Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга О.Баттөмөр хөтлөн

улсын яллагч С.Батгэрэл

хохирогч 2 настай, эрэгтэй Батзолбоогийн хууль ёсны төлөөлөгч эх Ц.Батхүү

шүүгдэгч Б.Наяа, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Монгол улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 24-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, физик, электроникийн инженер мэргэжилтэй, Содон санаа ХХК-д няравын ажил эрхэлдэг,  ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо, 44 дүгээр байр 46 тоотод оршин суух албан ёсны хаягтай, одоогоор Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо 72 дугаар байр 6 тоотод түр оршин сууж байгаа, ял шийтгэлгүй /РД:ОЮ86052416/, Чорос овогт Бадамсамбуугийн Наяад холбогдох эрүүгийн 201626022399 дугаартай хэргийг 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Наяа 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Содон санаа” ХХК-ний хашаанд 97-28УНЕ улсын дугаартай Хьюндай портер маркийн авто машинаар ухрах үйлдэл хийж байгаад 2 настай Б.Батзолбоог мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэх гэмт хэрэгт  холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Наяа шүүхийн хэлэлцүүлэгт: Би Содон санаа ХХК-д нярав болон туслах ажилтнаар ер нь хий гэсэн ажил бүрийг л хийдэг.  2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би 13 цагийн үед ажил дээр очоод ажлын портер машиныг жолоодоод  бариад барилга руу тогоочийн гэрт орж цай уусан. Тогоочийнх буюу Батхүүгийн гэрт ороход түүний нөхөр Батбаатар, тэдний хүүхэд 2 настай Батзолбоо нар хамт байж байсан. 2 настай Батзолбоо болон тэнд байсан хүүхдүүд гадаа элсэн дээр тоглох гээд гэрээс гарсан. Удалгүй би Батбаатарын гэрээс гараад 97-28УНЕ улсын дугаартай Хьюндай портер маркийн авто машиныг жолоодоод давчуу зайнд  маневарлах болсон учир бага зэрэг ухартал хүүхэд уйлах чимээ гарахаар нь буугаад хартал 2 настай Батзолбоо машины дор уйлчихсан хэвтэж байсан. Тэгээд бид Батзолбоог аваад шууд гэмтлийн эмнэлэг орсон. Батзолбоогийн эмчилгээнд би 3500000 төгрөг төлсөн гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батхүү шүүхийн хэлэлцүүлэгт: Наяа бид нар төрөл садан хамаатан хүмүүс. Манайх төмрийн заводын хашаанд байр түрээсэлж амьдардаг. Би Содон санаа ХХК-ний тогоочоор ажилладаг юм. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр компанийн портер машиныг жолоодоод манайд Наяа ирж цай уусан. Намайг гэрт юм хийж байх хооронд манай 2 настай хүүхэд Батзолбоо  гараад явчихсан байсан. Би хүүхдээ гарч явсаныг мэдээгүй. Хөргөгчнөөс мах гаргачихаад цонхоор хартал портер машины дор хэвтэж байсан. Тэгээд хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн. Манай хүүхдийн баруун хацар нь зулгараад хавдаж цус гарсан, бас хамарнаас нь цус гарсан. Хараа нь саатсан байсан.  Манай хүүхэд ер нь ярьж чаддаггүй юм. Наяа бид хоёр үеэлүүд бөгөөд манай хүүхэд Батзолбоо Наяад их сайн. Наяа ч Батзолбоод их сайн байдаг. Одоо манай хүүхэд хараа нь зүгээр болсон хялар нь засагдсан, цэцэрлэгт хэвийн явж байгаа. Мэргэжлийн эмч нараас хүүхдийнхээ цаашдын эрүүл мэндийн талаар лавлаж асуухад компьютер, томографийн зураг хараад “одоо ямар нэг асуудал байхгүй, зүгээр” гэж хэлсэн. Хүүхдээ сайн асарч хамгаалаагүй миний буруу байгаа. Наяад ямар нэг гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв. 

 

Шүүгдэгч Б.Наяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, ял шалгах хуудас /хх-ийн 31/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 32/ иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 34/ болон бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Наяа 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 13 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Содон санаа” ХХК-ний хашаанд тус компанийн эзэмшлийн 97-28 УНЕ улсын дугаартай Хьюндай портер маркийн авто машиныг жолоодож  ухрах үйлдэл хийхдээ 2 настай Б.Батзолбоог мөргөж бие махбодид нь хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Ц.Батхүүгийн:..”2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би Баянгол дүүргийн 3 дугаар хороо Энгельсийн гудамж Төмрийн заводын хашаан дах гэртээ өөрийнхөө хүүхэд Батзолбоогийн хамт байсан. Манай гэр төмрийн заводын хашаа бөгөөд аж ахуйн нэгжийн хашаа гэж явдаг юм. Өдөр 14 цагийн үед би өөрийн хүүхэд Батзолбоогийн /2 настай / хувцасыг өмсгөөд гал тогооны өрөөнд ороод хөргөгчнөөс махаа гаргаад байж байтал манай хүүхэд гэрээс гараад явсан юм билээ.

Тэрийг би мэдээгүй. Тэгээд махаа гаргачихаад цонхоор харсан чинь манай хүүхэд хашаан дотор гэрийн үүдэн дээр байсан портер машины дотор нь хэвтэж байсан. Тэгэхээр нь би гүйж гарч ирэхэд тухайн машиныг манай Содон санаа ХХК-ийн нярав Наяа жолооны ард сууж байсан бөгөөд намайг гарч ирэхэд машинаас буугаад ирсэн тэгээд хүүхдээ машин доороос авах гэхэд өөрөө босоод ирсэн бөгөөд тэр доороо ухаан алдсан бөгөөд баруун хацар шалбарсан зулгарсан гэмтэл харагдаж байсан ба ухаан балартаад байсан тэгэхээр нь машинд суулгаад гэмтлийн эмнэлэгт очиж эрчимт эмчилгээний тасагт хэвтэж эмчлүүлээд үзлэг хийлгэхэд шанааны яс цөмрөлтэй, духны ясны хугаралтай гэмтэл тогтоогдсон. Гэмтлийн эмнэлэгийн хүүхдийн тархи гэмтэл согогийн тасагт 10 хоног, эх нялхасын нүдний тасагт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн.

Би яг тэр машин манай хүүхдийг мөргөснийг хараагүй. Хашаан дотор өөр хүн байгаагүй. Намайг гараад очиход Наяа бууж ирээд юу болчихвоо яасан бэ гээд би хүүхэд алчихлаа ш дээ гээд ухаан оруулаач гээд сандралын байдалтай уйлаад байсан. Манай хүүхэд ер нь ярьж чаддаггүй юм.

Манай хүүхдийн баруун хацар нь зулгарчихсан хавдсан байдалтай цус гарч байсан. Бас хамарнаас нь цус гарч байсан. Тухайн үед ухаан алдаад ухаан нь орж гараад байсан. Эмчилгээний зардалд 3.500.000 төгрөгийг барагдуулсан бөгөөд одоо өөр эмчилгээ хийгдэхгүй.

Манай хүүхдийн биеийн байдал одоо хэвийн эрүүл байгаа. Цэцэрлэгт явж байгаа одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 11-12/

 

гэрч З.Батбаатарын:..”би өөрийн эхнэр Батхүү, хүүхэд Батзолбоо, Батзориг, Намуун нарын хамт Баянгол дүүрэг 3 дугаар хороо Энгельсийн гудамж төмрийн заводын хашаанд байр хөлсөлж амьдардаг юм.  2016 оны 8 дугаар сарын 30-ны өглөө ажилдаа яваад 13 цагийн үед хамт ажилладаг Наяа, Бямбажав нарын хамт гэртээ очиж цайндаа орсон тэр үед гэрт манай эхнэр Батхүү, хүүхэд Батзолбоо нар байсан. Бид гурав хоолоо идчихээд Бямбаа бид хоёр түрүүлээд хойд үйлдвэр рүү явсан Наяа гэрийн хажуугийн үйлдвэрт юм хийх гээд үлдсэн манай эхнэр хүүхэд Батзолбоогийн хамт гэртээ үлдсэн. Тэгээд би ажил дээрээ байж байтал 14 цаг өнгөрч байхад Наяа үйлдвэр дээр хүрч ирээд хурдан явъя нааш ир гээд байхаар нь дагаад гэрт очиход манай эхнэр Батхүү Батзолбоог тэвэрчихсэн зогсож байсан бөгөөд хүүхдийн нүүрний баруун хэсэг нь шалбарчихсан уйлаад байсан. Хажууд нь компанийн портер маркийн машин байсан. Тэгээд юу болсон талаар асуухад Наяа машинтай ухарч байгаад мөргөчихлөө гэж манай эхнэр хэлсэн. /хх-ийн 13/

 

яллагдагч Б.Наяагийн:..”би Содон санаа ХХК-д туслах ажилтнаар ажилладаг юм. Манай вакум цонхны үйлдвэрүүд Баянгол дүүргийн 3 дугаар хороо хуучнаар төмрийн заводын хашаа одоо Содон санаа ХХК түрээслэж байгаа газарт байрладаг юм. Манай үйлдвэрийн хашаанд манай компанийн ажилчид болох Батбаатар, Батхүү нар хүүхдүүдийн хамт байранд амьдардаг. 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр би 12 цагийн үед Батбаатарын гэрт очиж тэднийд өдрийн цайгаа уусан. Тухайн үед гэрт нь Батхүү, бага хүүхэд Батзолбоо нар байсан. Тэгээд бид хоёр цайгаа ууж дуусгачихаад би тэдний гэрийн хажууд байх үйлдвэрээс багж хайгаад үлдсэн Батбаатар түрүүлээд хойд талд байх үйлдвэр рүү яваад өгсөн байсан. Тэгээд би ойролцоогоор 5 орчим минут болоод тэнд зогсоол дээр байрлуулсан байсан ажлын 97-28 УНЕ улсын дугаартай Хьюндай портер маркын автомашинд суугаад асаагаад ухрах араанд нь хийгээд хойшоо бага зэрэг ухарч хөдөлсөн юм. Тэгтэл хүүхэд уйлах чимээ сонсогдсон тэгэхээр нь би машинаа зогсоогоод буугаад хартал Батзолбоо машины доор яг голд нь дээш хараад уйлчихсан хэвтэж байсан. Тэр үед Батзолбоогийн ээж Батхүү гэрээсээ гарч ирээд наад хүүхэд доороос гаргаж ирээч гэхээр нь би хойд үйлдвэр дээр очоод Батбаатарт хүүхэд чинь машинд мөргүүлчихсэн яаралтай хамт явъя гэж хэлээд дагуулаад Батхүү, Батзолбоо хоёр дээр очоод яаж эмнэлэг явах уу гэхэд өөр машин байхгүй юм чинь энэ машинаараа явъя гээд бид нар 97-28 УНЕ улсын дугаартай портер машинтай ГССҮТ-д Батзолбоог үзүүлж хэвтэн эмчлүүлсэн. Батзолбоогийн хацар, шанааны яс хугарсан байсан. Би машинд суух үед Батзолбоо ойр орчимд харагдаагүй. Би машинд суух үедээ нүдэнд харагдах орчныг хараад машиндаа суусан яг машины доогуур, ар хэсгийг шалгаж үзээгүй. /хх-ийн 26-27/ гэсэн тэдгээрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд болон авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 35/, 2 настай Б.Батзолбоогийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 40-50/, Б.Батзолбоогийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 52/, компьютер томографийн хуулбар /хх-ийн 53-54/, Б.Батзолбоогийн картны хуулбар /хх-ийн 57-63/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 64-69/

 

шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12444 дугаартай: Батзолбоогийн биед баруун чамархай яс, баруун хацар ясны хугарал, тархи доргилт, нүүр хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. /хх-ийн 16/ гэсэн шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. 

 

Шүүгдэгч Б.Наяагийн дээрх үйлдэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн нь хэргийн үйл баримтыг нотлосон бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул Прокуророос түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж ирүүлсэн нь зөв гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Чорос овогт Бадамсамбуугийн Наяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Наяад ял оногдуулахад ял хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Батхүү...”Би Наяатай үеэл, хамаатан садан улс. Манай хүүхэд Батзолбоо эрүүл мэндийн байдал нь одоо зүгээр цэцэрлэгт явж байгаа, нүдний хялар нь засагдсан, 3500000 төгрөг Наяа төлсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүллээ.

Бага насны буюу 2 настай Б.Батзолбоогийн төрсөн эх Ц.Батхүү гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Б.Наяаг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцох үндэслэл болно.

 

Гэсэн хэдий ч, 2 настай Б.Батзолбоод цаашид  эмчилгээ сувилгаа шаардагдвал түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Ц.Батхүү нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Наяагаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж  шүүх шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон      

ТОГТООХ нь:

 

1.Чорос овогт Бадамсамбуугийн Наяаг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Наяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар 2 /хоёр/ жил хорих ял шийтгэсүгэй.

3.Б.Наяад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Б.Наяа цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүй болохыг дурдсугай.

5.Бага насны Б.Батзолбоод цаашид эмчилгээ сувилгаа шаардагдвал түүний хууль ёсны төлөөлөгч төрсөн эх Ц.Батхүү нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Б.Наяагаас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

6.Б.Наяад оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хянан харгалзаж түүнд хяналт тавихыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд  даалгасугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж Б.Наяад авсан “батлан даалтад өгөх” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

                              

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ