Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 387

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: А  овогт Б.Г-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Э” ХХК-нд холбогдох, 

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай 132/2020/00303/и индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагчийн төлөөлөгч П.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2018 оны 9 сараас эхлээд 2020 оны 2 сарын 19-ны өдрийг дуустал “Э” ХХК-д тогоочоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа ямар нэг алдаа, зөрчил гаргаж байгаагүй. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан. Гал тогоо бол стандартад нийцсэн бол биш намайг ямар алдаа зөрчил гаргаагүй байхад ажлаас чөлөөлсөн. Гэрээсээ хүртэл тогоо цахилгаан плитка хүртэл авчирч сэтгэлээсээ ажилласан. 2020 оны 02 сарын 19-ний орой ажил тарж байхад ... буюу ХАБИнженер н.Г  намайг өрөөндөө дуудаад захирлыг байхгүй үед ажлаас гаргасан. Өнөөг хүртэл тушаал гаргаж өгөөгүй байгаа бөгөөд өөр хүн авч ажиллуулсан.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тогооч Б.Г  нь манай байгууллагад 2018 оноос 2020 оны 02 сарын 13-ны өдрийг хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаанд ажилчдаас хоолны амт чанартай холбоотой санал гомдол удаа дараа ирсэнийг “Мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох комиссын хурлаар авч хэлэлцэн Б.Г г мэргэжлийн тогоочийн үнэмлэхтэй болох хүртэл ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Б.Г г мэргэжлийн тогоочийн сургалтанд хамрагдаад мэргэжлийн үнэмлэхтэй мэргэшсэн тогооч болоод ирсэн нөхцөлд ажилд эгүүлэн авч ажиллуулах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.Г  нь 2018 оноос 2020 оны 2 сарыг хүртэл тогоочоор ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд нь ажилчдаас хоолны амт, чанар, Б.Г гийн зан харилцаатай холбоотой гомдол удаа дараа гарч байсан. Мэргэжлийн хяналтаас мэргэжлийн тогоочтой байх шаардлага тавьсан. Манай байгууллага дээр “Мэргэжлийн ур чадвар түвшин тогтоох комисс” гэж 2020 онд байгуулагдаж, хоёр дахь хуралаа хийж энэ асуудлыг авч хэлэлцээд гал тогоонд гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс хамгийн түрүүнд  мэргэжлийн тогоочтой байх шаардлагатай гэж үзсэн. Ингээд энэ талаар Б.Г д хэлж, 2020 оны 2 сарын 15-ны өдөр  ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Г  нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох тогоочийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч “Э” ХХК нь нэхэмжлэгч Б.Г г мэргэжлийн ур чадвар, түвшин тогтоох комиссын хурлын шийдвэрээр мэргэжлийн үнэмлэхтэй мэргэшсэн тогоочийн үнэмлэхгүйгээс хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Г гийн нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч Б.Г , хариуцагч “Э” ХХК-ийн хооронд 2019 оны 10 сарын 09-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулахаар гэрээ бичгээр хийгдэж хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар буюу ажил, албан тушаалын нэр, гүйцэтгэх ажил, үүрэг, үндсэн цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэргийг тусгасан боловч хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч гарын зураагүй, зөвхөн Б.Г  гарын үсэг зурсан байх тул дээрхи гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан хөдөлмөрийн гэрээ байгуулсанд тооцох боломжгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасан хэдий ч Б.Г  нь “Э” ХХК-нд 2018 оны хойш тогоочоор ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

Ажилтныг ажил олгогчийн санаачлагаар 2020 оны 2 сарын 15-ны өдрийн 7 тоот тушаалаар ажлаас чөлөөлжээ. Иймд нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Энэхүү нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба  нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2020 оны 3 сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан байна. Иймд ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.

Ажил олгогч нь ажилтныг ажлаас халах тохиолдолд шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн үр дагаврыг үүсгэдэг тул ямар үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж байгаагаа энэхүү шийдвэртээ тодорхой тусгаж Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг баримтлах шаардлагатай. Тушаалд бичигдсэн ажлаас халсан үндэслэл, баримталсан хуулийн зохицуулалт хоорондоо тохирч байх нь хуульд нийцнэ.

Хариуцагч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 2 сарын 15-ны өдрийн 7 тоот тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг баримтласан ба ажлаас халсан үндэслэл нь “хамт олноос гарсан гомдол, хариуцсан ажилтай нь холбогдуулан удаа дараа өгсөн үүргийн биелэлт, “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ийн шийдвэр” гэжээ. Мөн мэргэжлийн тогоочийн дипломгүй нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэж тайлбарласан. Эдгээр үндэслэлээс “мэргэжлийн тогоочийн дипломгүй, ажлыг дүгнэхэд хангалтгүй үнэлгээ авсан” гэдэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т, харин “ёс зүйн алдаа удаа дараа гаргасан” гэдэг нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан” гэсэн үндэслэлд хамаарч байна. Иймд Д.Г г ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг баримтлах нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангах байжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д зааснаар ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй. Энэ тухайгаа ажил олгогч нь ажилтанд бичгийн хэлбэрээр мэдэгдэж, гарын үсэг зуруулсан байх нь хуульд нийцнэ. Ийнхүү мэдэгдсэн талаар ямар нэг нотлох баримт ирүүлээгүй тул хуульд заасан дээрх үүргийг ажил олгогч “Э” ХХК-ийг биелүүлээгүй гэж үзнэ. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримтлан ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн байна.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасныг ойлгох ба эдгээр зөрчил тус, тусдаа баримтаар нотлогдсон байвал зохино. Гэтэл тушаалд дурдагдсан “хамт олноос гарсан гомдол, хариуцсан ажилтай нь холбогдуулан удаа дараа өгсөн үүргийн биелэлт” нь зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

Мөн “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ийн шийдвэрийг ирүүлээгүйгээс гадна уг комисс нь ямар ажил, албан тушаалын хүмүүсээс бүрддэг талаар хариуцагчийн төлөөлөгч тодорхой тайлбарлаагүй, баримт ирүүлээгүй, комисс томилсон ямар нэг шийдвэр байхгүй зэргээс үндэслэн “Мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс”-ийн шийдвэрийг бодит үнэнд нийцсэн, эргэлзээгүй үнэн зөв нотлох баримт гэж үнэлэх боломжгүй.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч нь Б.Г г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ажилтныг ажилд нь эгүүлэн тогтоосон бол түүний ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгох бөгөөд дундаж цалин хөлсийг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно. Иймд нэхэмжлэгч Д.Г гийн ажилгүй байсан хугацааны ажлын 38 өдрийн /Нэхэмжлэгч нь 2020 оны 2 сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн боловч 2 сарын 19-ний өдрийг дуустал ажиллаж цалингаа авсан гэж тайлбарласан тул 2020 оны 2 сарын 20-ны өдрөөс 2020 оны 4 сарын 21-ний өдөр хүртэл/ дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт /1761366 : 3 сар = 587122 төгрөг, 587122 төгрөг : 21.5 ажлын өдөр= 27308 төгрөг, 27308 төгрөг х 38 өдөр = 1037704 төгрөг/ 1037704 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгохоор байна. Сүүлийн 3 сарын цалин хөлсийг тодорхойлохдоо хувийн шалтгаанаар чөлөөтэй байсан 1 дүгээр, ажлаас чөлөөлөгдсөн 2 дугаар сарыг оруулахгүй 2019 оны 12, 11, 10 дугаар сарын цалингийн дундажаар тогтоох нь хуульд нийцнэ гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 -т зааснаар ажил олгогч нь ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн дээрх дэвтрүүдэд ажилгүй байсан хугацааны бичилтийг нөхөн бичихийг даалгах нь зохистой байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул нэхэмжлэгч Б.Г  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар нөхөн төлүүлдэг тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1037704 төгрөгт ногдох 29455 төгрөг гаргуулан Төрийн санд оруулах нь хуульд нийцнэ.

Иймд Б.Г г “Э” ХХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан бүх хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Г г “Э” ХХК-ийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-иас 1037704 /нэг сая гучин долоон мянга долоон зуун дөрөв/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Г д  олгосугай.

 2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Г гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл төлсөн тухай бичилтийг хийхийг хариуцагч “Э” ХХК-д даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 29455 /хорин есэн мянга дөрвөн зуун тавин тав/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                О.ОДОНЧИМЭГ