Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2022/0247

 

 

 

 

 

 

                                  

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ө би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “ОХ******” ХХК,

Хариуцагч: Б о а ж с нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С***** , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж****** , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Э***** нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “ОХ****** ” ХХК-иас Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ОХ****** ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах” нэхэмжлэл гаргасан.

2. Нэхэмжлэгч “ОХ****** ” ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дугаар сарын 03-ний өдрийн А/114 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Түргэний ам нэртэй газар 2.9 га газрыг түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрхийг таван жилийн хугацаатайгаар авсан.

3. Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “ОХ****** ” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцалж, гэрчилгээг хүчингүй болгосон байна.

4. Нэхэмжлэгч “ОХ****** ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.С****** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар Хан-Уул дүүргийн Богдхан уулын Дархан цаазат газрын Түргэний амны хязгаарлалтын бүсэд 2,9 га газар түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрхтэй болсон. Гэрчилгээ гарсны дараа бид газар ашиглах гурвалсан гэрээгээ байгуулахаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд очиход хамгаалалтын захиргаанаас Төсөвт байгууллагын зарим ажил, үйлчилгээг гүйцэтгэх гэрээг байгуулж, дүгнэн 1 000 000 ( нэг сая ) төгрөгийн хураамж авсан бөгөөд дараа нь гурвалсан гэрээний төслийг өгч Хан-Уул дүүргийн Засаг даргаар батлуулж ир гэсний дагуу бид ХУД-ийн Засаг даргад гэрээ байгуулах хүсэлтээ гаргасан. Гэтэл хүсэлт гаргаснаас хойш тодорхойгүй шалтгаанаар манай газар ашиглах гэрээг байгуулахгүй өдийг хүргэсэн. Бид тухайн газар дээрээ Түргэний аманд амралт, спортын цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэх гээд төсөлтэй холбогдох ажлууд хийгдэж , мөн тухайн газрынхаа дэд бүтцийг шийдвэрлүүлэхээр ажиллаж байсан .

Гэтэл Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" А/179 дүгээр тушаалаар газар ашиглах эрх авсан боловч үйл ажиллагаа явуулаагүй, гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх үндэслэлээр манай газар ашиглах эрхийг цуцалсан байна. Тушаалын дээр дурдсан үндэслэл нь бодит нөхцөл байдалтай нийцэхгүй, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна гэж үзэж байна. Учир нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд бид тус газарт амралт, спортын цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэхээр нарийвчилсан үнэлгээний тайлан гаргуулж, тухайн газрын дэд бүтцээ шийдүүлэх буюу цахилгаан, шугам сүлжээний техникийн нөхцөлөө авах гэж "У ц т с" ТӨХК-д удаа дараа хандсан байдаг боловч шийдүүлж чадаагүй. Мөн удаагүй 2019-2021 онд короновирус цар тахал дэлхий нийтийг хамарч, аялал жуулчлалын үйл ажиллагаа бүрэн зогсож, Засгийн газраас удаа дараа хатуу хөл хорио тогтоож байгаагийн улмаас төслөө хэрэгжүүлж чадахгүй гацаж, тухайн газартаа үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан.

Мөн газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэдэгт газар ашиглагч нь гэрээнд тусгагдсан төлбөрийг заасан хугацаанд төлөх үүргийг хүлээх байтал энэ нь бидний зүгээс хамаарахгүй шалтгаанаар буюу гурвалсан гэрээг ХУД-ийн Засаг даргын зүгээс байгуулаагүйтэй холбоотойгоор газар ашиглах төлбөрийг ямар хэмжээгээр, хэдий хугацаанд төлөх эсэх нь тодорхойгүй байсан тул төлөх боломжгүй байсан. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт " Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн , аж ахуйн нэгж , байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна . 2. Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараах зүйлийг тусгана:  2. газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг"-ийг тусгахаар зохицуулснаас үзэхэд дүүргийн Засаг даргын зүгээс газар ашиглагч аж ахуй нэгжтэй гэрээг байгуулах талаар зохион байгуулж , гэрээндээ газар ашиглагчийн үүргийг тодорхой тусгах бөгөөд энэхүү гэрээнд заасанд үүргийг биелүүлээгүй бол газар ашиглах эрхийг цуцлах ёстой байсан.

Гэтэл манай компанитай гэрээ байгуулаагүй байж, гэрээнд заасан төлбөр төлөөгүй гэж байгаа нь хууль бус юм. Тиймээс дээрх захиргааны акт нь эдгээр нөхцөл байдлыг судлаагүй манай компанийн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд заасан газар ашиглах эрхийг зөрчсөн шийдвэр болжээ. Түүнчлэн захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахаас өмнө захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоож, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэж заасан бөгөөд харин маргаан бүхий тушаалыг гаргахдаа бидэнд тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй тул сонсох ажиллагаа явуулсан гэж үзэхгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж, манай газар ашиглах эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.С***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ОХ****** ” ХХК-ийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай А/79 тоот тушаалын дагуу хавсралтад заасан “ОХ****** ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албанаас 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11/5988 дугаартай мөрдөн шалгах ажиллагааны хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна гэсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх хооронд тусгай хамгаалалттай газар нутагт Газрын тухай хууль, Усны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн мэдэгдэл бичиж байгаа учир мэдэгдлийн дагуу хуульд заасан арга хэмжээ авч өгнө үү гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар тухайн газрыг хоёр жил дараалан ашиглаагүй гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэгт, энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт зааснаас өөр барилга байгууламж барих гэж заасан. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх гэж заасан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт Тусгай хамгаалалттай газар нутагт гадаад улсын хуулийн этгээд олон улсын байгууллага, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулахыг хориглоно гэж заасан. Газрын тухай хуульд зааснаар хоёр жилийн хугацаанд тухайн газрыг ашиглаагүй гэдэг дээр манайх бол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/114 дүгээр тушаалын дагуу газар ашиглах эрхтэй болсон. Ингээд 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрчилгээ олгосон. Гэрчилгээ олгоод гэрээг хоёр талаас буюу ОХ******  ХХК болон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас хийсэн. Хэрэг бүртгэлийн болон эрүүгийн хэрэг нээгээгүй байж манайхтай холбоотой жагсаалт гаргаад Газрын тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэдэг дүгнэлт гаргаад үүний дагуу хуульд заасан арга хэмжээ аваагүй гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдад хууль бус мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн. Бидний зүгээс хамтран хариуцагчаар татах талаар удаа дараалан хандсан боловч шүүхээс үүнийг захиргааны акт гэж үзээгүй.

Мэдэгдлийг харахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь заалт бол судалгаа хийхтэй холбоотой заалт юм. Улмаар энэ заалтыг ашиглаад хууль зөрчсөн мэтээр тогтоосон талаар мэдэгдэлд дурдсан. Аливаа зүйлийг тогтооход тодорхой шалгалтын ажиллагаа хийх ёстой. Тэгээгүй байж шууд таамгаар тийм зүйл хийгээд үүнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам тушаалын үндэслэл болгож байгаа нь зохимжгүй байна. Газар ашиглах гэрээтэй холбоотой Хан-Уул дүүргийн Засаг дарга гэдэг төрийн байгууллага албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс болоод хохироод явж байна. Яагаад эс үйлдэхүй гэж үзэж байна вэ? гэхээр 5 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн журмаар үзлэг хийсэн. Мөн олон удаа хандсан боловч огт хариу авч чадахгүй байна. 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр бид нар 3 талт гэрээгээ байгуулна гээд сайдын тушаалтай гэрчилгээтэй байсан. Ингээд 3 талт гэрээгээр хоёр тал гарын үсэг зурж хүлээлгэж өгсөн. Улмаар хүлээлгэж өгсөн боловч Хан Уул дүүргийн Засаг дарга ямар нэгэн үндэслэл дурдахгүйгээр өнөөдрийг хүртэл гарын үсэг зурахгүй байна. Энэ талаар бид нар удаа дараа хөөцөлдөөд огт хариу авч чадахгүй байна. Газрын төлбөр төлөхтэй холбоотой Хан-Уул дүүргийн Засаг дарга, Газрын албаны мэргэжилтнүүд хариуг хяналтын картаас харахад төлбөрийн нэхэмжлэл өгсөн гэх мэтийн үндэслэлгүй улмаар бид нарт огт мэдэгдэл өгөөгүй байж тийм зүйл дурдаад байдаг. Энэ талаар мэдэгдсэнтэй холбоотой баримтыг огт гаргаж өгдөггүй. Байгаль орчин, аялал жуулчлалын яам 2020 оны 11 дүгээр сард манайд газар ашиглах эрх цуцалж хүчингүй болгохтой холбоотой нөхцөл бүрдсэн талаар мэдэгдэл өгсөн талаар шүүх хэрэг үүсээд шүүхийн журмаар гарч ирсэн. Үүнтэй холбоотой мэдэгдэх ажиллагаа яаж хийсэн бэ? гэдэг асуудал байна. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд шийдвэр гаргахтай холбоотой ажиллагаа хийж байгаа бол мэдэгдэх үүрэг хүлээнэ. Үүнийг бол шуудангаар болон хэрвээ биечлэн очсон бол гардуулсан баримт авсан байх ёстой. Шүүхэд мэдэгдэл хийж байсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй буюу хийгээгүй байна. Тушаал мэдэгдэл цаас гаргаад өөрийнхөө архивт хадгалаад байна гэж үзэж байгаа. Албан ёсны хаягаар явуулах эсвэл дуудаж ирээд гардуулсантай холбоотой баримтыг гаргаж өгдөггүй. Манай компани нь тус газрыг ашиглахтай холбоотой улсын тэмдэгтийн хураамж гэж төлсөн. Газрыг ашиглахтай холбоотой маш олон зардал гаргасан. Цахилгааны шугам болон бусад техникийн нөхцөл авахтай холбоотой зардал гаргасан. Мөн үнэлгээ хийхтэй холбоотой зардал, улсын тэмдэгтийн хураамж төлсөнтэй холбоотой зардал гаргасан. Ковидын нөхцөл байдлаас болоод үйл ажиллагаа бодитой цуцлах хүртэл зогссон байгаад байдаг. Энэ дунд цуцлахтай холбоотой мэдэгдэл өгөхгүй шууд цуцалж байгаа асуудал дээр гомдолтой байна. Мэдэгдлээ өгсөн бол бид нар мэдэгдэлд заасан үндэслэл бүрдээгүй талаар хариу өгөөд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нөхцөлийн тухайд цуцлахтай холбоотой шийдвэр гарахгүй байсан гэж харж байгаа. Сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй байж өнөөдөр 1 жил шүүхээр яваад өнөөдөр хурал орж байна. Ингэж иргэн аж ахуйн нэгжид хүндрэл чирэгдэл үүсгэхгүйн тулд Захиргааны ерөнхий хууль гарсан байдаг. Хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулийг огт биелүүлэхгүй байна гэж харж байна. Тийм учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж****** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага бол 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн газар ашиглуулах эрхийг цуцалж хүчингүй болгох тухай Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/79 дүгээр тушаалын ОХ****** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч компани нь Байгаль орчин , аялал жуулчлалын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/291 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд Түргэний аманд байршилтай 2,9 га талбайг 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг олж авсан.   

Үүнийхээ дагуу 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр газар ашиглах эрхийн гэрчилгээг Байгаль орчин , аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн н.С******-ийн гарын үсэгтэй газар ашиглах гэрчилгээг гардаж авсан нөхцөл байдал байна. Тухайн тушаал гарсан үндэслэлийн тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь үндэслэлийг заасан. Хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэгт аялагч, зөвшөөрөл бүхий бусад буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэж заасан. Хязгаарлалтын бүсэд тухайн нэхэмжлэгч компанид газар ашиглах гэрчилгээг олгосон. Үүнээс хойш 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр маргаан бүхий А/79 дүгээр тушаал гарсан. Тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамны сайд буюу Засгийн газрын гишүүн газар ашиглах эрх олгох, цуцлах, дуусгавар болгох бүрэн эрхтэй этгээд байгаа. Тушаалын тухайд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.7 дах заалтыг мөн адил барьсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах гэж заасан. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1 дэх хэсэгт газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх бол гэж заасан. Мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь хэсэгт газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж заасан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэж заасан. Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол гэж заасан. Дараах үндэслэлээр А/79 дүгээр тушаал гарсан. Хавсралтад зааснаар нэхэмжлэгч компани нь хуулийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасан заалтад хамаарна. Тус тушаалын 11.7, 35.3.3 дах хууль зүйн үндэслэлд хамаарна. Дэд хэсэгт заасан Богдхан уулын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар албан бичиг мөн Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ирүүлсэн 11/3/5988 дугаартай албан бичгүүд тус нэхэмжлэгч компанийн харилцаанд хамаарах уйл баримтууд байгаа. Үйл баримтуудын тухайд Газрын тухай хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, газрыг төлбөрийг хугацаанд нь бүрэн төлөөгүй юм. Тухайн газраа хоёр жил дарааллаж ашиглаагүй талаар дурдсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа манай эрх ашгийг зөрчихдөө сонсох ажиллагаа хийгээгүй гэдэг. Мөн захиргааны акт бол хуульд заасан үндэслэл бүхий биш бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж дурдсан.

Яам буюу төрийн захиргааны төв байгууллага нь бодлогын яам. Тухайн бодлогын яам нь тусгай хамгаалалттай газар нутагт холбогдох харилцааг зохицуулж байгаа тухайд хамгаалалтын захиргаануудыг тус бүрчлэн харьяалах газарт байршуулж ажиллаж байгаа. Богдхан уулын хамгаалалтын захиргаа бүс нутагт хэрэгжиж байгаа газар ашиглалттай xoлбоотой асуудлаар хяналт тавьдаг төрийн захиргааны байгууллага юм. Бодит нөхцөл байдлыг хэрхэн тогтоосон бэ? гэхээр 365 дугаар албан бичгийн агуулгыг нэг бүрчлэн дурдах шаардлага байхгүй байх. Тус албан бичгийн 39-д ОХ****** гэж байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Газрын төлбөр төлөөгүй бодит нөхцөл байдлыг тогтоож хэрэгжүүлээд цуцлах тухай саналыг бодлогын яаманд хүргүүлээд газар ашиглах эрхийг хүчингүй болгох сайдын тушаал гарсан. Нэхэмжлэгч компани цагдаагийн ерөнхий газрын албан бичгээр гэмт хэргийн шинжтэй нөхцөлийг илрүүлэхээр ажил зохион байгуулсан. Цагдаагийн алба бол хуульд заасан эрхээрээ хяналт шалгалт явуулах бүрэн эрхтэй байгууллага юм. Тэр эрхийнхээ хүрээнд тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн аж ахуйн нэгжийн газар ашиглалттай холбоотой хяналт шалгалт хийсэн. Мөрдөгчийн мэдэгдэлд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэлээр хууль зөрчсөн этгээд аж ахуйн нэгж болох 660 компанийн мэдээллийг өгсөн. Энэ байдлаар албан бичиг хүргүүлээд хавсралтын 123 дугаар талд Онх хайрхан ХХК орсон байгаа. Үүгээр Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан буюу тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй юм. Улмаар энэ үндэслэлүүд байдаг. Нэхэмжлэгч компанийн гаргаж байгаа тайлбарын хүрээнд бид гурвалсан гэрээ байгуулахаар хандсан. Хан-Уул дүүргийн Засаг даргад хүргүүлсэн. Гэрээ байгуулагдаагүй тул газрын төлбөрийг хэрхэн хэдий хэмжээгээр хаана төлөх вэ? гэдгийг мэдэхгүй байсан учир газрын төлбөр төлөхгүй байсан гэдэг. Газраа ашиглахын тулд нарийвчилсан үнэлгээ, ерөнхий үнэлгээ, цахилгаан шугам татахаар шат дараалалтай хийгээд явж байсан гэж тайлбарлаж байна. Тусгай хамгаалалттай газар нутаг бол тусгайлсан хуулиар явдаг. Сунгах гэж байгаа тохиолдолд газрын хугацаа дуусахаас шийдвэрлэдэг. Газрын төлбөрийг хугацаанд нь төлөх ёстой. Газрын төлбөрийн сарын өмнө хүсэлтээ гаргаад газрын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт гэж Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсэгт заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно гэж заасан. Гэрчилгээ авсан өдрөөс хойш нэхэмжлэгч компани төлбөр төлөх үүрэгтэй юм. Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасан. Нэг зүйлийг тодруулж хэлэхэд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2001 оны 212 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах түр журам гэж байдаг.

Тус журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт хамгаалалтын захиргаа болон сум дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний дүгнэлтэд тулгуурлан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын газар ашиглах тухай шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн дарга тусгай хамгаалалттай газар нутагт гэрчилгээ олгож гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглах нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй бөгөөд 3 сарын дотор тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа болон сум дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулна. Тухайн нэхэмжлэгч компани гэрчилгээг авсан байна. Гэрчилгээ олгогдсон өдрөөс хойш 3 сарын дотор гурвалсан гэрээг байгуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч компани гурвалсан гэрээ байгуулаагүй, хугацааг хэтрүүлж байна. Яагаад 3 сар гэж заадаг вэ? гэхээр тухайн компани газрыг 5 жилийн хугацаатай ашиглах эрхтэй юм. Гэрээг 3 сарын дотор байгуулж газрын төлбөрийн төлж ашигласнаар үр өгөөжөө өгөх буюу энэ талаар хугацаатай хуульчилж өгсөн. Энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч компани хэрэгжүүлдэггүй юм. Богдхан уулын хамгаалалтын захиргаатай гэрээ байгуулсан талаар хавтаст хэрэгт авагдсан байна. Хан-Уул дүүргийн Засаг даргад бид нар хүсэлт гаргаад бидний хүсэлтийг шийдэж өгөөгүй гэж тайлбарлаж байна. Энэ нөхцөл байдал хуулийн дагуу явах ёстой. Хэрвээ эрх бүхий этгээд гэрээнд гарын үсэг зурахгүй эсвэл гаргасан хүсэлтийг биелүүлэхгүй байгаа бол Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтад өргөдөл гомдол шийдвэрлэх тухай хуульд зааснаар тухайн нэхэмжлэгч компани Хан-Уул дүүргийн Засаг дарга гурвалсан гэрээнд гарын үсэг зурахгүй байгаа талаар дээд шатны байгууллагаар шийдвэрлээд гэрээнд гарын үсэг зурж байгуулах боломж бүрэн нээлттэй байсан.

Өнөөдрийн байдлаар тэгж хандсан нөхцөл байдал харагдахгүй байна. Мөн хүсэлт гаргаж байсан баримтууд байхгүй байна. Гэрээний төлбөрийг хаана төлөхөө мэдэхгүй байсан гэж байна. Эрх бүхий этгээд тамга дарсан гэрээнд улиралд хэдэн төгрөг төлөх, хаана төлөх талаар тодорхой заасан. Мэдэхгүй гэх үндэслэл байхгүй. Гэрчилгээг олгосон өдрөөс эхлэн төлбөр тооцогдох ёстой тул газрын төлбөр төлөх ёстой. 2 жилийн хугацаанд газрын төлбөрт нэхэмжлэгч компани 1 жилд 40,913,970 төгрөг төлөх ёстой. Энэ дүнгээр бодоод үзэхэд 71,599,447 төгрөг төлөх ёстой байсан. Хуульд зааснаар нэхэмжлэгч нь компани төлбөрөө хугацаанд нь төлөөгүй үндэслэл байгаа гэж харагдаж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс үзлэг хийж тэр тухай баримтаар нэхэмжлэгч компани газар дээр үйл ажиллагаа явуулаагүй талаар хариуцагч байгууллага мэдэж байгаа. Яагаад гэвэл тухайн нөхцөл байдлыг харсан учраас мэдэж байгаа. Мөн газар дээр үйл ажиллагаа явуулсан нөхцөл байдал харагдахгүй байна. Тус тушаалын 11.7-д хязгаарлалтын бүсийн дэглэм буюу 2,9 га талбайд судалгаа шинжилгээ явуулах ёстой. Тухайн компанийн төсөл болохоор аялал жуулчлалын зориулалтаар ашиглах гэж байна. Хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй. Газар ашиглах эрх цуцалсан нь дараах байдлаар хууль зүйн үндэслэлтэй харагдаж байна. Нэхэмжлэгч компани гэрээнд заасан үүргийн дагуу 2 жил болоогүй гэж тайлбарлаж байгаа боловч 11.7-д заасан үндэслэл буюу аялагч тур буудаллах ашиглах нөхцөл байдал тогтоогдохгүй талаар хяналт шалгалтаар тогтоосон учир ийм байдлаар тухайн бүсэд үйл ажиллагаа явуулах юм бол хууль бөгөөд холбогдох дүрэм журмыг бүхэлд нь зөрчих үйлдэл бий болох учир тус тушаалаар хүчингүй болгосон.

 Нэхэмжлэгч компани газраа ашигласан нөхцөл байдлын тухайд нарийвчилсан үнэлгээний тайлан, ерөнхий үнэлгээний тайлан, цахилгаан татах үйл ажиллагаа явагдсан гэсэн. Энэ тухай хэрэгжүүлээд ямар нэгэн байдлаар эцэслээд шийдвэрлэсэн баримт бичиг харагдахгүй байна. Нарийвчилсан үнэлгээний тайлан бол ерөнхий үнэлгээний тайланг газар ашигласан гэж үзэхгүй. Тус тайлан бол гэрчилгээ олгогдохоос өмнө хийгдэж байгаа ажлыг хуульд заагаад өгсөн. Гэрчилгээ олгосноос хойш газар ашиглах эрх нээгдэх бөгөөд тус өдрөөс 3 сарын дотор гурвалсан гэрээ байгуулан гэж заасан. Нэхэмжлэгч компани газрын төлбөрийг төлөөгүй байна. Төлбөрөө хаана төлөхөө мэдэхгүй байсан гэдэг нөхцөл тогтоогдохгүй байна. Газраа ашиглаагүй талаар хэрэгт авагдсан баримт болон хариуцагчийн тайлбараа харагдаж байна. Мөн Богдхан уулын хамгаалалтын захиргааны 365 дугаар албан бичиг бөгөөд цагдаагийн ерөнхий газрын албан бичгээр тус тус харагдаж байгаа. Зориулалт зөрчигдөх улмаас тушаалын үндэслэлд орсон.

Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааны талаар ярьж байна. Байгаль орчин аялал жуулчлалын яам 2020 оны 12 дугаар сарын 04-ны өдрийн 10/7423 дугаартай албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг ОХ******  ХХК-д хүргүүлсэн. Тухайн газар ашиглах компанийн тухайд улсын бүртгэлийн гэрчилгээ нь хувийн хэргээр яаманд байгаа. Төрийн захиргааны байгууллага тухайн компанид цахимаар буюу шуудангаар хүргүүлж байгаа бол улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэлтэй өөрийнх нь хаягаар хүргүүлнэ. Тус албан мэдэгдлийг Монгол шуудан компаниар хүргүүлсэн. Хаягийг тодорхой бичиж хүргүүлсэн. Тус албан бичигт газрын тухай хуулийн 7.1, 40.1.5, Газрын төлбөрийн тухай хуулийн 10.5 дахь хэсэгт гээд хууль зүйн үндэслэлүүдийг дурдсан. 11 дүгээр сарын 10-ны дотор хариу ирүүлэхээр мэдэгдсэн албан мэдэгдлийг хүргүүлсэн. Яагаад шуудангаар хүргүүлэх болсон бэ? гэхээр тухайн А/79 дүгээр тушаал нь нэлээн олон иргэн аж ахуйн нэгжид хандаж эрхийг хүчингүй болгосон тушаал юм. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь хэсэгт хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх гэж заасан. Тухай тушаал 20 буюу түүнээс дээш этгээдтэй холбоотой байсан учир шуудангаар хүргүүлсэн. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.5 дахь хэсэгт цахим хэлбэрээр санал авах гэж заасан. Хариуцагч байгууллагын тухайд тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гарсан, бодит нөхцөл байдлыг тогтоосон. Тушаал гарахаас өмнө сонсох, мэдэгдэх ажиллагааны талаар хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд зааснаар нотлогдож байна. Тийм учраас нэхэмжлэгч компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “ОХ****** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгчээс Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын холбогдох хэсгийг хүчингүй  болгуулах тухай шаардлага гаргажээ.

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын  2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалаар нэхэмжлэгч “О ” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд байрлах 2,9 га газрыг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /1-р х.х-н 57-58/

3. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд 2,9 га газрыг түр буудаллах, отоглох зориулалтаар ашиглах эрх олгосныг үндэслэн газар ашиглах эрхийн 0171208 дугаар гэрчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 5 жилийн хугацаатай олгосон байна.

 4. Нэхэмжлэгчээс тухайн газраа зориулалтын дагуу ашиглахын тулд 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр гуравласан гэрээг байгуулах хүсэлтээ удаа дараа Хан-Уул дүүргийн Засаг даргад хандан гаргаж байсан, цахилгаан, шугам сүлжээний техникийн нөхцөлөө авахаар "У***** ц***** т***** с*****" ТӨХК-д удаа дараа хандаж байсан нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

4. Маргаан бүхий захиргааны акт болох Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй нэр бүхий 170 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах эрхийг хавсралтын ёсоор дуусгавар болгож, эдгээр иргэн аж ахуй нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг цуцалсны дотор нэхэмжлэгч “ОХ******” ХХК орсон байна.

5. Дээрх маргаан бүхий захиргааны актад Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичиг, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 365 дугаар газар ашиглах эрхийг дуусгавар болгох саналыг үндэслэсэн байна.

6. Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11и-3/5988 тоот албан бичгээр мөрдөгчийн мэдэгдлийг хүргүүлсэн байх бөгөөд уг мэдэгдэлд “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.5 “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих;”, 11 дүгээр зүйлийн 11.7 “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах;”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” заасныг зөрчсөн 660 иргэн, хуулийн этгээдийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, газар ашиглах эрхийг нь Газрын тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуцлуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг тогтоомогц мөрдөгч, прокурор нь зохих хуулийн этгээдэд тэрхүү шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авахуулахаар мэдэгдэл бичиж хуулбарыг хэрэгт нь хавсаргана.” гэж заасныг удирдлага болгон мэдэгдэл бичив гэжээ. /1-р х.х-н 60-63/ мэдэгдлийн хавсралтад “ОХ****** ” ХХК-ийн нэр орсон байна.

 7. Гэтэл хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас дээрх судалгаа, албан бичигт дурдсан үйл баримтыг нягтлан шалгалгүйгээр шууд дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргажээ.

8. Дэлгэрэнгүйгээр нь авч үзвэл “ОХ******” ХХК-д 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Түргэний аманд 2,9 га газрыг түр буудаллах, отоглох зориулалтаар газар ашиглах эрх олгосон байх бөгөөд газар ашиглах 2 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр А/79 дүгээр тушаал гаргасан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээн заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалттай нийцэхгүй байна. Түүнчлэн нийтэд илэрхий үйл баримт болох Ковидын улмаас орон даяар хөл хориотой байсан хүндэтгэн үзэх шалтгааныг  анхаарч үзээгүй байна.

9. Түүнчлэн нэхэмжлэгч компани нь газар ашиглах эрх олгосон гэрчилгээнд заасан зориулалтын дагуу төсөл хэрэгжүүлэхээр цахилгаан, шугам сүлжээний техникийн нөхцөлөө авахаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-д хандсан, мөн Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээ гаргуулахаар Байгаль орчин аялал жуулчлалын сайдад ханджээ. /1-р х.х-н 12-19/

10. “ОХ****** ” ХХК нь сайдын тушаал гарсан цагаас эхлэн “Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах гурвалсан гэрээ”-г байгуулахаар хандсан болох нь 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Д******** гэрээнд гарын үсэг зурсан, харин 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гэрээний нэг тал болох Хан-Уул дүүргийн засаг даргаар гэрээнд гарын үсэг зуруулахаар Хан-Уул дүүргийн тамгын газарт гэрээг хүргүүлж, удаа дараа хандсан, дүүргийн Засаг дарга өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй нөхцөл байдлаас харагдана. /2-р х.х-н 16-28/

11. Нэхэмжлэгчээс 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр Хан-Уул дүүргийн Засаг даргад гурвалсан гэрээг байгуулуулахаар хандсан боловч гурвалсан гэрээг баталгаажуулаагүй байх тул “ОХ******” ХХК гэрээний дагуу үүсэх эрх, үүргийг хэрэгжүүлээгүйд буруутгах боломжгүй.

12. Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө.”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дархан цаазат газрын ... хязгаарлалтын бүс ... газраас Монгол Улсын иргэн ...-д ... гэрээний үндсэн дээр ашиглуулж болно”, 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Сум дүүргийн Засаг дарга энэ хуулийн 36 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 2 дахь хэсгийн 2 “газар ашиглах тухай гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”, 3 дахь хэсэгт “газар ашиглах, хамгаалах талаар талуудын эрх, үүрэг, хариуцлага”-ыг тусгахаар тус тус зохицуулснаас үзвэл тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах гол үндэслэл нь эрх бүхий этгээдийн байгуулсан гэрээ байх бөгөөд уг гэрээ байгуулснаар газар ашиглагчид газар ашиглах эрх, үүрэг үүснэ.

13. Иймд нэхэмжлэгчээс гурвалсан гэрээ байгуулахаар Хан-Уул дүүргийн Засаг даргад байнга хандаж байсан нь тогтоогдож байх бөгөөд төрийн захиргааны байгууллагын албан тушаалтны буруутай эс үйлдэхүйн улмаас гурвалсан гэрээ байгуулагдаагүй байх тул нэхэмжлэгчид Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3 дахь заалтад заасан “газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх” үүргийг хэрэгжүүлэхийг шууд шаардах боломжгүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй.

14. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” гэсэн хуулийн заалтыг зөрчиж өөр зориулалтаар ашиглах гэж байсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь “ОХ****** ” ХХК-д уг газрыг анх ашиглуулах Байгаль, орчин аялал жуулчлалын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн А/114 дүгээр тушаалыг гаргахдаа үндэслэсэн зураг байх бөгөөд нэгэнт уг зураг төслийн дагуу газар ашиглахыг зөвшөөрсөн атлаа одоо үгүйсгэж байгаа нь ойлгомжгүй байна.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс сонсох ажиллагааг хийгээгүй гэж хариуцагчийг буруутгаж байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “М***** ш*****” ХК-иар хүргүүлсэн гэж байгаа нь тогтоогдохгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 10/7423 тоот албан бичгийг дангаар нь яамнаас ирүүлсэн /1-р х.х-н 146/ байх бөгөөд шууданд хүргүүлсэн баримтыг хариуцагчаас ирүүлээгүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч өөрт байгаа баримтыг гаргаж өгөх үүргийг хүлээсэн бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрт байгаа баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. Иймд хариуцагч сонсох ажиллагааг хийсэн нь баримтаар нотлогдохгүй байна.

Иймд захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6-д зааснаар бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа урьдчилан мэдэгдэх оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлж ажиллаагүй байх тул Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол ... эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно.” гэж зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ОХ****** ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шүүх шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг ту тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

          1.  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ОХ****** ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/79 дүгээр тушаалын “ОХ****** ”  ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙЖАРГАЛ