| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00180/И |
| Дугаар | 00209 |
| Огноо | 2020-04-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 00209
| 2020 оны 04 сарын 03 өдөр | Дугаар 153/ШШ2020/00209 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Булган багт оршин суух, О овогт Т-н А /../-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын төвд оршин суух, Алаг адууных овогт Т-н Э /../-д холбогдох, гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 153/2019/00180/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, нэхэмжлэгч Т.А, хариуцагч Т.Э /онлайн/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Т.Этай 2004 онд танилцаж 2005 онд гэрлэсэн. 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүү Э.Ц, 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Д, 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү Э.А, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Э.Э нар төрсөн. Т.Э бид хоёр 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хуриманд явсан бөгөөд хуримаас гэртээ ирчхээд Т.Э нь агсан тавиад тэр шөнө намайг унтуулаагүй. 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн Т.Э бид хоёр тусдаа амьдарч эхэлсэн. Миний хувьд хүүхдүүдтэйгээ хамт байр түрээсэлж амьдарч байгаа. Шүүхэд гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас Т.Этай харилцан ярилцаж эд хөрөнгө дээрээ эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан. Эвлэрлийн гэрээнд нэгдүгээрт нь: “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Э хүлээн зөвшөөрсөн.
Хоёрдугаарт: Ховд аймгийн Дарви сумын төвд байрлах 3 тал хашаа, 6 ханатай бариа гэр, буйдан, ор, орны хивсэн аравч, хос авдар, ислэг хавтан материалтай хоолны шүүгээ, хувцасны модон шүүгээ, Монгол гэрийн тойруулга зориулалттай Эрдэнэт хивс 5 ширхэг зэргийг хариуцагч Т.Э нь надад болон хүүхдүүдэд өгөхөөр тохиролцсон.
Гуравдугаарт: Дундын эд хөрөнгө болох 337 толгой малаас 4 настай 2 толгой үнээ, 1 толгой бяруу, 9,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий адуунуудыг надад болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээхээр тохиролцсон бөгөөд үлдсэн бог мал болон үнийн зөрүү 8,858,000 төгрөгийг хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч надад төлөхийг хүлээн зөвшөөрлөө.
Дөрөвдүгээрт: 5 ханатай бариа гэр, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг, Бага навтгар гэх газар байрлах хаваржаа, Цагаан дугуй гэх газар байрлах өвөлжөө зэргийг хариуцагч Т.Э авахаар тохиролцож, зохигчид уг асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүйгээр тохиролцож эвлэрлийн гэрээгээ байгуулсан.
Т.Этай гэрлэснээс хойш намайг их дарамталдаг байсан. Миний хувьд Т.Эы урдаас бараг юм хэлж үзээгүй. Сүүлдээ Т.Э нь намайг шөнө хүртэл босгож суулгадаг болсон. Хажууд нь байхын аргагүй болсон тул шүүхээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна....Намайг ажил дээр байхад Т.Э нь ирээд охин Э.Дийг аваад явчихсан байсан. Би охинтойгоо чатаар холбогдож байгаа. Охин Э.Д бол хичээл орохоор ирнэ гэж хэлсэн. Би хүүхдүүдээ өгөхгүй. Өөрийн асрамжиндаа байлгана. Эмэгтэй хүүхэд учир өөрөөсөө холдуулмааргүй байна....Би ажил хийдэг тул хүүхдүүдээ боломжоороо өсгөж, хүмүүжүүлнэ....Би Ховд аймгийн Цэцэг сумын Хөшөөтийн уурхайд тогооч хийж байгаа....Би Т.Эыг хүүхдүүдтэйгээ уулзахыг нь хүлээн зөвшөөрч байгаа. Зун аав дээрээ очоод амраад ирсэн....Э.Ц нь Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид сурдаг. Охин Э.Д Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 8 дугаар ангид сурдаг. Одоо амралтаараа аав дээрээ очсон байгаа. Хүү Э.Адъаяа Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 6 дугаар ангид сурдаг.. Охин Э.Э Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургуулийн 2 дугаар ангид сурдаг....Охин Э.Д одоо 14 настай, 6 настай 1 дүгээр ангид орж байсан. Би хүүхдүүдээ Ховд аймгийн Дарви суманд нь сургууль төгсгөнө гэж бодож байгаа. Амралтаар нь харин аав руу нь явуулж байна....гэв.
Хариуцагч Т.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Миний бие Т.Атай 2004 онд танилцаад 2005 онд айл гэр болсон. Бид хоёрын дундаас 4 хүүхэд гарсан. Манай том хүү Э.Ц 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, охин Э.Д 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдөр, хүү Э.А 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Э.Э нар төрсөн. Миний хувьд эд хөрөнгө дээрээ Т.Атай ярилцаж эвлэрсэн байгаа. Харин хүүхдүүдээсээ том охин Э.Дгээ өөрөө дээрээ авч өсгөнө. Одоо миний хажууд ирсэн байгаа. Өөрөө явахгүй гэсэн тул охиноо өөрөө өсгөнө. Т.А нь архи ууж ирчихээд шөнө, орой хүүхдүүдээ гудамжинд гар гэж хөөдөг тухай манай том охин Э.Д надад хэлсэн....Үр хүүхдийнхээ төлөө амьдарч хүүхэд өнчрүүлмээргүй байна. Гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өөрийн үзэл бодлоо хэлсэн....Миний хувьд эзэмшсэн мэргэжилгүй, одоогоор ажилгүй байгаа тул хүүхдийн тэтгэлгийг төлөхөд хүндрэлтэй байна....Хүүхдийнхээ төлөө ажил хийгээд амьдарна....гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь Т.Эд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2005 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр охин Э.Д, 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүү Э.А, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр охин Э.Э нар төрсөн болох нь хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар, 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү А.Цыг 2005 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Э.Ц болгон эцгийн нэр өөрчилсөн болох нь ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа, зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6, 8-10, 42 дугаар тал/
Нэхэмжлэгч Т.А, хариуцагч Т.Э нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2017 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, шүүхээс зохигчдод эвлэрлийн хугацаа өгч, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй, гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага хэн аль нь гаргаагүй, цаашид эвлэрэх боломжгүй байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч нь охин Э.Дгийн асрамжийн талаар маргах боловч хүүхдийг өөрийн асрамжиндаа үлдээх эдийн засгийн болоод хүүхдийн амьдрах орчин нөхцлийн талаарх баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй байна.
Иймд 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Ц, 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Д, 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.А, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг нас болон хүүхдэд тавих эхийн халамж, хүүхдүүдийн санал зэргийг харгалзан хүүхдүүдийг эх Т.Аийн асрамжид үлдээн, эцэг Т.Эаас хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг гаргуулан хүү Э.Ц, Э.А, охин Э.Д, Э.Э нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч Т.Эаас хүүхдийн тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү Э.Ц, Э.А, охин Э.Д, Э.Э нарыг эхийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь хариуцагч Т.Эы хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд эцэг Т.Эаас Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд эх Т.А нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд зохигч нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлагад эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Ховд аймгийн Дарви сумын төвд байрлах 3 тал хашаа, зургаан ханатай бариа гэр, буйдан ор, орны хивсэн аравч, хос авдар, эслэг хавтан материалтай хоолны шүүгээ, хувцасны модон шүүгээ, монгол гэрийн тойрууллага зориулалттай Эрдэнэт хивс 5 ширхэг, 337 толгой малнаас 4 настай 2 толгой үнээ, 1 толгой бяруу, 9,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий адуунууд зэргийг нэхэмжлэгч Т.А, 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Ц, 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Д, 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.А, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э нарт үлдээхээр, үлдсэн бог малын үнийн зөрүү болох 8,558,000 /найман сая таван зуун тавин найман мянга/ төгрөгийг хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Т.Ат төлөхөөр, Таван ханатай бариа гэр, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Цагаан дугуй гэх газар байрлах өвөлжөө, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Бага навтгар гэх газар байрлах хаваржаа зэргийг хариуцагч Т.Э авахаар зохигч эвлэрлсэн байх тул зохигчийн эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг хүүхдүүдийн насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон Ховд аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээ болон түүний тал хувь хэмжээгээр хүүхдүүдэд сар бүр хариуцагч Т.Э төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Т.Эд сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 151,635 төгрөг, 8,558,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 151,858 төгрөг, нийт 373,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгохоор тогтлоо.
Мөн нэхэмжлэгч Т.Ааас шинжээчийн ажлын хөлс 168,500 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарт олгох нь зүйтэй байна.
Хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.Ат, хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Т.Эд тус тус мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч нь гэрлэлтээ цуцлуулсан хэдий ч өөр хүнтэй гэрлээгүй бол эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гарган гэрлэлтийг сэргээх боломжтой болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.5, 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т зааснаар Алаг адууных овогт Төгсдоржийн Э /../, Олхонуд овогт Түнээгийн А /../ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Ц, 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Д, 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.А, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг эх Т.Аийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Ц, 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Д, 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.А, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Т.Эаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг хариуцагч Т.Эд, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч Т.Ат тус тус даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар Ховд аймгийн Дарви сумын төвд байрлах 3 тал хашаа, зургаан ханатай бариа гэр, буйдан ор, орны хивсэн аравч, хос авдар, эслэг хавтан материалтай хоолны шүүгээ, хувцасны модон шүүгээ, монгол гэрийн тойрууллага зориулалттай Эрдэнэт хивс 5 ширхэг, 337 толгой малнаас 4 настай 2 толгой үнээ, 1 толгой бяруу, 9,100,000 төгрөгийн үнэлгээ бүхий адуунууд зэргийг нэхэмжлэгч Т.А, 2003 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү Э.Ц, 2006 оны 6 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Э.Д, 2008 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Э.А, 2012 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Э.Э нарт үлдээхээр, үлдсэн бог малын үнийн зөрүү болох 8,558,000 /найман сая таван зуун тавин найман мянга/ төгрөгийг хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Т.Ат төлөхөөр, Таван ханатай бариа гэр, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Цагаан дугуй гэх газар байрлах өвөлжөө, Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн нутаг Бага навтгар гэх газар байрлах хаваржаа зэргийг хариуцагч Т.Э авахаар зохигч эвлэрлсэн байх тул зохигчийн эвлэрлийг баталсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 70.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375,200 /гурван зуун далан таван мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Эаас улсын тэмдэгтийн хураамж нийт 373,713 /гурван зуун далан гурван мянга долоон зуун арван гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.Ат олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.Ааас шинжээчийн ажлын хөлс 168,500 /нэг зуун жаран найман мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Ховд салбарт олгосугай.
8.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Энхтуяад даалгасугай.
9.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг нэхэмжлэгч Т.Ат, Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхийг хариуцагч Т.Эд тус тус мэдэгдсүгэй.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ