| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2020/00167/И |
| Дугаар | 00201 |
| Огноо | 2020-03-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 00201
| 2020 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 153/ШШ2020/00201 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт оршин суух, Эмч овогт Далантайн А / /-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр 153/2020/00167/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Д.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1970 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ховд аймгийн Дуут сумын Хөх бэлчир багт Далантайгийн 2 дахь охин болж төрсөн.
Ховд аймгийн Дуут сумын 8 жилийн сургуульд 1978 онд 1 дүгээр ангид элсэн орж 1986 онд 8 дугаар анги төгсөөд, 1988 онд Ерөнхий боловвсролын сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. 1988 оны 7 дугаар сард илгээлтээр гарч Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад саальчнаар ажиллаж байгаад 1992 онд Чоолой овогтой Даваатай гэр бүл болж тус бригаддаа нэгдлийн мал маллаж амьдарсан.
Социализмын зам нэгдлийг тарах хүртэл нэгдлийн мал малласан бөгөөд нэгдэл тарж Таван-Эрдэнэ компани болох үед мөн малчнаар ажиллаж байсан.
Миний бие одоог хүртэл мал маллаж ажиллаж амьдардаг. Одоо би тэтгэвэрт гарах гэсэн боловч тухайн үед хөдөлмөрийн дэвтэр байхгүй, хөдөлмөрийн хөлс аав, ээжтэй хамт бодогддог байсан учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Ийм учираас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгаас 70 дугаар дансны лавлагаа авч хэрэгт хавсаргасан.
....Иймд намайг Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....гэв.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д.А нь Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 191 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Дуут сумын 2 дугаар бригадын 1988-1991 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны хуулбарууд, 1990 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д.Ад олгосон Аваргын диплом, Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 6, 9-12, 20, 42 дугаар тал/
Д.А нь Ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1992 оноос 2000 оны хооронд ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулсан талаарх 1606000134 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар хэрэгт авагдсан болно. /хх-ийн 18 дугаар тал/
Хавтаст хэргийн 7-8 дугаар хуудсанд авагдсан цалин хөлсний 1986-1987 онуудын 70 дугаар дансны хуулбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгү, хавтаст хэргийн 13-16 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Батдолгор, Ч.Мягмар нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 21 дүгээр хуудсанд авагдсан баярын бичиг нь хэдэн онд Д.Ад олгосон нь тодорхойгүй, нэхэмжлэгч нь 1988 онд 10 дугаар анги төгссөн гэх нэхэмжлэгчийн тайлбар, Ховд аймгийн Дуут сумы Социализмын зам нэгдлийн даргын 1988 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 47 дугаартай Ажилд томилох тухай тушаал зэргээс хавтаст хэргийн 33-36 дугаар хуудсанд авагдсан гэрч Ч.Цогтоо, Ч.Мягмар нарын мэдүүлэг нь бодит байдлаас зөрсөн буюу нотлох баримтаар үнэлэхэд эргэлзээтэй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.
Нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Э овогт Д-н А / /-ийн Ховд аймгийн Дуут сумын Социализмын зам нэгдлийн 2 дугаар бригадад 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Агийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ