Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/916

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Б.Энхбаяр,

шүүгдэгч Н.Н, Г.Г, тэдний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ш.Ныг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2108008622026 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хадам эцгийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Шгийн Н

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Гын Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 04 дүгээр сарын  20-нд шилжих шөнө  Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх  станцын ойролцоо  хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

Шүүгдэгч Г.Г нь Ш.Нын 2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 04 дүгээр сарын  20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн  20 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх  станцын ойролцоо  хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ч.Төгөлдөрт 180,000 төгрөгөөр худалдан борлуулж ашиглан мөнгө угаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 494А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Ш.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Утсыг нь дамжуулж зарж байгаа үйлдэл дээрээ Гтэй хамт явсан. Хохирлыг би бүгдийг төлсөн. Барилгын компанид ажиллаж байгаа. Гэм буруугийн асуудалд маргахгүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            - Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Н “бие засаад ирье” гэж хэлээд колонк орсон. Нямхүү гэдэг нь таксины жолооч. Гэм буруугийн асуудалд маргахгүй.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)

            - Хохирогч Н.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр ...замын цаанаас ягаан саарал өнгийн юүдэнтэй цамц өмссөн, доогуураа саарал өмдтэй,  нэг залуу гүйж ирээд “гал байна уу” гэж асуухаар нь “байна байна” гэсэн чинь дахиад “тамхи байна уу” гэхээр нь “байна бүдүүн тамхи болох юм уу” гэж асуусан чинь “болно” гээд тамхи өгсөн чинь миний хажууд  тамхи асаагаад  юм яриад байсан. Надаас “цаг хэд болж байна” гэхээр нь утсаа гаргаад цагаа хартал  шөнийн 4 цаг болж байсан санагдаж байна. Тэгсэн гэнэт миний утсыг булаагаад зам гараад гүйсэн. ...2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн Их орд гэсэн утасны лангуунаас 380,000 төгрөгөөр худалдан авч байсан. Шинэ утас байсан...” гэсэн мэдүүлэг  (1 дүгээр хавтаст хэргийн 34-36 дахь тал),

            - Иргэний нэхэмжлэгч Ч.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Уулын 9-13 тоотод гэртээ эхнэр хүүхдийн хамт байж байхад манай хуучны танил Н гэх залуу над руу дугаараас 16 цаг 04 минутад залгаад “утасны код гаргаад өгчих хүн байна уу, байвал 30,000 төгрөг өгнө” гэхээр нь “за хүрээд ир, би гэртээ байна” гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй Н болон Г нар ирсэн. Би Н цагаан өнгийн Верна маркийн тээврийн хэрэгсэлд суугаад нөгөө утсыг нь үзэхэд 2018 оны цэнхэр өнгийн өнгөгүй гэртэй Самсунг А7 маркийн гар утас байсан. Нүүр кодыг нь тайлах гээд хартал рессет хийгээд өмнөх хүний ашиглаж байсан жи мейл хаягаа нэхсэн. Оролдож үзээд чадахгүй болохоор нь Нт “болохгүй байна” гэж хэлэхэд “чамд гайгүй утас авчих хүн байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь “хэдэд зарах юм бэ, би авъя” гэтэл Н “200,000 төгрөгт ав андаа” гэхээр нь би “кодыг нь тайлуулах юм байна, 180,000 төгрөгт авъя” гэсэн чинь Н “тэг тэг” гээд би бэлнээр 180,000 төгрөг Гэд өгсөн. Би гэртээ ороод тэр хоёр яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал),

            - Гэрч Ш.Нийн “Тухайн өдөр ...22 цагийн үед төрсөн ах Н намайг “гараад ир” гээд дуудахаар нь би гартал Гийн хамт Соната-5 маркийн машинтайгаа ирсэн надад хандаж “бага зэрэг уусан байна, чи машин бариад өг” гэхээр нь би зөвшөөрөөд машиныг нь барьсан. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойт руу явах замд МТ колонкын ойролцоо явж байхад ах Н “бие засмаар байна” гэхээр нь би 1 дүгээр эгнээнд зогсоод хүлээж байсан. Удалгүй ах машиндаа орж ирээд “яваарай” гэхээр нь би хөдлөөд явсан. ...Би утас авч орж ирснийг нь огт мэдээгүй...” гэсэн мэдүүлсэн (1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дэх тал),

            - Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 22-26 дахь тал),

            - “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 382 дугаар хөрөнгийн үнэлгээний “Самсунг А7 гар утас - 380,000 төгрөг” гэсэн тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 92-93 хуудас),

            - Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн “Самсунг А-7 загварын гар утсыг Ч.Төгөлдөрөөс хураан авч, Н.Тд хүлээлгэж өгөв” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 18, 27 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Шүүгдэгч Ш.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 122 дахь тал), шүүгдэгч Г.Гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 146 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 04 дүгээр сарын  20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх  станцын ойролцоо  хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн,

            шүүгдэгч Г.Г нь Ш.Нын 2021 оны 04 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 04 дүгээр сарын  20-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр МТ шатахуун түгээх станцын ойролцоо хохирогч Н.Тын 380.000 төгрөгийн үнэ бүхий самсунг А7 маркийн гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэн авч, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ч.Төгөлдөрт 180,000 төгрөгөөр худалдан борлуулж ашиглан мөнгө угаасан болох нь хохирогч Н.Т, иргэний нэхэмжлэгч Ч.Т, гэрч Ш.Н нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгч нарын хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэрэгт гэмт этгээд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан, өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэг хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг нь салган авч тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийсэн шинжтэй, шунахайн сэдэлттэй үйлдлийг ойлгоно.

Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсанаар үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Ш.Нын хохирогч Н.Тын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан, шүүгдэгч Г.Гийн шүүгдэгч Ш.Нын дээрэмдэх гэмт хэргийн улмаас олсон гар утсыг мэдсээр байж худалдсан буюу ашигласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан тус тус гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Н.Тд 380,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан бөгөөд хохирол биет байдлаар төлөгдсөн болох нь эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн “Самсунг А-7 загварын гар утсыг Ч.Төгөлдөрөөс хураан авч, Н.Тд хүлээлгэж өгөв” гэсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 18, 27 дахь тал)-ээр тогтоогдсон.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч Ч.Төгөлдөрт 180,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” (1 дүгээр хавтаст хэргийн 49 дэх тал) гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан.

Түүнчлэн гэмт хэрэг үйлдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан.

Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэмт хэрэг нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих гэсэн тус тус ялын төрөлтэй.

Өөрөөр хэлбэл дээрх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 1 жил байх ба 1 жил өнгөрсөн тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх бөгөөд гэмт хэрэг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Г.Гэд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ш.Н нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Ш.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “шүүгдэгч Ш.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 сарын хугацаагаар хорих ял оногдуулах”,

Шүүгдэгч “шүүгдэгч Ш.Нт оногдуулсан хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар солих” гэсэн саналуудыг гаргасан.

Шүүгдэгч Ш.Нын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдав.

Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлагын талаарх гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй, хавтас хэрэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой буюу хөдөлмөр эрхэлдэг гэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч нь шүүхэд гаргаж өгөөгүйг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн), бусдад учруулсан хохирлын хэмжээ (бусдад 380,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дахь хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” этгээдийн үйлдлийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар зохицуулсан.

Мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “...2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж хуульчилсан.

Тодруулбал, шүүгдэгч Ш.Н нь 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө үйлдсэн болох нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Н, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Ш.Н, Г.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Шгийн Ныг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

2. Б овогт Гын Гийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэргэсэхгүй болгосугай.

            4. Шүүгдэгч Ш.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

            5. Өршөөл үзүүлэх тухай хууль (2021 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялыг 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

            6. Шүүгдэгч Ш.Ныг Улаанбаатар хотын Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргүүдээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

            7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ш.Н, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Н нь эдлүүлэхээр тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Н, Г.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР