Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 965

 

 

Ч.Н-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00571 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ч.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.А-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 11 379 066 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ч.Н,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 909 тоот зээлийн гэрээгээр Б.А-д 8 620 000 төгрөгийг 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж, зээлийн гэрээг нотариатаар батлуулсан. Мөн өдрөө хариуцагчийн Ариг банкны дансаар мөнгийг шилжүүлсэн бөгөөд энэ нь дансны хуулгаар нотлогдоно. Хариуцагч нь 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөг бэлнээр буцаан өгсөн. Үлдэх 6 620 000 төгрөгийг төлөөгүй тул 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны, 1 сарын 2 хувийн хүү нийт 1 449 066 төгрөг, үндсэн төлбөрийн үлдэгдлийг 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алдангид 3 310 000 төгрөг, нийт 11 379 066 төгрөгийг нэхэмжилнэ. Зээлийн гэрээг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш сунгаагүй нь үнэн. Тухайн үед надад худалдсан байр Ариг банкны барьцаанд байсан учир бид ярилцаад 8 сая төгрөгийг хүүтэй нь намайг төлчих гэхээр нь би Б.Алтангэрэлийн Ариг банкны дансанд 11 011 765.05 төгрөгийг төлж, байраа банкны барьцаанаас чөлөөлж авсан. Би зээлийн гэрээний дагуу шаардлага гаргасан тул байр худалдах-худалдан авах гэрээний талаар ярих ямар ч шаардлага байхгүй. Тухайн байрны төлбөрийг төлөх байсан бол зээлийн гэрээ хийхгүй байсан. Гэхдээ энэ хоёр гэрээ нэг өдөр хийгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч эвлэрэх боломжтой гэвэл бид 9 883 488 төгрөгт эвлэрч болно гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй учир эвлэрэх боломжгүй. Б.А энэ мөнгийг аваагүй учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдсанд тооцохгүй. Уг 11 сая төгрөгийг шилжүүлсэн данс нь Б.А-ийн данс биш, уг мөнгийг Б.А аваад захиран зарцуулах ямар ч боломжгүй, хадгаламж, харилцах данс нь биш, бизнесийн зээлийн данс нь байсан. Зээлийн гэрээ байгуулагдсан бол Б.А-ийн зөвшөөрсөн дансанд хийх ёстой байсан. Орон сууц худалдах-худалдан авах үед харилцан итгэлцлээр 2 000 000 төгрөгийг амаар зээлээд буцааж төлсөн. 8 620 000 төгрөгтэй ямар ч хамааралгүй. Б.А бид хоёр тухайн үед ямар ч ажил, орлогогүй, банкны өртэй байсан учир Ч.Н-д дэлгүүрийн зориулалттай байраа, компанийн хамт зарах болоод 73 000 000 төгрөгөөр авсан байраа Ч.Нямдулам 83 000 000 төгрөгөөр зарсан ч 2 хувийн татвараас чөлөөлөгдөхийн тулд тэрээр 41 000 000 төгрөгөөр гэрээгээ хийе гэхээр нь зөвшөөрч хийсэн. Ч.Н байрыг аваад 7 хоногийн дотор төлбөрийг төлнө гэсэн боловч төлөөгүй, бид банкны хүү төлж хохирсон бөгөөд тэрээр 2015 оноос эзэмшилдээ авч дэлгүүрийг ажиллуулж байгаа. Б.А-ийг Ариг банк дээр хэдэн төгрөгийн өртэй байгаагаас мэдэх боломжгүй байх үед нь Ч.Н илүү төлбөр төлсөн гэж хэлээд Б.А-ээр зээлийн гэрээн дээр гарын үсэг зуруулсан. Б.А ч давхар зээлтэй байсан учир тооцоо хийлгүй зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байсан. Ч.Нямдулам орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхгүй 2-3 жил болоод банкны барьцаанаас чөлөөлүүлэх зорилгоор Б.А-ийн зээлийн дансанд төлсөн болохоос биш бидэнд мөнгө зээлээгүй. Ч.Н байрны 83 000 000 төгрөгийг хэзээ төлж дуусгаснаа хэлж чадахгүй байгаа тул нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-ын хариуцагч Б.А-ээс зээлийн гэрээний үүрэгт 11 379 066 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Н-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 212 090 төгрөгөөс 197 015 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 15 075 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Би зөвхөн 909 тоот зээлийн гэрээний хүрээнд 11 379 066 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэл болон шүүх хурапдаан дээр ярьсан байдал, шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой дурдагдсан байхад шүүгч шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийг зориудаар өмнө нь хариуцагчтай тохиролцсон үл хөдлөх хөрөнгө худалдан авах харилцаатай уялдуулан бичиж, дүгнэн хоёр тусдаа харилцааг хооронд нь уялдуулсан нь шүүгч тус маргааныг бүрэн ойлгоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна. Шүүх зээлдүүлэгч 8 620 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьж дүгнэсэнд гомдолтой байна. Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр энэ бол орон сууцны төлбөрийн маргаан гэх өөрийн шууд, субьектив байдлаар бүх нотлох баримтуудыг үнэлж дүгнэсэнд гомдолтой. Учир нь би орон сууцны төлбөрийг өмнө нь хариуцагчийн тус зээлийн данс руу төлж байгаагүй байхад шүүгч ямар үндэслэлээр нотлох баримтууд буюу банкны шилжүүлгийн хуулгыг орон сууцны төлбөрийн зориулалттай гэж шууд дүгнэсэн нь ойлгомжгүй буюу ингэж дүгнэх үндэслэлгүй юм. Хэрэв 11 011 770 төгрөгийг би 903 тоот орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу орон сууцны төлбөрийн зориулалтаар төлсөн байсан бол өмнөхийн адил хариуцагчид бэлнээр төлөх байсан бөгөөд 909 тоот зээлийн гэрээг ч байгуулах, нотариатаар батлуулах ч шаардлагагүй. Харин тус 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 909 тоот зээлийн гэрээний зээлийн зорилго нь шүүгчийн дүгнэснээр орон сууцыг зээл, барьцааны гэрээний үүргээс чөлөөлөх зорилгоор 11 011 770 төгрөгийг хариуцагчиин зээлийн данс руу шилжүүлсэн болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үнэн юм. Хариуцагч зээлийн төлбөрөөс 2017 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 2 000 000 төгрөгийг буцаан төлсөн бөгөөд хариуцагч тайлбартаа болон шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрдөг боловч хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой үйл баримтыг анхааран үзэхгүй үндэслэлгүйгээр 2 000 000 төгрөгийг зээлийн буцаан төлөлт биш гэж үзсэн. Талууд гарын үсгээ зурж баталгаажуулан, нотариатаар батлуулж мөнгө нь банкны шилжүүлгээр дансанд нь орчихсон, буцаан төлөлттэй зээлийн гэрээг гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй гэж дүгнэсэн атлаа хэзээ зээлсэн, яагаад зээлсэн, яагаад буцааж төлж байгаа 2 000 000 төгрөг вэ гэдгийг огт асууж тодруулсангүй, анхааран үзсэнгүй. 2 000 000 төгрөгийн хувьд хэдний өдөр төлсөн дээр ч талууд маргаагүй, төлсөн мөнгийг нь дансандаа хийсэн банкны албан ёсны тамга тэмдэгтэй дансны хуулгыг огт дурдсангүй, үнэлсэнгүй нь шүүх хэт нэг талыг барьж чухал ач холбогдолтой үйл баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэнгүй.

Хариуцагч Б.А тус байрыг надад худалдахаас өмнө 2014 онд “Ариг банк”-ны зээлийн барьцаанд тавьсан байснаа надад хэлэлгүйгээр худалдсан. Би хэлцлийн дагуу байрны төлбөрийг төлж байрыг шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардсаар байж орон сууцыг банкны барьцаанд 17 611 770 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байгааг мэдсэн бөгөөд 2017 оны 1 сард /байрны үлдэгдэл төлбөр болох/ 6 600 000 төгрөгийг төлөөд мөн оны 4 сард /иргэн Б.Алтангэрэлийн зээлийн үлдэгдэл болох /11 011 770 төгрөгийг төлсөн/ ийнхүү барьцаанд байгаа орон сууцыг нууж надад худалдсанаас энэхүү зээлийн харилцаа эхэлсэн. Тухайн үед Б.А түүний эхнэр Т.Г нарын гуйлтаар болон Ариг банкны зээлийн эдийн засагчийн зөвлөснөөр 11 011 770 төгрөгөөс 2 391 770 төгрөгийг би төлж 909 тоот зээлийн гэрээг байгуулж хариуцагч Б.А-д 8 620 000 төгрөгийг зээлдүүлж дээрх мөнгүүдээр орон сууцыг зээл, барьцааны үүргээс чөлөөлж авахгүй тохиолдолд орон сууцны төлбөрт төлсөн 83 000 000 төгрөгөөр хохироод юу ч үгүй үлдэх хүнд нөхцөл байдал үүссэн байсан учраас 2 391 770 төгрөгийг арга буюу төлсөн. Би шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 11 001 770 төгрөгийн хэмжээнд гаргах эрхтэй хэдий ч баримттай, гэрээтэй дүнгээр нь нэхэмжилж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Б.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 11 379 066 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр орон сууц худалдах-худалдан авах болон зээлийн гэрээ байгуулсан бөгөөд эдгээр гэрээний дагуу нэхэмжлэгч хариуцагчид 94 000 000 төгрөг шилжүүлсэн гэж, хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлийн гэрээний дагуу 8 620 000 төгрөг зээлээгүй, орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу 18 592 290 төгрөг авах ёстой гэж мэтгэлцсэн байна.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага түүнийн үндэслэлийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл талуудын хооронд байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөр тооцоо дууссан эсэх нь тодорхойгүй байгаагаас гадна талуудын хооронд  зээлийн гэрээний харилцаа үүсч мөнгөн хөрөнгө шилжүүлсэн үү, эсвэл орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр сольсон уу гэдгийг тодруулж зохигчдыг мэтгэлцүүлээгүй байна.

 

Түүнчлэн, шүүх 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн 489 дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагч Б.А-ийн “Даймонд сейф” ХХК-ийг Ч.Нямдуламд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн баримтыг Оюуны өмч Улсын бүртгэлийн газраас гаргуулахаар шаардсан атлаа уг захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар

сарын 09-ний өдрийн 184/ШШ2018/00571 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Н-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 197 015 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ 

           

                             ШҮҮГЧИД                                      Ш.ОЮУНХАНД

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ