Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/957

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жавхлантөгс,

Улсын яллагч Г.Мөнхтүвшин,

шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Чыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308015661147 дугаар хэргийг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Төгрөг суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Цаа бөө овогт Бын Ч

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 5 дугаар сарын 02-ны шөнийн 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын хойд автобусны буудал дээр хохирогч А.Бииг “чи юу юм, би хүнтэй уулзаж байна” гэж хэлэн толгойгоороо нүүр хэсэгт мөргөж, биед нь “доод уруулын салстад ил шарх, дээд баруун, зүүн 1, 1-р шүд, доод баруун 1, 2-р, зүүн 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 806 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хэргийн үйл баримтын талаар:

- Шүүгдэгч А.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй маргахгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

- Хохирогч А.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 5 дугаар сарын 02-ны шөнө ажлынхантайгаа “Вест” нэртэй бааранд 00 цагийн орчимд орсон. 02 цагийн орчимд би ганцаараа үлдсэн. 20 орчим минутын дараа Оюун-Эрдэнэ над руу залгаад  “гараад ир, хүмүүс муудалцаад байна” гэхээр нь гараад баруун тийш 200-300 метр зайд яваад очтол Буян-Очир үл таних эрэгтэй хүнтэй муудалцаад Буян-Очирыг заамдаад авсан байхаар нь үл таних залууг гарыг нь тавиулаад явах гэтэл баруун гараараа миний зүүн талын нүд рүү 1 удаа цохисон. Дараа нь гараараа миний хамар луу 1 удаа цохисон. Миний ам руу 1 удаа мөргөсөн. ...Зүүн нүд хөхөрсөн. 5 шүд хөдөлсөн. 1 шүд хөдөлсөн. Уруулын дотор язарсан гэмтлүүд учирсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Гэрч Б.Буян-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр “Вест” нэртэй бааранд Б, Оюун-Эрдэнэ, Үүрцолмон нартай ороод архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад Оюун-Эрдэнэ, Үүрцолмон бид 3 харих гэж гараад Цамбагаравын автобусны буудал дээр такси барих гээд явж байтал араас “Очироо хөөе” гээд хүн орилоод эргээд хартал Ч байсан. Бид 2 мэнд мэдэлцээд Ч нь согтуу “би эхнэр, хүүхдээсээ салчихлаа хамаа” гээд олон юм яриад намайг явуулахгүй гээд байхаар нь би Бааскад “энэ нэг юм явуулахгүй байна” гэж хэлээд дуудахад Бааска гарч ирээд Чыг “чи яагаад хүмүүс явуулахгүй байгаа юм” гэж хэлээд бид гурвыг явцгаа гээд Чыг Б тэвэрч холдуулах гээд оролдтол Бийг “чи юу юм, би хүнтэй уулзаж байна” гээд Бийн нүүр лүү 3 удаа мөргөчихсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

- Гэрч М.Үүрцолмонгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийг би дагуулж гэмтлийн эмнэлэг орсон. Амнаас нь цус гараад байсан. Ч цагдаа дуудсан гэж мэдээд зугтсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5909 дугаар хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...А.Бийн биед доод уруулын салстад ил шарх, дээд баруун, зүүн 1,1-р шүд, доод баруун 1,2-р, зүүн 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь 2023.5.02-ны өдөр үүссэн байх боломжтой. Мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Шарх, шүдний сулрал гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 9-10 дахь тал),

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 38 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Ч нь 2023 оны 5 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын хойд автобусны буудал дээр хохирогч А.Бийг үл ялих зүйлээр шалтаглан толгойгоороо нүүр хэсэгт нь мөргөж, биед нь доод уруулын салстад ил шарх, дээд баруун, зүүн 1, 1-р шүд, доод баруун 1, 2-р, зүүн 1-р шүдний сулрал, баруун доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч А.Б, гэрч Б.Буян-Очир, М.Үүрцолмон нарын мэдүүлэг, шинжээчийн 5909 дугаар дүгнэлт, мөн шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд нь хохирогчийн бие махбод буюу эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн гэмтлийг санаатай учруулснаар гэмт хэргийн үндсэн шинж хангагдана.

Шүүгдэгч Б.Чын хохирогч А.Бийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

           

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч А.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд тэрээр гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж торгох ял оногдуулах” санал гаргасан.

Шүүгдэгч Б.Чын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай), бусдад учруулсан хохирлын хэмжээ (хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, хохирлыг нөхөн төлсөн), эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоо ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Чт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Цаа бөө овогт Бын Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Шүүгдэгч Б.Чыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.Чт сануулсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР