Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00200

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00200

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багт оршин суух, Тавинаахан овогт Э-ын Т / /-ийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00165/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгч Э.Т нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие 1970 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн зэрэг суманд төрсөн. 1978 онд Зэрэг сумын 10 жилийн дунд сургуульд 1 дүгээр ангид орж, 1986 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургуулийн 10 дугаар ангид орж, 1988 онд тус сургуулийн 10Ё ангийг төгссөн. 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Хөдөлмөр нэгдэлд малчнаар тасралтгүй ажилласан.

Би одоог хүртэл мал маллаж амьдардаг. Ингээд өндер насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй гээд улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрч байна. Надад хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч тухайн үеийн эрх бүхий хүмүүс бичилт хийгээгүйгээс болоод ажилласан жил дутуу тооцогдож байна.

Иймд намайг 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Ховд аймтийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар, 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Т нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Т нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Э.Т нь Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 395 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1989 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын 1990 оны цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 80 дугаартай Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдэл нь 1991 оны 12 сарын 26-нд Хөдөлмөр хувьцаат компани болж улсын бүртгэлд бүртгэгдсэн ба компани татан буугдсан бүртгэл хийгдээгүй байна гэх бичвэртэй лавлагаа, нэхэмжлэгч Э.Тийн Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 1988 оны 10ё анги төгссөн болон шууд үйлдвэрлэлд хувиарласан талаар бичилттэй баримт, гэрч Р.Должингийн ....Э.Тийн аав Эрхэмбаярынхтай хамт манайх Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн 1 дүгээр бригадад нэг суурьт хамт мал маллаж байсан. Манайхыг үхэр маллаж байхад албан журмын сүү саалгахаар манайд үхрээ авч ирж өгдөг байсан. Ингээд би Э.Тийн аав, ээжийг нь сайн танидаг болсон. Э.Т нь 1979-1986 оны хооронд Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн дунд сургуульд суралцаж, манай хүүхдүүдтэй сургуулийн дотуур байранд байдаг байсан. Э.Тийг 1986 онд 8 дугаар анги төгссөн бөгөөд 10 дугаар ангийн хуваарь авч байна гэж ярьж байсан. 1986 оноос эхлэн зун нь амралтаараа Э.Т нь үхэр, хонь ямаагаа саагаад явдаг байсан. 1988 оноос ээж нь хүндээр өвдсөн учир Э.Т 10 дугаар ангиасаа гарсан байж магадгүй. 1988 оноос эхлэн нэгдэл тарах хүртэл Э.Т нь тасралтгүй мал малласан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 10, 15-26, 27-36, 39, 47, 53, 57-59 дүгээр тал/

Э.Т нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1607000299 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 14 дүгээр тал/

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 395 дугаартай албан бичгээр ирүүлсэн хавтаст хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын Э.Тийн нэр бичигдсэн 1986 он гэх бичвэртэй цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар нь бодит байдалд 1990 оны баримт байх бөгөөд бодит байдлаас зөрсөн, хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд авагдсан Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадын Явшинсүрэн гэх нэр бичигдсэн 1990 он гэх бичвэртэй цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар нь бодит байдалд 1986 оны баримт байх бөгөөд бодит байдлаас зөрсөн, хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Галсандорж, Р.Должин нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, нэхэмжлэгч нь 1988 онд 10 дугаар анги төгссөн байхад хавтаст хэргийн 54-56 дугаар хуудсанд авагдсан Д.Галсандоржийн мэдүүлэг нь бодит байдлаас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй, хавтаст хэргийн 61 дүгээр хуудсанд авагдсан 1991 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийнхээ хамт авахуулсан гэх гэрэл зураг нь хэзээ авахуулсан нь тодорхойгүй байх тул байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Э.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тавинаахан овогт Эрхэмбаярын Т / /-ийн Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр нэгдлийн Гүвээ бригадад 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл малчнаар, Ховд аймгийн Зэрэг сумын Хөдөлмөр ХК-д 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ