Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/742

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Б.Булгантамир даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн, Улсын яллагч Д.Ганчимэг, шүүгдэгч Д.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000917 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1991 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөг мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Боржигон овогт Д Ж

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Ж нь согтуурсан үедээ 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 7 дугаар гудамж, 403 тоотод шалтгаангүйгээр Ц.Н руу халуун устай ус буцалгагч шидэж, эрүүл мэндэд нь бүсэлхий нуруу, баруун бугалганд биеийн нийт гадаргуун 10 хувь хамарсан 3а зэргийг түлэгдэлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Нгийн “...Ж орны хажууд байсан буцалгаж байсан ус буцалгагчтай усыг ор луу шидсэн. ...уг усны ихэнх нь миний нуруун тус газар асгарч ...халуун усыг над руу шидсэнээс болж энэ гэмтэл үүссэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 9-10, 12 дахь тал), гэрч Ц.Ариунтунгалагийн “...Ж согтсон байдалтай хоёр найзтайгаа муудалцаад байсан. ...Халуун устай ус буцалгагчийг аваад зүүн ор луу шидэхэд дотор нь байсан халуун ус цацарч, Нгийн нуруу руу цацагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), шинжээчийн 5213 дугаар “...Ц.Нгийн биед бүсэлхий нуруу, баруун бугалганд биеийн нийт гадаргуун 10% хамарсан 3а зэргийн түлэгдэлт гэмтэл тогтоогдлоо. Өндөр хэмийн хэсэг газрын түлэх үйлчлэлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 16-17 дахь хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-5 дахь тал), шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь  тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Нотлох баримтаар тогтоогдсон шүүгдэгч Д.Жгийн хохирогч Ц.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Д.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн бөгөөд түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр илэрхийлсэн.

Энэ хэргийн улмаас хохирогч Ц.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн (хавтаст хэргийн 12, 57 дахь тал) тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх нөхцөл байдлуудыг шүүх хуралдаанаар хянах бөгөөд тухайн нөхцөл байдлуудыг үгүйсгэх үндэслэл тогтоогоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Жг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торох ял оногдуулах саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэлээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, гэм буруугийн зарчим зэргийг цогц байдлаар харгалзах учиртай.

Гэтэл шүүгдэгч Д.Жгийн согтуурсан үедээ шалтгаангүйгээр халуун устай ус буцалгагч шидэж, хохирогчийн бүсэлхий нуруу, баруун бугалганд биеийн нийт гадаргуун 10% хамарсан 3а зэргийн түлэгдэлт гэмтэл үүсгэсэн үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээ ихтэй байх бөгөөд цаашид улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын санал гаргахдаа эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг анхаарвал зохино.

 

Гурав. Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Жд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Д Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Д.Жг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Д.Жд сануулсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Жигдсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР