Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 980

 

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00423 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох

 

Сумлагч тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг, олох байсан ашиг 72 000 000 төгрөг, нийт 78 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М” ХХК нь “Х” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 01/14 тоот тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж шатахуун тээвэрлэх болон сумлах зориулалтын ТЗ-3.8-ЗИЛ-130 маркийн УБД 60-86 улсын дугаартай тээврийн хэрэгсэл худалдсан. Худалдан авагч нь төлбөрийн тооцоог гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Гэтэл “Х” ХХК нь тээврийн хэрэгслийн үнийг төлөхгүй өдийг хүрсэн, удаа дараа төлбөр төлөхийг шаардаж албан бичиг хүргүүлж байсан. Одоо уг компани нь худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнийг төлөөгүй, уг тээврийн хэрэгслийг үнэгүйдүүлж 1,5-2,5 сая төгрөгөөр төлбөр тооцоог дуусгах мөн үйчилгээнд цөөн ашигласан, гараашид хадгалагдаж байсан зардал 1 сая төгрөгөөр тооцож буцааж өгөх асуудал яригдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний дагуу уг тээврийн хэрэгслээс 4 жилийн хугацаанд олох байсан ашиг орлогыг тооцож нөхөн гаргуулна. Тухайн үед “Х" ХХК нь манайд хандаж яаралтай авиахимийн ажил гарсан тул тээврийн хэрэгслийг урьдчилгаа төлбөргүйгээр 3 сарын хугацаанд үнийг төлөхөөр худалдаж авах санал тавьсан. Бид хамтран ажилладаг байгууллага тул ямар ч эргэлзээгүйгээр хүссэн нөхцлөөр нь худалдсан. Ингэснээр 4 жилийн хугацаанд тухайн тээврийн хэрэгслээс олох байсан ашиг орлогоо алдаж манай байгууллага санхүүгийн алдагдал хүлээгээд байна. Манайх ТЗ-3.8-ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийг улирлын чанартай буюу 4-10 саруудад бүрэн ашигладаг. Хэрэгцээтэй байгууллагуудад сарын 4 500 000 төгрөгөөр түрээсэлдэг. Бид уг тээврийн хэрэгслийг 4 жилийн хугацаанд 1 жилд 4 сараар нийт 16 сараар тооцож олох ёстой байсан орлого 72 сая төгрөгийг “Х” ХХК-иас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. “М” ХХК болон “Х” ХХК-ийн хооронд 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан 01/14 тоот тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээний 10 дугаар заалтанд ...ирээдүйд олох байсан ашгийг тооцож барагдуулна... гэдгийг тодорхой тусгасан. Иймд “Х” ХХК-иас ТЗ-3.8-ЗИЛ-130 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг, олох ёстой байсан ашиг орлого 72 000 000 төгрөг, бүгд 78 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “М” ХХК-тай 60-86 УБД улсын дугаартай шатахуун тээвэрлэх болон онгоц сумлах зориулалттай ЗИЛ-130 автомашиныг худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэвч тухайн тээврийн хэрэгсэл нь ашиглалтын шаардлага хангахааргүй эвдрэл гэмтэлтэй байсан учраас бид тээврийн хэрэгслийг худалдан авахаас татгалзаж буцааж өгөх талаар мэдэгдэхэд бидэнд ямар нэгэн хариу өгөлгүй өдийг хүрсэн. Мөн тухайн тээврийн хэрэгсэл нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй хэвээр байдаг бөгөөд “Х” ХХК-ийн нэр дээр шилжиж байгаагүй. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний эрх зүйн хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан. “М” ХХК-ийн гэрээний дагуу төлбөр шаардах эрх нь 2017 оны 8 дугаар сард дуусгавар болсон байх тул манай компани Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-т заасны дагуу үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Мөн нэхэмжлэгч нь олох ёстой байсан орлого гэх 72 000 000 төгрөг нэхэмжилж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нэхэмжлэгч өөрийн шаардлагын үндэслэл болж байгаа байдлын талаар нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр манай компани төлбөрийг нь төлсөн бол зайлшгүй олох ёстой байсан орлого хэмээн үзэж 72 000 000 төгрөгийн хохирол нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Х” ХХК-иас 6 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгуулж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг 72 000 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 547 950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-иас 110 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд гэрчээр Д.Энхмандахыг оролцуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх гэрчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн. Уг хэрэгт гэрчийг оролцуулаагүй нь шүүхийн шийдвэр урьдчилан тодорхой болчихсон байсан гэх эргэлзээг төрүүлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан сумлагч тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг, олох байсан ашиг 72 000 000 төгрөг, нийт 78 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр №01/14 тоот тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй, шатахуун тээвэрлэх болон онгоц сумлах зориулалтын ачаа тээврийн ТЗ-3.8-ЗИЛ-130 маркийн /УБД 60-86 улсын дугаартай/ тээврийн хэрэгсэл, түүнтэй холбоотой баримт бичгийг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөгийг гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор төлөхөөр тохиролцсон нь хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар тогтоогдсон. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй байна.                                                  /хх-7-8 дахь тал/

 

Гэрээний агуулгаас үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “худалдан авагч нь гэрээний дагуу худалдан авсан тээврийн хэрэгслийн үнийг хугацаанд нь төлөөгүй тул 6 000 000 төгрөг болон ирээдүйд олох байсан ашиг 72 000 000 төгрөг гаргуулна” гэж тодорхойлсныг хариуцагч няцаан гэрээний зүйл доголдолтой тул төлбөрийг төлөхгүй гэж маргасан байна.

 

Хариуцагч 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэрээний зүйлийг хүлээн авах үедээ түүний доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байтал тээврийн хэрэгслийг хүлээн авсан учир доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдах талаар хийсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 255 дугаар зүйлийн 255.1.2-т заасантай нийцжээ. 

 

“М” ХХК-иас “Х” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу маргааны зүйл болох тээврийн хэрэгслийг хүлээн авч эзэмшихдээ уг тээврийн хэрэгсэл доголдолтой байсан, доголдлыг арилгуулах талаар шаардлага гаргаж байсан болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч баримтаар нотолж чадаагүй болно.

 

Талууд худалдах-худалдан авах гэрээг 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулж, нэхэмжлэгч “М” ХХК нь 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15/16 тоот өр барагдуулах тухай албан бичгийг хариуцагч “Х” ХХК-д хүргүүлсэн, 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр “Х” ХХК-иас Б-17/380 тоот албан бичгээр өр төлбөрийн талаар хариу өгсөн зэрэг үйл баримтаас үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааны дотор нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлээ гаргасан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүйг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.                                                                                                    /хх-12-13 дахь тал/

 

Хэргийн 10-13 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээний үүргийг шаардаж 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 18, 26-ны өдрүүдэд тус тус өр барагдуулах тухай албан бичгийг хүргүүлж, хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Б-17/380 тоот өр төлбөрийн талаар албан бичгээр хариу өгсөн байна. Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор зохицуулсан байна.

 

Нэхэмжлэгч нь олох байсан ашиг 72 000 000 төгрөг гаргуулахаар шаардсан боловч анхан шатны шүүх дээр дурдсан хэмжээний орлогыг зайлшгүй олох байсан нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчээр Д.Э, Ч.Г нарыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтийг гаргасан боловч шүүх тэдгээрийн хаяг, утасны дугаар тодорхойгүйгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах боломжгүй гэж үзэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж үзэхгүй, энэ талаар нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэрийг “М” ХХК гэж буруу бичсэнийг дурдах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/00423 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 517 950 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогч магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ТУЯА

 

                ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                        Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ