Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/923

 

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лхагвасүрэн,

Улсын яллагч Т.Төмөртулга,

хохирогч Т.М,

шүүгдэгч, хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч А.Очбадрал,

шүүгдэгч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Э,

шүүгдэгч, хохирогч Н.А, шүүгдэгч С.А, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Н.Э, Н.Э нарыг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.А, С.А нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208019641139 дугаар хэргийг 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр С аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух  , ял шийтгэлгүй,

Тугчин овогт Нгийн Э

Монгол Улсын иргэн, 1992 оны 5 дугаар сарын 29-ний өдөр С аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй,

Т овогт Нгийн Э

Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой сантехникч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 5 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар оногдуулсан 3 жил 6 сар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 6 сарын хугацаагаар ял хойшлуулсан,

Засагт хан овогт Нийн А

Монгол Улсын иргэн, 2002 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эх, эмээ нарын хамт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

Засагт хан овогт Сийн А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Э нь яллагдагч Н.Этэй бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин худалдааны цогцолборын талбай дээр хохирогч Н.Аыг “орлого хааж, машинаа тавьсан” гэх тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж биед нь боож газарт унаган, өшиглөн зодож эрүүл мэндэд зүүн талын 4, 5, 6, 7, хавирга мөгөөрстэй нийлэх түвшинд зөрүү багатай хугарал, дух, баруун гуя, өвдөг, зулгаралт, хүзүү, цээж, баруун дал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Н.Э нь яллагдагч Н.Этэй бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин худалдааны цогцолборын талбай дээр Н.Аыг “орлого хааж, машинаа тавьсан, ахыг минь зодсон” гэх шалтгааны улмаас биед нь халдан, өшиглөн зодож эрүүл мэндэд зүүн талын 4, 5, 6, 7 хавирга мөгөөрстэй нийлэх түвшинд зөрүү багатай хугарал, дух, баруун гуя, өвдөг зулгаралт, хүзүү, цээж, баруун дал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

яллагдагч Н.А нь яллагдагч С.Атай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин худалдааны цогцолборын талбай дээр хохирогч Н.Этэй “Машинаа хаана тавих нь та нарт хамаагүй гэх шалтгааны улмаас биед нь халдан зууралдан зодож, эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, доод уруул болон хоёр хацрын дотор салстын шарх, зүүн доод хоёр араа бага зэрэг хөдөлгөөн орсон, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.А нь яллагдагч Н.Атай бүлэглэн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин худалдааны цогцолборын талбай дээр хохирогч Н.Этэй “Машинаа хаана тавих нь та нарт хамаагүй” гэх шалтгааны улмаас биед нь халдан зууралдан зодож, эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд доод уруул болон хоёр хацрын дотор салстын шарх, зүүн доод хоёр араа ба бага зэрэг хөдөлгөөн орсон, баруун өвдөгт зулгарал бүхий хөнгөн хохирол, мөн ганцаараа тухайн үед зодооныг салгахаар очсон хохирогч Т.Мийн нүүр түс газарт гараараа цохиж эрүүл мэндэд уруулын зөөлөн эдийн гэмтэл, баруун дээд үүдэн 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл  бүхий хөнгөн гэмтэл учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2 хүний эсрэг үйлдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 819 дүгээр яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч, хохирогч Н.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Бүлэглээгүй. Э сүүлд нь ирсэн. Хохиролд 3,000,000 төгрөг төлсөн. Эийг ирэхэд А бид 2 зодолдоод салсан байдалтай байсан. Аын зүгээс Э рүү дайраагүй. Би хохирогчийг цохиод, өшиглөсөн. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Шүүгдэгч Н.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Намайг очиход ахын нүүр цус болсон байсан. Ахыг салгах гээд байж байсан. Үнэн зөв шүүж өгнө үү. Хохирогч Аыг зодоогүй. Зодооны асуудал 1 минут орчим үргэлжилсэн. А над руу дайраагүй. Би салгах гэж очсон.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Шүүгдэгч, хохирогч Н.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ам бүл 5. Надад учирсан гэмтлийг Э учруулсан. Эийн оролцоо байхгүй. Сүүлд ирсэн. Хавтаст хэрэгтээ танилцсаны дараа намайг Э цохисон гэдгийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Шүүгдэгч С.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч Т.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Э энэ хэрэгт оролцоогүй. Нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Хавтаст хэргээс бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:

- Хохирогч Н.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагийн үед төрсөн эгч С над руу залгаад “А машин авлаа, чи ирээд хараад өгөөч” гэж ярьсан. Би эхнэр Б, эх Н нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах автомашин худалдааны төвд очоод уулзсан. Эгчийн хүүхэд болох А “цагаан өнгийн Приус-20 маркийн машин авлаа, мөнгө жоохон дутаад үлдсэн мөнгөө банк бус санхуугийн байгууллагаас авч байна” гээд байж байсан. Тухайн газраас нь “машиныхаа доторх салон, арлын дугаар, 4 талаас нь авсан зураг авчир” гэхээр нь би Алтанбаганы машины копудыг сөхөж байгаад арлын дугаарыг нь утсаараа аваад зогсож байсан чинь араас нэг эрэгтэй хүн “хөөе” гээд дуудахаар нь би “яасан бэ” гээд эргээд хартал маск зүүсэн үл таних эрэгтэй “зайлцгаа пизда нараа” гэхээр нь би “юу гэнэ ээ” гэсэн чинь нөгөө үл таних хүн “зайлцгаа лалруудаа” гэж хэлээд миний өөдөөс ирээд намайг 2 удаа цээж рүү түлхсэн. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ” гээд гараа өргөсөн чинь цаанаас нэг
үл таних маск зүүсэн, коршонкон малгайтай, гартаа цагаан өнгийн кист зүүсэн залуу ирсэн. Би хэрүүл маргаан хийхгүй гэж бодоод дотроо инээгээд утсаа гаргаж ирээд оролдож байгаад зайгаа бариад буруу хараад зогсож байсан чинь намайг “зайл пизда нараа” гэж хэрүүл хийж ирсэн залуу миний хоолойноос боогоод Алтанбаганы машиныг толгойгоор мөргүүлээд арагшаа дарж унагаасан. Би тухайн үед эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан. Намайг цохих гээд гараа зангидаж байгаад боссон. Тэгэхдээ миний толгой руу хөлөөрөө өшиглөхөөр нь би босч ирээд цохих гэтэл нөгөө үл таних хүн намайг цохих гэхээр нь би бултаад оногдоогүй. Бид 2 хоорондоо барьцалдаж аваад дээр
доороо гарч унаад ноцолдоод байж байтал манай эхнэр, ээж 2 орилолдоод хүрч
ирээд нөгөө үл таних залуу бид 2-ыг салгасан. Аы машины түлхүүрийг аваад “наад хүнийг чинь би алж байж явуулна” гээд орилоод байсан. Би тухайн үед 30-40 метрийн зайд машиныхаа хажууд зогсож байсан. Энэ асуудлаас хойш ойролцоогоор 20-30 минутын дараа би машин дээрээ байж байтал манай эхнэр “нааш ир чамайг зодсон хүн хүн дагуулаад ирлээ, наадуултайгаа битгий орооцолдоорой наашаа бай” гээд намайг ардаа гаргасан. “Надтай маргалдсан залуу энэ байна” гээд намайг заагаад хүрээд ирсэн. Манай эхнэр миний урдуур ороод “та нар одоо болиоч, яах гээд байгаа юм” гэсэн чинь “одоо наадахаа ал” гээд намайг 2 талаас нүүр нүдгүй зодоод эхэлсэн. Би ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан. Миний нуруу, ууц, хөл, толгой гээд биеийн бүх хэсэгт зодсон. Хавирга руу өшиглөсний дараа нүд харанхуйлаад, нэг мэдэхэд ухаан алдаад унасан байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа би ухаан ороод босох гэтэл хамаг бие хөндүүр цээжин дээр, зүүн хавирга орчим үзүүртэй юмаар хатгаад байгаа юм шиг өвдөөд, өвдөг цус болсон хөндүүрлээд даагдахгүй, босох гээд босож чадахгүй цаг гаран хэвтсэн. Тухайн үед цагдаа нар ирсэн “түргэн тусламж иртэл хөдөлж болохгүй шүү, наанаа хэвтэж бай” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-27, 186-187 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 8823 дугаар “Н.Аын биед зүүн талын 4,5,6,7 дугаар хавирга мөгөөрстийн нийлэх түвшинд зөрүү багатай хугарал, дух, баруун гуя, өвдөг зулгаралт, хүзүү, цээж, баруун дал, зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал),

Гэрч Х.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар 17-ны өдөр манай зээ хүү эх Сийн хамт машин авахаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, авто худалдааны төвөөс машин авах гээд явсан. Над руу А үдээс хойш цагийг нь санахгүй байна залгаад “эмээ, би машин авлаа” гэхээр нь би “зам эмээ нь очлоо” гээд хүү А, бэр Булгантамир болон 3 ач хүүхдүүдийн хамт авто худалдааны төв дээр очсон. Тэгээд би ач нарынхаа хамт машинд сууж байтал ойролцоогоор 2-3 метрийн зайд А, А 2 зогсоол дээр цагаан өнгийн машин байрлуулсан, би машины цонхоор хараад байж байтал хүү А дээр үл таних залуу ирээд толгойг нь дээш, доош нь дараад байхаар нь гайхаад “яагаад байгаа юм бол” гэж бодтол А газар эгцээрээ хойшоо унаад өгөхөөр нь би бэр лүүгээ залгаад “Анхааг хүмүүс зодоод байгаа юм шиг байна, та нар хурдан гараад ир” гэтэл бэр Булгантамир, охин С 2 авто худалдааны төв дотроос гарч ирээд Анхаа руу очоод зодооныг салгасан. Би 3 ач хүүтэйгээ байсан учраас машинаас гарч болохгүй байсан. Зодоон болоод 30 гаран минут болсны дараа Атай уулзаад юу болсон талаар асуухад энд зогсож болохгүй, гэснийг нь би утсаараа зураг авч байгаад сонссонгүй, тэгээд учир зүггүй ирээд цохиод авсан юм” гэж хэлсэн. Энэ үйл явдал дуусаад 20-30 минутын дараа А машиныхаа урд зогсож байсан, би хойд талын суудал дээр ач нараа хараад сууж байхад 2 үл таних залуу ирээд Аыг цохиод, багалзуурдаж аваад, газар унагаасан. Би сандраад машинаас буугаад хартал миний хүү А газар хэвтсэн, нүүр ам нь хөхөрсөн 2 гар нь татсан, амьсгаагүй байж байхаар нь би нөгөө 2 залууд хандан “та 2 хүүхэд алчихлаа ш дээ” гэсэн чинь нөгөө 2 залуу “хохино пизда минь” гэж хэлсэн. А ойролцоогоор цаг гаран ухаан алдсан. Би сүүлд нь цагдаа нар ирсний дараа хүүг маань зодсон 2 залууд дээр очоод “та нар яагаад хүүг маань зодож байгаа юм бэ” гэж асуусан чинь нөгөө үл таних залуу “миний хувьчилж авсан зогсоол дээр яах гэж ирж зогссон юм” гэхээр нь би “чи хувьдаа авсан байсан ч гэсэн хэл амаараа аятайхан хэлж ойлгуулж болдоггүй юм уу” гэсэн чинь “наад шээснүүд чинь сонсохгүй байсан ш дээ” гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал),

Гэрч М.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр манай нөхрийн эгч С хүү Адаа машин авч өгөхөөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, авто худалдааны төв рүү явсан. ...Банк бус байгууллагын хүн машиныхаа 4 талын зураг, арлын дугаар, дотор талын салоны зургийг нь дараад аваад ир гэхээр нь манай нөхөр А машины зураг авахаар гарсан. Удалгүй манай хадам ээж эгч рүү залгаад “хүүе Аг хүмүүс зодоод байна, та нар хурдан гараад ир” гэхээр нь С эгч бид 2 гүйж гараад хартал манай нөхөртэй 2 хүн зодолцож байхаар нь гүйж очоод арай гэж салгаж холдуулсан. Энэ үйл явдал дуусаад 20-30 минутын дараа А бид 2 машиныхаа урд зогсож байсан, манай хадам ээж манай хүүхдүүдтэй машинд сууж байтал манай нөхөртэй зодолдоод байсан саарал фудболктой залуу нэг үл таних цагаан фудболктой залуу дагуулж ирээд манай нөхрийг зодох гэж байхаар нь би нөхрийнхөө урдуур ороод цагаан фудболктой залууг цааш түлхсэн боловч дийлдэхгүй байсан. 2 талаас нь хавирга, цээж рүү нь өшиглөөд, газар унасан чинь гүйж ирээд толгойн дээр нь дэвсээд биеийн бүх хэсэгт зодоод байсан. Би болиулах гэхэд дийлэхгүй байсан. Тэр 2 залууг “болиоч ээ” гэтэл “үгүй, болоогүй байна, алж байж явуулна” гээд манай нөхрийг унагаагаад, өшиглөөд, зодоод байсан. Манай нөхөр ухаан алдаад, ямар ч ухаангүй газар хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал),

            Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 76-82 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал),

 

            Бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн тухайд:

Хохирогч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Авто худалдааны төв дээр авто машин зардаг ажил хийдэг. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би хамт машин зардаг танил дүү Т.М, Ж.Ц нарын хамт машинаа зараад байж байсан чинь автомашины орж гардаг гарцыг хаагаад цагаан өнгийн Приус-20 машинтай хүмүүс зогссон. Тухайн хүмүүст Т.М автомашинтайгаа хажуугаар нь гарахдаа “энд машин тавихгүй зогсоол дээр машинаа тавиарай” гэж хэлээд явсан. Тухайн машинтай хүмүүс зогсож байснаасаа жоохон баруун тийш болоод зогссон. Эсрэг талын зогсоол дээр байсан Ц “энд машин тавихгүй шүү” гэж удаа дараа тухайн машинтай хүмүүст хэлэхэд тоохгүй зарж байсан машин хаагаад 10 гаран минут болсон. Машины жолооч нь машины копудаа нээгээд машиныхаа масло тосыг үзээд машиныхаа доогуур ороод шаврыг зогсоол дээр унагаагаад машинаа тойроод шүлсээ хаяад байхаар нь би явж очоод “энд машин зогсохгүй, та нар өөр зогсоолд ороод зогсчих, миний зарж байгаа машиныг хаагаад байна” гэж хэлэхэд жолооч залуу нь “энэ чиний зогсоол юм уу” гэхээр нь би “энэ зогсоолыг түрээслэдэг, чиний хаяад байгаа шүлс, машины шаврыг чинь өдөр болгон цэвэрлэдэг” гэсэн чинь жолооч залуу надад “манай ах энэ зогсоолыг мэднэ миний хаана зогсох та нарт хамаагүй” гэж хэлсэн. Тэгэхэд намайг хэл амаар доромжлоод байхаар нь “би эндээс машинаа аваад яв” гэж хэлэхэд яваагүй. Тэгэхээр нь би “машиндаа суу” гээд тухайн залууг хүзүүний араас нь бариад машины хаалга, суудал руу нь түлхсэн чинь жолооч залуу өөрөө хойш гэдийгээд хойшоо унасан. Жолооч залуу босож ирээд уурлаад “чи надтай зодолдож чадах уу, чи муу цагдаа гээд өргөдөл бариад гүйнэ биз” гэхээр нь би “цагдаа гэхгүй” гэж хэлсэн чинь жолооч залуу миний зүүн хөмсөгний дээд хэсэгт бөгжтэй гараараа цохисон чинь миний хөмсөг задраад цус нилээн гарсан. Би тухайн залуутай  барилцаж аваад, ноцолдоод зогсож байсан автомашины голоор ороод зодолдсон. Тухайн залуутай зууралдаад байж байсан чинь жолоочийн дүү нь гэх залуу гүйж ирээд миний хамар луу хүчтэй цохисон. Миний хамраас цус гарсан. ...Миний биед зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, доод уруул болон хоёр хацрын дотор салстын шарх, зүүн доод хоёр араа бага зэрэг хөдөлгөөн орсныг машины жолооч А гэдэг залуу бөгжтэй гараараа цохиж, баруун өвдөгт зулгаралт гэмтлийг А цементэн дээр дээр унагааж гэмтэл учруулсан. Харин миний хамрын гэмтлийг жолоочийн дүү гэх залуу намайг машины голд жолооч Атай зууралдаад байж байхад гүйж ирээд гараараа цохиж гэмтэл учруулсан. Дээд уруул зөөлөн эдийн гэмтэл, баруун дээд үүдэн 2 дугаар шүдний бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтлийг жолоочийн дүү гэх залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 14-15 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8818 дугаар “Н.Эд зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, доод уруул болон хоёр хацрын дотор салстын шарх, зүүн доод хоёр араа бага зэрэг хөдөлгөөн орсон, баруун өвдөгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтэл нь хатуу ирмэгтэй болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хөмсөгний шарх сорвижиж эдгэрнэ. Сорив ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал)

Хохирогч Т.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто худалдааны төв дээр автомашин борлуулдаг. 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр би хамт ажилладаг Н.Э, Ж.Цолмонбаатар хамт байж байхад цагаан өнгийн Приус-20 маркийн машинтай хүмүүс авто машины гарц хаагаад зогсохоор нь би тухайн хүмүүст “энд машин зогсохгүй, машинаа зогсоолд тавиарай” гэж хэлсэн. Уг Приус-20 машины жолооч нь машин зогсож байснаас баруун гар тийшээгээ шахаад машинаа зогсоосон. Тэгэхээр нь хамт ажилладаг Ж.Цолмонбаатар очоод “энд машин зогсохгүй, та машинаа зогсоолд тавиарай” гэж хэлсэн чинь Приус-20 машины жолооч нь машинаа хөдөлгөөгүй. Зарж байсан машин хаагаад байсан учраас 15 орчим минут уг жолоочийг машинаа холдуулахыг хүлээсэн чинь жолооч нь машинаа холдуулахгүй машиныхаа копудыг онгойлгочихоод тос маслаа үзээд машиныхаа доогуур ороод шавар шавхайг нь унагаагаад нус шүлсээ хаяад байхаар нь хамт ажилладаг Н Э очоод “би энэ зогсоолыг түрээслэн ажиллуулдаг юм, бид нар өдөр болгон наад зогсоолыг чинь цэвэрлэдэг” гэж хэлсэн чинь уг машины жолооч нь “энэ чиний зогсоол юм уу” гээд Эгийн өөдөөс хэрэлдээд байгаа нь сонсогдсон. Тэгсэн чинь Э машины жолоочийг “одоо эндээс яв” гэж хэлээд шилэн хүзүүнээс нь барьж аваад машины хаалга руу нь түлхсэн чинь тухайн залуу машин руугаа орохгүй хойш гэдийгээд газарт унасан чинь босож ирээд уурлаад “цагдаа дуудахгүй үзчих юм уу” гэж хэлсэн. Э “тэгье” гэсэн жолооч залуу Эгийн нүүр лүү нь гараараа цохиод зүүн талын хөмсгийг нь сэт цохисон. Тэр хоёр хоорондоо зууралдаж аваад зогсож байсан хоёр машины голоор ороод дээр доороо ороод ноцолдоод байсан чинь дүү нь гүйгээд ирэхээр нь би жолоочийн дүүг “боль зодоонд битгий оролц” гэж хэлсэн чинь дүү нь болиод Цолмонбаатартай зууралдаад авахаар нь жолоочийн дүү болон Цолмонбаатар хоёрыг салгасан чинь Цолмонбаатарыг зодох гээд байсан. Тухайн үед жолооч залуугийн эмээ, ээж, эхнэр намайг тал талаас “чи хүүхэд алахнуу” гэж алгадаад, зуураад байсан. Тэгсэн жолооч залуугийн дүү нь Цолмонбаатарыг хөөж байснаа болиод гэнэт миний баруун дээд уруул руу хүчтэй 1 удаа цохисон. Дараа нь Э рүү гүйж очоод хамар луу цохиод цус гаргасан. Тэгээд зогсоолд байсан хүмүүс ирээд бид нарыг салгасан. Надад учирсан гэмтлийг машины жолооч Аын дүү гэх залуу намайг гараараа цохиж гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 19-20 дахь тал),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 8820 дугаар: “Т.Мэд дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл, баруун дээд үүдэн 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон гэмтэл тогтоогдов. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал),

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

- Шүүгдэгч С.Алтанбаганы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 83 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал), шүүгдэгч Н.Аын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал) шүүгдэгч Н.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь тал), шүүгдэгч Н.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 209 дэх тал), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 210 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э, Н.А, С.А болон тэдний өмгөөлөгч нараас гэм буруу болон хэргийн зүйлчлэлд маргаагүй, харин шүүгдэгч Н.Э нь өөрт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах байр суурьтай оролцсон.

Шүүх хуралдаанаар 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч Н.Э, Н.Э нар нь бүлэглэн хохирогч Н.Аыг зодож, биед нь зүүн талын 4,5,6,7 дугаар хавирга мөгөөрстийн нийлэх түвшинд зөрүү багатай хугарал, дух, баруун гуя, өвдөг зулгаралт, хүзүү, цээж, баруун дал, зүүн мөрөнд цус хуралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл,

шүүгдэгч С.А, Н.А нар нь бүлэглэн хохирогч Н.Эг зодож, биед нь зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, хамар, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, доод уруулд цус хуралт, доод уруул болон хоёр хацрын дотор салстын шарх, зүүн доод хоёр араа бага зэрэг хөдөлгөөн орсон, баруун өвдөгт зулгаралт бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Т.Мийн биед дээд уруулын зөөлөн эдийн гэмтэл, баруун дээд үүдэн 2 дугаар шүд бага зэрэг хөдөлгөөн орсон хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Тодруулбал, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.А, Н.Э, Т.М, гэрч Х.Н, М.Б нарын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискийн дүрс бичлэг зэргээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд Н.Э, Т.М, Н.А, С.А нар байсан бөгөөд Н.Э нь “худалдаж байгаа автомашинуудыг таглаж, автомашинаа тавилаа” гэсэн шалтгаанаар Н.Атай маргалдсан, улмаар харилцан зодолдсон, С.А нь Н.Аыг өмөөрөх нэрээр Н.Э, Т.М нарыг зодсон, тухайн маргааныг гэрч М.Б таслан зогсоосон, гэвч хэсэг хугацааны дараа дахин Н.Э нь Н.Эийн хамт Н.А руу очиж, эв зүйгээр маргааныг шийдвэрлэхгүйгээр Н.Аыг бүлэглэж зодсон, улмаар хохирогч нарын биед хөнгөн, хүндэвтэр зэргийн гэмтэл учирснаар шүүгдэгч нарын гэмт хэргийн шинжтэй үйлдэл төгссөн байна.

Өмгөөлөгч Б.Эгийн гаргасан “Шүүгдэгч Н.Э нь хохирогч Н.Аыг зодоогүй, маргааныг таслан зогсоосон, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.

Тодруулбал, хавтаст хэрэгт хохирогч Н.Аын “Энэ асуудлаас хойш ойролцоогоор 20-30 минутын дараа би машин дээрээ байж байтал манай эхнэр “нааш ир чамайг зодсон хүн хүн дагуулаад ирлээ, наадуултайгаа битгий орооцолдоорой наашаа бай” гээд намайг ардаа гаргасан. “Надтай маргалдсан залуу энэ байна” гээд намайг заагаад хүрээд ирсэн. Манай эхнэр миний урдуур ороод “та нар одоо болиоч, яах гээд байгаа юм” гэсэн чинь “одоо наадахаа ал” гээд намайг 2 талаас нүүр нүдгүй зодоод эхэлсэн. Би ямар ч эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байсан. Миний нуруу, ууц, хөл, толгой гээд биеийн бүх хэсэгт зодсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 25-27, 186-187 дахь тал),

гэрч Х.Нийн “...Энэ үйл явдал дуусаад 20-30 минутын дараа ...2 үл таних залуу ирээд Аыг цохиод, багалзуурдаж аваад, газар унагаасан. Би сандраад машинаас буугаад хартал миний хүү А газар хэвтсэн, нүүр ам нь хөхөрсөн 2 гар нь татсан, амьсгаагүй байж байхаар нь би нөгөө 2 залууд хандан “та 2 хүүхэд алчихлаа ш дээ” гэсэн чинь нөгөө 2 залуу “хохино пизда минь” гэж хэлсэн. А ойролцоогоор цаг гаран ухаан алдсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-43 дахь тал),

гэрч М.Бын “...20-30 минутын дараа “...манай нөхөртэй зодолдоод байсан саарал фудболктой залуу нэг үл таних цагаан фудболктой залуу дагуулж ирээд манай нөхрийг зодох гэж байхаар нь би нөхрийнхөө урдуур ороод цагаан фудболктой залууг цааш түлхсэн боловч дийлдэхгүй байсан. 2 талаас нь хавирга, цээж рүү нь өшиглөөд, газар унасан чинь гүйж ирээд толгойн дээр нь дэвсээд биеийн бүх хэсэгт зодоод байсан. Би болиулах гэхэд дийлэхгүй байсан. Тэр 2 залууг “болиоч ээ” гэтэл “үгүй, болоогүй байна, алж байж явуулна” гээд манай нөхрийг унагаагаад, өшиглөөд, зодоод байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45-46 дахь тал) тус тус авагдсан байна.

Дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь Н.Аыг хоёр хүн зодсон болохыг хангалттай нотолсон төдийгүй, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискинд авагдсан дүрс бичлэгт Н.Аын зодуулсан газар, цаг хугацаанд шүүгдэгч Н.Э, Н.Э нар байсан, мөн тэдний хохирогчид хүч хэрэглэсэн болохыг хөдөлбөргүй тогтоосон байна.

Тухайлбал, шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд сэргээн дүрслэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Аын “...намайг 2 талаас нүүр нүдгүй зодоод эхэлсэн...” гэсэн мэдүүлэг [1], гэрч М.Бын “...2 талаас нь хавирга, цээж рүү нь өшиглөөд, газар унасан чинь гүйж ирээд толгойн дээр нь дэвсээд биеийн бүх хэсэгт зодоод байсан. Би болиулах гэхэд дийлэхгүй байсан. Тэр 2 залууг “болиоч ээ” гэтэл “үгүй, болоогүй байна...” гэсэн мэдүүлэг[2], гэрч Х.Нийн “...2 үл таних залуу ирээд Аыг цохиод, багалзуурдаж аваад, газар унагаасан...”[3], камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “...цохиж өшиглөх байдлаар зодож буй Эийг харуулав...”[4]-д зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Н.Э, Н.Э нар хохирогчийг бүлэглэн зодож, хохирогч Н.Аын биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогдсон.

Эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод гэмт хэрэгт хамтран оролцох буюу бүлэглэсэн шинжийг ойлгохдоо гэмт хэргийн шинжтэй үйлдлийг тухайн бүлэглэсэн этгээдийн хэн нь төгсгөнөөс үл хамааран 2 буюу түүнээс олон тооны хүн, санаатайгаар, гэмт хэргийн шинжтэй үйлдлээрээ нэгдсэн байхыг шаардах буюу гэмт хэрэг үйлдэхээс өмнө шүүгдэгч нар нь хэлэлцэн тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Э, Н.Э нарын хохирогч Н.Аын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийн тухайд Н.Э, Н.А нарын хооронд үүссэн маргаан дууссаны дараа дахин Н.Э нь Н.Эийн хамт очиж, Н.Аын биед халдаж, улмаар хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учруулснаар тэдний үйлдэл Эрүүгийн хуульд заасан бүлэглэсэн шинжийг хангасан байна.

Түүнчлэн шүүх шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, тэднийг яллах үндэслэл болгоогүйг тэмдэглэх нь зүйтэй.

Учир нь, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Н.Эийг хохирогч Н.Аыг зодоогүй” гэж тус тус мэдүүлсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, харин мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Н.А, Н.Э, Т.М нарын мэдүүлэг нь эх сурвалжтай буюу гэрч Х.Н, М.Б нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр давхар нотлогдсон тул шүүх хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг шийдвэр үндэслэл болгосон болно.

Шүүгдэгч Н.Э, Н.Э нарын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.А, С.А нарын бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус үйлдэл нь дээрх шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдсон нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч, гэрч нарын мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохын зэрэгцээ, прокуророос шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Н.Э, Н.Э нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.А, С.А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.А нь “Хохиролд 3,000,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй”, хохирогч Н.Э, Т.М нар нь “Нэхэмжлэх зүйлгүй” гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ”, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилсан бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллагаас хохирогч Н.Эд 161,000 төгрөгийн, хохирогч Н.Ат 423,000 төгрөгийн тус зардал гарсан болох нь иргэний нэхэмжлэгч “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар”-ын төлөөлөгч Д.Гийн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 194 дэх тал), эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл (хавтаст хэргийн 188, 189 дэх тал) зэргээр тогтоогдох тул шүүгдэгч Н.Э, Н.Э нараас тус бүр 211,500 төгрөг, шүүгдэгч Н.А, С.А тус бүрээс 80,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /төлөөлөгч Д.Гантуяа/-т олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Эд 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Эөд 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ат 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх, шүүгдэгч С.Ад 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрөөс “Шүүгдэгч нарт хуульд заасан бага хэмжээгээр торгох ялыг оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Эгөөс “Хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх”

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралаас “Торгох ялын бага хэмжээ оногдуулах” гэсэн саналуудыг гаргасан.

Шүүгдэгч Н.Эгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг,

Шүүгдэгч Н.Эийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг,

Шүүгдэгч С.Аы Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг,

Шүүгдэгч Н.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг тус тус дурдаж байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (шүүгдэгч нар тодорхой ажил хөдөлмөр эрхэлж орлоготой), бусдад учруулсан хохирлын хэмжээ (Н.Аын эрүүл мэндэд хүндэвтэр, Н.Э, Т.М нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

            Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Эг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Эийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.А, С.А нарыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ял, Н.Эөд оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаанд, шүүгдэгч Н.А, С.А нарт оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэдийгээр өмгөөлөгч нараас “шүүгдэгч нарт торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт гаргасан боловч, шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлаас гадна тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзах учиртай бөгөөд шүүгдэгч нарын маргааныг эв зүйгээр шийдвэрлэх боломжтой байхад, харилцан нэгнийгээ үл хүндэтгэн, бүлэглэж, харилцан зодолдсон нь нийгмийн аюулын шинж чанарын хэр хэмжээ ихтэй, мөн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага зэргийг харгалзан торгох ялыг ялгамжтайгаар буюу шүүгдэгч Н.Эд 3,000 нэгж торгох, шүүгдэгч Н.Эөд 5,000,000 нэгж торгох, шүүгдэгч Н.А, С.А нарт 1,000 нэгж тус тус торгох ял оногдуулах нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар Н.Э, Н.Э нараас тус бүр 211,500 төгрөг, шүүгдэгч Н.А, С.А тус бүрээс 80,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт олгуулж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Эхтүвшин, Н.Э, Н.А, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Т овогт Нгийн Э, Т овогт Нгийн Э нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч З овогт Нийн А, З Сийн А нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Н.Эг 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Н.Эийг 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ял,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Н.А, С.А нарыг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эд оногдуулсан 3,000,000 төгрөгийн торгох ял, Н.Эөд оногдуулсан 5,000,000 төгрөгийн торгох ялыг тус бүр 1 (нэг) жилийн хугацаанд, шүүгдэгч Н.А, С.А нарт оногдуулсан 1,000,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

            5.Эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг компакт дискийг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар Н.Э, Н.Э нараас тус бүр 211,500 төгрөг, шүүгдэгч Н.А, С.А тус бүрээс 80,500 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантуяа/-т олгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Эхтүвшин, Н.Э, С.А, С.А нарт сануулсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Эхтүвшин, Н.Э, Н.А, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР