Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0767

 

                       С.Б-ийн нэхэмжлэлтэй захиргааны

                                                        хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Адъяасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц

Нэхэмжлэгч: С.Б-

Хариуцагч: Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32/А0570240/БНА-2024/19/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах” тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч С.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, гуравдагч этгээд Ц.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 111/2025/0033/з

ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэг. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэрээр Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 8 дугаар зүйлийн 8.1, 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.2, Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32/А0570240/БНА-2024/19/НА-СТА-ТШЗ дугаартай Төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

2.1. “...Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 13-т "Харин журмын 1.5-д "Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журмын үйлчлэлд хамаарахгүй" гэсэн заалт түүнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл Ц.О нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойших хугацаанд буюу сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Соёлын төвөөс Засаг даргын Тамгын газрын мэдэлд албан тушаал орон тоо нь шилжиж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ", 14-т "Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолын хавсралтаар журам батлагдсан бөгөөд Жинст сумын Соёлын төвийн даргын 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А02 дугаар тушаалаар Ц.О уг журмын 2.1-д заасны дагуу тэтгэмж олгосон нь буруу биш байна" гэж дүгнэсэн.

2.2. Уг журам нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр болж мөрдөгдөж эхэлсэн болно.

Өөрөөр хэлбэл, журмын 1.3-т энэ журмаар олгох мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үүснэ" гэж заасан боловч энэхүү заалт нь хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс (2023.05.17) хойш буцаан хэрэглэх байдлаар тайлбарлагдах ёсгүй юм.

2.3. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.4-т "Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй." гэж заасан байдаг.

2.4. Иймд уг журмын хэрэгжилт нь хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу 2023 оны 05 дугаар сарын 17-ноос эхэлж мөрдөгдөх ёстой бөгөөд түүнээс өмнөх хугацаанд буюу 2022 оны 01 дүгээр сараас тэтгэмж авах эрх үүссэн гэж үзэх нь хуулийн зарчмыг ноцтой зөрчсөн байна.

2.5. Шүүхийн энэхүү тайлбар нь захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй байх үндсэн зарчмыг зөрчиж, хууль хүчин төгөлдөр болоогүй хугацаанд эрх үүссэн гэж үзсэн нь алдаатай шийдвэр гэж үзэж байна.

2.6. Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 13-т ".. Ц.О нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хойших хугацаанд буюу сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Соёлын төвөөс Засаг даргын Тамгын газрын мэдэлд албан тушаал орон тоо нь шилжиж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ" гэж тусгасан байна.

2.7. Гэтэл анхан шатны Шүүхэд гаргасан хариу тайлбарт дурдсанчлан, уг Б/01 дүгээр тушаалын гарчиг нь "Биеийн тамирын арга зүйч Ц.Отай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай" гэж тодорхой бичигдсэн бөгөөд тухайн тушаалын "үндэслэл" хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1. 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалтыг тусган нь хөдөлмөрийн гэрээг хууль ёсны үндэслэлтэйгээр дуусгавар болгосон нь нотлогдож байна. Мөн шүүх хуралдааны үед хариуцагчаас нотлох баримтаар гаргаж өгсөн Жинст сумын Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай Ц.Оыг ажилд томилсон тухай тушаалд (ТУ) буюу төрийн үйлчилгээний зэрэглэлээр цалинжих тухай тусгасан нь түүний шинэ ажил нь Соёлын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаал биш гэдгийг нотолж байна. Тиймээс Ц.Оыг "соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалтан" гэж үзэх үндэслэл байхгүй юм.

2.8. Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан "Орон нутгийн өмчийн Соёлын байгууллагын Соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам"-ын 1.4-т энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн Соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, Соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний (ТҮСУ) албан тушаалд ажиллаж буй Соёлын ажилтанд олгоно" гэж заасан байдаг

Гэтэл Ц.О нь 2023 оноос хойш Соёлын байгууллагад ажиллаагүй, мөн (ТҮСУ) зэрэглэлтэй бус, (ТҮ)-ийн зэрэглэлтэй байсан нь нотлох баримтаар тогтоогдсон байна.

2.9. Иймд шүүхээс Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн "Үндэслэх" хэсгийн 14-т "... Ц.О уг журмын 2.1-д заасны дагуу тэтгэмж олгосон нь буруу биш байна" гэсэн нь бодит байдал болон хуульд нийцэхгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийн заалтыг буруу хэрэглэсэн шийдвэр гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны Шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 111/ШШ2025/0040 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ

            1. Хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

            2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

            2.1.Нэхэмжлэгч С.Б-ээс Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газарт холбогдуулан “Баянхонгор аймаг дахь Төрийн аудитын газрын 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 32/А0570240/БНА-2024/19/НА-СТА-ТШЗ дугаартай төлбөр барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах”-аар маргажээ.

            2.2. Анхан шатны шүүхээс “...журмын 1.5-д “Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журам хамаарахгүй” гэсэн заалт түүнд хамаарахгүй, ...журмын 1.3-т “орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд энэ журамд заасан мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүснэ” гэсний дагуу Ц.Оад тэтгэмж авах эрх үүссэн бөгөөд 2.1-д заасан “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил 60 сар ажилласан байна” гэсэн шаардлагыг хангасан...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

            2.3. Учир нь Соёлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.9-д “Тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгоно” гэж,

 Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 185 дугаар тогтоолоор “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.3-т “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд энэ журамд заасан мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүснэ”, 1.4-т “Энэ журмын 1.1-д заасан тэтгэмжийг орон нутгийн өмчийн соёлын байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан, соёл, урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаал, зэрэглэл (ТҮСУ)-ийн албан тушаалд ажиллаж буй соёлын ажилтанд олгоно”, 1.5-т “Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журмын үйлчлэлд хамаарахгүй”, 2.1-т “Соёлын ажилтан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил (60 сар) ажилласан байна” гэж тус тус заасан.

            2.4. Дээрх хууль болон журмын зохицуулалтаас үзэхэд төвөөс алслагдсан орон нутгийн өмчийн соёлын байгууллагад ажилладаг соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох бөгөөд ажилтан томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил ажилласан байх, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэвэр тогтоолгоогүй байхыг шаарджээ.

            2.5. Уг маргааны хувьд гуравдагч этгээд Ц.О нь Баянхонгор аймгийн Жинст сумын Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10 дугаар тушаалаар Биеийн тамирын багшийн албан тушаалд томилогдсон бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар Соёлын төвийн биеийн тамирын арга зүйч Ц.О (спорт заал)-ыг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Соёлын төвөөс Засаг даргын Тамгын газрын мэдэлд шилжүүлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон байна.

            Улмаар Жинст сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Ц.Оыг Засаг даргын Тамгын газрын биеийн тамирын арга зүйчээр томилжээ.

            2.6. Хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтаар гуравдагч этгээд Ц.О нь Жинст сумын Соёлын төвийн биеийн тамирын багш, арга зүйчээр томилогдсоноос хойш 10 жил, үүнээс 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 8 жил 6 сар тасралтгүй ажилласан болох нь тогтоогдож байна.

2.7. Тодруулбал, гуравдагч этгээд Ц.О нь 2021 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 5 сарын цалингүй чөлөө авсан байх боловч дээрх хууль болон журамд томилогдсон өдрөөс хойш тасралтгүй 5 жил ажилласан соёлын ажилтанд 5 жил тутамд нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгохоор заасан, харин сүүлийн 5 жил тасралтгүй ажилласан гэх шаардлага тавиагүй байх тул Ц.Оад уг  мөнгөн тэтгэмжийг авах эрх үүссэн гэж үзнэ.

2.8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Засгийн газрын 2023 оны 185 дугаар тогтоолоор батлагдсан “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд мөнгөн тэтгэмж олгох журам” нь 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул 2022 оны 01 дүгээр сараас тэтгэмж авах эрх үүссэн гэж үзэх нь буруу...” гэж тайлбарлан маргаж байх боловч уг журмын 1.3-т  “Орон нутгийн өмчийн соёлын байгууллагын соёлын ажилтанд энэ журамд заасан мөнгөн тэтгэмж авах эрх нь 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн үүснэ” гэж заасан байх тул дээрх хугацаанаас өмнө журамд заасан шаардлагыг хангасан ажилтанд мөнгөн тэтгэмж олгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.9. Түүнчлэн журмын 1.5-т “Соёлын ажилтан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө чөлөөлөгдсөн, халагдсан, эсхүл тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бол энэ журмын үйлчлэлд хамаарахгүй” гэж заасан бөгөөд Ц.Оын хувьд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл Жинст сумын биеийн тамирын багш, арга зүйчээр ажилласан буюу журамд заасан 5 жил тасралтгүй ажилласан байх шаардлагыг Соёлын төвийн биеийн тамирын багш, арга зүйчээр ажиллаж байх хугацаандаа нэгэнт хангасан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “...Ц.О нь 2023 оноос хойш Соёлын байгууллагад ажиллаагүй тул журмын 1.4-т заасныг зөрчсөн...” гэх гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй.  

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан үндэслэлтэй зөв дүгнэлтийг хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 40 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                               Б.АДЪЯАСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                               Г.МӨНХТУЛГА

 

            ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН