Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1019

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн,

Орчуулагч О.Баярхүү,

шүүгдэгч Пам овогт В /P/, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Пам овогт В /P/холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308007940758 дугаар хэргийг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд найрамдах социалист Вьетнам улсын иргэн, 1991 оны 02 дугаар 28-ны өдөр Бүгд найрамдах социалист Вьетнам улсад төрсөн, эрэгтэй, яс үндэс Вьетнам, тусгай дунд боловсролтой, Төмөрчин мэргэжилтэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ганцаараа, урьд ял эдэлж байгаагүй,

Пам овогт В /P/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Пам В /P/ нь 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 278 тоотод хамтран амьдрагч Г.Уг “өөрийн 2 сая төгрөгийг үрлээ” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт олон тооны давтамжтай цохиж, үснээс зулгаан нүүр болон сарвуу хэсэгт цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд “хоёр нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салст, зүүн завжинд цус хуралт, шарх, эрүү, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг  сэртэн, баруун бугалга, тохой, баруун шуу, бугуй, зүүн дал, зүүн тохой, шуу, зүүн гарын сарвуу, цээж, хүзүүнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 526 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Пам В /P/-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх шаардлагагүй... Би өөртөө дүгнэлт хийж байна. Хүний эрүүл мэндэд  халдаж болохгүй гэдгийг мэднэ. Хэрэг болсноос хойш эхнэртэйгээ ярилцсан. Эхнэр маань нэг удаа уучилсан. Дахин алдаа гаргахгүй гэж эхнэртэйгээ ярилцсан байгаа...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- P-ний мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хамтран амьдрагч болох Г.Уд грашын түрээс гэж 2.000.000 төгрөгийг гарашын эзэнд нь өгөөрэй гэж хэлээд өгсөн юм. Тэгээд би Уд хандаж чи грашын эзэнд мөнгө өгсөн үү грашын ус хаагаад, тог таслаад байна, гэж хэлтэл У тэр мөнгийг гарашын эзэнд өгөөгүй, тухайн өдөр гэртээ ирж хоноогуй, 2 хоногийн дараа буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ирсэн юм. У надад хандаж би чиний мөнгөөр баар, караоке ороод дуусчихсан гэж хэлсэн юм. Тэгээд У бид хоёр маргалдаад хоорондоо муудалцаж би Уг нүүр рүү нь 2 удаа алгадсан юм. У миний нүүрийг маажих гээд байсан бөгөөд би толгойг нь доош нь дараад тэгээд хоорондоо барьцалдаж аваад би Уг зодож цохисон. Угийн нүүр рүү нь эхлээд 2 удаа алгадсан, мөн толгойг нь доог нь дараад гараараа нэлээн олон удаа нүүр болон бие рүү нь цохисон, би нүүр болон биеийнх нь аль хэсэг рүү цохисоноо бол хэлж мэдэхгүй байна, ер нь бол цохиод л байсан юм. би тухайн үед пиво уучихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дэх тал),

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3-5 дахь тал),

            - хохирогч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 онд найз болох Укагийн Баянбүрдийн тойрог 32-ын ойролцоо байдаг Вьетнам авто засвар дээр байж байхдаа БНСВУ-ын иргэн Пам В /P/ -той танилцсан юм. Тэгээд Пам В /P/ бид 2, 2017 ондоо Пам В /P/ -ны ажилладаг авто грашд хэсэг амьдарсан. Бид 2 гэрлэлтээ батлуулсан зүйл байхгүй, дундаасаа ямар нэгэн хүүхэдгүй юм. Би харин 8 настай нэг охинтой. Тэгээд 2022 оны 10 дугаар сараас эхлэн Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12-р байрны 8-р орцны 28 тоотод байр түрээслэн хамт амьдарсан. Хэрэг гардаг өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэртээ хүүхдийнхээ хамтаар байж байтал 18-19 цагийн хооронд манай хамтран амьдрагч БНСВУ-ын иргэн Пам В /P/-ны найз гэх БНСВУ-ын иргэн болох нэг залуугийн хамтаар 2- уулаа орж ирсэн бөгөөд гэрт орж ирэхдээ Тайга гэх нэртэй 750 граммын нэг шил архи, мөн 1 том 2,5 литртэй шар айраг барьчихсан орж ирсэн. Би тэр найзынх нь нэрийг нь бол мэдэхгүй байна. Тэгээд байж байтал хойноос нь манай танил дүү болох Орлом орж ирсэн. Тэгээд бид нар хоол хийж идээд архи, пиво уугаад байж байтал 21 цагийн орчим Пам В /P/ бид 2 хоорондоо маргалдсан юм. Бид 2 хоорондоо маргалдсан юм. Бид 2-ын маргалдах болсон шалтгаан гэвэл 14 хоногийн өмнө нь Пам В /P/ надад грашын түрээс гэж 2.000.000 төгрөг өгчихсөн байсан ба би тэр мөнгөнөөс үрчихсэн, мөн тухайн үед Пам В /P/-ын найз нь намайг хамт гарья гээд байсан бөгөөд Пам В /P/ намайг хардаад тэгээд л дээрх 2 шалтгаанаас болж маргалдсан ... Пам В /P/  миний нүүр рүү гараараа аймар чанга цохиод тэгтэл манай танил дүү болох Орлом манай охиныг аваад нөгөө өрөө рүү орчихсон. Тэгээд бид 2 үргэлжлүүлж маргалдаад Пам В /P/ миний нүүр болон 2 гарын шуу хэсэг рүү гараараа нэлээн олон удаа цохисон юм. Харин Пам В /P/-ын найз нь тухайн үед салгахгүй шууд гэрээс гараад яваад өгсөн юм. Би тэгээд Орлом дүүгээ цагдаа дуудаарай гээд цагдаа дуудуулсан юм. Пам В /P/ тухайн үед миний нүүр болон гарын шуу, сарвуу хэсэг рүү олон удаа гараараа цохисон. Би яг хэдэн удаа цохисныг нь бол хэлж мэдэхгүй байна. Тухайн үед миний амнаас цус гарсан, нүүр, нүд, гар хөхөрч хавдсан ...өмнө нь гэвэл 2021 оны 08 дугаар сард маргалдаж, Пам В /P/ миний гар руу цохиж байсан. Би дээрх асуудлыг тухайн үед цагдаад хандаж байгаагүй. Би Пам В /P/ -г цохисон зүйл байхгүй. Би тэр хүнийг дийлэхгүй, харин тэр хүн рүү аяга авч шидсэн. Гэхдээ миний шидсэн аяга Пам В /P/-г оноогүй, хаалга онож газар унаж хагарчихсан юм. Би тухайн үед 150.000 төгрөгөөр толгойны зураг авхуулсан. Пам В /P/ надад 250.000 төгрөгийг эмчилгээний зардалд ашиглаарай гэж өгсөн. Пам В /P/-оос нэхэмжлэх зүйл байхгүй, надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн-51-53 дэх тал),

               - Шүүх эмнэлгийн шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2670 дугаартай: “...Г.Угийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруу, доод уруул, зүүн хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салст, зүүн завжинд цус хуралт, шарх, эрүү, зүүн чихний дэлбэн, зүүн хөхпөг сэртэн, баруун бугалга, тохой, баруун шуу, бугуй, зүүн дал, зүүн тохой, шуу, зүүн гарын сарвуу, цээж, хүзүүнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

- Гэрч Г.Орломын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр би 19 цагийн үед танил эгч болох Угийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гэрт нь явж очсон. Намайг очиход Урангаа эгч, түүний хамтран амьдрагч БНСВС-ын иргэн Пам В /P/, бас нэг Вьетнам улсын иргэн гэх залуу пиво уугаад сууж байсан. Тэгээд 22 цагийн орчим тэнд байсан Вьетнам улсын иргэн гэх залуу У эгчийг хамт гарья гээд сонин, сонин юм бриад байсан ба У эгчийн хамтран амьдрагч гэх Пам В /P/  угаалгын өрөөнөөс гарч ирээд хэсэг байж байснаа У эгчийг чи манай найзтай гардаг хэн бэ гээд шууд нүүрнийх нь хамар, нүд орчим хэсэг рүү гараараа нэг удаа цохиод У эгч сууж байснаа хойшоо савж унасан юм. Би тэгээд нөгөө өрөө рүү шууд хүүхдийг нь аваад орчихсон. Намайг нөгөө өрөөнд орсон байхад У эгч ороод нөгөө хамтран амьдрагч нь зодоод байх шиг байсан. Би тэгээд цагдаа дуудсан юм. Тэгээд намайгөрөөнөөс гарч ирэхэд У эгчийн нүүр хэсэг аймар хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас),

                - Гэрч Nguyen Duc Cuong-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр миний ажилладаг авто засвар дээр ажил бага байсан учир гадуур бусад Вьетнам засваруудаар ажил олох гэж гарсан юм. Тэгээд гарч яваад БНСВС-ын иргэн болох P-н Вьетнам засварын авто граш дээр 14 цагийн орчим явжочсон юм. Тэгээд Nhon тэй уулзаж ажил асуухад будагны ажил байна гэж хэлээд би шууд ажилдаа орсон юм. Тэгээд орой 18 цагийн орчим ажлаа хийж байтал Nhon ах надад хандаж өнөөдөр баярын өдөр учир тахиа, хэдэн шил пиво аваад манай гэрт очиж ууя гэж хэлээд тэгээд бид 2 грашаас нь гарч гэрт нь явж очсон юм. Тэгээд гэрт нь явж очоод Nhon ахын найз хүүхэнтэй хамт пиво уугаад сууж байтал Nhon ах найз хүүхэнтэй маргалдаад байсан юм. Мөн тухайн үед бас нэг хүүхэн ирчихсэн байсан юм. Тухайн үед 4-лээ байсан. Тэгээд би хэсэг сууж пиво ууж байгаад угаалгын өрөө орчихоод буцаад гараад иртэл Nhon ах найз хүүхэнтэйгээ муудалцаад заамдалцчихсан зогсож байсан бөгөөд би дундуур нь орж салгасан юм. Харин нөгөө хамт байсан хүүхэн өөр өрөөнд орчихсон байсан юм. Тэгээд би, за за би явлаа гэж хэлээд таньдаг таксигаа дуудаад тэгээд гэрээс 10-15 минут орчим болоод такси ирээд гараад явсан юм. Би яг цохиж байгааг нь бол хараагүй ...Намайг угаалгын өрөөнд ороход Nhon ахын найз хүүхнийх нь нүүр зүгээр байсан бөгөөд харин угаалгын өрөөнөөс гарч ирээд тэр 2-ыг салгах үед Nhon ахын найз хүүхнийх нь хамар хэсгээс нь цус гарсан харагдаж байсан юм ...маргааш нь түүний граш дээр очоод хийж байтал P надад хандаж чамайг явсны дараа би найз хүүхнээ цохиод, тэгээд цагдаа дуудаад намайг авч явсан гэж хэлсэн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 116-119 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- гадаад паспортын хуулбар (хавтаст хэргийн 89 дэх тал), Монгол Улсад оршин суух үнэмлэхний хуулбар (хавтаст хэргийн 90 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 130-131 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болохыг дурдав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Пам В /P/ нь 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 22:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, 12 дугаар байрны 278 тоотод хамтран амьдрагч Г.Уг “өөрийн 2 сая төгрөгийг үрлээ” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газарт олон тооны давтамжтай цохиж, үснээс зулгаан нүүр болон сарвуу хэсэгт цохиж зодон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд “хоёр нүдний зовхинд цус хуралт, уруулын дотор салст, зүүн завжинд цус хуралт, шарх, эрүү, зүүн чихний дэлбэн, зүүн хөхлөг  сэртэн, баруун бугалга, тохой, баруун шуу, бугуй, зүүн дал, зүүн тохой, шуу, зүүн гарын сарвуу, цээж, хүзүүнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, баруун шилбэнд цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тодруулбал, хохирогч Г.Угийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пам В /P/  миний нүүр рүү гараараа аймар чанга цохиод тэгтэл манай танил дүү болох Орлом манай охиныг аваад нөгөө өрөө рүү орчихсон. Тэгээд бид 2 үргэлжлүүлж маргалдаад Пам В /P/ миний нүүр болон 2 гарын шуу хэсэг рүү гараараа нэлээн олон удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-53 дахь тал),

- Гэрч Nguyen Duc Cuong-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...харин угаалгын өрөөнөөс гарч ирээд тэр 2-ыг салгах үед Nhon ахын найз хүүхнийх нь хамар хэсгээс нь цус гарсан харагдаж байсан юм..." гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 116-119 дэх тал),

- Гэрч Г.Орломын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пам В /P/  угаалгын өрөөнөөс гарч ирээд хэсэг байж байснаа У эгчийг чи манай найзтай гардаг хэн бэ гээд шууд нүүрнийх нь хамар, нүд орчим хэсэг рүү гараараа нэг удаа цохиод У эгч сууж байснаа хойшоо савж унасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас),

- Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээч эмч Т.Чимэд-Очирын 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2670 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

- Шүүгдэгч Пам В /P/-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 109-111 дэх тал), мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана. Харин дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэнээр тус гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдалд тооцогддог болно.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх шинжийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.

Тухайлбал, Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 23 дугаар зүйлийн 1-д “Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.” гэж тунхагласан бөгөөд Монгол Улс 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталснаар гэр бүлийн харилцаа, хүчирхийллийг төр хамгаалах үүрэг хүлээжээ.

Шүүгдэгч Пам В /P/  нь хамтран амьдрагч Т.Угийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Пам В /P/ -ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ. 

Хохирогч Г.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хоорондоо эвлэрч ямар нэгэн маргаангүй болсон. Нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй...” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 97 дахь тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Пам В /P/ нь гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Пам В /P/эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Пам В /P/-д 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах”,

Шүүгдэгч Пам В /P/, түүний өмгөөлөгч Г.Энхболд нь “Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Хэргийн зүйлчлэл, гэм буруу дээрээ мараагүй. Хохирол төлбөр барагдуулсан. Шүүгдэгч, хохирогч хоёрын харилцаа хэвийн болсон. Иймд миний үйлчлүүлэгчид улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагаас багасгаж өгнө үү” гэсэн саналуудыг гаргасан.

Шүүгдэгч Пам В /P/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Пам В /P/Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Нямдаваа нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Пам В /P/-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Пам овогт В /P/-ийг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Б.Нямдавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Пам В /P/сануулсугай.

            5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Пам В /P/   нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Пам В /P/-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР