Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Батцэнгэл |
Хэргийн индекс | 162/2023/0122/Э |
Дугаар | 2023/ШЦТ/123 |
Огноо | 2023-06-19 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Н.Энхтөр |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Прокурор: Н.Энхтөр,
Нарийн бичгийн дарга: ,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхтөрөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын Тогтох /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан иргэн *******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн В8В маркийн хар өнгийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
... Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, мөн яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцлаа, асууж тодруулах зүйл алга байна, өмнө болсон хэргийн талаар үнэн зөвөөр ярьж байсан тул, мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна, миний хувьд зурагтын буцааж хүлээлгэж өгсөн, би зурагтаас өөр зүйл аваагүй болно...гэх мэдүүлэг / хх-ийн 65 /,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэг ******* мэдүүлэхдээ: Гэм бурууг хүлээж байна, хохирогч нь надад 80.000 төгрөг өгөх ёстой байсан тэгээд нэхээд өгөхгүй болохоор нь гэр нь ороод зурагтыг нь хулгайлсан юм гэрийн хаалганы нугасыг салгаж орсон, Хадаас хийсэн байсан гэв.
3. Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
...Би Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулах Наранмандалын уурхайд уурхайчнаар ажилладаг юм, 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ээлжийн ажилдаа гараад өнөөдөр өглөө ажлаасаа буугаад гэртээ ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгоход хаалга нугас хэсгээрээ унахаар нь харахад нугасны гол төмрийг авсан байхаар нь гэр лүүгээ харахад тавилга дээр байсан хар өнгийн BSB маркийн 32 инчийн зурагт алга байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ цоожлоод явсан. Тэгээд өнөөдөр ирж байгаа юм. Энэ хугацаанд манайх эзэнгүй ямар нэг хүн байгаагүй. Цагдаагийн байгууллагын алба хаагч нар миний зурагтыг олж өгсөн учир гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 /,
.....Тухайн хурган дээлийг манай эхнэр Баянхонгор аймагт ирээд бол өмсөөгүй, манайх 2017 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нүүж очсон тэгээд би 2020 онд Наранмандал ххк ажилд ороод тэндээсээ ажилдаа явдаг байж байгаад 2021 оны 03 дугаар сард гэрээ нүүлгэж ирсэн тэгж ирэхдээ тухайн хурган дээл ирсэн, ирснээсээ хойш ерөөсөө гаргаж өмсөөгүй, хамгийн сүүлд манай эхнэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байхдаа өмссөн байх, санахгүй байна. *******оос 2022 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд явж байхдаа 70.000-80.000 төгрөг зээлж байсан, яг хэд гэдгийг сайн санахгүй байна, тухайн мөнгийг одоог хүртэл өгөөгүй байгаа, удахгүй цалин буухаар өгнө. ******* манайхаас өмнө янз бүрийн зүйл авч байгаагүй. Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна, нэгэнт хурган дээлийг ******* аваагүй гээд байгаа учир нэхэмжлэхгүй юм....гэх мэдүүлэг / хх-ийн 69 /,
4. Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн:
... 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед ******* хар өнгийн ВSВ маркийн 32 инчийн LCD зурагт тэврээд манайд хүрч ирээд энэ зурагтыг танайд тавьчихъя гэхээр нь тэг гэж хэлэхэд манайд тавьчхаад яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед ирэхээр нь юун зурагт юм гэж асуухад хүнээс мөнгөний авалтай байж байгаад тэрэндээ авсан юм гэж надад хэлсэн юм. Тэгтэл өнөөдөр манайд цагдаагаас хүмүүс ирээд зурагтын талаар асуухаар нь *******ыг авчир өгсөн талаар хэлсэн. *******ын авчирсан зурагт байгаа. Би танд хүлээлгэнэ өгнө, манайд зурагт авчирч ирэхдээ хулгайн зурагт гэж хэлээгүй, хүнээс өрнийхөө оронд авсан талаар хэлсэн....гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 /,
..Би 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр өөрийн хоёр хүүхдийн хамт Бат-Өлзий суманд ирсэн. Бат-Өлзий суманд ирэхдээ хурган дээл ирээгүй. Баянхонгор аймагт байх гэртээ үлдээсэн. Би Баянхонгор аймагт байх гэрийнхээ хувцасны модон шкафны хамгийн доод хэсэгт үлдээсэн байсан. Тухайн дээлийн ард хромон гутал үлдээсэн байсан тэр гутал манайд хулгай орсны дараа байж байсан. Гэртээ хурган дээл үлдээсэн талаар ямар нэг хүнд хэлээгүй манай нөхөр болон манай хадам ээж хоёр мэдэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 /,
... ******* манай том хүү байгаа, 1974 онд төрсөн, энэ жил 49 настай, Баацагаан сумын 6 дугаар багийн харьяат одоогоор надтай хамт амьдарч байгаа, эхнэр авч байгаагүй, хүүхэд байхгүй, албан бусаар 8 дугаар анги төгссөн, тэгэхдээ монгол бичиг, үсэг сайн мэдэхгүй, муухан нэрээ бичдэг хүн байгаа юм, багаасаа мал маллаж өссөн, цэргийн алба хаагаагүй, одоогоор надтай хамт амьдарч байгаа юм, Миний хүү цайлган, хааяа нэг өрвөс гэж уурладаг тэгэхдээ их цайлган хүнд сайн муу санадаггүй хүн байгаа юм, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, гэрийнхээ бүх ажлыг хийдэг, надад ганц тусалдаг хүү минь байгаа юм, элдэв янзын зан байхгүй, хар ажилд сайн, махруу сайн хийдэг, төлөв, даруу хүн байгаа юм, дүү нарийн ихэнх нь тусдаа гарсан, хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг, тамхи татдаггүй....гэх мэдүүлэг / хх-ийн 73-74 /,
... ******* нь манай хамгийн том ах байгаа юм. 1974 онд төрсөн, энэ жил 49 настай, Баацагаан сумын 6 дугаар багийн харьяат одоогоор ээж, дүү нарын хамт амьдардаг, эхнэр авч байгаагүй, хүүхэд байхгүй. Баацагаан суманд албан бусаар 8 дугаар анги төгссөн, монгол бичиг, үсэг сайн мэдэхгүй, өөрийнхөө нэрийг муухан бичдэг хүн байгаа юм, багаасаа мал маллаж өссөн, цэргийн алба хаагаагүй. Манай ахын хувьд дөлгөөн, цайлган, төлөв, даруу хүн байгаа юм, хүнд сайн муу санадаггүй, хүнд тусархуу, хүний үгнээс гардаггүй, ээжид бүх юмыг нь хийж өгдөг мөн гэрийнхээ бүх ажлыг хийдэг, хар ажилд сайн, махаруу сайн хийдэг, хааяа нэг согтууруулах ундаа хэрэглэдэг, тамхи татдаггүй. Холбогдсон хэргийн талаар сайн мэдэх зүйл алга байна....гэх мэдүүлэг / хх-ийн 76 /,
8. Энх-Нахиа ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 375 дугаартай шинжээчийн:
... 32 инчийн BSB маркийн зурагт 1 ширхэг 280.000 төгрөг,
Модон хаалганы нугас 2 ширхэг 1000 төгрөг,
Эмэгтэй хурган дээл хуучин 1 ширхэг 700.000 төгрөг,
Үнэлгээ хийж буй эд зүйлийн нийт үнэ цэнэ 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 981.000 /есөн зуун наян нэгэн мянга / төгрөг болохыг тодорхойлов...дүгнэлт /хх-ийн 23 /, болон гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1/, эд зүйл болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд / хх-ийн 24-25 /, шүүгдэгч *******ын ял шийтгэл эдэлж байсан лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 80-86 /, Баянхонгор сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 98 / зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ээлжийн ажилдаа гараад өнөөдөр өглөө ажлаасаа буугаад гэртээ ирээд гэрийнхээ хаалгыг онгойлгоход хаалга нугас хэсгээрээ унахаар нь харахад нугасны гол төмрийг авсан байхаар нь гэр лүүгээ харахад тавилга дээр байсан хар өнгийн BSB маркийн 32 инчийн зурагт алга байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ цоожлоод явсан. Тэгээд өнөөдөр ирж байгаа юм. Энэ хугацаанд манайх эзэнгүй ямар нэг хүн байгаагүй. Цагдаагийн байгууллагын алба хаагч нар миний зурагтыг олж өгсөн учир гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй,
.....Тухайн хурган дээлийг манай эхнэр Баянхонгор аймагт ирээд бол өмсөөгүй, манайх 2017 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд нүүж очсон тэгээд би 2020 онд Наранмандал ХХК-д ажилд ороод тэндээсээ ажилдаа явдаг байж байгаад 2021 оны 03 дугаар сард гэрээ нүүлгэж ирсэн тэгж ирэхдээ тухайн хурган дээл ирсэн, ирснээсээ хойш ерөөсөө гаргаж өмсөөгүй, хамгийн сүүлд манай эхнэр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байхдаа өмссөн байх, санахгүй байна. *******оос 2022 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд явж байхдаа 70.000-80.000 төгрөг зээлж байсан, яг хэд гэдгийг сайн санахгүй байна, тухайн мөнгийг одоог хүртэл өгөөгүй байгаа, удахгүй цалин буухаар өгнө. ******* манайхаас өмнө янз бүрийн зүйл авч байгаагүй. Миний хувьд гомдол, санал нэхэмжлэх зүйл алга байна, нэгэнт хурган дээлийг ******* аваагүй гээд байгаа учир нэхэмжлэхгүй юм.” гэх мэдүүлэг, гэрч *******ын “2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой 19 цагийн үед ******* хар өнгийн ВSВ маркийн 32 инчийн LCD зурагт тэврээд манайд хүрч ирээд энэ зурагтыг танайд тавьчихъя гэхээр нь тэг гэж хэлэхэд манайд тавьчхаад яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед ирэхээр нь юун зурагт юм гэж асуухад хүнээс мөнгөний авалтай байж байгаад тэрэндээ авсан юм гэж надад хэлсэн юм. Тэгтэл өнөөдөр манайд цагдаагаас хүмүүс ирээд зурагтын талаар асуухаар нь *******ыг авчир өгсөн талаар хэлсэн. *******ын авчирсан зурагт байгаа. Би танд хүлээлгэнэ өгнө, манайд зурагт авчирч ирэхдээ хулгайн зурагт гэж хэлээгүй, хүнээс өрнийхөө оронд авсан талаар хэлсэн...” гэх мэдүүлгээр шүүгдэгч ******* нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны орой 18 цагийн орчимд Баянхонгор аймаг Баянхонгор сумын 3-06-15 тоотод оршин суух иргэн *******ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу Монгол гэрт нэвтэрч, 32 инчийн В8В маркийн хар өнгийн LCD зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч түүнд 280,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон нь тогтоогдсон байна.
Уг үйл баримт болсон талаар хохирогч *******, гэрч ******* нарын мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйл, 9.6 дугаар зүйлд заасан журмаар авсан бөгөөд уг хуулийг зөрчөөгүй байх тул дээрх мэдүүлгүүдийг шүүх үнэлж шийдвэрлэлээ.
Харин хохирогч ******* нь хурган дээл алдсан талаар мэдүүлсэн байх боловч энэ дээлийг шүүгдэгч ******* нь авсан талаар хангалттай нотлох баримт цуглараагүй байх тул уг дээлийг авсан гэх үйлдэл нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн Прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримтаас эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч ******* нь хохирогч *******ын гэрийн хаалгыг нугасаар нь салгаж гэр нь нэвтэрч 32 инчийн зурагтыг хулгайлан авсан нь түүний бусдын эд хөрөнгийг хууль бусаар нууцаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч *******ын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь зурагтыг хохирогч *******т буцаан өгсөн талаар нотлох цугларсан байх тул шүүгдэгч *******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн,..ний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэж ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Уг хэргийн учир шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд мэдээлэл авагдсан тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Тогтохыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Тогтохыг нэг / 01 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч *******од нэг / 01 / жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ