Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 128

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, С овогт П.О-н хүсэлттэй, 

“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч П.О, гэрч Ц.Д, Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч П.О нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд:  “...Миний бие П.О 1985 оны 09 дүгээр сарын 02-нд Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар орж 1988 оны 08 сарыг дуустал ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтрээ борооны усанд норгож бичиг нь бүдгэрч харагдахгүй болсон учир 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 05-ны хүртэл ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү. Миний бие нь 1991 он хүртэл улсад тасралтгүй ажилласан...” гэв.

Гэрч Ц.Д шүүх хуралдаанд: “... П.О нь Улаанбадрах сумын цэцэрлэгт хүмүүжлэгч багшаар ажиллаж байсан. Оныг нь сайн мэдэхгүй байна. Би тухайн үед эмнэлэгт ажилладаг байсан. Хүү маань О-н ангид хүмүүжсэн болохоор сайн мэднэ...” гэв. 

Гэрч Г.С шүүх хуралдаанд: “... П.О нь Улаанбадрах сумын цэцэрлэгт хүмүүжлэгч багшаар ажиллаж байсан нь үнэн. Манай хүү С П.О-н ангид явдаг байсан. Хүү маань 2-7 нас хүртэлээ цэцэрлэгт явдаг байсан. Манай нутгийн хүнтэй суугаад Чойроос шилжиж ирж байсан. Сум учраас бие биенээ сайн таньж мэддэг байсан...” гэв. 

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч П.О нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

Хүсэлт гаргагч П.О нь Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан, Дорноговь аймаг Засаг Даргын Тамгын газар Архивын тасгийн тодорхойлолт, Улаанбадрах сумын Засаг даргын Тамгын газрын цалингийн лавлагаа,  гэрч Ц.Д, Г.С нарын тодорхойлолт болон мэдүүлгүүд, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн бичилт зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагч П.О-н улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар С овогт П.О-г Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Цэцэрлэгт хүмүүжүүлэгч багшаар 1985 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 1988 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч П.О-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 72,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 2,000 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хүсэлт гаргагч П.О-т олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н