| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
| Хэргийн индекс | 118/2024/0028/З |
| Дугаар | 221/МА2025/0747 |
| Огноо | 2025-11-27 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2025/0747
“Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэгч: “Ц” ХХК
Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга,
Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал
Нэхэмжлэлийн шаардлага: “Яруу сумын нутагт байрших Цахир уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0 дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024, 2025 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгах, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоолын “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 496 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагч Б.Г Ө.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 118/2024/0028/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Яруу сумын нутагт байрших Цахир уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0 дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024, 2025 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгах, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоолын “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2025/0025 дугаар шийдвэрээр: “...Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Завхан аймгийн Яруу сумын нутагт байрших Цахир-Уул нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлаагүй Яруу сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2023, 2023 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахыг даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Яруу сумын Засаг даргад даалгаж, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоолын “Ц” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Яруу сумын Засаг дарга дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
3.1. “...Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна" гэсэн шүүхийн нотлох зарчмыг хэрэгжүүлэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.
3.2 Энэхүү маргаанд нэхэмжлэгч талаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2 заалтад Захиргааны ерөнхий хуулийн захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй гэж үзжээ.
3.3. Гэвч 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан 1/60 дугаартай албан бичигт газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго нь тодорхой. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасантай нийцэж үндэслэл бүхий байх ба маргаан бүхий тогтоол нь эрх бүхий байгууллагын кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10/3391 шийдвэрээр уул уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэлд бүртгэгдсэн, эрх зүйн үйлчлэл үзүүлэн зорилго болон хэрэгжилт хангагдсан нь байна.
3.4. Мөн үндэслэх хэсгийн 4.3 дахь заалтад ... сумын Засаг дарга батлахаас татгалзсан үйлдэл нь гагцхүү хуульд нийцсэн байхыг шаардана" гэжээ. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 59.1.2-1. "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх” Газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 16.2-т Аймаг, сум нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1. 15 16 16 17 18 1.11. 161.16 16 1.17 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3-т “Газрын нэгдмэл сангийн аль ч ангиллын газраас тусгай хэрэгцээнд авч болно” гэж тус тус заасны дагуу хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд тус сумын Хэц-Улаан болон Зүйл багийн нутагт орших 3.252.7464 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн 13 дугаар тогтоол гарсан бөгөөд тус тогтоол нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгч хуулийн этгээдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах боломжгүй.
3.5. Мөн 4.8 дахь хэсэгт "хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу хууль бус татгалзал гаргаж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлаагүй" гэжээ. Гэтэл маргаан бүхий газар нь Байгалийн өвөрмөц тогтоц ховор ан амьтан бүхий экологийн хувьд ач холбогдолтой газар нутагт хамаарсан. Засаг дарга миний бие 2023 оны түүх археологи, эмийн ургамлын судалгаа хийж ном гаргасан. Дээрх судалгааны үндсэн дээр тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан.
Мөн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2023 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 06 дугаар сарын 15-ны өдрийн хооронд "Хангайн нурууны баруун бие дэх орон нутаг, ард түмний соёлын өвийг бүртгэн баримтжуулах төсөл"-ийн хүрээнд Завхан аймгийн Яруу сумын нутгийг бүхэлд нь хамарсан судалгааны ажлын хийж гүйцэтгэсэн ба Яруу сумын нутгаас нийт 2250 үл хөдлөх дурсгал бүртгэн баримтжуулсан байдаг. Түүнчлэн сумын Засаг дарга нь иргэдийн Төлөөлөгчдийн гаргасан шийдвэр тогтоолыг хэрэгжүүлэх бүрэн эрхийг хүлээсэн байдаг тул Завхан аймаг Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны 13-р тогтоолоор маргаан бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан байх ба энэ нь хуульд нийцсэн үндэслэл бүхий тогтоол гарсан энэхүү тогтоолын хэрэгжилт нь хангагдсан байх тул "Ц" ХХК-ийн төлөвлөгөөг хуульд заасны дагуу батлахаас татгалзсан.
3.6. Мөн ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т "Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 тодруулбал 16.1.19 буюу "соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бус, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, паркийн зориулалтаар олгосон газарт хамаарч байх тул маргаан бүхий газрыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай хэрэгцээнд авсан. Иймд Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол, шийдвэрүүд нь хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд хийгдсэн бөгөөд ямар нэгэн хууль зөрчөөгүй байна
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Завхан аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2025/0025 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”,
4. Хариуцагч Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна.
4.1. Шүүх нэг талын буюу нэхэмжлэгчийн нотлох баримтад тулгуурласан, шүүх шийдвэр гаргахдаа нөгөө талын гаргасан нотлох баримт, тайлбарыг бүрэн үнэлээгүй гэж үзэж байна. Энэ нь 34 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тэнцвэртэй, бодитой үнэлэх шүүгчийн хууль ёсны үүргийг биелүүлээгүйд тооцогдоно.
4.2. Мөн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.1-д "Анхан шатны шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд оролцох боломжгүй болсон талаараа шүүхэд хүсэлт гаргасан байх боловч биечлэн оролцох эрхийг хангахгүй шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
4.3. Үндэслэх хэсгийн 5.6-д сонгон шалгаруулалт явуулах талбайтай давхцуулсан нь хуульд нийцэхгүй "Ц" ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзжээ. Гэтэл маргаан бүхий газрыг "Ц" ХХК нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулахаас өмнө орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байх тул маргах үндэслэлгүй. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзэхгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д "Ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ", 12.1.4-т "Газрын тухай хуульд заасан үндэслэл. журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах", Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т "Аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6. 16.1.7, 16.1.11, 16.1.16. 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно" гэж тус тус хуульчилжээ.
4.4. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага болох сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь дээрх хуулиар тогтоосон журмын дагуу 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр тус маргаан бүхий газрыг "Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 13 дугаар тогтоол гарган Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасны дагуу Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад албан хүсэлтээ гарган Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 10/339 шийдвэрээр уул Уурхайн кадастрын бүртгэлийн системд бүртгэгдсэн. Үүний дараагаар буюу 2023 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд тусгай зөвшөөрлийн эрх авагдсан байх тул хуулийн этгээд нь тогтоолын заалтын асуудлуудтай ямар нэгэн байдлаар цаг хугацааны хувьд холбоогүй буюу хууль ёсны эрх ашиг нь хөндөгдсөн этгээд гэж үзэх боломжгүй.
4.5. 2018 оны Засгийн газрын 243-р тогтоолоор солбицол тогтоосон газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахыг хориглосон хуулийн зохицуулалт байхгүй. Төрийн захиргааны төв байгууллаra нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар Засгийн газраас баталсан солбицлын хүрээнд тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг ялаасны үндсэн дээр буюу тухайн тохиолдолд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан бол үг давхацсан талбайг хассаны үндсэн дээр сонгон шалгаруулалт явуулах нь зөв байсан. Иймд Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.26-д заасны дагуу сонгон шалгаруулалт явуулах талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээний талбайтай давхацсан байхад уг хэсгийг хасалгүйгээр зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн үйлдэл байна
4.6. Мөн үндэслэх хэсгийн 5.9-т... иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 13 дугаар тогтоолыг газрын тухай хуулийн аль хэсгийг үндэслэж тусгай хэрэгцээнд авч байгаа нь тодорхойгүй мөн нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэж үзсэн байна. 2023 оны 06 сарын 28-ны өдөр Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга нь ашигт малтмал газрын тосны кадастрын хэлтэст хүсэлт гаргасан байдаг бөгөөд тэрхүү хүсэлтэд үндэслэл болон хуулийн заалтыг тусгасан, тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны тогтоолд Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 тодруулбал 16.1.19 буюу соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бус, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор, паркийн зориулалтаар олгосон газар"-т хамаарч байх ба тус газрыг байгалийн өвөрмөц тогтоц ховор ан амьтан бүхий экологийн хувьд ач холбогдолтой газар нутагт хамаарч байх тул орон нутгийн тусгай хэрэгцээнд бүртгэж өгнө үү гэсэн байдаг. Хүсэлтийн хавсралтаар Яруу сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны тогтоол, тусгай хэрэгцээнд авсан газрын кадастрын зургийг хавсаргасан байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Төрийн захиргааны байгууллага тусгай хэрэгцээнд авсан газрыг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ гэж зааснаар хучин төгөлдөр ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайг "тусгай хэрэгцээнд авсан"-ыг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байдаг. Тухайн талбайд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа хориглогдож, тусгай хамгаалалт, тусгай хэрэгцээнд авсан зорилго хангагдах ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн тус зөвшөөрөл нь хуульд нийцээгүй хууль зөрчсөн үйлдэл байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д зааснаар Завхан аймаг дах захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 118/ШШ2025/0025 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг хянаад шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
3. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Яруу сумын нутагт байрших Цахир уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0 дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024, 2025 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгах, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоолын “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
3.1. Нэхэмжлэгчийн гаргасан Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай” 13 дугаар тогтоолын “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.2. Нэхэмжлэгчээс уг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол нь нэхэмжлэгчийн хайгуул хийх эрхийг зөрчсөн, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25 дугаар зүйлд нийцээгүй, тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан зорилго, хугацаа зэргийг заагаагүй тул Ашигт малтмалын тухай хуульд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна гэж, хариуцагч Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн тогтоолыг Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж тус тус тайлбарлан маргасан.
3.3. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Энэ хуулийн 11.1.25-д заасны дагуу төрийн захиргааны байгууллага нь талбайн солбицлыг тодорхойлохдоо тухайн аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр, эсхүл Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.2-т заасан систем, албаны цахим шуудангаар дамжуулан цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд түүнд талбайн зургийг хавсаргана”, 17.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 17.1-д заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авч, 45 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх бөгөөд энэ хугацаанд хариу өгөөгүй бол тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ. Аймаг, нийслэлийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгч болно”, 17.3-т Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална. 17.5-т “Энэ хуулийн 17.4-т заасны дагуу ялгасан талбай нь дараахь шаардлагыг хангасан байна” гээд 17.5.2-д “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцаагүй байх” гэж тус тус заасан.
3.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж, тусгай зөвшөөрөл олгох ажлын хүрээнд Завхан аймгийн Яруу, Алдархаан сумын нутаг Цахир уул нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Ц” ХХК нь шалгарч улсын төсөвт 1 200 000 000 /нэг тэрбум хоёр зуун сая/ төгрөгийг төлж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 257 дугаар шийдвэрээр Завхан аймгийн Алдархаан сумын Алаг уул нэртэй 5632.00 гектар талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын ХV-0дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээг 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр олгосон байна.
3.5. Дээрх хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг батлахтай холбогдуулан Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 7/627 дугаар “Мэдээлэл хүргүүлэх тухай” “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, Засгийн газрын 2014 оны 239, 2015 оны 511, 2017 оны 37,м 234 дүгээр тогтоолуудыг тус тус үндэслэн танай аймгийн нутагт 318.790.06 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын сонгон шалгаруулалтаар олгох боломжтой байгааг мэдэгдэж байна...” гэх агуулга бүхий албан бичгийг Завхан аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд Завхан аймгийн Засаг даргаас 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр албан бичгээр “Алдархаан, Яруу сумын Урт нэртэй хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.5 дахь заалтуудыг зөрчиж байна. Улаан бэлчир худаг, Алаг толгойн худаг гэсэн талбайд “дэмжихгүй” гэх саналыг хүргүүлжээ.
3.6. Үүнээс үзэхэд уг албан бичгээр нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрх үүссэн маргаан бүхий талбайд “дэмжихгүй” гэсэн саналыг хүргүүлж байгаагүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг баталж үүнд Завхан аймгийн Алдархаан, Яруу сумын нутаг дэвсгэрийг хамруулсан байна.
3.7. Үүний дараа Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор тус сумын Хэц улаан болон Зүйл багийн нутагт орших Цахир уул орчмын 3.252.746 га газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн бөгөөд нь энэ нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай хэсэгчлэн давхацсан болох нь Ашигт малтмал Газрын тосны газрын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 11/2965 дугаар албан бичгээр тогтоогдож байна.
3.8. Дээрхээс үзвэл Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тодорхой газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 243 дугаар тогтоолоор баталсан хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, сонгон шалгаруулалт явуулах ялгасан талбайтай давхцуулсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.5-д заасантай нийцэхгүй, үүний улмаас нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгджээ.
3.9. Мөн Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-д “Аймаг, сум, нийслэл, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11, 16.1.16, 16.1.17, 16.1.19-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно”, 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараах нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 20.1.3-т тухайн шатны Засаг даргын өргөн мэдүүлснийг үндэслэн газрыг аймаг, нийслэл, сумын тусгай хэрэгцээнд авах, түүний хэмжээ, зааг, ашиглах журмыг тогтоох, 25 дугаар зүйлийн 25.1-т Газар зохион байгуулалтын үндсэн баримт бичгүүд нь дор дурдсан зүйлээс бүрдэнэ, 25.1.5-д тусгай хамгаалалттай газар нутгийг бий болгох, ...байгуулахтай холбогдсон схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг, төслүүд” гэж,
Байгаль орчны сайдын 2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах журам”-ын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан шалгуурыг баримтлахаас гадна мөн хавсралтын 4 дүгээр зүйлийн 4.2-ийн а/ хамгаалалтад авах үндэслэл, шаардлага, хилийн зааг, б/ авах газрын байршил, хилийн заагийг тодорхойлсон зураг гэж,
Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Газар зохион байгуулалт хийх журам”-ын 9-ийн 2-т ...орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг авахтай холбогдсон газар зохион байгуулалтыг аймаг, нийслэлийн Газрын алба хариуцна, 11-д “газар зохион байгуулалтыг дор дурдсан үе шатаар гүйцэтгэнэ” гэж газрыг тусгай хэрэгцээнд авахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулсан.
3.10. Тодруулбал, дээрх хууль, журамд заасны дагуу тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан Засаг дарга нь өөрийн ажлын албаны бүтцийн нэгж болох газрын албаар газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэл, холбогдох судалгааны ажлыг хийж гүйцэтгүүлэн тусгай хамгаалалттай газар нутгийн схем, техник эдийн засгийн үндэслэл, газар зохион байгуулалтын зураг төслүүд, тусгай хэрэгцээнд авах газрын хэмжээ, зааг, орон нутгийн тусгай хамгаалалтын бүсийн дэглэм, санхүүжилт, хяналт, ашиглах журмыг тогтоох зэрэг газрыг тусгай хэрэгцээнд авах бэлтгэл ажлуудыг урьдчилан хийлгэж, улмаар тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусган эдгээр баримтуудыг үндэслэсэн саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх, энэ журмаар өргөн мэдүүлсэн саналыг тухайн шатны хурал хэлэлцэж шийдвэр гаргах, хэрэв дээрх хууль, журмаар тогтоосон нөхцөл шаардлага хангагдаагүй бол нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргагчийн хувьд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль журамд заасан шаардлага хангаж ирүүлэхийг харьяа Засаг даргаас шаардах үүрэгтэй.
3.11. Гэтэл Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нь маргаан бүхий тогтоолыг гаргахдаа Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан аль үндэслэлээр тусгай хэрэгцээнд авсан нь тодорхойгүй, газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахын өмнө Газрын албанаас дээрх хууль журамд заасан ажиллагааг явуулсан эсэх нь баримтаар тогтоогдохгүй байх тул маргаан бүхий Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолыг хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.
4. Яруу сумын нутагт байрших Цахир уул нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-0 дүгээр тусгай зөвшөөрлийн 2023, 2024, 2025 оны байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа хариуцагчийн татгалзал хууль бус болохыг тогтоож, төлөвлөгөөг батлахыг хариуцагч Яруу сумын Засаг даргад даалгах шаардлагын тухайд:
4.1. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 38.1.1-д “тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах,”, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах,”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж,
Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах болон нөхөн сэргээлт хийх журам, аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нөхөн сэргээлтийн стандартыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага тус тус батална.” гэж байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, хянан батлах, тайлагнахтай холбогдсон харилцааг хуульчлан зохицуулсан.
4.2. Мөн дээрх хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн А/618 тоот тушаалаар баталсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах, батлах, тайлагнах журам”-ын 2.11-д “Газрын тос, уламжлалт бус газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалаас бусад ашигт малтмалын хайгуулын төслийг хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, тухайн хайгуулын үйл ажиллагаа явуулж буй сум, дүүргийн Засаг даргын тамгын газарт батлуулахаар хүргүүлнэ.” гэж Сумын Засаг даргын эрх, үүргийг тодорхойлсон байна.
4.3. Нэхэмжлэгчээс хуульд заасан хугацаанд ашигт малтмалын хайгуулын XV-0 дүгээр тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг боловсруулж, сумын Засаг даргатай зөвшилцөхөөр очиход хариуцагч “судалж үзнэ” гээд төлөвлөгөөг авч үлдсэн ба нэхэмжлэгчид ямар нэг хариу өгөөгүй тул төлөвлөгөөг батлуулахаар 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 01/4351 дүгээр албан бичгээр хүргүүлсэн боловч хариуцагчаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1/128 дугаар албан бичгээр “...Цахир уул нэртэй газрын зарим нэг хэсгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. 2021 оны Эрдэнэт үйлдвэрээс хайгуул хийхээр ирж ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч ажил хийх боломжгүй болсон...” гэж батлахаас татгалзсан ба 2024, 2025 оны төлөвлөгөөг ч мөн уг үндэслэлээр батлахаас татгалзжээ.
4.4. Хэдийгээр нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай хэсэгчилсэн байдлаар давхцалтай байсан байх боловч тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагаас дээрх үндэслэлээр тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх үйл баримт байхгүй, өөрөөр хэлбэл хайгуулын тусгай зөвшөөрөл нь нэгэнт хүчин төгөлдөр хэвээр байгаа энэ тохиолдолд хариуцагчаас татгалзах үндэслэлд хамаарахгүй бөгөөд хуульд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгч компанийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагчийн татгалзал хууль бус.
4.5. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлаагүй Яруу сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоосон атлаа 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг даалгах нь цаг хугацааны хувьд ач холбогдолгүй гэж үзэж зөвхөн 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
4.6. Учир нь 2023, 2024 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй орхисноор тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тус онуудын төлөвлөгөөнд тусгагдсан байгаль орчныг нөхөн сэргээх ажил хийгдэхгүй орхигдох үр дагавартай юм.
4.7. Иймд шүүх 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг хариуцагчид шууд даалгаж шийдвэрлэх нь захиргааны байгууллаас байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахдаа төлөвлөгөөтэй холбоотой шаардлагатай асуудлыг тодруулах, баримт шаардах, хуульд заасан үндэслэл байвал батлахаас татгалзах бүрэн эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд “Ц” ХХК-ийн Завхан аймгийн Яруу сумын нутагт байрших Цахир-Уул нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохин журмын дагуу шийдвэрлэхийг даалгах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн Яруу сумын нутагт байрших Цахир-Уул нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хэрэгжүүлэх 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнүүдийг батлаагүй Яруу сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, 2023, 2024, 2025 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлах асуудлыг хуульд нийцүүлэн зохин журмын дагуу шийдвэрлэхийг Яруу сумын Засаг даргад даалгаж, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай 13 дугаартай тогтоолын “Ц” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбайд хамаарах хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН