Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 401

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, шүүгч О.Одончимэг, шүүгч Л.Хишигдэлгэр нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ж овогт Л.Б -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г овогт Д.Б -д холбогдох,

Гэм хорын хохиролд 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2020/00402/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г овогт Ц.Ж, хариуцагч Д.Б, иргэдийн төлөөлөгч Н.И, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн “MITSUBISSHI AIRTREX” маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 онд Хаан банкны лизингээр 3 жилийн хугацаатай 18 000 000 төгрөгөөр худалдаж аваад 2015 онд төлж дууссан. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймаг, 4 дүгээр багт байрлах Д.Б гийн гэрт машинаа үзүүлэхээр очсон. Д.Б тэй хамт найз Ж гийнд очихдоо Б  нь миний машиныг унаж хашаанд оруулж тавьсан. Би найз Ж тай ярилцаж байх хооронд Д.Б  нь машиныг унаад зөвшөөрөлгүй аваад явсныг би мэдээгүй. Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр осолд орсон байсан. Гурванбулаг сумын төлөөлөгч надруу залгаж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай саналыг прокурорт хүргүүлсэн. Д.Б гийн буруутай үйл ажиллагаанаас болж миний авто машинд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлт гаргасан. Иймд Орхон аймаг дахь “Тольдох оюуны өгөөж” ХХК-д машиныг 7 000 000 төгрөг, эвдрэл гэмтлийг 5 302 000 төгрөг гэж тогтоосон учир санал нийлэхгүй байна. Д.Б тэй уулзаж ярилцахад төлөх боломжгүй машиныг сэлбэгэнд авна гэсэн.

Иймд Д.Б гээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр Л.Б  бид 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Монгол улсад орж ирсэн “MITSUBISSHI AIRTREX” маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2013 онд Хаан банкны лизингээр 3 жилийн хугацаатай 18 000 000 төгрөгөөр худалдан авч 2015 онд төлж дууссан. 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Булган аймаг, 4 дүгээр багт байрлах Д.Б гийн гэрт нөхөр Л.Б  машинаа үзүүлэхээр очсон бөгөөд Б  нь манай машиныг барьж нөхрийн найз Ж гийнх руу очсон байсан. Нөхрийг Ж тай ярилцаж байх хооронд Д.Б  нь машиныг унаад зөвшөөрөлгүй аваад явсан байсан.  Б  нь Булган аймгийн Хишиг-Өндөр суманд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр осолд орсон байсан. Энэ талаар Гурванбулаг сумын хэсгийн төлөөлөгч утсаар ярьж хэлсэн. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Авто машинд учирсан хохиролд шинжээчийн дүгнэлт гаргасан. Орхон аймаг дахь “Тольдох оюуны өгөөж” ХХК-д үнэлүүлэхэд машины үнийг 7.000.000 төгрөгөөр, эвдрэл гэмтлийг 5.302.000 төгрөг гэж тогтоосон. Энэ үнэлгээтэй бид санал нийлэхгүй байгаа. Д.Б тэй уулзаж хохирлыг барагдуулах талаар хэлэхэд төлөх боломжгүй машиныг сэлбэгэнд авна гэсэн.

Иймд Д.Б гээс эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол болох 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Д.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Б  нь тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ болох 7 000 000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Тээврийн хэрэгслийн нийт үнэлгээ 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд эвдэрсэн тээврийн хэрэгслийг өөртөө аваад мөнгийг нь өгье гэхэд нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Нийт үнэлгээний 7.000.000 төгрөгийг нэхэмжилж байж эвдэрсэн тээврийн хэрэгслийг надад өгөхгүй байгаа нь үндэслэлгүй байна. Ийм учраас нийт үнэлгээний 7.000.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин эвдрэл гэмтлийн үнэлгээ 5.302.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Мөн нэхэмжлэгч Л.Б  нь уг тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн байх бөгөөд уг тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн сэлбэг, хэрэгслийг авч засварласнаар ашиглах бүрэн боломжтой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1.698.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б  нь хариуцагч Д.Б д холбогдуулан гэм хорын хохиролд 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Б  нь “MITSUBISSHI AIRTREX” маркийн **-** БУЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглах боломжгүй тул тээврийн хэрэгслийн үнэ 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулна гэж, хариуцагч Д.Б  нь тээврийн хэрэгслийг 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр үнэлсэн, эвдэрсэн тээврийн хэрэгслийг надад өгөхгүй гэсэн тул 7.000.000 /долоон сая/ төгрөгийг төлөх үнэслэлгүй харин эвдрэл гэмтлийн үнэлгээ 5.302.000 /таван сая гурван зуун хоёр мянга/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж тус тус маргажээ.

Хариуцагч Д.Б  нь 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багт байрлах Урт гуя гэх газарт иргэн Л.Б ын эзэмшлийн **-** БУЛ улсын дугаартай “MITSUBISSHI AIRTREX” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7 дахь хэсэгт заасан “...батлагдсан замаас гарч шинэ зам гаргах...” гэснийг тус тус зөрчснөөс  зам тээврийн осол гаргасан үйл баримт нь зохигчийн тайлбар, Булган аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №16 дугаартай дүгнэлт, прокурорын тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хэргийн 5-11 дүгээр тал/

Уг зам тээврийн ослын улмаас хариуцагч Д.Б д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Уг ослын улмаас **-** БУЛ улсын дугаартай “MITSUBISSHI AIRTREX” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 7.000.000 /долоон сая/ төгрөг гэж үнэлсэн.

Эзэмшигч Л.Б т тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэ 5.302.000 /таван сая гурван зуун хоёр мянга/ төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан “Тольдох Оюуны өгөөж” хөрөнгө үнэлгээний компаний үнэлгээний хуулбараар нотлогдож байна. /хэргийн 12-22 дугаар тал/

Хэрэгт авагдсан “Тольдох Оюуны өгөөж” хөрөнгө үнэлгээний компаний үнэлгээгээр тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг 5.302.000 /таван сая гурван зуун хоёр мянга/ төгрөгөөр үнэлснийг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа хэдий ч үнэлгээг дахин гаргуулах тухай хүсэлтээ хэрэг бүртгэлтийн шатанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй байна. Дээрхи тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг 7.000.000 /долоон сая/ төгрөг гэж тайлбарласан боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасны дагуу баримтаар нэхэмжлэгч нотлоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Хуульд зааснаас үзвэл эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирлыг арилгахдаа эхлээд эвдэрсэн зүйлийг засаж болох эсэх, харин хуучин байдалдаа эргэж сэргээгдэх боломжгүй тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх дарааллыг заасан.

Хариуцагч тээврийн хэрэгслийг өмнө байсан байдалд нь сэргээж өгөөгүй тул нэхэмжлэгч учирсан хохирлоо мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Эвдэрсэн тээврийн хэрэгсэл нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа бөгөөд нэхэмжлэгч тус тээврийн хэрэгслийг засагдах боломжгүй гэдгээ нотлоогүй тул хариуцагчаас тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнийг гаргуулах нь хуульд нийцнэ.

Иймд хариуцагч Д.Б гээс тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээ 5.302.000 /таван сая гурван зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.698.000 /нэг сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б гээс 5 302 000 /таван сая гурван зуун хоёр мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Б т олгож, нэхэмжлэлийг шаардлагаас 1 698 000 /нэг сая зургаан зуун ерэн найман мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 99 782 /ерэн есэн мянга долоон зуун наян хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.МЯГМАРСҮРЭН

             ШҮҮГЧИД                              О.ОДОНЧИМЭГ

                                                             Л.ХИШИГДЭЛГЭР