| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2023/0147/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/153 |
| Огноо | 2023-06-24 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Батцоож |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2023/ШЦТ/153
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч ******* аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б., хохирогч Т., түүний өмгөөлөгч Б., шүүгдэгч П.*******, түүний өмгөөлөгч Ж. нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2336000000097 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, боловсролтой, ын мэргэжилтэй, ******* -д ын ажилтай, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт ******* аймгийн ******* сумын 11 дүгээр () багийн тоотод оршин суудаг, аминдаа суудлын авто машин нэг, 2 өрөө орон сууц, хашааны газар нэг, 4 адуутай, сарын цалин 1500000 төгрөг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: ПЮ92**************31.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны шөнө ******* аймгийн ******* сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх ресторанд тухайн үед бий болсон хувийн таарамжгүй харилцааны улмаас Т.тэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэг рүү гараараа цохих, хоёр хөлнөөс нь хамж өргөн шалан дээр унагах зэргээр биед нь халдаж хохирогчийн биед гавлын зүүн талын дагзны төвгөрөөс доош хөхлөг сэртэн хүрсэн далд хугарал, их тархины багана гүүр, уртавтар тархины зүүн, зүүн талын сильвиевийн ховил дагасан чамархай, духны хэсэгт хүрсэн хатуу хальсан доорхи цус, толгойн дагз хэсгийн хуйх болон баруун хацрын шонтон хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун талын тохой, шуу, зүүн хөлийн шилбэнд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг:Шүүгдэгчийн гэм буруугийн талаархи шүүхийн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
1.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Т.гөөс гаргасан “******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт манай дүү Т. нь бусдад зодуулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг харилцаа холбооны хэрэгсэл ашиглаж гаргасныг 2023 оны 03 дугаар сарын 04-ний 01 цаг 05 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэх ... тэмдэглэл (хавтаст хэргийн 09 дүгээр хуудас);
1.2. Хэргийн газрын үзлэг хийсэн ... “Хэрэг учрал болсон гэх газар нь ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэр баруун бүсийн төв захын баруун хойно байрлах “” гэх нэртэй ертөнцийн зүгээр баруун тийш харсан орох хаалгатай давхар шилэн барилгын 2 давхарт байрлах Sentoza event” гэх ресторанд болсон байх ба уг ресторанд орохын тулд “Орчлон” плазагийн 2 давхар шатаар гараад шууд орж байв. Уг ресторан руу шууд ороод баруун гар талд Sentoza гэх бичиглэл бүхий шар өнгийн /tek/ лангуутай түүний ард архи согтууруулах ундаа, чипс, ус зэргийг хананд өрсөн саарал өнгийн чулуун боржуур шалтай цагаан өнгийн ширээ сандлуудтай хоймор хэсэгтээ тайз зассан ресторан байлаа. Хохирогчийн хүнд цохиулж унасан гэх газрыг А үсгээр тэмдэглэж гэрэл зургаар бэхжүүлж авлаа. Уг Sentoza event” hall гэх бичиглэлтэй нэршилтэй ресторанд үзлэгийг үргэлжлүүлэхэд хэрэгт ач холбогдол бүхий хагарсан эвдэрсэн зүйлс болон хүний гаралтай биологийн эд зүйл илрээгүй, рестораныг цэвэрлэсэн байдалтай байснаар хэргийн газрын үзлэгийг дуусгав ...гэх тэмдэглэл гэрэл зургийн хамт (хавтаст хэргийн 10-15 дугаар хуудас);
1.3 ******* аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн 248 дугаартай ... Т.гийн биед гэмтэл учирсан байна. Т.гийн биед гавлын зүүн талын дагзны төвгөрөөс доош хөхлөг сэртэн хүрсэн далд хугарал, их тархины багана гүүр, уртавтар тархины зүүн, зүүн талын сильвиевийн ховил дагасан чамархай, духны хэсэгт хүрсэн хатуу хальсан доорхи цус, толгойн дагз хэсгийн хуйх болон баруун хацрын шонтон хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун талын тохой, шуу, зүүн хөлийн шилбэнд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь цаг хугацааны хувьд шинэ гэмтэл байна. Т.гийн бие учирсан дээрх биед учирсан гавлын зүүн талын дагзны төвгөрөөс доош хөхлөг сэртэн хүрсэн далд хугарал, их тархины багана гүүр, уртавтар тархины зүүн, зүүн талын сильвиевийн ховил дагасан чамархай, духны хэсэгт хүрсэн хатуу хальсан доорхи цус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин толгойн дагз хэсгийн хуйх болон баруун хацрын шонтон хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун гарын тохой, шуу, зүүн хөлийн шилэнд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь “ гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрхи гавал тархины хүнд гэмтэл нь цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна... гэх дүгнэлт, гэрэл зураг (хавтаст хэргийн 34-36 дугаар хуудас);
1.4 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл ...1.Үзлэгээр тогтоогдсон байдал: Тухайн 0727 дугаартай гомдол мэдээлэлд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бэхжүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн А-10 SAMSUNG маркийн гар утсаар “Орчлон” плаза төвийн 2 давхарт байрлах Sentoza event hall гэх рестораны камерын хяналтын дэлгэцнээс хуулбарлан бичиж авсан камерын бичлэгт үзлэг хийхэд DYD-ний эхэнд байх 20230306-163428 гэх бичиглэл бүхий камерын бичлэгийг нээж үзэхэд Sentoza гэх бичиглэлтэй шар, цагаан өнгөтэй рестораны тек /лангуу/ болон гарах хаалгыг харуулж байв. Уг бичлэг нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг ******* минут 20 секундээс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 23 цаг 15 минут 05 секундын хооронд үргэлжилж байх ба 02 минут 44 секундын бичлэг байв. Уг бичлэгт текний урд талд ресторанаар үйлчлүүлж байсан хүмүүс харагдах бөгөөд бичлэгийн баруун буланд саарал өнгийн монгол цамцтай хөх өнгийн пиджак хослол өмссөн 2 эрэгтэй хүн харагдах бөгөөд хөх өнгийн пиджактай хүн рестораны гарах хаалга руу баруун гараараа зааж харагдаж байна. Бичлэгийн 06 секундэд рестораны гарах хаалганаас цайвар өнгийн монгол цамцтай эрэгтэй хүн гүйж гарч ирээд тухайн хамт явж байсан хоёр хүн рүү баруун гараа далайж наана нь явж байсан хөх пиджактай хүнийг цохиж, саарал монгол цамцтай хүнийг газарт түлхэж унагаагаад хөх пиджактай хүний зүүн хөлнөөс тэвэрч өргөн нуруу хэсгээр нь газарт унагааж дээрээс нь дарж байгаад баруун гараараа толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа байдалтай бичигдсэн байна. Газарт унасан хөх өнгийн пиджактай хүн унасан газраа хоёр хөлөө тийчилсэн байдалтай нуруун дээрээ эргэж харагдана. Тухайн цайвар цамцтай хүнийг хойноос нь нүдний шилтэй бараан өнгийн пиджактай хүн татан холдуулж хойноос нь 4 хүн очиж буцаж ирэхийг нь хориглож байгаагаар бичигдсэн байна. Тухайн унасан хүнийг цагаан цамцтай бараан өнгийн пиджактай хүн зүүн гараас нь татаж босгох гэхэд тухайн хүн доошоо харж хэвтээд толгойгоо дарж байв. Бичлэгийн 27 секундээс 45 секундын хооронд газар унасан хүн доошоо тонгойн хэвтэж байгаад өндийхөд хажууд нь зогсож байсан бараан өнгийн хувцастай хүн толгойн ар хэсгийг нь илж байв. Бичлэгийн 01 минут 11 секундэд газар унасан хүн босож ирэхэд зүүн гар талд нь зогсож байсан хүн ширээн дээрээс салпетка авч нүүрийг нь арчиж өгөхөд салпеткийг нь авч нүүрээ арчаад гарах хаалганы шатаар ганцаараа бууж явсанаар бичлэгээс гарч байв.
Дүгнэлт: Тус бичлэг дээр гарч байгаа хөх өнгийн пиджактай нуруун хэсгээрээ газарт унаж байгаа хүн нь хохирогч Т., цайвар өнгийн монгол цамцтай зүүн хөлнөөс нь өргөж унагааж байгаа эрэгтэй хүн нь оролцогч П.******* болох нь танигдаж байна” .. гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 62 дугаар хуудас);
1.5 Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.гийн өгсөн... “Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны орой манай байгууллага ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” плазагийн 2 давхарт байрлах ресторанд ажилчдынхаа дунд караокений тэмцээн зохион байгуулсан. Тэгээд тэмцээн дуусаад гарах тийшээгээ хандаж байхад манай ажлын П.******* гэх залуу надтай хэрүүл маргаан хийх гээд байхаар нь би одоо хоёулаа муудалцаад яах вэ гээд муудалцахгүй байгаад байсан. Тэгж байтал П.******* шатны тэнд миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тухайн үед миний хамраас цус гараад баруун хацар хавдаж уруул хавдсан байсан. Тэгээд би муудалцаж зодолдолгүй П.*******аас холхон зогсож байтал П.******* гүйж ирээд намайг нэг цохиод миний хөлнөөс хамж аваад өргөөд шидсэн. Тухайн үед би рестораны шалан дээр ар дагзаараа савж унаад босоод иртэл миний толгой манараад толгойн ар хэсэгт хавдаад ирэхээр нь 103 руу өөрөө дуудлага өгсөн юм” ...гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас);
1.6 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ын өгсөн... “Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллага ажилтан алба хаагчдынхаа дунд караокены тэмцээнийг ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх “Орчлон” плазагийн 2 давхарт байх ресторанд зохион байгуулсан. Тэгээд караокены тэмцээн дуусаад манай ажилчид архи ууж эхэлсэн ба тухайн өдөр би хүмүүс хүргэж өгнө гээд архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байсан. Нэг хартал манайхан рестораны үүдэнд овоороод байхаар нь яваад очтол Т., П.******* хоёр муудалцаад манайхан салгасан байсан. Тэгсэн Т. намайг хүзүүдэж аваад “Янсаа ахаа би П.******* пиздааг ална” гээд хэлээд зогсож байтал П.******* гүйж ирээд намайг давуулаад Т.г цохиход би газар унаад босоод ирэхэд Т. миний хажууд бас газар уначихсан байсан. Тэгээд П.*******ыг тэнд байсан хүмүүс Т.гээс салгаад цааш нь түлхээд явсан. Тэгээд би босоод холдоод явсан” ... гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас);
1.7 Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч П.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн ... “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Тухайн өдөр буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай байгууллага ******* аймгийн ******* сумын Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байрлах “Орчлон” плазагийн 2 давхарт байрлах ресторанд караокены тэмцээн ******* цагаас зохион байгуулсан. Тэгээд тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэмцээн тарах үед Т. согтичихоод намайг хэл амаар доромжлоод “Доокоогийн шээс чамайг ална” гээд суудал дээрээ сууж байх үедээ хүртэл “гөлөгөө хөөе, гөлөгөө нааш ир чамайг ална” гэх мэтээр доромжлоод рестораны дотор Ц. гэх хүнтэй хамт зогсож байхдаа “намайг алнаа гөлөг минь” гээд салаавч өгөөд байхаар нь би тэсэлгүй 2 давхарын шатны тэндээс гүйж очоод Т.гийн нүүр хэсэг рүү нэг цохиод хөлнийх нь өвдөг хэсгээр хамж өргөөд хойш нь нуруу, толгой хэсгээр нь газар шалан дээр унагаатал намайг манай ажлын Өсөхбаяр гэдэг залуу салгаад холдуулсан. Тэгтэл Т. босоод ресторанаас гараад явсаны дараа би ресторан дотор сууж байтал манай ажлын Ганболд гэх хүн ирээд Т. 103 дуудаад эмнэлэг явсан байна гэж хэлэхээр нь би ажлынхаа Цэвэг-очир гэх залуутай хамт эмнэлэг дээр очиход Т. босоод 00 руу орж байхаар нь “гайгүй юу хөгшөөн” гэж асуухад “зайл чамтай юм ярихгүй” гээд салаавч өгөөд 00 руу орсон. Тэгээд цагдаа нар ирээд намайг цагаагийн хэлтэс дээр авч ирж согтуурал шалгаад ар гэрээс хүн дуудаж хүлээлгэж өгсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-44 дүгээр хуудас)
1.8 ПЮ 92**************31 дугаарын регистртэй ******* овогт *******ийн ******* ... “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” - (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)
1.9 ПЮ 92**************31 дугаарын регистртэй ******* овогт *******ийн *******ын ... ******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, хайрхан, 1 дүгээр гудамж, 48 тоотод оршин суух ... иргэний үнэмлэхний лавлагаа (хавтаст хэргийн 51 дүгээр хуудас)
1.10 ПЮ 92**************31 дугаарын регистртэй ******* овогт *******ийн *******, мөн эцэг У.*******, Ж., мөн П., П.,П., П.М нарын ******* аймгийн ******* сумын 11 дүгээр баг, хайрхан, 1 дүгээр гудамж, 48 тоот хашааны газрын өмчлөлийн Г-16*******000279 дугаартай гэрчилгээний лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас) зэрэг авагдсан байна.
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******, хохирогч Т. нар нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны шөнө ******* аймгийн ******* сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх ресторанд байгуулллагынхаа караокений тэмжээнд оролцож, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т. нь шүүгдэгч П.*******ыг “Доокоогийн шээс чамайг ална, гөлөгөө хөөе гөлөгөө нааш ир чамайг ална” гэж хэлснээс болж, шүүгдэгч П.******* нь хохирогч Т.г нүүр хэсэгт нь гараараа цохиж, зүүн хөлнөөс нь өргөж, шалан дээр шидэж улмаар эрүүл мэндэд нь ... гавлын зүүн талын дагзны төвгөрөөс доош хөхлөг сэртэн хүрсэн далд хугарал, их тархины багана гүүр, уртавтар тархины зүүн, зүүн талын сильвиевийн ховил дагасан чамархай, духны хэсэгт хүрсэн хатуу хальсан доорхи цус, толгойн дагз хэсгийн хуйх болон баруун хацрын шонтон хэсэгт зөөлөн эдийн няцрал, баруун талын тохой, шуу, зүүн хөлийн шилбэнд тус бүр цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий ... гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
2.Хохирогч Т.гийн биед учирсан гавлын зүүн талын дагзны төвгөрөөс доош хөхлөг сэртэн хүрсэн далд хугарал, их тархины багана гүүр, уртавтар тархины зүүн, зүүн талын сильвиевийн ховил дагасан чамархай, духны хэсэгт хүрсэн хатуу хальсан доорхи цус гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг болох нь ******* аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээч эмч Б.Цэндхүүгийн 2023 оны 03 дугаар сарын 14- ний өдрийн 248 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.
3. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч П.*******ын амьсгал дахь спиртийн агууламж 1.43 промилли байсан нь согтолтыг тодорхойлох тэмдэглэл (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)-аар, мөн хохирогч Т.гийн цусан дахь спиртийн агууламж 2.1 промилли буюу дунд зэргийн согтолттой байсан нь химийн шинжилгээний 14 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас)-ээр тус тус тогтоогджээ.
Тодруулбал:Гэмт хэрэг үйлдэгдэх үед хохирогч, шүүгдэгч нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн буюу согтуу байсан. Энэ нь гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлсэн бол шүүгдэгч, хохирогч нар нь олон нийтийн газар биеэ зохистой авч явах зан суртахуунгүй, аливаа маргааныг ярилцаж шийдвэрлэх чадваргүй байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан болсон гэж дүгнэлээ.
4. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: шүүгдэгч П.******* согтуурсан үедээ буюу 2023 оны 03 дугаар сарын 03-ны шөнө ******* аймгийн ******* сумын 01 дүгээр (Алагтолгой) багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Орчлон” плазагийн 2 давхарт буюу Sentoza event” гэх ресторанд аавыгаа доромжиллоо гэх шалтгаанаар хохирогч Т.гийн нүүрэн тус газарт гараараа цохиж, зүүн хөлнөөс нь өргөж, толгойгоор нь шалан дээр унагаж, хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм бурууд хийсэн хууль зүйн дүгнэлт:
1.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.
Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны хувьд болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үздэг.
2. Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлнөөс нь өргөж, рестораны шалан дээр толгой цээж хэсгээр нь унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэмт үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэрээр хандсан гэж үзнэ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
4 Шүүгдэгч П.*******ын хохирогч Т.Ширэнгийн биед ... гавлын зүүн талын дагзны төвгөрөөс доош хөхлөг сэртэн хүрсэн далд хугарал, их тархины багана гүүр, уртавтар тархины зүүн, зүүн талын сильвиевийн ховил дагасан чамархай, духны хэсэгт хүрсэн хатуу хальсан доорхи цус ... бүхий хүнд гэмтэл учруулсан үйлдэлд нь ******* аймгийн Проукроын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
5 Иймд шүүгдэгч П.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах ... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
1. Шүүгдэгч П.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
3.Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 48 дугаар хуудас), шүүгдэгч П.*******ын “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-44 дүгээр хуудас), ******* -ийн “******* овогтой ******* нь манай байгууллагад ын ээр 9 дэх жилдээ ажиллаж байгаа нь үнэн болно, мөн 1.*******0.107 төгрөгийн үндсэн цалинтайгаар ажилладаг нь үнэн болно” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас), гэрлэлтийн тодорхойлолт (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), охин М.Ануужин, М.Буянхишиг нарын төрсөний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар (хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас), мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Ганболдын өгсөн... Бид хоёр нэг газар хамт ажилладаг найзууд. Манай найз П.******* нь тууштай бүтээлч, ажлын идэвх өндөр, хийсэн ажлынхаа ард гарч чаддаг, шинийг санаачлагч хөрвөх чадвартай, тайван дөлгөөн зантай, хүний үг сайн сондог. П.******* нь эхнэр, 2 охины хамт амьдардаг, ******* -д ын ийн ажилтай, тус байгууллагад 7 дахь жилдээ ажиллаж байгаа манай байгууллагын тэргүүний ажилтан. П.******* нь 2010 онд 10 жилийн сургууль, 2015 онд Дархан-Уул аймагт Шинжлэх ухаан технологийн сургуулийг цахилгааны мэргэжлээр төгссөн, аминдаа Приус маркын тээврийн хэрэгсэл, 2 өрөө орон сууцтай. Шатар сайн тоглодог, хөл бөмбөгийн спортоор хичээллэж байсан. Сарын цалин 1600000 төгрөг ... гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас), гэрч Д.Тамирын өгсөн... П.******* манай эхнэрийн дүү. П.******* нь нээлттэй, бусадтай ойлголцож хөрвөх чадвар сайтай, тайван дөлгөөн, алиа хошин зантай, хүний үг сонсох хүлээн авах чадвар сайн. П.******* нь эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, гэр бүлийн хувьд тогтвортой, ******* -д ын ээр ажилладаг. Эцэг эхээсээ тавуулаа, айлын дөрөв дэх хүүхэд, нэг ах, хоёр эгчтэй, нэг дүүтэй. Урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. П.******* нь 2010 онд 10 жилийн сургууль, 2015 онд Дархан-Уул аймагт Шинжлэх ухаан технологийн сургуулийг цахилгааны мэргэжлээр төгссөн. Хурдан морь уядаг. Миний мэдэхээр 4 адуутай. Архи согтууруулах ундаа хэрэглээд байдаггүй ... гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 58-59 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, ******* -д ын ээр ажилладаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй ... гэх хувийн байдал тогтоогдлоо.
4. Шүүгдэгч П.******* нь хохирогч Т.гийн эрүүл мэндэд учирсан хүнд хохирлыг арилгахад гарсан зайлшгүй зардалд 7226831 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон тул энэхүү үйл баримтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирол, хор уршгийг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцно. Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Шүүгдэгч нь олон нийтийн газар үл ялих зүйлээр шалтаглан танхайрч хохирогчийг зодсон тул үүнийг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд хамааруулан ойлгоно.
6. Улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар 11’000 нэгжтэй тэнцэх хэмжээний 11’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлт
-Хохирогчийн өмгөөлөгчөөс “...Улсын яллагчаас санал болгож байгаа торгох шийтгэл дээр ямар нэгэн санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлт
- Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар прокуророос санал болгож байгаа 11’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг дэмжиж байна. ...Тогтмол орлоготой, ажил хийдэг, торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой. ...Торгуулийн ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой” гэх дүгнэлт тус тус гаргасан болно.
7. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд арван мянгаас дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын аль нэгийг оногдуулахаар заажээ.
8.Яллах болон өмгөөлөх талууд ялын төрлийн хувьд санал зөрөөгүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилтай, сар бүр орлого олох боломжтой, хохирогчид учирсан хохирол уршигт сайн дураар 7226831 төгрөг төлсөн гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Торгох ялын хэмжээний хувьд шүүгдэгч П.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11’000 (арван нэгэн мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний 11’000’000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэлээ.
9. Шүүгдэгч П.******* нь ******* -д сарын 1.*******0.107 /нэг сая нэг зуун далан мянга нэг зуун долоон/ төгрөгийн үндсэн цалинтай ажил эрхэлдэг болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч П.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Гурав: Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
1.Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т. нь шүүгдэгч П.******* нь хор уршигт тооцож, эмчилгээний зардалд нийт 7226831 төгрөгийг төлсөн, одоо нэхэмжлэх төлбөргүй, гомдол саналгүй , эвлэрсэн талаараа мэдүүлсэн тул шүүгдэгч нь нөхөн төлөх хохирол, төлбөргүй байна.
Харин хохирогч Т.гийн эрүүл мэндэд ... гавлын зүүн талын дагзны төвгөрөөс доош хөхлөг сэртэн хүрсэн далд хугарал, их тархины багана гүүр, уртавтар тархины зүүн, зүүн талын сильвиевийн ховил дагасан чамархай, духны хэсэгт хүрсэн хатуу хальсан доорхи цус ... бүхий хүнд гэмтэл учирсан,цаашид эмчлүүлэх шаардлагатай гэх хүсэлтийг гаргаж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүсэлтийг хангаж, хохирогч Т.гийн дээрхи хүнд гэмтлээ эмчлүүлэх хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
2.Эрүүгийн 2336000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “” төвийн 2 давхарт байрлах Sentosa event hall гэх рестораны хяналтын камерт үзлэг хийсэн бичлэг бүхий CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, шүүгдэгчид торгох ял шийтгэсэн тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах... гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.*******т 11’000 (арван нэгэн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний 11’000’000 (арван нэгэн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.*******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/ гурав/ жилийн хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн 2336000000097 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD нэг ширхэгийг хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогчид 7226831 төгрөгний хохирол төлөгдсөн, хохирогч Т. цаашид эмчлүүлэхэд зарцуулсан хохирол, хор уршгаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг заасан... ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солино... гэх журмыг шүүгдэгч П.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонгомогц хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч П.******* нь өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА