| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0104/И |
| Дугаар | 109 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3 дугаар багт оршин суух, Б овогт О.Х-н хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Х, гэрч С.Б, Л.О /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Х нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “...Миний бие О.Х 1981 онд 10 дугаар ангиа төгсөөд Дорнод аймгийн Эрээн хорооны Эрээний тэрэгний үйлдвэрт суурь машины туслахаар 1981 оны 11 сарын 28-наас ажиллаж байгаад машинист болсон. Нөхөр маань аймгийн төв рүү шилжсэн учир миний бие нөхөр хүүхдээ дагаад хүсэлтээ өгч 1989 оны 06 сарын 01-нд ажлаасаа гарсан. Тэгээд Дорнод аймгийн Аж үйлдвэрийн барааны трестэд худалдагч, кассчинаар 1990 оны 08 сарын 23-наас 1992 оны 12 сарын 23-ны өдөр хүртэл ажилласан. Энэ ажиллаж байсныг минь тогтоож өгнө үү. Намайг 4 настай байхад ээж маань Н гэж хүнтэй сууж би тэр хүний нэрээр овоглодог байсан. 1988 оны 10 сарын 23-ны хавьд гэр маань шатаж хамаг бичиг баримт маань шатаж үрэгдсэн. Тэгээд бичиг баримтгүй болоод Улсын бүртгэлийн хэлтсээс иргэний үнэмлэхээ авахаар шүүлгэсэн гэтэл О.Х гээд ээжээрээ овоглосон бүртгэлтэй гарч ирсэн. Уг бүртгэлээр иргэний үнэмлэхээ авсан. Ажилд орсон тушаал маань Н.Х-р гарсан учраас тэтгэвэр тогтоох боломжгүй гэсэн...” гэв.
Гэрч С.Б шүүх хуралдаанд: “... С.Б миний бие Н.Х-тэй Дорнод аймгийн Эрээн хорооны Эрээний тэрэгний мод боловсруулах цехийн шалны бригадад 1981 оны 11 дүгээр сарын 28-наас, 1989 оны 06 дугаар сарын 01-нийг хүртэл хамт ажиллаж байсан...” гэв.
Гэрч Л.О шүүх хуралдаанд: “... Миний бие Л.О нь О.Х-тэй 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 4 дүгээр дэлгүүрт худалдагч кассчинаар цуг ажиллаж байсан. Би 1984 оноос 2001 он хүртэл ажилласан...” гэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Х нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч О.Х нь Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл суурь машинчаар, Дорнод аймгийн Аж үйлдвэрийн барааны трестэд 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан Ой Модны Аж үйлдвэрийн Яамны харьяа Дорнод аймаг дахь партизан Содномдаржаагийн нэрэмжит СХ тэрэгний үйлдвэрийн даргын 1981 оны 11 дүгээр сарын 28-ны 187 дугаартай “Ажилд авах ба ажил өөрчлөн ажиллуулах тухай” тушаал, мөн 1982 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 128 дугаартай “Болзол дүгнэх тухай” тушаал, 1983 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 65 дугаартай “Ажилд авах ба ажлын нөхцөл өөрчлөх тухай” тушаал, 1984 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаартай “Ээлжийн амралт олгох тухай” тушаал, 1986 оны 04 дүгээр сраын 02-ны 43 дугаартай “Нэмэгдэл чөлөө олгох тухай” тушаал, 1986 оын 12 дугаар сарын 10-ны 162 дугаартай “Ажилд авч, ажлын нөхцөл өөрчлөх тухай” тушаал, 1988 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 46 дугаартай “Ээлжийн амралт тухай” тушаал, 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 52 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Дорнод аймгийн Архивын тасгаас авсан цалингийн тодорхойлолт, Дорнод аймаг аж үйлдвэрийн барааны трестийн даргын 1990 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 115 дугаартай “Ажилд томилох тухай” тушаал, Дорнод аймгийн худалдаа бэлтгэлийг удирдаж газрын даргын 1992 оны 12 дугаар сарын 23-ны 138 дугаартай “Зарим цэг салбарыг шилжүүлэх тухай” тушаал, гэрч С.Б, Л.О нарын тодорхойлолт болон мэдүүлгүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч О.Х улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овогт О.Х-г Дорнод аймгийн Эрээний тэрэгний үйлдвэрт 1981 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл суурь машинчаар, Дорнод аймгийн Аж үйлдвэрийн барааны трестэд 1990 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүртэл худалдагч, кассчинаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Х-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч О.Х-т олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н