Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2025/0746

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны

 хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.М

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/5989 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Барилгын ажил явуулах 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НХОГ/-2022-А/948-9 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах, хариуцагчийн “Х” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 644 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Л.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0366/З  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 644 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/5989 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Барилгын ажил явуулах 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НХОГ/-2022-А/948-9 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “хариуцагчийн “Х” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

            Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, Д.М нараас шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “....Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.4 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "А” ХХК-иас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан "нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/5989 тоот гэрээг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Барилгын ажил явуулах 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НХОГ/-2022-А/948-9 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах" нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгосугай,

Захиргааны хэсэгт шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч "А” ХХК-иас нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагчийн "Х" ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн шийдвэр гаргасан.

Манай компанийн хувьд хуулийн дагуу үүргээ гүйцэтгэж байсан тул дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд 128/ШШ2025/0644 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцон манай нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            2.1.Нэхэмжлэгч “А” ХХК нь нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/5989 тоот гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүчингүйд тооцуулах, Барилгын ажил явуулах 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн нийслэлийн Засаг даргын Тамгын газрын НХОГ/-2022-А/948-9 дугаартай гэрээг үргэлжлүүлэн явуулахыг хариуцагчид даалгах, хариуцагчийн “Х” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүйд тооцуулах”-аар маргажээ.

            2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргыг түр орлон гүйцэтгэгч болон “А” ХХК, “Ж” ХХК-иудын түншлэл нарын хооронд 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр НХОГ-2022-А/948-9 дугаар “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, гүйцэтгэгч нь бага сургууль, цэцэглэгийн цогцолборын зураг төслийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр эхэлж, 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр магадлалаар оруулж баталгаажуулан хүлээлгэж өгч, улмаар барилгын ажлыг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр эхэлж, 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулахаар гэрээгээр тохиролцжээ.

            2.3. Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Захиргааны гэрээг бичгээр байгуулна”, 56.3-т “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно”, 56.4-т “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ”, 57 дугаар зүйлийн 57.1-т “Захиргааны байгууллага захиргааны гэрээний биелэлтийг хангах үүрэгтэй...” гэж,

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “нийслэлийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 63.1.4-т “нийслэлийн төсвийн төсөл, түүний тодотголын төслийг боловсруулах, хэлэлцүүлэх, батлуулах, төсвийн гүйцэтгэлийг зохион байгуулж..., Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон бусад хуульд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 22.1.1-т “энэ хуулийн 8.2-т заасан тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж тус тус заасан.

            2.4. Нэхэмжлэгчээс дээрх “Бага сургууль, цэцэглэгийн цогцолборын ажил”-ыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй болох нь гэрээний үүргээ биелүүлж, ажлаа эхлүүлэхийг шаардаж байсан Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын “Ажил эрчимжүүлэх тухай”  2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/4877 дугаар,  2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн и3/5288 дугаар , 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 3/572 дугаар, 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 3/1671 дугаар, 2023 оны 08 дугаар сар 02-ны өдрийн 2/2685 дугаар албан бичгүүдээр тус тус тогтоогдож байна.

            2.5. Ийнхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэхийг шаардсан боловч гүйцэтгээгүй тул Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газраас 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр сонсох ажиллагааны хурлыг зохион байгуулж, гүйцэтгэгч компани нь 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн дотор 2024 онд он дамжин санхүүжих 415 сая төгрөгт тохирсон ажлыг гүйцэтгэх, гүйцэтгээгүй тохиолдолд "Агар дүнз" ХХК болон “Ж” ХХК-иудын түншлэлтэй байгуулсан 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ-2022-А/948-9 дугаар гэрээг зөрчсөн гэж үзэж гэрээг цуцлахаар шийдвэрлэжээ.  

            2.6. Улмаар гүйцэтгэгч компаниас дээрх хурлын шийдвэрээр өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хугацаанд нь бүрэн хангаагүй тул талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Захиалагч дараах үндэслэлээр гэрээг цуцалж болно”, 9.1.2-т “Захиалагч үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг тогтоосон боловч үр дүн гараагүй” гэж зааснаар захиалагчаас 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн НХОГ-2022-А/948-9 дугаартай гэрээг цуцалж, 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 03/5989 дугаар албан бичгээр мэдэгджээ.

            2.7. Дээрхээс үзэхэд гэрээгээр хүлээсэн ажил гүйцэтгэх хугацаа нэгэнт дууссан, захиалагч байгууллагаас тодорхой ажил гүйцэтгүүлэхээр хугацаа заасан боловч уг хугацаанд ч мөн үүргээ гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон, мөн “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор”-ын барилгын ажил удааширч барилга ашиглалтад орохгүй байх нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны хүүхдүүдийн сурч боловсрох орчин нөхцөл сайжрах, сургууль цэцэрлэг хүртээмжтэй болох зэрэг нийтийн ашиг сонирхолд хор уршиг учрахаар байх тул захиалагчийн гэрээг цуцалсан шийдвэр нь дээрх хуульд нийцсэн бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэхгүй.  

            2.8. Тодруулбал, талуудын байгуулсан гэрээнд ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгөх хугацааг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэж тохиролцсон боловч гэрээг 2024 оны 10 дугаар сард цуцалсан байгаагаас үзвэл захиалагчаас гүйцэтгэгчид гэрээний үүргээ биелүүлэх боломжит хугацааг хангалттай олгосон гэж үзэхээр байна.

 2.9. Нэхэмжлэгчээс гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй шалтгаанаа “...манайд олгосон газар нь 2 айлын газартай давхацсан асуудлаар маргаан үүссэн тул гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй байсан. Захиалагч талаас уг асуудлыг шийдвэрлэж өгөх үүрэгтэй боловч шийдвэрлэж өгөөгүй...” гэж тайлбарлан маргаж байх боловч газрын маргаан үүссэн, уг маргаантай асуудлыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэгчээс захиалагчид хандаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.10. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”,

3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл”ийг хэмээн заасанчлан тус шүүх нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг хянан шийдвэрлэн, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт заасан аль нэг шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй.

2.11. Хэрэгт авагдсан баримтаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаар хороо) нэртэй, НХОГ/2025-A/15-4 дугаар тендер шалгаруулалтыг нээлттэй зарласан боловч, нэхэмжлэгч “А” ХХК болон “Ж” ХХК-ийн түншлэл уг тендер шалгаруулалтад оролцоогүй, улмаар тендерт “Х” ХХК шалгарсан тул тус компани болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хооронд "Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаap хороо)"-ын ажил гүйцэтгэх НХОГ/2025-Α/15-4 дугаар гэрээг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан байна.

2.12. Өөрөөр хэлбэл, “Х” ХХК болон Нийслэлийн Засаг даргын тамгын газар хооронд "Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор (Сонгинохайрхан дүүрэг, 26 дугаap хороо)"-ын ажил гүйцэтгэх НХОГ/2025-Α/15-4 дугаар гэрээ нь тендер шалгаруулалтын үр дүнгээр хийгдсэн гэрээ бөгөөд тухайн сонгон шалгаруулалтын ажиллагаанд нэхэмжлэгч “А” ХХК болон “Ж” ХХК-ийн түншлэл оролцоогүй, энэ тохиолдолд уг гэрээний улмаас нэхэмжлэгч “А” ХХК болон “Ж” ХХК-иудын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй гэж үзэхгүй, тухайн гэрээг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэхгүй, энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 644 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

            ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН