Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/931

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Ж.Бат-Эрдэнэ,

хохирогч Б.Д, түүний өмгөөлөгч Д.Гомбо,

шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, Д.Гантөмөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208034930310 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сэрээт ачигчийн жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух бүртгэлтэй, , урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б овогт Гын Г

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь “бусдад 5,000,000 төгрөг зээлдүүлж, уг мөнгөний хүүд нь Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байх газарт хамтарч ногоо тарья” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдүүлэх аргаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байсан хохирогч Б.Доос 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хооронд нийт 22,100,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 221 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч Г.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Дийг анхнаасаа залилна гэсэн бодол байгаагүй. Доос 22.000.000 төгрөг авсан нь үнэн. Хохирлоо бүрэн барагдуулна. Би Сэлэнгэ аймгийн Ерөө суманд компьютерын оператор хийж байгаа. Би 2023 оны 5 сард ажилд орсон. 4-15 насны 5 хүүхэдтэй. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд ногоо тарьсан зүйл байхгүй. 1,800,000 төгрөгөөр мотор авсан. Би моторыг аваад ногоо тарих гэсэн боловч хүүхэд эмнэлгээр үзүүлээд ашиглаж чадаагүй. Би мотор ажиллаж байгааг харсан. Би мотор зарах хүнтэйгээ авъя гэж яриад очиж уулзаагүй. Би 10 га газарт нь лууван тариад үлдсэн 6 га газарт манжин тарина гэж тохиролцсон. Тэгээд би 7 га газар нь ногоо тарих гээд үрсэлгээ хийх гээд яах ч аргагүй цаг алдсан. Би 2,500,000 төгрөгөөр монгол гэр авсан, 2,500,000 төгрөгөөр ногооны газар хагалсан, 1,000,000 төгрөгөөр луувангийн үр цацсан, хүнээс машин авсан. Үлдсэн мөнгийг хувьдаа зарцуулсан зүйл байхгүй. Ниссан Патрол гэх машин авсан. Би түлш зөөхөд ашиглах гээд авсан. Машин авсан талаар баримт байхгүй. Би хор авах гээд Эрдэнэцогтод 1,000,000 төгрөг өгсөн. Хохирогчоос авсан 22,000,000 төгрөгөөс өөр хувийн хэрэгцээндээ зарцуулсан зүйл байгаа. Би гэм буруугүй. Хохирогчоос эхлээд 2022 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр авсан. Хамгийн сүүлд нь 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр авсан. Бид 2-3 удаа уулзсан. Би 2022 оноос ажил хийдэггүй байсан. Манай эхнэр бага ангийн багш ажилтай байсан. Тухайн үед ажилгүй байсан болохоор хохирол өгч чадаагүй. Баримтаар нотлогдсон нь 6,000,000 гаруй төгрөгийг зарцуулсан. Баримтгүй 13,000,000 гаруй төгрөг зарцуулсан. Хохирогчийн мэдүүлэгт би машинтай хотод явж байгаад замын хажуу талд Г.Гийг явж байхаар нь утсаар нь залгахад би хөдөө байна гэж худал хэлсэн гэж мэдүүлсэн талаар би тухайн өдөр яах ч аргагүй маргалдсан юм. Тухайн үед бид хоёр утсаар ярьсан нь үнэн. Би Доос 5,000,000 төгрөгийг ногоо тарина гэж хэлээд авсан. Энэ мөнгийг би хохирогчоос залилсан гэж үзэхгүй байна. Сүүлд авсан мөнгөнүүдийг залилсан нь үнэн. Эхний ээлжинд хохирогчоос авсан 200,000 төгрөг, 350,000 төгрөгийг зээлж авсан. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн газрын барьцаа гэсэн утгатай 5,000,000 төгрөгийг би ногоо тарих гэж авсан. Хувийн асуудлууд байсан учир зориулалтын дагуу ашиглаагүй. Үүний дараа хохирогчоос авсан 100,000, 200,000, 800,000, 4,000,000, 2,5000,000 төгрөгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх асуудалд би гэм буруутай. Би хохирлоо 6 сарын хугацаанд төлөх боломжтой гэж үзэж байна.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

            Хохирогч Б.Дийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Хамгийн анх надтай Г.Г нь 2022 оны 01 дүгээр сард утсаар яриад “20 га газар байна, 20,000,000 төгрөг хэрэг болоод” гэж хэлсэн. Г өөрөө хэлэхдээ “тэр 20 га газрыг үер уснаас ангид боломжийн газар байна” гэж хэлсэн. Тэгээд тэр газрыг авч чадаагүй. Дараа нь 2022 оны 2 дугаар сард надаас “5,000,000 төгрөг нэг хүн зээлээч гэж байна, 5,000,000 төгрөгийнхөө хүүд нь 20 га газар ашиглуулна, тэгээд 5,000,000 төгрөгөө намар өгнө гэж байна” гэхээр нь би зөвшөөрсөн. Г нь “20 га газартаа лууван тарья” гэхээр нь би “дан лууван тариад яах вэ 2, 3 төрлийн ногоо тарья” гэж хэлэхэд Г “эхлээд лууван тарьсан нь зүгээр” гэж хэлсэн. Бид хоёр ярилцаад лууван, манжин тарихаар болсон. Сүүлд надаас “сонгино тарина” гээд 2,500,000 төгрөг авсан. Дараа нь “хямдхан тор авна” гэж хэлээд надаас мөнгө авсан. Сүүлд нь ногоо тарих хүн олсон гэсэн боловч тэр хүн нь ч байхгүй. Хамгийн сүүлд надаас моторын 1,800,000 төгрөг аваад холбогдоогүй. Би хотод Улаанхуаранд явж байгаад Гийг замын хажуугаар явж байгааг хараад утсаар залгасан. Надад “Дарханд байна” гэж худлаа хэлсэн. Би тэгээд “чи наанаа байж бай” гээд хэлээд яваад очтол зогсож байсан газраа байгаагүй. Намайг фэйсбүүк хаягаараа блок хийсэн байсан. Би 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Гийн ногоо тарьж байгаа газар очсон. Тэгтэл тэр газар нь ногоо тарьсан зүйл байхгүй, нэг ч ногоо тарьж байгаа хүн байхгүй байсан. Хийсэн зүйл нь гэвэл зөвхөн луувангийн үр суулгасан байсан. Ямар ч усалгаа хийгээгүй юм билээ. Надад “машин авна” гэж хэлж байгаагүй. “Нэг мотор авсан, дахиад нэг мотор авна” гээд надаас 1,800,000 төгрөг авсан. Тэгээд “хашааны тор авна” гэж хэлээд надаас мөнгө авсан. Бид хоёр өмнө уул уурхайд Оюутолгой дээр тэсэлгээ хийдэг компанид хамт ажилладаг байсан. 2018 онд хамт ажиллаж байсан. Ногоо тарьж байгаа газар очиход ямар ч хариуцсан хүн байгаагүй. Өөрөө бол “ногоо тарих хүн олсон” гэж хэлсэн. Тэгээд ямар ч хүн байгаагүй. Надад нэг ч хохирол барагдуулаагүй. Миний өмнө нь өгсөн мөнгөнөөс мотор авсан мэтээр надтай ярьсан. Тэгээд уг моторыг хүчин чадал нь дийлэхгүй гээд дахин моторын мөнгө болох 1,800,000 төгрөгийг надаас авсан. Мотор аваагүй байсан. Би 10 гаруй удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлсэн. Г руу хамгийн эхэнд 2022 оны 01 сард “Сэлэнгээс ногоо тээвэрлэх хэрэгтэй байна” гэж хэлээд надаас мөнгө зээлсэн. Энэ мөнгийг найз нөхдийн хувиар надаас Г мөнгө зээлсэн. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч рүү шилжүүлсэн 150,000 төгрөгийг Г.Г надаас зээлсэн. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Давка гэсэн гүйлгээний утгатай 350,000 төгрөг Г.Г руу шилжүүлсэн. Г.Г хашаа татах тор хүнээс хямдхан авах гээд байна гэхээр нь би 350,000 төгрөг шилжүүлсэн. Газар байхгүй боловч торны мөнгө түрүүлж авсан. 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр газрын барьцаа гэх гүйлгээний утгатай 5,000,000 төгрөг Г.Г руу шилжүүлсэн. Г.Гоос 20 га газартай хүн байна. 5,000,000 төгрөг зээлээч тухайн газрын хүүнд нь ногоо тариулж болно гэж байна гэхээр нь 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Торны мөнгө гээд надаас 350,000 төгрөг авсан. Энэ үеэс эхлээд бид хоёрын хамтын ажиллагаа эхэлсэн гэж ойлгож болно. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Давка гэсэн гүйлгээний утгатай 4,000,000 төгрөг Г.Г руу шилжүүлсэн. Надаас мотор авна гээд 4,000,000 төгрөг авсан. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Г.Гоос 300,000 төгрөг авсан. 22,100,000 төгрөгийн хохирлоос хасагдана. Би зөвхөн хөрөнгө оруулах л үүрэгтэй байсан. Тухайн газартай очиж танилцахад ногоо тарьсан зүйл байхгүй байсан. Нэг ч хашаа байгаагүй. Миний зүгээс намайг залилсан гэж ойлгож байна. 21,800,000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 01 дүгээр сард Канад улсад байхад Монголд хамт ажиллаж байсан Г над руу фэйсбүүкээр холбогдоод “миний таньдаг хүн 5,000,000 төгрөг зээлээч, хүүнд нь ногоо тарих газраа ашиглуулъя, би тэр газар нь ногоо тарих гэж байгаа юм, чи найздаа хөрөнгө оруулаач” гэхээр нь би зөвшөөрсөн. Канад улсад байхдаа 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр өөрийн Голомт банкны  дугаарын дансанаас 200,000 төгрөгийг Гийн Худалдаа хөгжлийн банкны 450028590 дугаарын дансанд шилжүүлсэн. Түүнээс хойш Канад улсад байхдаа нийт 6,500,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Монгол улсад ирээд Гтой уулзах үед би Гоос “хамт нөгөө газар луу чинь очиж үзье” гээд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очиход шөнө болсон байсан болохоор ямар газар байгааг сайн мэдээгүй. Тэгэхдээ газар нь байгаа юм байна гэж мэдээд Г.Гийг худлаа яриагүй юм байна гэж бодсон. Тэр өдөр Чингэлтэй дүүргийн Бөмбөгөр худалдааны төвийн урд явж байх үедээ өөрийн Голомт банкны 1109116557 дугаарын данснаас 100,000 төгрөгийг Г.Гийн Худалдаа хөгжлийн банкны 450028590 дугаарын данс руу онлайнаар шилжүүлсэн. Түүнээс хойш 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 3,000,000 төгрөгийг тухайн газар дээрээ усалгааны мотор авна гэхээр нь дансаар шилжүүлж өгсөн. Г надад “за би Сэлэнгэ аймаг Шаамар суманд газар дээрээ байна, одоо мотор авчихлаа дахиад нэг мотор авчихмаар байна” гэж ярьсан боловч маргааш нь би такси бариад Улаанхуаранд явж байхад Г замын хажууд тамхи татаад явж байхаар нь би Гийн гар утас руу залгаад “чи хаана байгаа юм бэ” гэж асуухад Г.Г надад “найз нь Сэлэнгээс Дарханд ирсэн явж байна” гээд илт худлаа яриад утсаа салгасан. Одоо утас нь холбогдохгүй байгаа болохоор нь залилуулсан гэж мэдээд цагдаад хандаж байна. ...Гийн утас холбогдохоо больсноос хойш би Сэлэнгэ аймаг явах замдаа Гийн зааж өгсөн газар дээр очиход тэр газар дээр хүнгүй, хашаагүй, тарьсан зүйлгүй байсан. Хажууд нь байсан хүнээс уг газрын анх барьцаалж мөнгө зээлнэ гээд байсан Мөнхзолбоо гэдэг хүний 99634812 дугаарын утсыг авч тэр хүнийг хотод зах дээр байх үед нь уулзаад “та 5,000,000 төгрөг зээлээд хүүд нь газар дээрээ ногоо тариулна гэсэн хүн мөн үү, танд Г 5,000,000 төгрөг өгсөн бол би мөнгө өгсөн хүн нь байна, та тэр мөнгийг гаргаад өгөөч” гэхэд тэр Мөнхзолбоо гэх залуу “би 20 га газрыг 4,800,000 төгрөгөөр түрээслэнэ гэсэн болохоос мөнгө зээлнэ гэж яриагүй, Г надаас газар түрээслэнэ гэж хэлж яриад явсан боловч нэг ч удаа ирээгүй” гэж ярихад нь би өөрийгөө Г.Гт залилуулсан гэдгээ мэдсэн...

...Намайг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар суманд очиж ногоо тарьсан газраа харахад ногоо тарьсан газар нь ямар нэгэн хашаа хороо татаж хамгаалаагүйгээс мал орж гишгээд, бас усалгаа хийгээгүйгээс болж ногоо ургах боломжгүй болсон байсан. Би тэнд байдаг Гийн ногоо тариулсан гэх Улаанаа буюу Төрмөнх гэдэг залуутай уулзахад Төрмөнх “Г надаар 1,000,000 төгрөгөөр ногоо тариулъя гээд 500,000 төгрөг өгөөд газар дээрээ луувангийн үр суулгуулсан бөгөөд үлдэгдэл мөнгөө өгөөгүй алга болсон” гэж ярьсан. Тэгээд газар дээр нь очоод үзэхэд ногоо нь Гийн арчилгаа, усалгаа хийгээгүйгээс болж ургаж том болж амжаагүй, дууссан байсан юм...

...5 дугаар сарын 05-нд Г дахин над руу залгаад “газар хагална, түлшний мөнгө хэрэгтэй” гэхээр нь би итгээд Гийн Худалдаа хөгжлийн банкны 450028590 дугаарын дансанд 5,000,000 төгрөг, мөн 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин холбогдож “газар хагалгаа хийнэ мөнгө хэрэгтэй” гэхээр нь ...би 4,000,000 төгрөг шилжүүлээд ..5 дугаар сарын 19-ний өдөр “луувангийн үр авна” гэхээр нь ...1,000,000 төгрөг шилжүүлсэн. Үүнээс хойш Г 2022 оны 5 сарын 21-ний өдөр холбогдоод “Дарханд өргөст хэмх, 3 сонгино таримаар байна 2,500,000 төгрөг хэрэгтэй боллоо” гэхээр нь ...2,500,000 төгрөг шилжүүлсэн. Г дахин 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр надтай холбогдоод “би Шаамарт байна, эндээс хямдхан усалгааны мотор шланк авахаар боллоо, 6,000,000 төгрөг өгөөч” гэхээр нь би Гт “чи эхнээсээ бүх зардлаа хуваана гэж яриад нэг ч удаа мөнгө гаргаагүй юм чинь тал мөнгийг нь чи гарга” гээд 3,000,000 төгрөгийг ...шилжүүлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8, 10, 116-117 дахь тал),

- Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 5 дугаар сарын дундуур Г ах намайг Сэлэнгэ аймаг, Шаамар суманд өөрийн газар дээрээ ногоо тарьж байхад ирж уулзаад “би Мөнхзолбоогийн газрыг түрээслэж ногоо тарих гэж байгаа юм, чи надад миний Мөнхзолбоогоос түрээслэж байгаа газар дээр лууван тариад өгөөч, би Мөнхзолбоогийн газрыг нь хагалуулаад бэлдсэн” гэхээр нь би 1 га-г 100,000 төгрөгөөр буюу 10 га газарт нийт 1,000,000 төгрөгөөр тохиролцоод 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Г ах түлшний мөнгө гээд 500,000 төгрөг урьдчилж шилжүүлэхээр нь надад өгсөн луувангийн үрээр нь би өөрийнхөө трактор буюу үр суулгадаг төхөөрөмждөө түлш хийгээд 2022 оны 5 дугаар сарын 22-24-ны өдрийн хооронд 2 өдөр газрыг нь хагалаад луувангийн үр суулгаж өгсөн. Тэр хугацаанд манайд байрлаж байсан. Надад ярихдаа “би нэг найзтайгаа хамтраад ногоо тарьж байгаа, манай найз мөнгийг нь гаргаж байгаа” гэж ярьж байсан. Би “та тарьж дууссаны дараа нь энэ газар дээрээ хашаа хатгахгүй бол болохгүй шүү дээ” гэхэд “би хот яваад хямдхан хашаа олоод ирье” гээд яваад эргэж ирээгүй. Удалгүй Г ах над руу залгаад “би мотор авмаар байна, чамд байна уу” гэхээр нь “1,800,000 төгрөгөөр мотор байгаа” гэсэн чинь “авъя” гээд 1,800,000 төгрөгийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр маргааш нь мөн шланк олоод өгөөч гээд 500,000 төгрөг миний Хаан банкны 5056067522 дугаарын данс руу өөрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данснаас шилжүүлсэн. Түүнээс хойш мотороо авахгүй алга болсон бөгөөд одоо тэр авна гэсэн шланк нь Дархан-Уул аймгийн Орхон суманд түрээсийн складанд хадгалагдаж байгаа юм. ...Г ах Эрдэнэцогт ахаас ногооны хор авсан асуудал огт байхгүй, би Эрдэнэцогт ахын 99038787 дугаараар энэ талаар сая утасдаж асуухад надтай уулзаж хор авна гэж ярьсан зүйл байхгүй, харин Г өөрөө утсаар яриад цагдаад намайг хор авсан гээд хэлээд өгөөч гэж ярихад нь Эрдэнэцогт ах би тэгж хэлэхгүй энэ асуудлаа, өөрөө шийдээрэй гэж ярьсан надтай утсаар ярих үедээ Эрдэнэцогт ах хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Гэрч С.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Надад Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охинды гэх газар 16 га газар байгаа. 2022 оны хавар буюу 3 сар хавьцаа над руу Г ах залгаад “миний газраас 10 га газар 1 га газрыг нь хавраас намар хүртэл 300,000 төгрөг өгөөд түрээслэмээр байна” гэж ярьсан. 2022 оны 5 дугаар сард би Г ах руу залгаад “газраа түрээслэх юм уу” гэсэн чинь “түрээслэнэ ах” гэж хэлсэн. Тэгээд 5 сарын сүүлээр манай найз Улаанаа миний газрын 7 га орчимд нь Г лууван тарьсан байна гэж хэлсэн. ...Г миний газрын 7 га орчимд лууван тарьсан гэж миний найз Улаанаа /Төрмөнх/ надад хэлсэн. Тэр ногоо нь ургаагүй байсан. Тухайн ногоог Г тариад хашаа хатгаагүй, услаагүй, тэр чигт нь хаяад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Шүүгдэгч Г.Гийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 105-110 дахь тал),

- Шүүгдэгч Г.Ганзоргийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 10-ны орчим Мөнхзолбоод “чиний 16 га газрыг хавраас намар ногоо хурааж дуусах хүртэл хугацаанд 5,000,000 төгрөгөөр түрээсэлье” гэсэн чинь Мөнхзолбоо зөвшөөрсөн. Би энэ тухай Дид “манай таньдаг Мөнхзолбоо гэдэг хүн банкны өртэй байгаа юм, чи надад 5,000,000 төгрөг өгчих, би Мөнхзолбоод зээлүүлээд хүүд нь 16 га газар дээр нь ногоо тарья” гэсэн чинь зөвшөөрөөд 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр надад 5,000,000 төгрөг шилжүүлсэн. Би тэр мөнгийг аваад Мөнхзолбоод мөнгийг нь өгөлгүйгээр гадуур татах торон хашаа хайж яваад мөнгийг нь үрээд дуусгасан. 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Доос “хашааны шон буюу 2 портер мод 800,000 төгрөгөөр авна” гэж хэлээд 800, 000 төгрөг шилжүүлж аваад мөнгийг нь хувьдаа хэрэглээд дууссан. ...“Газар хагална гээд 5,00,000 төгрөг шилжүүлээч” гэхэд Д миний данс руу шилжүүлсэн бөгөөд ...Мөнхзолбоогийн 10 га газарт луувангаа тариулсан. 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр дахин Доос “луувангийн хор авна” гээд 4,000,000 төгрөг, 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг авсан. Эдгээр мөнгийг би өөрийн хүү Тамирын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт өгөх ёстой 1,300,000 төгрөгийг өгөөд өөрийн эхнэр Мөнхтуяагийн дансанд 2,500,000 төгрөгийг өөрийнхөө машинд сэлбэг авахуулахаар шилжүүлээд, үлдсэнийг нь өөрөө үрээд дуусгасан. Тухайн өдрөөс хойш 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би нөгөө талбай дээрээ “сонгино тарина” гэж хэлээд 3,000,000 төгрөг Доос шилжүүлж аваад, тэр мөнгийг гадуур ажил хөөцөлдөж яваад үрээд дуусгасан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дэх тал),

- Хохирогч Б.Дийн дансны хуулга (хавтаст хэргийн 46-52 дахь тал),

- Шүүгдэгч Г.Гийн дансны хуулга (хавтаст хэргийн 71-79 дэх тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 27 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 70 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талраах тодорхойлолт (хавтаст хэргийн 26 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Г нь С.Мийн “түрээслэнэ” гэсэн 16 га газрыг хохирогч Б.Дид “Хүнд 5,000,000 төгрөг зээлж, хүүнд нь хамтарч Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байрлах газарт хүнсний ногоо тарья” гэж итгүүлэн, “лууван манжин, сонгино зэрэг хүнсний ногоо авах, мөн ногоо тарихад хэрэглэгдэх мотор, хашааны тор, хор зэргийг худалдаж авах” нэрээр хохирогчоос 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 10 удаагийн үйлдлээр 22,100,000 төгрөгийг шилжүүлэн авч, хувийн хэрэгцээндээ ашигласан болох нь хохирогч Б.Д, гэрч А., С., шүүгдэгч нарын мэдүүлэг, хохирогч, шүүгдэгч нарын дансны хуулга, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдлоо.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь обьектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Хэдийгээр шүүх хуралдаанд шүүгдэгч нь “ногоо тарьж эхэлж байсан, тухайн газарт луувангийн үр суулгасан” гэж мэдүүлсэн хэдий ч, шүүгдэгч, хохирогч нарын хооронд тохиролцсон “ногоо тарих” хэлцлийг хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх, эсхүл урьдчилан тооцоолох боломжгүй гэнэт өөрчлөгдсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч нь “лууван, манжин, сонгино зэрэг хүнсний ногоо авах, мөн ногоо тарихад хэрэглэгдэх мотор, хашааны тор, хор зэргийг худалдаж авах“ нэрээр хохирогчоос мөнгө авч, ногоо тарих идэвхтэй үйлдэл хийхгүй, мөн мотор, хашаа, тор, зэргийг тохиролцсоны дагуу худалдан авахгүй, хувьдаа зарцуулснаар шүүгдэгч Г.Гийн залилах гэмт хэргийн үйлдэл төгссөн байна.  

Иймд шүүгдэгч Г.Гийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Дид 22,100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “шүүгдэгчээс 300,000 төгрөг авсан” гэж мэдүүлсэн (шүүх хуралдааны тэмдэглэл) тул үлдэх 21,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогчид олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч  Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Г.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гантөмөрөөс “500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Уранчимэгээс “480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Г.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (үргэлжилсэн 10 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн), гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг), бусдад учруулсан хохирлын хэмжээ (бусдад 22,100,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирол төлөөгүй), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Гын Гийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Г.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 (долоон зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч Г.Гоос 21,800,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Дид олгосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Гт сануулсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР