Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/973

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,  Шүүгч М.Мөнхбаатар, Б.Наранжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

            Иргэдийн төлөөлөгч Б.Очир,

Улсын яллагч Г.Янжиндулам,

гэрч Ч.Ягаанцэцэг,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэгт М.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000656 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “ам бүл 4, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Бэсүд овогт Мийн Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 19-9 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч Д.Мийг хардалтын улмаас нүүр болон бие рүү нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, зуух мөргүүлэх, бэлэг эрхтэн лүү нь гараа хийх зэргээр онц харгис хэрцгий аргаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 749 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч М.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2023 оны 3 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Мийн амь насыг хохироосондоо харамсаж байна. 26-ны өдөр ажлаас бууж ирээд эхнэрээ хүүхдүүдээсээ асуухад ээж “Сансар явсан байх” гэж хэлсэн. Би Ягаанцэцэг гэх хүний утсаар Хонгорзултай ярьсан. Ягаанцэцэг надад “танай эхнэр архиар биеэ үнэлээд яваад байна, Цогоо гэх хүнийг дагаад явсан” гэж хэлсэн. Би хүүхдүүдээ ажлаасаа тараад очиж авдаг. Манай эхнэр миний том охины хажууд өөр хүнтэй бэлгийн харьцаанд орсон. Амь хохирогч миний том охиныг “аавдаа хэлэв” гээд зодсон байсан. 2022 оны 7 дугаар сар хойд эцэг, эх нь ирээд амь хохирогчтой нийлээд архи уучихдаг байсан. Намайг юу ч болоогүй байхад намайг цагдаад өгчихдөг байсан. 2022 оны 8 дугаар сард би эхнэрийгээ архины эмчилгээнд явуулж өгөх тухай хорооны байцаагчдаа тавьсан боловч авч үзээгүй. Манай эхнэрийг нялх хүүхэдтэй гээд архины эмчилгээнд явуулаагүй. 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 100 айлаас эхнэрээ архи ууж байхад нь олсон. Тэгээд намайг 3 дугаар сарын 05-ны орой цагдаад өгсөн. Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Бид хоёр 2013 онд танилцсан. 2015 онд хамтран амьдарсан. Тухайн үед би архи, согтууруулах ундаа уугаагүй байсан. 20-ны өдөр эхнэр надад 2 пиво авчирч өгсөн. Би дээрээс нь 2-3 аяга пиво уусан. Өглөө сэрэхэд эрүүлжүүлэхэд сэрээд эхнэр лүү залгасан боловч утсаа аваагүй. Амь хохирогч 2019 оноос эхлээд архины хамааралтай болж эхэлсэн. Аав ээжтэй хамт байсан болохоор гайгүй байдаг байсан. Би тухайн үедээ уурлаж бухимдсан, балмагдсан байсан. Би тайвширсаныхаа дараа амь хохирогчийн бэлэг эрхтэн рүү өшиглөснөө мэдсэн. Би орой нь хүүхдүүддээ хоол өгөөд амь хохирогчоос “хоол идэх үү” гэж асуухад “идэхгүй, толгой өвдөөд байна” гэж хэлсэн. Би хүүхдүүдээ аваа салъя гэж бодож байсан. Манай аав, ээжийг хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтооход татгалзах зүйлгүй. Би 2020 онд нэг удаагийн 7 хоногийн баривчилгаанд явж байсан. Намайг баривчилгаанд явсан хойгуур гэрийнхээ эд зүйлийг зарсан байсан...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Гэрч Ч.Ягаанцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Өнгөрсөн оны өвлөөс Бтой, 9 сараас талийгаачтай танилцсан. Тухайн өдөр талийгаач зодуулсан байдалтай байсан. Б тэлээгээ гаргаж ирээд талийгаачийг зодсон. Архи уулаа гэх шалтгаанаар зодсон. Амь хохирогч Цогоо гэх хүнтэй бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй. Би тухайн үед айсан учир зодооныг салгаагүй. Би амь хохирогчтой 2 удаа ууж байсан. Манайх амь хохирогчийнхтой 4 хашааны зайтай байдаг. Амь хохирогч архи уугаад ийш тийшээ явах тохиолдол байдаг байсан. Би Быг архи уусан байхыг хараагүй. Намайг гэрт нь ороход Б орон дээр сууж байсан. Амь хохирогчийг цохисон. Дараа нь намайг гарсан хойгуур дахин дуудаад “манай эхнэр Цогоо ахтай унтсан юм уу” гэж асуухаар нь би “тийм зүйл болоогүй” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хонгорзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нагац эгч Энхжаргал залгаад “эгч М чинь өнгөрсөн байна, Б надад сая хэллээ, 3 хүүхдээ аваад унтаж байтал М тусдаа унтаж байгаад сая харахад нас барсан байна гэж хэллээ” гэж хэлэхээр нь би Энхжаргалын хамт Мийн гэр лүү буюу Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 19-9 тоотод яваад очиход эгчийн гэр эмх замбараагүй байдалтай байсан. Цагдаа нар очоод эгчийн цогцсыг нь аваад явсан гэж байсан. ...2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 09 цагийн үед манай эгч Д.М өөрийнхөө 86803740 дугаараас миний 90207106 дугаар луу залгахаар нь аваад ярихад манай эгч М уйлсан байдалтай, намуухан, айсан байдалтай ярьж байсан. “Өчигдөр шөнө Б согтуу ирээд шөнөжин намайг зодож нүдлээ, миний гар утсыг булааж аваад надад өгөхгүй, хүнтэй ч яриулахгүй байна, би гадаа юм хийж байгаа юм шиг болоод нууцаар гар утсаар ярьж байна” гэж хэлэхээр нь би эгч Мээс “наад Б чинь байгаа юм уу, согтуу байна уу” гэсэн чинь эгч М надад “архи нь гарсан эрүүл байна” гэж хэлээд гар утсаа салгасан. ...2022 оны 9 дүгээр сард эгч Мийг Б зодсон гэхээр нь би тухайн үед цагдаагийн байгууллагад хандаж, Быг цагдаад өгч байсан. Тэр үед цагдаад өгснөөс болж Б цагдаагаас ирсний дараа эгч Мийг цагдаад өгсөн гэж дахин зодсон. Мөн 2022 оны 10 дугаар сарын дундуур эгч Мийг Б цохиж, зодсон гэхээр нь би цагдаад мөн өгч байсан. Б цагдаагаас гарч ирээд дахиад цагдаад өглөө гээд зодож байсан. ...М, Б нар нь 2013 оноос хойш амьдарч байгаа. Дундаасаа 3 хүүхэдтэй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал),

            - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нанжидын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хонгорзул шаардлага гараад хөдөө явсан. Дахин ирэх боломжгүй. Миний зүгээс уг хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцоход татгалзах зүйл байхгүй. ...Надад болон манай хамаатан садангийн зүгээс гомдол санал байхгүй. Б, М нар 1-6 насны 3 эмэгтэй хүүхэдтэй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),

            - Гэрч Ч.Ягаанцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би гэрийнхээ гадаа зээ хүүгээ хараад байж байтал Б, М нар Цогоо ахын гэрээс гараад гэр лүүгээ алхаж явсан. Б Мийн хар өнгийн куртикных нь ар захаас нь бариад чирсэн, нилээн ширүүн гэр лүү яваад орсон. Удалгүй М, Б нарын охин Аминаа манайх руу гүйгээд ороод ирсэн. Аминаа айсан сандарсан байдалтай “аниа таныг аав Б дуудаж байна” гэхээр нь би Аминаатай хамт Бын гэр лүү ороход Б Мийг газар шалан дээр хэвтүүлсэн байдалтай зодож байсан. Б тэлээгээрээ Мийн толгой руу нь зогсоо зайгүй цохиод байсан. Б Мийн үснээс нь зулгааж байгаад зуух руу толгойгоор нь 1 удаа хүчтэй мөргүүлээд “чи одоо бос” гээд Мийн үсийг гарандаа ороож татаад орон дээр суулгасан чинь М сууж байснаа манараад ухаан алдаад унасан чинь Б Мийн хамар хэсэгт нь гараараа дарж байгаад сэрээгээд газар шалан дээр хэвтэж байхад “муу хүн үхдэггүй юм” гээд Б Мийн толгой дээр нь хөлөөрөө 3-4 удаа хүчтэй дэвссэн. Мийн хамар, ам, нүүр зэргээс нь нилээн цус гарч, хавдаж хөхөрсөн, хүн аймаар болсон байсан. Мөн М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба Б архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэгсэн чинь Б Мт хандаж “чи буруугаа хэлэхгүй бол би чамайг ална шүү, үнэнээ хэлээрэй, чи Цогоо ахтай унтсан юм уу” гэсэн чинь М “тийм, би Цогоо ахтай унтсан” гэсэн чинь Б “та мэдэж байсан юм уу” гэхээр нь би “М юу гэж Цогоо ахтай унтаж байдаг юм” гэсэн чинь Б “Ягаанаа эгчээ та сонсож байгаа биз дээ, М Цогоо ахтай унтсан гэж байна, та Цогоо ахыг дуудаад ир” гэхээр нь би Цогоо ахын гэр лүү очиход Цогоо ах архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Цогоо ахыг аваад би Бын гэрт аваачиж өгсөн чинь Б Цогоо ахад хандаж “та манай эхнэртэй унтсан юм уу” гэсэн чинь Цогоо ах “үгүй, би юу гэж танай эхнэртэй унтдаг юм” гэсэн чинь Б “манай эхнэр тэгвэл тантай унтсан гэж хэлээд байна, заза та хэд яв даа” гээд Цогоо бид хоёр Бын гэрээс гараад явсан. Би гэр лүүгээ яваад өгсөн. Дахиж Бын гэрт очоогүй. ...Тэр үед Б, М болон түүний 3 хүүхэд байсан. ...Б Мийг өмнө нь цохиж зоддог байсан. Миний мэдэхээр тоогоо алдсан /хэдэн удаа гэдгийг мэдэхгүй/. Б нь Мийг цохиж зодохдоо аймаар зоддог ба зодуулсных нь дараа Мийн биед битүү гэмтэл шарх болчихсон явдаг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал),

            - Насанд хүрээгүй гэрч Б.Амин-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би өчигдөр өглөө гэртээ сэрээд орон дээрээ хувцсаа өмсөөгүй, хөнжил дээрээ зураг зураад байж байхад ээж “нүүрс аваад ирье” гээд гараад явсан. Би 1 настай дүү Сарнайг хараад, Нандин-Эрдэнэ унтаж байсан. Би дүүгээ харж байхад өдөр аав орж ирээд “ээж нь хайчсан юм” гэхэд “ээж байхгүй” гэсэн чинь “би ээжийг чинь олоод ирье” гээд гараад явсан. Аав хурдан явж ирээд гаднаас орж ирэхдээ ээжийг үсдээд, аав намайг “Ягаанаа эгчийг дуудаад ир” гэсэн. Ягаанаа эгчийг дуудаад гэртээ очиход аав Ягаанаа эгчээс “цуг архи уусан юм уу” гээд асуусан. Ягаанаа эгч “уугаагүй” гээд явсан. Аав Б ээж М лүү уурлаад толгойн дээр нь хөлөөрөө үсрээд байсан. Боожгой руу базаж, гараа хийгээд, бас гараараа нүд хамар луу нь цохиод, хөлөөрөө бөөр, гэдэс рүү нь цохисон. Ээжийн боожгойноос нь зөндөө олон цус гараад өмдийг нь цусаар дүүргэчихсэн чинь аав, ээжийн өмдийг нь тайлаад угаагаад өлгөсөн. Өөрийнхөө өмдийг өмсгөсөн. Тэгээд бид нар орой унтахдаа ээж зүүн талын орон дээр ганцаараа хөнжил нөмрөөгүй унтсан. Би аавтайгаа, дүүтэйгээ баруун талын орон дээр унтсан. Гэгээтэй байж байхад аав бид хоёр сэрээд, аав ээжийг “өөд болсон байна” гээд тэврээд, чичрээд, уйлаад, аав үснээсээ зулгаагаад би бас зөндөө уйлсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал),

            - Гэрч Б.Нямцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрхан 25 дугаар гудамж, 103 тоот гэртээ байж байгаад 11 цаг 40 минутын үед би архи согтууруулах ундааны зүйл авах гээд явж байтал Мтэй таарахад надаас “аниа 1 пиво ууя” гэж хэлээд бид 2 дэлгүүрээс 2 том Нийслэл нэртэй пиво аваад Цогоо ахынд очсон. Пивоо ууж байхад Мийн нөхөр болох залуу 13 цагийн үед орж ирээд “эхнэрээ аваад явлаа” гэж хэлээд аваад явсан. М, Цогоо бэлгийн харьцаанд орсон зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгэр хавтаст хэргийн 64 дэх тал),

            - Гэрч А.Мөнхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ хоёр хүнтэй хоёулантай нь уулзаж үзсэн. Аль аль нь хадам талаасаа болоод хэрүүл маргаан хийгээд байдаг гэж хэлдэг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66 дахь тал),

            - Гэрч Ц.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нямцэцэг зүс таних нэг эмэгтэй дагуулаад 1 архи, 2 том пиво авч ирээд уугаад, 1 том пивоо ууцгаагаад сууж байсан. 16 цагийн үед нэг залуу орж ирээд “уучлаарай ах нараа, эхнэрээ аваад явлаа” гээд нөгөө зүс таних эмэгтэйг өргөөд аваад явсан. ...Цогоо ахынд хэн нэгэн бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68 дахь тал),

            - Гэрч Ц.Бат-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Нямцэцэг зүс таних эмэгтэйгийн хамтаар 2,5 литрийн “Боргио” нэртэй пиво 2 ширхгийг авч ирээд уусан. Бид хэдийг архи уугаад байж байхад зүс таних эмэгтэйн нөхөр нь гэх залуу 16 цагийн үед орж ирээд “сайн байна уу ах нараа, би эхнэрээ аваад явлаа шүү, уучлаарай” гээд эхнэрээ аваад явсан. ...Манай гэрт хэн нэгэн бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх тал),

            - Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 17-24 дэх тал),

            - Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 28-36 дахь тал),

            - Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 963 дугаар цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Талийгаач Д.М-н цогцост их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хүзүүний 1, 2-р нугалмын мултрал, нугасны хальсны цус харвалт, зүүн 7, 8-р хавирганы хугарал, дух, хамрын угалз, баруун, зүүн хацарт, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн нүдний зовхи, цээж, хэвлий, баруун алга, баруун өгзөг, баруун, зүүн өвдөг, баруун шилбэ, нуруу, баруун ташаанд зулгаралт, дагз, зулай, баруун чамархайн хуйх, улаан хоолойн хана, баруун, хацар, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, эрүү, баруун бугалга, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн алга, баруун, зүүн ташаа, баруун өгзөг, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун тавхай, умдаг, гадна бэлэг эрхтэн, нуруу, баруун, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, баруун ташаа, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэн, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтлүүдийг авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломж муутай. Их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хүзүүний 1, 2-р нугалмын мултрал, нугасны хальсны цус харвалт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.1.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, зүүн 7, 8-р хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь умайн салстын үрэвсэл, уушгины гуурсанцрын үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаачийн цусанд 0,7 промилли спиртийн зүйл илэрсэн байна. Энэ нь согтолтын хөнгөн зэргийн үзүүлэлт болно. Талийгаач нь тархи нугасны хавсарсан гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны хурц дутагдлаар нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээ яаралтай үзүүлсэн тохиолдолд амь нас аврах боломжтой. Талийгаачийн үтрээ, шулуун гэдэсний амсраас эр бэлгийн эс илрээгүй...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 91-97 дахь тал),

            - Шинжээч Б.Долгормаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн гэдэг нь бусадтай хэвийн харилцах, амьдралын өдөр тутамын хийдэг хэвшмэл үйлдэл хөдөлгөөн өөрөө өөртөө үйлчлэх хөдөлгөөнийг хэлнэ. Амь хохирогчийн цогцост учирсан гэмтлүүдийг шүүх эмнэлгийн цогцост хийсэн шинжилгээний цогцсын гадна үзлэгт тогтоогдсон гэмтлүүд дээр шинэ, хуучнаар нь ялгаж бичсэн байна. Талийгаачийг үхэлд хүргэсэн хүнд гэмтлүүд шинэ гэмтэл юм. Уг шинэ гэмтлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Харин хуучин гэмтлүүд нь ойролцоогоор 7 хоногийн дотор үүссэн байх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 27-28 дахь тал),

            - Аюулын эрсдэлийн зэрэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 178 дахь тал),

            - Зөрчлийн бүртгэл (1 дүгээр хавтаст хэргийн 184-185 дахь тал),

            - Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 362 дугаар: “М.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Асуултанд үнэн зөв хариулах, мэдүүлэг үнэн зөв өгөх чадвартай байна. Хэрэг хариуцах чадвартай байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө хийж буй үйлдлийг ухамсарлан ойлгох чадвартай байсан байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг, эмчлүүлж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 162 дахь тал), хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 17-18 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамж (шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргаж өгсөн) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч М.Б нь 2023 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баянхайрханы 19-9 тоот гэртээ дундаасаа 3 хүүхэдтэй, хамтран амьдрагч Д.Мийг хардсан нэрээр нүүр болон бие рүү нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, зуух мөргүүлэх, бэлэг эрхтэн лүү нь гараа хийх зэргээр биед нь их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хүзүүний 1, 2-р нугалмын мултрал, нугасны хальсны цус харвалт, зүүн 7, 8-р хавирганы хугарал, дух, хамрын угалз, баруун, зүүн хацарт, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн нүдний зовхи, цээж, хэвлий, баруун алга, баруун өгзөг, баруун, зүүн өвдөг, баруун шилбэ, нуруу, баруун ташаанд зулгаралт, дагз, зулай, баруун чамархайн хуйх, улаан хоолойн хана, баруун, хацар, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, эрүү, баруун бугалга, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн алга, баруун, зүүн ташаа, баруун өгзөг, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун тавхай, умдаг, гадна бэлэг эрхтэн, нуруу, баруун, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, баруун ташаа, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэн, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулж, алсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Хонгорзул, Ө.Нанжид, гэрч Ч.Ягаанцэцэг, Б.Амин-Эрдэнэ, Б.Нямцэцэг, А.Мөнхбаяр, Ц.Цолмонбаатар, Ц.Бат-Очир, шинжээч Б.Долгормаа нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 963 дугаар дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэгт хүнийг алахын өмнө болон алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, өлсгөж цангаасан осгоосон, шатаасан, хайрсан, түлсэн, хохирогчийг тарчилгах зорилгоор түүнд бусдаас тусламж үзүүлэхэд саад учруулсан, ойр дотны хүмүүсийн дэргэд алж, тэднийг шаналгасан үйлдлийг ойлгоно.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.Бын амь хохирогч Д.Мийг хүүхдүүдийнх нь дэргэд нүүр болон бие рүү нь гараараа цохих, хөлөөрөө дэвсэх, өшиглөх, өмдний тэлээгээр ороолгох, үснээс нь татаж зулгаах, зуух мөргүүлэх, бэлэг эрхтэн рүү нь гараа хийх зэрэг үйлдлээр биед нь их тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хүзүүний 1, 2-р нугалмын мултрал, нугасны хальсны цус харвалт, зүүн 7, 8-р хавирганы хугарал, дух, хамрын угалз, баруун, зүүн хацарт, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн нүдний зовхи, цээж, хэвлий, баруун алга, баруун өгзөг, баруун, зүүн өвдөг, баруун шилбэ, нуруу, баруун ташаанд зулгаралт, дагз, зулай, баруун чамархайн хуйх, улаан хоолойн хана, баруун, хацар, баруун, зүүн нүдний зовхи, дух, зүүн хацар, зүүн чихний дэлбэн, эрүү, баруун бугалга, хүзүү, зүүн мөр, баруун, зүүн бугалга, баруун шуу, баруун, зүүн алга, баруун, зүүн ташаа, баруун өгзөг, баруун, зүүн гуя, баруун өвдөг, баруун, зүүн шилбэ, баруун тавхай, умдаг, гадна бэлэг эрхтэн, нуруу, баруун, зүүн өгзөг, зүүн гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн бугалга, баруун ташаа, зүүн гуя, баруун, зүүн шилбэнд цус хуралт, зүүн чихний дэлбэн, уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүдийг учруулж, алсан нь онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч нь дээрх гэмтлүүдийг авснаар шууд үхэлд хүрээгүй бөгөөд эмнэлгийн яаралтай тусламжийг авснаар амь аврагдах боломжтой, түүнийг зодсоны дараа шүүгдэгч уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа буюу холбогдох арга хэмжээ аваагүй зэрэг нь хүнийг онц харгис хэргийгээр алсан гэж үзнэ.

Түүнчлэн гэр бүлийн харилцаатай хүн гэдэгт Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа хүнийг ойлгоно.

Хэдийгээр амь хохирогч, шүүгдэгч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч, тэдний хамтран амьдарч байсан, дундаасаа 3 хүүхэдтэй, мөн шүүгдэгчийн зүгээс амь хохирогчид урьд өмнө бие махбодын болон сэтгэл зүйн дарамт учруулж байсан болохыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нар хэн аль нь нотолж мэдүүлсэн тул шүүгдэгчийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр зүйлчилж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж дүгнэв.

Иймд шүүгдэгч М.Быг улсын яллагч, иргэдийн төлөөлөгчөөс гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэн, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгч М.Боос гаргаж өгсөн 5 хуудас баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу олж авсан баримт гэж үзээгүй тул шүүх нотлох баримтаар тооцоогүй болохыг тэмдэглэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Нанжидын “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал)-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч М.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 18 жилийн хорих ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Улсын яллагч эрүүгийн хариуцлагын саналаас доогуур ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч М.Бод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний амь нас хохирсон), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д тус тус зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч М.Бын 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 142 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

Эд мөрийн баримтаар хураагдсан хар цоохор өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн фудболк, алаг эрээн ноосон цамц, шоотой саарал цэнхэр өнгийн хөнжлийн даавуу, цэцэгтэй эрээн өнгийн орны бүтээлэг, цэнхэр өнгийн амны хаалт, хөх цэнхэр өнгийн алчуур, ноосон бүтээлэг, ягаан өнгийн турсик, үзмэн ягаан өнгийн оруулгатай саарал өнгийн ноосон бүтээлэг, ягаан өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Бэсүд овогт Мийн Быг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 18 (арван найм) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Бын эдлэх 18 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Бын цагдан хоригдсон 142 (нэг зуун дөчин хоёр) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

            5.Эд мөрийн баримтаар хураагдсан хар цоохор өмд, саарал өнгийн өмд, хар өнгийн хөхний даруулга, цагаан өнгийн фудболк, алаг эрээн ноосон цамц, шоотой саарал цэнхэр өнгийн хөнжлийн даавуу, цэцэгтэй эрээн өнгийн орны бүтээлэг, цэнхэр өнгийн амны хаалт, хөх цэнхэр өнгийн алчуур, ноосон бүтээлэг, ягаан өнгийн турсик, үзмэн ягаан өнгийн оруулгатай саарал өнгийн ноосон бүтээлэг, ягаан өнгийн дотоож, саарал өнгийн хос оймс зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Бын эдлэх ялыг 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР

 

 

                        ШҮҮГЧИД                             М.МӨНХБААТАР

                       

 

                                                                          Б.НАРАНЖАРГАЛ