Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 180/2017/0025/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга:            А.Цэрэндулам,
Улсын яллагч:                Ч.Батбаяр,
Шүүгдэгчийн өмгөөлөгч:            Д.Оюунцэцэг        ,
Шүүгдэгч:                    Г.Нандинбаяр нарыг оролцуулан 
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Нандинбаярт холбогдох 201623000347 тоот эрүүгийн хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
    1988 оны 06 дугаар сарын 11-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, мал маллаж амьдардаг, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, ам бүл 5, одоо эхнэр, хүүхдүүдийн хамтаар Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Дэлийн өвөр” гэр газар оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь 2009 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, ухаан санаа бүрэн эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Гандоржийн Нандинбаяр /РД:СВ88061135/ 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар /
Шүүгдэгч Г.Нандинбаяр нь өөрийн “Даюун” маркын улсын дугааргүй мотоцикль ашиглан, 2016 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт “Мааньтын хоолой”-д байрлах малчин Х.Аюушжавын ажиллуулдаг гүний худаг дээр байсан амбаарын цоожыг эвдлэн бусдын агуулах саванд хууль бусаар нэвтрэн орж, дотор нь байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн худгийн цахилгаан моторыг  хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол буюу 280.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Хохирогч Х.Аюушжавын мөрдөн байцаалтад өгсөн: Би Баянхутаг сумын нутаг Маантын хоолой гэх газар 2016 оны 3 дугаар сараас хойш нутаглаж байна. 2016 оны 07 дугаар сард Түмэнцогт сумруу явсан замын хойно байдаг гар худагт амбаар бариад 2016 оны 05 сард Хэнтий аймгийн төвөөс 280.000 төгрөгийн үнэтэй худгийн цахилгаан мотор худалдан авч тавьсан. Амбаараа байнгын цоожтой болгож малаа услахаар онгойлгодог байсан. Тэгсэн нэг шөнө уг худгийн амбаарын цүүг эвдээд моторын хулгайлж авсан байсан. ... Би түүнд ямар ч худгийн мотор өгнө гэж хэлж байгаагүй, Г.Нандинбаяр манай худгийн моторыг захиран зарцуулах эрх байхгүй гэх мэдүүлэг. /хх-ийн 20-21хуу/
           Гэрч Б.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 07 дугаар сард би Нандинбаяраас худгийн мотороо өгч байгаач гэж гуйхад тэр “манай худгийн мотор өвөлжөөн дээр байгаа, хэд хоногоос аваад ирье” гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа авчирч өгсөн. Би тэр моторыг 2 сар гаруй хэрэглэсэн. Ногоон банктай, жижиг, Хятад үсгээр бичсэн шинэвтэр худгийн мотор байсан. Нандинбаяр  өөрийн мотор гэж хэлсэн болохоор би хулгайн мотор гэж мэдээгүй  гэх мэдүүлэг. /хх-ийн 31хуу/
Шүүгдэгч Г.Нандинбаярын сэжигтнээр өгсөн: Би Хэнтий аймгийн Баян-Адрага сумын харъяат бөгөөд одоогоос 2 жилийн өмнө айлын мал харахаар Баянхутаг сумын нутаг Мааньтын хоолойд нутагладаг Аюушжавын малыг харж байсан. Тэгээд 2016 оны 05 сараас эхлэн тэдний малыг харахаа болиод тэднийхтэй ойролцоо тэднийхээс цааш 50 орчим км газар нутагладаг Жанчив гэдэг хүний малыг харахаар явсан. 2016 оны 07 дугаар сарын эхээр өдрөө сайн санахгүй байна, би Хэнтий аймгийн төв рүү өөрийнхөө цэнхэр өнгийн “Даюун” маркын мотоциклтой ороод буцаад явж байхдаа оройхон харанхуй болоод нар шингэсэн үед Аюушжавын худгийн хажуугаар гарсан. Тэгэхдээ тэдний худаг дээр  очоод худгийн амбаар нь цоожтой байхаар нь цүүг нь мулт татаад дотор нь байсан ногоон өнгөтэй Хятад улсад үйлдвэрлэгдсэн худгийн моторыг өөрийнхөө мотоциклийн ард ганзаглаад цаашаа гэрлүүгээ явсан. Тэгээд гэрийнхээ гадаа авчихаад байж байхад 2-3 хоногийн дараа манайхтай цуг ойрхон байсан Ганболд гэдэг хүн надаас уг моторыг хэрэглэж байя гэж гуйхаар нь би түүнд өгөөд хэрэглүүлж байсан. Тэгсэн 2016 оны 11 дүгээр сарын сүүлээр байх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын цагдаагийн тасгаас намайг айлын худгийн мотор хулгайлсан гэж шалгаж авчираад дараа нь Хэнтий аймагт шилжүүлсэн. Би уг моторыг захиран зарцуулах эрхгүй, Би худгийн моторыг нь авахдаа Аюушжав болон тэдний гэрийн хэнд ч хэлээгүй. Миний унаж явсан мотоциклийг Жанчив гэдэг хүн надад адуу хараарай гээд өгсөн. Миний мотоцикль байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 34-36хуу/
Эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл. /хх-ийн 12-13хуу/
Эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 15хуу/, /хх-ийн 18хуу/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл. /хх-ийн 16-17хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас. /хх-ийн 67хуу/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэж үзэхэд Г.Нандинбаяр нь өөрийн “Даюун” маркын улсын дугааргүй мотоцикль ашиглан 2016 оны 07 дугаар сард Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дэвсгэрт “Мааньтын хоолой”-д байрлах малчин Х.Аюушжавын ажиллуулдаг гүний худаг дээр байсан амбаарын цоожыг эвдлэн орж дотор нь байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн худгийн цахилгаан моторыг  хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь дээрх хохирогч болон гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Нандинбаярыг бусдын агуулах саванд нэвтрэн орж эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Нандинбаярыг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж бага, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн болон түүний бага насны хүүхдүүдтэй зэрэг хувийн байдлуудыг нь харгалзан оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Шүүгдэгч нь А дансандаа огт малгүй болох нь Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 3/243 дугаар тодорхойлолтоор /хх-ийн 82хуу/ тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж байна.
Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т ... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн ... тээврийн хэрэгсэл, унаа хөсөг болон бусад хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана гэж заасан байдаг тул шүүгдэгч Г.Нандинбаярын тухайн худгийн цахилгаан моторийг хулгайлахдаа ашигласан “Даюун” маркийн цэнхэр өнгийн хуучин /Рам №FA061359/ мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчийн хулгайлж авсан худгийн цахилгаан моторыг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэлийн хувьд “... Г.Нандинбаяр гэдэг хүн Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутагт байх Аюушжав гэдэг хүний худгын моторыг хулгайлсан хэрэгт эрүүгийн 201623000347 тоот хэрэг үүсгэн шалгасан бөгөөд уг хэргийг шалгахад байгууллагаас 81 литр А-80 бензин зарцуулсан тул ... хэргийн холбогдогчоос ... 126.360 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэжээ. /хх-ийн 25хуу/
Иргэний нэхэмжлэгч гэдэг бол гэмт хэргээс учирсан эдийн болон эдийн бус хохиролтой холбоотой хүнийг хэлдэг. Гэтэл энэ гэмт хэргийн улмаас цагдаагийн байгууллагад ямар ч хохирол учраагүй байна. Цагдаагийн байгууллагаас энэ гэмт хэргийг үүсгэж шалгахад гарсан зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон байцаан шийтгэх ажиллагааны зардал аль аль нь биш байна. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлд байцаан шийтгэх ажиллагааны зардлын тухай тодорхой зааж өгсөн байдаг. 
Иргэний нэхэмжлэгч буюу цагдаагийн байгууллагаас нэхэмжилсэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад гарсан бензины зардал нь уг зардалд хамаарахгүй юм. 
Иймд мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоолыг хүчингүй болгох шаардлагатай байна.
Учир нь байцаан шийтгэх ажиллагааны зардал гэдэгт ... хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарсан зардал ...  сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, түүнчлэн шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарсан зардал гэх зэрэг хэд хэдэн тодорхой үндэслэлүүдийг зааж өгсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн худгийн цахилгаан моторыг эзэмшигчид нь буцаан олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  НЬ :
1. Шүүгдэгч Боржигон овогт Гандоржийн Нандинбаярыг бусдын агуулах саванд нэвтрэн орж эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нандинбаярын эд хөрөнгийг хураахгүйгээр 02 жил хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан Г.Нандинбаярт оногдуулсан 02 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн худгийн цахилгаан моторыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Х.Аюушжавд буцаан олгосугай.
5. Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар Г.Нандинбаярын энэ гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан “Даюун” маркийн /Рам №FA061359/ хуучин цэнхэр өнгийн мотоциклийг хурааж улсын орлогод оруулсугай.
6. Иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 126.360 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
    7. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай. 
    
8.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5-т зааснаар шүүгдэгч Г.Нандинбаярт оногдуулсан 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж түүний засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
    
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Нандинбаярт авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Ц.МӨНХТУЛГА