Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/94

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              

 

 

     2023           09            20                                     2023/ШЦТ/94

      

           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                        

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Б, Г.М нарт холбогдох эрүүгийн ............. дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                      Г.Г

 Улсын яллагч                                                    С.Б

 Шүүгдэгч нарын өмгөөлөгч                             Д.Ц ,Б.Б

 Шүүгдэгч                                                         Б.Б, Г.М нар оролцов.

 

Монгол улсын иргэн, ..... оны ......... дугаар сарын .......-ний өдөр .............. төрсөн, ........настай, эрэгтэй, ........... боловсролтой, .............. мэргэжилтэй, “..................засварчин ажилтай, ам бүл ......, ...........хамт ......... дүүргийн ..........дугаар хороо, ........... ........... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.овгийн Г-н М. /РД:./.

Монгол улсын иргэн, ........... оны ......... дугаар сарын ........-ны өдөр .........аймгийн .........суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, ......., ............, ............, ам бүл ..... эхнэр, ..... хүүхдийн хамт .......... дүүргийн .......... дүгээр хороо, ............ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б. овгийн Б-н Б /РД: /.

Б.Б, Г.М нар нь бүлэглэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.О-н эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайд зөөлөн эдийн гэмтэл, баруун гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...гэртээ пиво уусан бөгөөд орой 22 цагийн үед дахин пиво авахаар “..........” дэлгүүрт найз М-н хамт ороход хүмүүс үйлчлүүлэх гээд дугаарлаад зогсож байсан. Тэгээд дугаарлаад зогсож байсан хүмүүсийн урдуур ороод зогсоход араас нэг танихгүй ах миний зүүн талын мөрнөөс татаад “яагаад миний өмнүүр дайраад байгаа юм бэ?” гэж хэлэхээр нь би “уучлаарай” гэхэд тэр ах дахиад үг хэлээд байсан. Тэгээд над руу гараа далайхаар нь би эргэж хараад баруун гараа зангидаж байгаад тэр ахын нүүр лүү нэг удаа цохиход дэлгүүрт байсан хүмүүс салгасан. Тэгтэл дэлгүүрийн худалдагч Мөрөн бид хоёрт үйлчлэхгүй гэхээр нь дэлгүүрээс гарсан бөгөөд нөгөө ах бид хоёртой зөрөөд дэлгүүр лүү орох гэхээр нь бид хоёр тэр ахтай дахиад зодолдсон. Би тэр ахын нүүр лүү 3 удаа цохьсон, Мөрөн толгой руу нь гараараа цохиод байсан, тэр үед хажууд байсан хүмүүс салгасан. Тухайн үед М бид хоёр согтуу байсан бөгөөд хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирлоо төлсөн” гэх мэдүүлэг (хх-ийн 52, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Шүүгдэгч Г.М-н шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...би Б-тэй хамт дэлгүүр орсон бөгөөд хүмүүс юм авах гээд дугаарлаад зогсож байсан. Бид хоёр юм авах гээд зогсож байхад Б ах нэг ахтай маргалдаад, Б ах руу дайраад байхаар нь би очоод танихгүй ахтай барьцалдаж ноцолдсон. Тэр үед дэлгүүрт байсан хүмүүс салгасан бөгөөд тэр танихгүй ах дэлгүүрээс гараад явсан. Араас нь Б ах бид хоёр хамт гарахад нөгөө ах дэлгүүрийн үүдэнд зогсож байсан. Тэгэхээр нь би тэр ахыг барьж аваад толгой руу нь 4-5 удаа гараараа цохьсон. Би тухайн үед нилээн согтсон байсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчтой уулзаж уучлалт гуйсан, хохирлоо төлсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 62, шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Хохирогч М.О-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тэр өдөр “Тамхи Со” дэлгүүрт юм авах гээд дугаарлаад зогсож байхад гаднаас халамцуу бололтой хоёр залуу орж ирээд хар цамцтай залуу нь миний урдуур ороод намайг барьж байсан хоёр ундаатай маань хамт түлхчихсэн. Тэгэхээр нь би “чи яаж байна аа” гэж хэлтэл дургүйцэн “яасан ч яадаг юм” гэж хэлээд миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохиход тэнд байсан хүмүүс салгасан бөгөөд би хөлөө гэмтээчихсэн байсан учраас хэл ам хийлгүйгээр дэлгүүрээс гараад гадаа зогсож байтал араас нөгөө хоёр залуу гарч ирээд “нөгөө хулгайч чинь энд зогсож байна” гэж хэлээд шууд хүрч ирээд хоёулаа дайраад нүүр толгой руу хоёулаа балбаад цохиж эхэлсэн. Миний баруун талын гуя хэсэг том хөхөрч, толгой битүү хөндүүр хавантай байна. Хар цамцтай бор залуу нь дэлгүүрт байхад нүүр дух, зүүн талын шанаа орчимд цохьсон. Баруун талын гуя руу хэн өшиглөснийг мэдээгүй, дэлгүүрийн гадаа бол хоёулаа нийлж байгаад олон удаа цохиж зодсон. Эм тарианы зардал 140.000 төгрөг, шатахууны зардал 204.290 төгрөг, хоол ундны зардал 139.800 төгрөг нийт 484.090 төгрөг нэхэмжилж байна. Дахин эмнэлэгт үзүүлсэн бөгөөд эм тариа авахад 580.000 төгрөг шаардлагатай байгаа. Нийт 1.064.090 төгрөгийн хохирол нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 10, 13),

Гэрч Д.С-н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “2023 оны 07 дугаар сарын 27-ны орой 22 цагийн орчим дэлгүүрт үйлчлүүлэгч ихтэй байсан. Тэгтэл дугаарлаад зогсож байсан 3 хүн оочер дайрлаа гээд маргалдаад эхэлсэн. Тэр хоёр залуу бол согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Ногоон цамцтай махлаг залуу авсан бараагаа бичүүлэх гээд зогсож байхад нь хар цамцтай туранхай залуу урдуур нь оочер дайрсан юм билээ. Тэгээд маргаан эхлэх үед хажууд нь байсан цэнхэр өнгийн цамцтай залуу “ахыг дээрэлхлээ” гээд ногоон цамцтай махлаг залууг заамдаж аваад зууралдаж эхлэх үед хар цамцтай залуу толгой руу нь гараараа цохиод авсан. Ногоон цамцтай махлаг залуу нь түрүүлээд гарсан бөгөөд нөгөө хоёр залуу нь гараад үзчихье гээд орилоод байсан. Тэгээд нөгөө хоёр залуу дэлгүүрээс гарсан бөгөөд гараад дахиад зодолдоод байх шиг байсан. Ногоон цамцтай махлаг залуу тэр хоёр залууд гар хүрээгүй. Тэр хоёр залуу нь зодооныг эхлүүлж, цохиж зодож эхэлсэн...” гэх мэдүүлэг (хх-н 15),

              Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2023 оны........ дугаар сарын ..........-ний өдрийн №09шэ/......... дугаартай “М.О-н биед тархины доргилт, зулайд зөөлөн эдийн гэмтэл, баруун гуяны хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх тархины доргилт гэмтэл нь гэмтлийн журам тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. (хх-ийн 37-38),

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор “бүртгэлийн 230400125 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэгээр хураан авсан 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсугай” гэжээ (хх-н 4),

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр “2023 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 22 цаг 27 минутад хохирогч М.О цайвар ногоон өнгийн богино куртиктэй, саравчтай хар малгайтай, хар өмдтэй, “Тамхи Со” дэлгүүрт орж ирээд худалдагчаас 2 ширхэг том савлагаатай ундаа аваад үйлчлүүлж байхад гаднаас хар куртиктэй жижиг биетэй туранхай залуу, цэнхэр өнгийн ноосон цамцтай хоёр залуу тухайн дэлгүүрт орж ирээд хохирогчийн ард талд зогсож байгаад оочер дайраад хохирогч залуугийн урдуур ороход хохирогч залуу тухайн хар куртиктэй залууг араас нь татаад шаардлагаа тавьж байхад цэнхэр цамцтай залуу хохирогчийн баруун мөрөн дээрээс угзарч татаад, заамдаж аваад ноцолдож байхад хар цамцтай туранхай залуу хохирогч залуугийн толгой хэсэг рүү нэг удаа цохьсон, ...хохирогч залуу дэлгүүрээс гараад зогсож байхад цэнхэр цамцтай залуу дэлгүүрээс гарч ирээд хохирогч залууг заамдаж аваад толгой хэсэг рүү нь 14 удаа баруун гараараа цохьсон, хар цамцтай залуу хохирогчийн толгой хэсэг рүү 4 удаа баруун гараараа цохиж байгаа бичлэг бичигдсэн ба тухайн дэлгүүрээр үйлчлүүлж байсан 6 орчим иргэд тухайн зодооныг салгаж байгаа бичлэг хадгалагдан үлдсэн” гэжээ   (хх-н 7),

Согтуурал шалгасан тэмдэглэлд “хохирогч М.О 0.00 хувь, Б.Б 1.75 хувь, Г.М2.10 хувийн согтолттой” гэх гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 150, 74, 114),

Хохирогч М.О-н хүсэлтэд “миний бие нь хохирол төлбөрт 1.065.000 төгрөг авсан тул гомдол саналгүй, шүүх хуралд оролцохгүй” гэжээ (хх-н 176),

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэх, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа болон Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа (хх-н 70, 75-76, 95-96, 108-109, 115-119)

Шүүгдэгч Б.Б, Г.М нар нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд урьд ял шийтгэлгүй” гэх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсууд (хх-н 71, 110) болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

          1.Гэм буруугийн талаар

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Б нь согтуугаар 2023 оны ........ дугаар сарын ..........-ны орой ....... цагийн үед Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамхи Со” дэлгүүр дотор бараа худалдан авахаар дараалалд зогссож байсан М.О-н урдуур дайрч, хохирогчтой таарамжгүй харилцаа үүсгэн түүний толгой руу цохиж, улмаар тус дэлгүүрийн гадна талд Г.М-тэй бүлэглэн хохирогчийн цамцнаас зуурч, ээлжлэн толгойн хэсэгт нь олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайд зөөлөн эдийн гэмтэл, баруун гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.М нь согтуугаар ........... оны ........ дугаар сарын ........-ны орой .......... цагийн үед Багануур дүүргийн ...... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тамхи Со” дэлгүүр дотор хамт явж байсан Б.Б-г өмөөрч хохирогч М.О-н энгэрээс зуурч, ноцолдох, барьцалдах, түлхэх зэргээр биеийн хүч үзүүлж улмаар тус дэлгүүрийн гадна талд Б.Б-тэй бүлэглэн хохирогчийн цамцнаас зуурч, ээлжлэн толгойн хэсэгт нь олон удаа цохиж зодон эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайд зөөлөн эдийн гэмтэл, баруун гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

           -шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд хохирогч М.О-н мэдүүлсэн “эхлээд дэлгүүр дотор хар цамцтай залуу нь миний нүүр лүү 2-3 удаа гараараа цохьсон. Дэлгүүрийн гадна нөгөө хоёр залуу намайг зэрэг балбаад цохиж эхэлсэн” гэсэн мэдүүлэг, гэрч Б.С-н “цэнхэр өнгийн цамцтай залуу нь ногоон цамцтай махлаг залууг заамдаж аваад зууралдаж эхлэх үед хар цамцтай залуу нь толгой руу нь гараараа цохиод авсан. Ногоон цамцтай махлаг залуу нь түрүүлээд гарсан бөгөөд нөгөө хоёр залуу нь гараад үзчихье гээд орилоод дэлгүүрийн гадна зодолдоод байх шиг байсан” гэх мэдүүлэг, хохирогчийн биед тархины доргилт, зулайд зөөлөн эдийн гэмтэл, баруун гуяны хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн ...........оны ....... дугаар сарын .......-ний өдрийн №09шэ/........ дугаартай шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, согтуурал шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь эхлээд дэлгүүр дотор хохирогч М.О-г цохиж, улмаар дэлгүүрийн гадна шүүгдэгч нар нь хохирогчийг ээлжлэн цохиж зодсон үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх шинжээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй ба шүүгдэгч нарын шууд санаатай гэм буруутай үйлдэл, уг үйлдлийнх нь улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондоо шалтгаант холбоотой байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

Тухайн гэмт хэрэг харахад шүүгдэгч нар нь архи согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн байдал нөлөөлсөн гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд гэм буруугийн талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас маргаагүй ба улсын яллагчийн гаргасан “шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Б, Г.М нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч М.О-н эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл (эс үйлдэхүй)-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

Энэ хэргийн хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б, Г.М нар нь хохирогч М.О-н биед тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч М.О-н шүүхэд ирүүлсэн хүсэлтэд “эмчилгээний зардалд  1.065.000 төгрөг авсан тул гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг хохирогч М.О-т төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-н 176/

           3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

 

Шүүх шүүгдэгч Б.Б, Г.М нарыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн зохих зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “Шүүгдэгч Г.М, Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд төлж барагдуулах” гэсэн,

Шүүгдэгчийн нарын өмгөөлөгчөөс “Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан болон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг баримталж оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтуудад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс Б.Б, Г.М нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал болон дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгож оногдуулсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан торгох ялын хэмжээг тогтоож шийдвэрлэв.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож хураагдан ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг CD-г эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Г-н М, Б овгийн Б-н Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б овгийн Б-н Б, Б овгийн Г-н Мнарыг 1000 (нэг мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 (нэг сая) төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор хэсэгчлэн биелүүлэх үүрэгтэйг Б.Б, Г.М нарт тус тус мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Б, Г.М нарт тус тус мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б, Г.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5 дахь заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дугаар заалтад тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

7. Б.Б, Г.М нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй, хохирогч М.Отгонбаатарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

               ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.БАЙГАЛМАА