгийн Истана болох ... дугаартай машин урсгал сөрж орж ирээд согтуугаар тээврийн хэрэгслийг минь мөргөчихөөд зугтсан. Миний машинд үнэлгээгээр 2,743,000 төгрөгний төлбөр гарсан. Энэ мөнгийг минь иргэн З-с нэхэмжилж байна. Энэхүү хүсэлтийг минь хуулийн дагуу шалгаж хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч Х.З нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь Х.А-ны машиныг мөргөж хохирол учруулсан нь үнэн. Үнэлгээгээр гарсан 2,743,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Х.З-д холбогдуулан гэм хор хохирол 2,743,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Х.З нь 2,743,000 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Нэхэмжлэгч Х.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 58,790 төгрөгөнд төлөх хувиас 50 хувь хөнгөлж 29,395 төгрөгийг, төрийн сангаас 29,295 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х.А-ны нэхэмжлэлийн шаардлага болох 2,743,000 төгрөгийг хариуцагч Х.З нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,790 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 29,395 төгрөг, хариуцагч Х.З-с 29,395 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.А-д олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.Н